Очирваань бурхан

Очирваань

Ум базар ваани хум пад

Ум дүра гани сууха

Ум жилаа тэү сууха

Энэтхэг хэлээр: Важрапани.
Төвөд хэлээр: Чагнаадорж, Сандаг.
Монгол хэлээр: Мутартаа очирт, Очирваань, Нууцын эзэн.

Арван хангал бурхдын нэг бөгөөд буддын шашны нууц увидсын хаан хэмээн алдаршсан. Монгол орныг даасан Ядам бурхан учраас айл өрх бүр хоймортоо залдаг. VIII богд Жавзандамба хутагтын үед Очирваань бурхныг Монгол төрийн их сахиусаар өргөмжилсөн байдаг билээ.

Очирваань гэдэг нь Мутартаа Очирт гэсэн утгатай. “Vajrapāṇi” гэж Санскрит хэл дээр Очирваань бурхныг нэрлэдэг ба “Vajra” гэдэг нь санскрит хэлээр Аянга цахилгаан болон Очир эрдэнийг хэлдэг. Харин “Pani” гэдэг нь санскрит хэлээр гар /сарвуундаа атгах/ хэлдэг байна. Санскрит хэлнээс Монгол хэл үрүү буулгавал нэр нь “Очир баригч” гэсэн утгатай болдог байна. Мөн Түвд хэлээр Чагнаадорж гэж нэрлэгддэг бөгөөд энэ нь мөн л адил Санскрит хэлний “Очир баригч” гэсэн үг юм. Хамаг бурхдын хүч оршсон бурхан бөгөөд арван зүгийн хар хорыг тасалж, очир лугаа адил мандан бадрахын ерөөлийг агуулна. Дайсныг дарж арван хорын үндсийг таслан, эр зориг, хүч чадал өгөх шидтэй арван зүгийн хар хор шимнусын өмгийг үлдээлгүй даран зохиогч сүр хүчит ядам бурхан юм.

Очирваань буюу мутартаа очирт нь ядам бурхны нэг бөгөөд амаа ангайж, дөрвөн соёог ярзайлган, хэлийг хуйлруулсан, гурван мэлмийтэй, хүчирхэг дуутай, хөмсөгнөөс нь гал бадарсан, баруун мутартаа гурван орныг номхотгох буман нарны гэрэл бадарсан 5 хорыг дарах, 5 билиг төгс таван үзүүрт очирыг огторгуйд далайж, зүүн мутраа зүрхэн тус газраа хумиж, хөх өнгийн цээживч, барын арьсан хормогч өмссөн, зүүн хөлөө сунгаж хилэнцэт муу амьтдыг даран гишгэсэн сүрт байдлаар оршино. Монголоор “Очир баригч” гэдэг уг бурхныг монголчууд эр зориг, хүч чадал хайрлагч, монголыг даасан ядам бурхан хэмээн дээдлэн шүтэж ирсэн төдийгүй Чингис хаан болон Автай сайн хааныг Очирваанийн хувилгаан гэж үздэг байжээ.

Зөвхөн Очирт хөлгөний ёс гэлгүй нийт буддизм даяар шүтэгддэг цөөхөн бодисадвагийн нэг нь Очирваань бурхан юм. Зэн Буддизмын анхны сүмүүдийн нэг Шаолины сүмд Очирваань бурхныг сүмийн гол сахиус, хамгаалагч бурхнаар шүтдэг бол өмнөд Ази, Японд түүнийг мөн хамгаалагч сахиус болгон шүтдэг байна.
Алтан гэрэл сударт өгүүлснээр Түүнийг бүхий л сахиусуудын тэргүүн хэмээн өгүүлсэн байдаг. Очирваань бурхан нь нууцын орныг сахин хамгаалагч бөгөөд шулмасын орны хорлолыг дарагч их сахиус юм. Их хөлгөний ёсонд түүнийг догшин дүртэйгээр дүрсэлдэг ба баруун мутартаа очир атгасан, зүүн мутартаа шулмасыг номхотгогч цалам барьсан байдалтай бөгөөд хүзүүндээ могойн зүүлт зүүсэн байдаг. Доод биеийг барын арьсан додигоор хамгаалсан байна. Толгойдоо 5 гавал бүхий Бурхан багшийн 5 эрдмийг илтгэсэн бодисадва титэм зүүсэн байдаг.

