Улаан сахиус

Улаан сахиус

Ум рагму барна адма чирү пүрүха лохи да сарва шадрүм марая хум пад

Жамсран бурхан санск: Бэгз нь Авид бурхны хувилгаан гэдэг. Тэрээр маш догшин хатуу хөнөөлтэй ертөнцийн тэнгэр явсан ба хожим Бурхны шашны сахиус болсон ч тэрсүүдийг хорлох хөнөөх үйлсэд эрхэм хэвээрээ байх учир хамгийн догшин хатуу үйлс бүтээлийг үйлддэг. Хэдийгээр Жамсран хатуу догшин боловч дотоод сэтгэлийн дайсныг дарахыг эрхэмлэх учир егузэрва нар энэ бурхны бясалгалаар өөрийн сэтгэлийн нисваанисыг дарж бодь сэтгэлийг үүсгэн эрдэм чадлаа хамаг амьтны тусад зориулахыг эрхэмлэдэг билээ. Монголчуудын дунд //Улаан сахиус// хэмээн алдаршсан Жамсран бурхны нэрийг төвдөөс орчуулбал /Эгч дүүс/ гэсэн утгатай. Ном сударт: Төрөлхийтний эзэн, Төрөлхтний эрхэтийн зүст, Улаан амины эзэн гэх зэрэг олон нэрээр гарах нь бий.
Жамсран бурхны дүр байдал: Биеийн өнгө гал мэт бадармал улаан, нүд ба хойд мөрнөөс нь их гал бадарсан, нэг тэргүүнтэй, хоёр мутартай, баруун мутартаа шашны дайсны амин судсыг таслагч зэс илд огторгуйн зүгт далайсан, зүүн мутартаа дайсны уушиг, зүрх барьсан, мөн зүүн мутрынхаа тохойд нум, сум хавчуулж, гурвалжин улаан дадар бүхий аянгат улаан манжлагт жадыг барьж, хүний шинэхэн зүрх амтархан идэхээр амаа ангайсан, дөрвөн хурц соёо нь ярзайсан, хэл нь хуйларсан, гурван мэлмийтэй, их ууртай байдлаар биеэ хураасан, хөмсөг ба хуузнаас нь зэсэн хайлмал урсч гал, оч бадарсан, тэргүүнийх нь үс нь дээшээ боссон, биеийнх нь шар үснээс аянга цахилгаан тас няс буусан, хүний таван хохимойгоор үсээ чимсэн, цус дусалсан тавин толгойгоор эрхи хийж хүзүүндээ өлгөсөн, биендээ зэс хөө хуяг, цээжиндээ улаан хив торгон хувцас өмссөн, улаан ямааны арьс ардаа хөдөрсөн, хөлдөө угалзтай улаан гутал өмссөн, баатар хүний дүр байдалтай бөгөөд баруун хөлөө дотогшоо нугалж, зүүн хөлөө гадагшаа жийсэн, бадарсан улаан гал, галт хийн цогц дунд бадрангуй байдлаар оршино.

Жамсран бурхны хоёр үйлчин

Жамсран бурхны зүүн гар талд Рэгвий лхам хэмээх эмэгтэй үйлчин байх ба биеийн өнгө хөх бараан, нүүр нь улаан, хилэнт төрхтэй, шүдээ ярзайлган, шинэхэн хүүр идэн цэнгэсэн, цус хуралдуулсан гурван нүдээр дайсны зүг ширтсэн, галан хөхөл үсийг доош намируулсан, тэргүүн ба бүх биеэ алт, шүр, хаш, дун, оюу, чон, номин зэргээр чимсэн, чихэндээ шижир алтан ээмэг зүүсэн, нүүр царай нь догшин ширүүн, баруун мутартаа амь таслах зэс илд дайсанд далайсан, зүүн мутартаа зүрхийг дэлдэх төмөр пүрэв барьж зэтгэрт занасан, хуурай тавин гавлын яс хийгээд могойн ясан чимэгт, хар хивэн өмсгөл хийгээд хүний арьсан малгай өмссөн, хүний мах идэж буй эм хар өтөг /баавгай/ хөлөглөсөн байна.

