Шалши бурхдын хамт

Шалши

Ум шири задра моха саваари вара ум а хум

Монголоор “Дөрвөн нүүрт” хэмээнэ. Шашныг хамгаалагч Арван хангал бурхдын нэг бөгөөд Дэмчог бурхнаас хувилан төрсөн номын сахиус ажээ.

Шалши бурхан нь догшин дөрвөн тэргүүнтэй, тэргүүн бүр нь улаан, цагаанаар эргэлдсэн гурван мэлмийтэй, ам тус бүрээс нь дөрвөн соёо нь цухуйсан, хөмсөг сахлаас нь оч бадарсан, тэргүүнийх нь үс дээшээ боссон, тус бүрдээ таван хохимойн толгойн чимэгтэй, хохимойгоор хэлхсэн эрхин зүүлт хүзүүндээ өлгөсөн, бэлхүүсээрээ хорт могойг бүслэн хүлсэн, барсын арьсан хормогч соёрхож, зах хязгааргүй хоосон чанарын агаарын төв дунд хар бараан гурвалжин хүрээн дотор дайсны цусан далайн дунд бадам цэцэгт наран мандалт дэвсгэр дээр тэрсүүд муу зүгийн амьтныг даран гишгэж заларна. Гурван ертөнцөд дуулдахаар нүргэлсэн их дуутай бөгөөд түүнийг нь сонссон дайсан чичрэн дагжиж номхордог хэмээн үзэж шүтсээр ирсэн. Түүнийг бурхны гурван хүлгийн дайсныг дарагч, гурван хүрдний номын доройтлыг үгүй хийгч, гурван ухааны үндсийг аврагч, хамаг амьтны амгалан тайвныг хангагч хэмээн шүтэн тахидаг.

Хар цагаан хэлний ужиг мунхаг улбаа
Хараал хорслын дэв бузрыг устгагч
Ган сэлмээ барин хамгаалагч
Дэмчиг ядмуудын дээд хувилгаан
Дөрвөн Шалши танаа мөргөмү
Гарьдын зулзага өндгөндөө
Идэрхэн хүчээ төгсөөгөөд
Өндгөө дэлбэрэхийн цагт
Огторгуй дээгүүр нисдэг
Гурван биеийн эрдмийг сэтгэлийн дэгээр төгсөөдөг
Илбийн биеийг орхиод
Бусдын тусаар төгсдөг
Ачит зургаан үсгийг хөгжөөл болгон залбиръя
Ачит ламын зарлиг амьтан бүгдэд болох болтугай.
Ум ма ни бад мэ хум
Толгой өвдөх
Нойр хулжих
Санаа сэтгэл тавгүйтэн муу совин
Ёр
Лус савдаг
Хэл амны ад донд
Баригдахын гай барцдаас зайлуулж хайрла.
Та гурван ертөнцийн хамаг амьтан бүгдийн амгалан тайван байлгах үндэс үүднээс гурван цагийн бурхны зарлигийг ёсчлон биелүүл
Гурван хөлгөний шажны дайсан хулгайг дарж өг
Гурван үндсийг сахигч та хэрцгий дайснаас гэтэлгэж өг
Гурван шүтээнийг эвдэгч дайсныг дарж өг
Гурван үндсийг сахигч та гурван язгуурын номын биеийг доройтуулагч нарыг үгүй хийж өг
Гурван ариун сургаал төгөлдөр хуврагийг хорлогч дайсныг устгаж өг.

“Шалшийн баруун суганд архи байгаа шүү.”
Таалал болсон хүний сүнс зуурдад аль төрөл олж төрөхөө мэдэхгүй төөрч явах үед нь гүрэмч лам хойд насны сайн төрлийг олуулах ном уншсан боловч архинд дуртай хүний сүнс юм болохоор тэрхүү номын үгийг огтхон ч тоож анхаараагүй байна. Энэ үед архичны сүнстэй холбогдсон үзмэрч ламд эцсийн эцэст архитай холбох бодол төрөөд өөртөө байсан Шалшийн судрыг уншаад сүүлд нь “Шалшийн суганд архи байгаа шүү” гэхэд хэдий архичин боловч Шалши бурхны дүрийг мэддэг байсан тул дөрвөн нүүртэй тус бурхны суганд архи байгаа гэсэн үг түүнд онцгой нөлөөлж тус бурхантай зуурдад гэгээн гэрлийн байдалд байхдаа шууд нүүр тулан уулзсан байна.
Яг энэ агшинд тэрхүү эгэл доорд хүсэл нь тэр дороо арилж, гэгээрсэн бурхнаас олсон таашаал нь архи уух хүслээс нь зуу дахин илүү байсан тул агшин зуур дээд төрөл олсон гэдэг. Ингээд амьгүй болсон цогцос нь амьд юм шиг бүлээн болж оршуулах хэд хоногт үжирч муудаагүйгээр барахгүй, ойр дотныхоо хүмүүсийн зүүдэнд амьд мэтээр уулзан учран золгож сайжралыг олсноо бүгдэд мэдүүлжээ. Үүнээс улбаалаад архичин хүн таалал барих үед Шалшийн архиар дээш татаж болох юм гэсэн хууч яриа монголчуудын дунд гарсан түүхтэй.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=313971863825026&id=100429441845937&__cft__%5B0%5D=AZUG88uLUPHxe6b01_2Hk8KssQL08X3PImrGdTHNAnXYKqp05RTms1RtnDF24drBx7G36Bn0iZBm3lOU2F8ZWVCPmUGZ-NI645CM4WsE9sZ12SxVbqMHmGxWmREeH4WqT3JuEm6t37pQYQvX7vhG8fEs&__tn__=%2CO%2CP-R