Очирваань бурхан маань буддизмын хамгийн эртний бодисатва нарын нэг гэж үздэг бөгөөд Их хөлгөний ёсонд түүнийг буддагийн хамгаалагч, түүний хүч чадлыг төлөөлөн буй болсон гэж үздэг. Мөн Их хөлгөний ёсонд түүнийг дүрслэхдээ буддагийн мөн чанарын 3 илэрхийлэл болсон бодисадва нарын нэгээр төлөөлүүлдэг. Эдгээр бодисадва нарыг язгуурын 3 бурхан гэж нэрлэх ба Авалокитешвара буюу Жанрайсэг бурхан нь буддагийн энэрэнгүй сэтгэлийн илэрхийлэл, Манзушри бурхан нь буддагийн оюун ухааны илэрхийлэл, Очирваань бурхан буддагийн хүч чадал нууцын орныг сахин хамгаалагч бодисадва гэгддэг.

Ялж төгс нөгчсөн Бурхан багш бээр урьдын нэг төрөлдөө таван иш лянхуа худалдан авч Дипангара бурханд өргөсөнд, 99 галвын хойно сайн цагийн мянган бурхны дөрөвдүгээр нь болж хамаг амьтны тусыг огоот бүтээнэ гэж Дипангара бурхан эш үзүүлжээ.
Түүнээс хойш Бурхан багш хаана төрөл авч, хаана л явна тэр газарт нь очиж түүнийг сахин хамгаалахаар нууцын эзэн Очирваань бээр очироон барьж даган бараадах болжээ. Иймээс Очирваань нь Бурхан багшийн ойрын итгэмжит шадар найман шавийн нэг нь болж, үйлс бүтээлийн үнэнч нөхөр нь болжээ.
Бурхан багшийн дэлгэрэнгүй намтраас үзэхэд Очирваань нь ирээдүйн бурхны хутгийг эрхшээх бодьсадва хүүг даган бараадах үйлсээ өчүүхэн төдий цалгардуулаагүй юм. Бурхны зохионгуйн эхэн хэсэгт ихэнх үед нууц далд байдлаар сахин хамгаалж, хэрэгтэй үед нь хааяа ил гарч тусламж үзүүлдэг байсан байна. Харин Бурхан багш бодь модний дэргэд очир суудалд сууж төгс гэгээрэлд хүрэх үеэс түүний номын үйлсэд байнга туслах зорилгоор дэргэд нь хүрэлцэн ирж ойр шадар шавийн үүргээ гүйцэтгэх болжээ.