Жамсран бурхны баруун гар талд Лайхан срогдог хэмээх эм яргачин амаа ангайн, соёо шүдээ ярзайлган, дайсанд агсарсан, биеийн өнгө улаан, нэг толгойтой, тэргүүнийхээ үсээ ар шилэндээ зангидсан, хоёр мутартай, үүнээс баруун мутартаа гурвалжин хиур бүхий улаан манжлагат жад далайсан, зүүн мутартаа улаан цалмыг дайсны зүгт орхисон биендээ шүрэн хөө хуяг бүхий хүрэм өмссөн, галзуу цөөвөр чоно /чононцор/ хөлөглөсөн догшин ширүүн дүр байдалтай.
Дээрх Рэгвийлхам, Лайхан срогдог хоёр нь тангараг буурсан ба шашны дайсныг эрж олохоор гурван мянган орныг хэрэн хэсүүчилнэ. Лайхан срогдог нь тангараг доройтсоны сүлдний оронг авах ба Рэгвийлхам нь хорлогчдын амь, амьсгалыг аван үйлдэгч болой. Энэ хоёрын өтөг ба цөөвөр чонон унаа хүлэг нь харанхуй шөнийн цагт ч хамгийг бүрэн харж, орчлонгийн хаана боловч огт төөрөхгүй явж, газар орноор хэрэн хэсэж, гайт дайсан тотгорыг эрж олдог ажээ.
Шүтсэний ач тус: Саар бүхнийг ялж, сайн эрдэм чадал бүхнийг эрхшээсэн ертөнцөөс гэтэлсэн шашныг хамгаалагч, номыг тэтгэгч чойжин жамсран бурхан нь 3 муу сэтгэлийн хороос үүдсэн /бие, хэл, сэтгэл/ ертөнцийн элдэв муу муухай хорлол, дайсан зэтгэр, өвчин зовлон, гай барчид, ад чөтгөр, албин зэргийн аюулаас аливаа амьтныг гэтэлгэх ба тэрхүү хорлох сэтгэлийг номхруулж тонилгодог. Мөн 4 их үйлсийг бүтээдэг. Үүнд:
1. Амирлуулах үйл /өвчин зовлон, барчид саад зэрэг муу бүхнийг/
2. Дэлгэрүүлэх үйл /нас уртсах, эд буян аривжуулах/
3. Хураах үйл /эд баялаг, эрх мэдэл/
4. Хатуугийн үйл /шашны дайсан, тэрсүүд нигүүдийг гэсгээх/

Цэрэг дайны хүчээр түрэмгийлэн хорлогчдыг номхруулагч, догшин сахиус бол Улаан Жамсран. Энэ сахиусыг шүтэн, үйл хэргээ даатгаж, тангараг өргөх ёс Автай сан хааны үеэс эхлэн анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар болон дараа, дараагийн богдуудад уламжлагдсан байдаг. Ихэс, дээдэс Улаан Жамсранг онцгойлон шүтэх болсноор хувцас хэрэглэлийг нь эрдэнийн зүйлсээр урлаж, хожим үлдэх их өв болжээ. Жамсран бурхны улаан шүрэн багийг, иж бүрэн өмсгөлийн хамт Чойжин ламын сүм музейд хадгалдаг. XIX зууны үед Хүрээний алдарт барималч Пунцаг-Осор цаасан шуумлын аргаар урласан энэ цамын баг, өмсгөлийг алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин зэрэг эрдэнийн чулуугаар чимэглэсэн байдаг аж.
Анх улаан шүрэн багийг 1995 онд Монголын түүх соёлын хосгүй үнэт өвийн жагсаалтад бүртгэж байсан бол өнгөрсөн зун Улаан Жамсрангийн иж бүрэн өмсгөлийг энэ жагсаалтад бүртгэжээ. Бурхны хилэнт дүр төрхийг байгалийн 6000 гаруй улаан шүрээр нүүрний булчингийн хөдөлгөөний дагуу уран чамин хийцээр шигтгэн бүтээсэн нь энэ цамын багийг давтагдашгүй болгожээ. Баг нь дангаараа 30 кг, өмсгөлтэйгөө 70 кг жинтэй тул эрүүл чийрэг эр хүн өмсөж цамын бүжигт гардаг байсан түүхтэй.
Нар мандахаас жаргах хүртэл цам харайн бүжнэ.
Хүн ардын жаргалын төлөө бурхад бүжих үйл буюу цамын бүжиг Ойрадын Зүүнгарын улсад 1723 онд, дараа нь Эрдэнэзууд 1786 онд, 1911 оноос Их Хүрээнд, 1916 оноос Чойжин ламын сүмд болж байсан түүхтэй. Цам Монголд нэвтрэхдээ ардын аман зохиол, хөгжим, дүрслэх урлагийн гайхамшигт өв сангааар баяжин өөрийн өвөрмөц хэлбэртэй болсон төдийгүй нутгийн зан заншил, шүтээнээс нь үндэслэн олон янзын агуулга үйл явдал дэг бүхий тавилттай болжээ. Мял Богдын яриан цам, Эрлэг номун хааны цам, Бухан цам, Жахар цам, Тахилын цам, Саран хөхөөний цам зэрэг цамууд Монголын сүм хийдэд 1930 оныг дуустал байсан юм.
Өдгөө Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт Хүрээ хийц, Манзушир хийц, Чойр хийцийн нийт 80 гаруй цамын баг хадгалагдаж буйгаас хамгийн уран нарийн хийцтэй нь Хүрээ хийцийн Жамсран бурхны шүрэн баг, иж бүрэн өмсгөл юм.
Цамын багийг уламжлалт цаасан шуумлын аргаар зонхилон хийдэг бөгөөд тэдгээр баг нь дүрийнхээ зан төлвийн онцлог шинж байдлыг тод гаргасан байдаг. Хувцас зүүлтийг хийхдээ монголчуудын эрхэмлэн дээдэлдэг есөн эрдэнээр чимэглэн ясан сийлбэр, зүү ороох, задгай ут сан хатгамал, зээгт наамал шигтгэмэл, хатгамал, хөөмөл зэрэг монгол урчуудын уламжлалт урлахуйн ухааны олон аргыг хослуулан уран тансаг хийдгээрээ гайхамшигтай.
Монголд гарч байсан цамуудаас хамгийн өргөн хүрээтэй, олон бурхдын дүр гардаг нь Эрлэг номун хааны цам буюу Их цам юм. Энэ цамд 108 дүр гардаг. XIY жарны цагаагчин хонин жил буюу 1811 оноос 1937 оныг хүртэл 126 удаа Их цам харайжээ. Өглөө нар мандахад эхлэсэн цам нар жаргахтай зэрэгцэн өндөрлөдөг байсан ба 120 орчим хүн оролцон бүждэг байв.
Богд Жавзандамбын зарлигаар жил бүрийн зуны адаг сарын шинийн есөнд Их цам гардаг байв. Чойжин ламын сүм музейд хадгалагдаж буй Жамсран бурхны иж бүрэн өмсгөлийг хамгийн сүүлд 1937 онд “Их цам”-д өмсөж тоглосон түүхтэй.
Шүрэн баг
6000 гаруй ширхэг, байгалийн цэвэр улаан шүрийг хүний нүүрний булчингийн хөдөлгөөний дагуу шигтгэсэн нь түүний давтагдашгүй чанарыг илэрхийлнэ. Түүнчлэн алтан шармал хөмсөг, сахалтай учраас үнэт чанар нь улам нэмэгддэг.