Бурхан багш очирт сууринд гэгээрсэн, Очирваань бурхан мутартаа очир барьсан, хожим бурхны шашны нэн ялгамжаатай чиглэлийг Очирт хөлгөн гэж нэрлэсэн байх тул тэрхүү очир гэгч нь чухам юу болох талаар тодруулбал энэ ертөнцийн хамгийн хатуу мөн чанартай, үл дийлдэх эрдэнэс гэж тодорхойлж болно. Очирыг баруун мутартаа бат атгасан Очирваань нь Бурхан багшийг төгс гэгээрэлд хүрсэн тэр цагаас хойш ихэнх үед түүний дэргэд оршин номын үйлсэд нь хэмжээлшгүй ихээр туслан дэмжиж байжээ.
Бусдын хувилсанд баясагч тэнгэрийн орноо Бурхан багш очиж тэнд буй тэнгэр нарт өөрийн номлолоо айлджээ. Эрдэнэ оюунт тэргүүтэн 10 бодьсадва нар энэ орноо ирсэнд Бурхан багш Очирын хот мандлыг зураад Очирвааньд авшиг өгч тарнийн шашныг тушаалаа. Энэ үед Бурхан багшид Очирваань бээр:
Бурхны бэлгэ билгийн шалтгаан хийгээд, үндсэн эцэст хүрсэн нь аль буй хэмээн айлтгасанд Бурхан багш бээр:
“Тийн гийгүүлэгч илт бодийг олсон тийн хувилгаан адистидэд маш дэлгэрэнгүй судрын аймгийн эрхт” хэмээх дандрыг агуу ихээр айлдсан байна. Хожим нь Очирваань тэрхүү судрын хойт үндсийг номложээ.
Үүнээс үзэхэд Бурхан багшийн нийт бусын ёсны намтрын дагуу Бурхан багш эхлээд нууц тарнийн ёсны номлолоо Очирвааньд өгсөн ба энэхүү тарнийн шашныг цаашид авч явахыг зарлигдан тушаасан юм. Ийнхүү Бурхан багш Очирвааньд анхны гүн нарийн эрдмийн авшиг өгөх үеэс Очирваанийг Сандаг буюу Нууцын эзэн гэж нэрлэх болсон ажээ.
Бурхан багшийн намтарт Очирвааньтай холбогдсон нэг түүхийг энд өгүүлье. Элагийн навчит лус хэмээгч Бурхан багшийг арш унасан гөрөөст хэмээх ойд сууж байна гэдгийг сонсоод түүний дэргэд очиж ном сонсохыг хүсч ийнхүү эргэцүүлэн боджээ. Хэрвээ би бярманы дүрд хувилан очвол бусад бярманууд намайг элэглэх ба хэрвээ би өөрийн дүрээр очвол бусад лусууд надад атаархан хорлох нь гарцаагүй. Тиймээс Ялж төгс нөгчсөн бурхны дэргэд Хүрдэн эргүүлэгч их хааны дүрээр очсугай хэмээн боджээ. Ингээд тэрээр хэн ч танихааргүй хааны дүрд хувилан бурхан ба түүний шавь нарын дэргэд хүрэлцэн очсон байна. Энэ үед бурхны дэргэдийн шавь нар түүнийг дүрээ хувилган ирснийг болгоон мэдэж:
Эрхэм ээ та чухам хэнийг хуурах гэж энд ирсэн юм, чухам юуны тулд вэ ? хэмээн асууцгаажээ. Тэр үед Бурхан багш ийнхүү айлдлаа:
Гайхалтай амьтан чи, урд насандаа Гэрэл сахигч бурхны санваарыг цалгардуулснаар энэ төрөлдөө лус болон төрснөө умартаад эдүгээ бас биднийг хуурах гэсэн санаа агуулдаг чинь ямар учир вэ? Буцаж очоод хувилгаанаа цуцлаад өөрийн бодит дүрээр эргэн ирэгтүн! гэж хэлснээ, зориуд ном сонсохын тулд ийн ирсэн лусын сэтгэл санааг ойлгон ихэд өрөвдөн Очирвааньд хандан:
Тэр лусыг хэн нэгэн бээр хорлохоос хамгаалан сайтар сахигтун! хэмээн даалгажээ.
Тэр лус эргэн очиж хувилгаанаа цуцлаж, өөрийн дүрдээ эргэн орж буцан ирснийг нь ажиглан харвал түүний сүүл нь Чулуу тавигч балгасанд хүрч байхад толгой нь тэртээ хол Варанасид хүрсэн тийм их урт биетэй, долоон толгойтой, толгой бүрт нь нэжгээд эла мод ургаж, тэрхүү мод нь тархийг нь цоолж цус цувирч байх төдийгүй түүнд нь ялаа, хорхой тэргүүтэн чуулсан өгүүлэхийн аргагүй үлэмж зовлонт нэгэн байж гэнэ. Ингээд түүний долоон толгой Бурхан багш уруу аажим дөхөж ирээд:
Миний ирээдүйг харж бошго хайрлагтун гэж хүсэлт тавьсанд Бурхан багш:
Ирээдүй цагт Майдар бурхан чамд бошго үзүүлэх болно гэж айлдсан байна.
Өөрөөр хэлбэл, түүний гэм нүгэл Майдар бурхантай уулзах үед л сая ариусч бошго авах нөхцөл бүрдэх хэрэг юм.
Дээрх түүхээс үзэхэд Очирваань бодьсадва нь Элагийн навчит лусыг Бурхан багшийн даалгавраар сахин хамгаалснаар бүхий л саад бэрхшээлийг нь арилгаж, Бурхан багшийн айлдварыг сонсох нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгсөн байна. Энэ мэтчилэн аливаа бодьсадва сахиус нугуудын явдал мөр нь амьтан бүхнийг гай барцдаас нь хамгаалж, энэрэх, нигүүлсэхэд л зориулагддаг байна.

/Шагжаан чадагч бурхны их намтар.
Арван хангал бурхдын тахилга./

Очирваань бурханд залбирахуй:
Жанложангийн дээд орноос
Нууц тарнийн эзэн болон заларсан
Хортон шулмын хүчин бүхнийг дарагч
Очир баригч бурхан танаа мөргөмүй
Очирваань бурхны зүрхэн тарни:
“Ум базар ваани хум пад”

Очирваань бурхан очирыг өргөсөн түүх.