Дээл
Хэлхгэр, гурвалжин ханцуйтай луун хээтэй магнаг торгон дээлээр Улаан Жамсран “гоёжээ”. Хоёр ханцуйдаа ясан чимэглэлтэй аж.
Модиг
Жамсрангийн модиг буюу хормогчийг зээгт наамлын аргаар бүтээжээ. Гуулин хүрээтэй бүлтгэр дөрвөн толь, ялтсан чимэглэл, улаан гал хүрээтэй, даавуун дотортой хормогчтой юм.
Додиг
Улаан Жамсрангийн додиг буюу цээживч нь энгэр талдаа дөрвөн жижиг, нэг том хээгээр хүрээлсэн гуулин тольтой. Хуягт хээг гуулиар урлан зээглэн тогтоосон тоногтой. Мөрөндөө дүрэлзсэн галын хээтэй зээгт наамлан эмжээртэй.
Бэгз хормогч
Цагаан эвэртэй загасан хайрст лууг давхар зээгт наамлын аргаар бүтээж, дүрэлзсэн гал хээн эмжээртэй бэгз (матрын арьс) хэмээх хормогчийг урлажээ.
Бүс
Пунцаг-Осорын бүтээсэн Улаан Жамсрангийн өмсгөлийн бүс нь өлзий, нацагдорж хээтэй гууль цутгамал, алтан шармал найман тоногтой, суран жирэмтэй, доод хэсэгтээ улаан, ногоон пансан шамбатай аж.
Гутал
Түрийндээ ясан чимэгтэй, шуумал зээгт наамлын аргаар бүтээсэн ногоон матрын толгой бүхий хоншоортой гутал нь энэ бүтээлийн нэгэн салшгүй хэсэг юм. Матар нь амьтны мах цусаар хооллодог догшин араатан учраас хүрээ цамын догшин дүрт бурхад матар хоншоортой гутал өмсдөг. Энэ нь хөлийн дэвслэх хөдөлгөөнөөр хортон дайсныг хөнөөхийн бэлгэдэлтэй ажээ.
Эрхи
Жамсран бурхан хүзүүндээ цагаан, улаан, хүрэн өнгийн торго даавуугаар бүтээсэн 55 хүний цус дусалсан толгойн дүрстэй эрхи зүүдэг. Шуумал зээгт наамлын аргаар хийн улаан даавуун дээр оёж тогтоосон эрхи нь тарнийн хүчийг авах бэлгэдэлтэй гэнэ.
Арилд
Жамсрангийн арилд буюу илд нь шармал очир иштэй, шармал гал хүрээтэй зэс хөөмөл эх биетэй. Баруун мутартаа илдээ барин далайж байгаа нь шашны дайсны амин судсыг тасалж, мунхагийн харанхуйг гэтэлгэх бэлгэдэлтэй.
Нум, сум
Зүүн мутарт нь буй шар эрээн будагтай, утсан хөвчтэй төмөр нум нь хүч чадал, сум нь оюун ухаан саруул байхыг бэлэгдэл болдог аж.
Жанцан
Улаан утсан цацагтай жанцан буюу туг нь галын дөл бүхий гурван салаа сэрээтэй. Сэрээн дунд нэг мөнгөлөг хохимой толгойтой. Жамсран бурхан тугаа зүүн суга бүсэндээ хавчуулан бүжих ба тэрсүүтнийг номхотгон ялан дийлсэнийг бэлгэддэг.
Тэтэгжад
Жамсрангийн Тэтэгжад буюу дагуул нөхдүүд нь амаа ангайн соёогоо ярзайлгасан догшин улаан дүртэй. Тэргүүн дээрээ нэг хохимой, таван ринаа (тэргүүний чимэг, титэм)-тай, ринаанаас холбож хэлхсэн шүр, сувд чимэг унжлагатай. Чихэндээ таван өнгийн хадаг зүүсэн гуулин ээмэг, үүлэн хээн хатгамалтай даржин (шанхны чимэг)-тай, ар шилэндээ зээбадын давхар зээгт наамлан толгойтой жавдар (ар дарах гэсэн утгатай)-тай аж.
Улаан сахиус нь очирт хөлгөний номын хамгаалагч бөгөөд улааны ёсны бясалгагч хүнд буудаг сахиус юм. Сахиус буулгадаг Гүртэн чойжин нь нэгэн насанд төгс гэгээрдэг махамутрын бясалгалыг хийж “би” үзэл болон ертөнцийн хир буртгаас ангижирсан байх ёстой. Сахиус буухын өмнө Дарь эх болон Ханд дагинасын авшиг авч өөрийн дүрийг эх дагина болгоно. Ингэснээр Дарь эхээр зөөллөж сахиусаа хайр энэрлээр удирдана. Гүртэн чойжин нь тайж удамтай байвал сахиус буухдаа талархалтай байдаг. Улаан сахиус нь ертөнцөөс хэтийдсэн сахиус тул ертөнцөд авч ирэх бус харин ертөнцийг Улаан сахиусны оронд урвуулж аваачиж буувал зохистой. Үүнд Готопагийн диваажингийн Пова арга зүй ашиглавал сайн.
Догшин бурхан Бэгзийг хилэгнүүлсэн айл голомтоороо сүйдсэн тухай.
Шарын шашинд арван хангал хэмээх догшин сахиусууд байдаг. Аливаа муу муухай, нүгэл хилэнцийг даран элдэв ад зэтгэрийг номхотгох үүднээс эдгээр догшин бурхад, нь өөр өөрийн онцлогийг үзүүлж байдаг гэнэ. Эдгээрээс Тамын чойжин, Гун-га, Бэгз, Гонгор, Жамц, Цамба гэх мэт олон догшин бурхдыг нэрлэж болно. Зарим айлуудад эрт дээр үеэс хэдэн үеэрээ
уламжлан шүтэж ирсэн бурхан тахилуудаас гадна мэнгэний болон догшин бурхад их байдаг. Гэхдээ эдгээр бурхдыг үнэн сэтгэлээсээ зөв тахиж шүтэж чадахгүй бол ямар ч бурхан айлд хүнддэх тохиолдол их байдаг ажээ. Тэр ч бүү хэл, ээж хадны зураг ч айлд байх нь зохисгүй юм байна. Ингээд догшин бурхан хилэгнүүлснээс болоод хоёр хүүхэд нь гэртэйгээ шатаж, нөхөр нь амиа хорлож, амьдрал нь сүйрсэн нэг айлын эмгэнэлт түүхийг доор өгүүлье. Батмөнх арваад жилийн өмнө цэргийн сургууль төгсөөд Өмнөговь аймгийн хилийн цэргийн ангид хуваарилагдан эхнэр хүүхдээ аваад нүүн очжээ.Тэднийг очиход цэргийн ангийн ажилчдын байрны нэг өрөөг урьдаас цэвэрлэж тохижуулаад бэлэн болгосон байж.Ангийн цэвэрлэгч настай авгай Батмөнхийнхөнд хүлээлгэн өгөхдөө “Энд байсан айл нь хот уруу нүүсэн. Их сайхан амьдарч байсан ээлтэй байр байгаа юм. Би аминдаа л тоос шороог нь цэвэрлэлээ. Харин энэ таазны голд нэг хадганд боодолтой юм байхаар нь гар хүрсэнгүй орхилоо шүү” гэжээ. Тэр үедээ юу ч санаагүй Батмөнх болон түний эхнэр тэр зүйлд хүрсэнгүй. Харин хоёр гурван жил өнгөрч, бага охин нь гарсан жил тэднийх бага сага засвар хийе хэмээгээд таазаа янзлахдаа өнөөх хадганд боолттой зүйлийг авч задалж үзвэл жижиг бурхны шавар баримал Түвд үсэгтэй жижиг сахиуснууд, арвай зэрэг байжээ. Эхнэр нь“Энийг ламд аваачиж өгье. Манайд хэрэггүй биз дээ?”