Мажэйда хаан бээр: “Очирваань бурхны мутар дахь очрын хүч нь хир бол, хэдий хэмжээний хүнд, хөнгөн бол” хэмээн бодох агшин төдийд Очирваань бурхан түүний бодлыг болгоож мэдсэнээр Мажэйда хаанд айлдсан нь: “Миний гар дахь очир уур омогтой, дээрэнгүй, хэрцгий догшинг номхотгоход хүнд, уур омог байхгүй шудрага, алагчлалгүй бүхэнд хөнгөн” хэмээжээ. Тэгээд Очирваань бурхан очроороо газар шороог адислан очрыг газарт тавихад ертөнц бүхэлдээ зургаан удаа маш ихээр долгисон чичирхийлэв.
Очирваань бурхан Мажэйда хаанд: “Энэ очрыг газраас өргө” хэмээв. Мажэйда хаан хүч чадал ихтэй тул түүнийг бүхий л хүч чадлаараа өргөх гэж үзсэн боловч хялгасны төдий ч өргөж чадаагүйдээ маш их гайхаж хоёр гараа хавсран мөргөөд Бурхан багшид ийн хэмээн айлтгав: “Бурхан багшаа! Би их хүчтэний удамтай, чадал ихтэй. Тэгээд ч хуяг дуулга бүрэн хэрэгслээр чимэглэгдсэн их зааныг нэг гар дээрээ төвөггүй өргөж чаддаг. Гэвч өчүүхэн энэ очрыг хөдөлгөж чадсангүй. Учир шалтгаан нь юу вэ?” гэсэнд Бурхан багш айлдсан нь: “Энэ очир хүнд тул чи санаагаа чилээх хэрэггүй” хэмээв.
Мажэйда хаан бээр Эсрүн тэнгэрт:“ Чамайг очрыг хадгалагч хэмээдэг тул энэ очрыг өргөж үзээч” хэмээсэнд Эсрүн тэнгэр өөрийн бүх хүч чадал, рид хувилгааны хүч чадал бүхнээрээ өргөхийг завдсан боловч хөдөлгөж өргөж чадаагүйдээ машид гайхав. Эсрүн тэнгэр Бурхан багшид бишрэнгүйгээр мөргөж айлтгасан нь: “Бурхан багшаа! Баруун гараараа Асурын хаан Тагсанрагийн долоон зуун багцад хэмжээтэй их морин тэргийг өргөж чадна. Гэвч энэ өчүүхэн очрыг өргөж үл чадав” хэмээсэнд, Бурхан багш: “Энэ очир нь хүнд бөгөөд харин би бээр хүнд болгон адислаагүй. Хэрэв энэ очроор очрын мөн чанарт уулыг нэг хатгахад тэр уул нь атга шороо цацах мэт товрог болно. Очирын чадал энэ мэт.” хэмээн айлдав.
Эсрүн тэнгэр Монголживүд хэлсэн нь: “Та бээр Бурхан багшийн шавь нарын дотроос хувилгааны хүч хамгийн ихтэй нь тул энэ очрыг өргөж үзнэ үү ?” хэмээсэнд, Монголживү: “Хэрвээ би энэ очрыг өргөж үл чадвал миний хүч багасах болно” хэмээн сэтгээд бүх чадлаараа өргөхөд гурван их мянган ертөнц зургаан удаа машид хөдлөн, тэнд буй далайн ус эргэлдэн цалгисан ч очрыг хөдөлгөж үл чадав. Тэгээд машид гайхан Бурхан багшид ийн хэмээн айлдлаа. “Бурхан багшаа. Би таны хамгийн их хүчит шавь билээ. Би дөрвөн их далайг нэг удаа өргөж байсан. Гурван мянган их ертөнцийг хумсан дээрээ өргөж байсан. Наран, саран хүч ихтэй боловч надаас бага хүчтэй, уулын хаан уулыг өргөн Цанбын орон хүртэл шидэж чаддаг. Гэвч юуны учир энэ жаахан очрыг өргөж чадахгүй байна” хэмээсэнд Бурхан багш айлдсан нь: “Монголживү. Таны хүч доройтоогүй. Үүнийг бодьсадва, нянтой, ранжал нар ч өргөж үл чадах тул бусдыг өгүүлээд юун хэрэг.” хэмээжээ. Монголживү хэлсэн нь: “Очирваань бурхан өргөж чадаж байгаа нь тэрбээр маш хүч чадалтай буюу” хэмээжээ.
Бурхан багш: “Очирвааниа, чи энэ очрыг газраас өргөнө үү” хэмээсэнд Очирваань бурхан тэрхүү очрыг зүүн гараараа авч, дээш нь шидэн, долоон удаа эргүүлж, баруун мутар дээрээ тавьсан байна. Тэр үед тэнд заларч байсан бүгд бээр Очирваанийг маш их хүчтэй хэмээн биширсэн.
Бурхан багшийг “Амьтан бүхэн энэ адил номын хүч төгөлдөр болох болтугай” хэмээн ерөөхөд Мажэйда бээр Бурхан багшид: “Ямар мэт шалтгаанаар бид энэ адил хүч төгөлдөр болох вэ ?” хэмээсэнд Бурхан багш бээр: “Амиа орхисон ч дээдийн номыг үл орхи. Амьтан болгоныг энэрэн, омоггүй бол. Бага хүчтэн дор тэвчин бүү уурла. Өлссөн амьтанд сайхан идээ өг. Айсан, аюулд орсон амьтан бүхнийг аюулаас аварч, айлгахгүй тайван байлга. Өвчтэй амьтан бүхнийг эмчил. Бие, хэл, сэтгэлээр ядуу гуйлгачныг тэтгэн, зөв ухаан бодол, зөв замд хөтөлж, эд агуурсаар тэтгэ. Бурхны суваргыг сэлбэж зас. Амьтныг баясгах үгийг хэл. Амьтан бүхний зовлон, нисванисын хүнд ачааг үүр. Эдгээр бодьсадвын арван номонд төгс төгөлдөр болох аваас энэ адил хүч бүрдэнэ” хэмээн зарлиглав.
/Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос…/