гэхэд Батмөнх “Шатаачихъя. Энд тэнд хаяснаас дээр байх” гэжээ. Тэгээд олон юм бодсонгүй гал уруугаа шидэж орхисон ч нөгөө бурхны баримлын тал нь шатаад үлдсэн байж. Түүнийг нь аваачаад холгүйхэн газар булчихжээ. Гэтэл энэ явдлаас
гурван жилийн дараа хоёр хүүхэд нь гэртээ байх үед гал гарч, хаалгаа тайлж чадалгүй байсаар угаартаж нас барсан айхтар явдал болжээ. Хамгийн хачирхалтай нь хүүхдүүдийн биений тал хэсэг нь шатсан байж. Энэ явдалд цочирдсон Батмөнх ангиасаа холгүй байдаг нэг настай лам дээр очиж талийгаач хүүхдүүдийнхээ “Алтан сав”-ыг нээлгэхэд “Маш догшин “Бэгз” бурхныг хилэгнүүлсэн байна” гэж гарсан юмсанж. Үүнийг сонсоод Батмөнх гурван жилийн өмнө шатаасан бурхныхаа тухай ламд хэлж аврал хүссэн байна. Настай лам догшин бурхныг аргадах нилээд их засал хийж өгөөд явуулсан ч хэдэн сарын дараа эхнэр нь хот орж гэрийнхэнтэйгээ уулзаад ирье хэмээн явсан хойгуур Батмөнх анги дээрээ нэг хүнтэй ялихгүй зүйлээс болоод ширүүхэн маргалдаж сүүлдээ зодоон цохиондоо хүрсэн юмсанж. Түүнийг хүмүүс аргадаж тайвшруулж гэрт нь хүргэж өгсөн ч яагаад ч юм бэ? тэр өөрийгөө боомилон нас барсан байжээ. Ийнхүү догшин бурхан хилэгнүүлснээсээ болж нэгэн айл голомтоороо сүйрчээ. Манайхан бурхны элдэв зураг хөрөг, ном судрын толгойг нь дээш доош буруу завхруулаад энд тэнд тавьсан харагддаг. Мөн учир утгыг нь сайн ойлгохгүй байж бусдыг дууриан элдэв бурхан тахил өрж байдаг. Гэтэлнэ мэтээр буруу мунхарсанаас болж ач ивээлийг нь хүртэх нь бүү хэл хилэгнүүлж, хараалд нь өртөн амь насаа алдаж үгүйрч хоосорсон тохиолдол элбэг байдаг аж. Жишээ нь хүмүүс гэр орондоо болон албан тасалгаандаа “Баян Намсрай” бурхныг их тахидаг. Тэгвэл гурван жил Алтангэрэлийн даллага авахуулж байж сая Баян Намсрай бурхан тахиулах ёстой байдаг гэнэ. Нэг ёсондоо таны буян хишгийн багтаамж таван литрийн савны хэмжээтэй байхад Баян Намсрай бурхныг тахиж болохгүй нь ээ. Учир нь Баян Намсрай бурхны хишиг өөрөө арван литрийн багтаамжтай учраас танд буян хишгээ өгөх нь байтугай хүнддэж улам үгүйрүүлдэг байна. Иймээс мэдэхгүй бурхан тахил хамаагүй тахиж шүтэхгүй, мөн энд тэндээс гарч ирвэл сүм хийдэд өргөчих нь хамгийн зөв арга ажээ.

https://www.facebook.com/groups/2469101119852886/permalink/2610563052373358/