Нууцын эзэн Очирваань бурхан Монголын бурхны шашны түүхэн холбоо

Халх Монголын Зая бандида Лувсанпэрэнлэйн (1642-1716 он) “Өндөр гэгээний намтар”-т бичсэнээр, Автай хан нь (1554-1588 он) III Далай лам Содномжамц (1543-1588 он)-тай хоёр удаа уулзсан ажээ. Энэ тухай “Баруун Түвдийн оронд морилж Далай лам ба Богд дээдэс нартай учран мөргөж аливаа санасан хэргээ гүйцэлдүүлсүгэй” хэмээн Халх Монголоос анх түрүүнд Автай хан бүрэн зэвсэгтэй дөчин таван хиагаа дагуулан явсан ба газар хол, уул өндөр учир амьсгал давчдахын зэрэгцээ явж буй газар орны газрын эзэд догшин тул аль болохоор товчлон явж Шохойн хар толгой хэмээх газарт үүр гийхийн хэрд хүрч очоод сүр хүчээ үзүүлэн газрын эздийг номхотгох зан үйл хийж Автай хан ба түүний цэргүүд зэрэг зэргээр хашгиралдан гурвантаа харваж өнгөрчээ. Үүний дараа юу болсон бэ ? гэвэл тэрхүү нутгийн газрын эзэд биедээ шарх олж Түвдийн Далай лам дээр хүрч очоод тэдний тэргүүн нь ийнхүү өчжээ. “Зүүн Халхын Автай хан гэгч намайг гурвантаа харваж шархдуулав. Би бээр арай гэж амь мэнд лам таны дэргэд ирэв” хэмээсэнд Содномжамц лам бээр тэдгээр газрын эздэд “Халх Монголын Автай хан гэгч нь Очирвааний хувилгаан тул чи бээр үүнээс хойш түүнд төдийгүй ер нь аливаа амьтанд хор бүү хүргэгтүн. Үүний тулд би бээр чамд Убашийн санваар өгсүгэй” гэж бичсэн байдаг. Төдөлгүй зүүн зүгээс хэсэг тоос гармагц Далай лам бээр “Шарай гол үүлдрийн нохойгоо турхиран тавьтугай” хэмээн зарлиг болсонд шавь нар нь ёсчлон гүйцэтгэсэн бөгөөд дараа нь юу болохыг хүлээж байтал Автай хан дөчин таван бүрэн зэвсэг бүхий хиа нартайгаа давхилдан ирсэн ба олон Шарай гол үүлдрийн ноход тэднийг угтан очсон боловч энд тэнд нь гарч тал засан шарвалзсаар номхорч ирсэнд нь Далай лам Содномжамц бээр “Энэрэл үгүй, хүнийг барин идэх мунхаг догшин ноход боловч тэр ханы сүр хүчинд дарагдаж номхорч ирэхийг нь үзлээ. Энэхүү догшин хаанаас би ч гэсэн айн сүрдэж байна” хэмээгээд дэргэдээ буй газрын эздийг “Түргэнээ одогтун” хэмээн зарлиг болжээ. Ийн байтал Автай хан хүрч иржээ.

Автай хан нь Далай ламд мөргөж ирсэн учраа айлтгасан нь “Өчүүхэн би бээр, умард зүгийн хязгаарын Халх Монгол хэмээх улсын Автай хан гэгч бөлгөө. Далай лам тантай учирсан маань юуны өмнө танаас ном сонсъё, бас өөрийн нутагт буй нэгэн хийдэд дэлгэр равнай өргүүлье. Үүрд тахих шашны үйл хэрэгт ач тус ихтэй сайн лам болон адистэд ихтэй шүтээнийг залъя хэмээн зорьж ирсэн билээ” хэмээгээд олон зуун тоот агт морьд тэргүүтэн авчирсан өргөлөө өргөжээ. Далай лам Автай ханд сургаал номлож, олон бурхдын лүн, авшиг тэргүүтнийг хайрлаад ийнхүү хариу зарлиг болжээ. “Хан чи бээр, олон бурхдын дотроос өөрийн сэтгэлд нийцэн тохирох бурхнаа өөрөө үзэж таалаад нутаг орондоо залтугай” хэмээн айлтгажээ.

Энэхүү зарлиг ёсоор Автай хан сүм хийдээр хэсэж бурхан бүгдийн зүрхийг даран үзэж яваад нэгэн бурхны бүтээлгийг сөхөн таалаад “Энэ бурхан хол газраас ирсэн надад тустай” хэмээн залжээ.

Уг бурхан нь Их адистэдэд хүчирхэг догшин, бүхний эзэн болсон Очирваань бурхан байсан гэдэг. Энэхүү бэлгэдлээр хожим Очирваань бурхан нь Монголыг даасан сахиус хэмээн алдаршжээ. Халхын Автай хан Далай ламыг үзэж ихэд сүжиглэн мөргөе хэмээн сарын хуучин завсарт хүрсэн тул үдшийн үед мөргөх цагт хадаг олж иртүгэй хэмээсэнд хар хадаг олдож түүнээ барьж, даруй шинэ сар гарсаны дараа дахин цагаан хадаг барьж мөргөхүйд Далай лам Автай ханд зарлиг болсон нь:

– Чи надад өчигдөр мөргөхдөө сарын хуучинд хар хадаг барьж орой мөргөөд, одоо сарын шинэд өглөө эрт цагаан хадаг барьж мөргөсөн чинь урьд үйлдсэн арван хар нүглээ арилгаад өдгөөгөөс хойш арван цаган буян дэлгэрэх бэлгэ болов хэмээн айлдаж, бурхан Шагжамүнийн галд үл шатагч шарил (уран баримал) ба бас хаан дүрт Пагмадүвийн (Сажа ёсны ламын) хөрөг тэргүүтнийг хайрлаад Автай ханд “Очир хан” хэмээх цол өгсөн.

Монголыг даасан бурхан нь Очирваань хэмээдгийн тухай нэрт түүхч Дармадалай “Очирваанийн хувилгаан Чингис хаан, Алтан хан, Гүшри, Данзанчойжил, Очир Автай сайн хан тэргүүтэн олон гарсан нь Монголын ард олон бүгд Очирвааний ивгээлд байхаар зарлигласны улмаас бөлгөө” гэж бичсэн байдаг. Энэ утга бэлгэдлийн үүднээс Монголын ихэнх тахилгат уул, овоо нь Очирваанийн тахилгатай байдаг.

Алив хүмүүн өөрийн төрсөн мэнгэний бурхныг дээдлэн шүтэж маань тарнийг урин уншиж явбаас адис жинлав, аврал ивээл нь түргэн ба эцэс хойдод ч ач тус нь цаглашгүй билээ.

Хоёр болон дөрвөн ногоон мэнгэтэй хүмүүсийн ивээх бурхан нь Очирваань бурхан юм.

Хоёр хар мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1908, 1917, 1926, 1935, 1944, 1953, 1962, 1971, 1980, 1989, 1998, 2007, 2016 юм.

Дөрвөн ногоон мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1906, 1915, 1924, 1933, 1942, 1951, 1960, 1969, 1978, 1987, 1996, 2005, 2014 юм.

Д. Сарангуа – Очирваань бурхны магтаал залбирал

https://www.facebook.com/ManbadatsanMonastery/photos/…