Жигжид - Ямандаг

Жигжид буюу Айлган үйлдэгч

Ум хиришти бигирда нана хум пад

Ум Ямандага хум пад

Ум яма раза садо мияа ями дору наяа даяа яда ёни раяа яагчаяа яа яагчаяа зацани рамаяа хум хум пад пад сууха

Зүүн Хүрээ Дашчойлин хийд – Ямандаг бурхны тайлбар

Оюун билгийн бурхан Манзушрийн догшин дүр бөгөөд тийм ч учраас Ямандаг бурхны есөн тэргүүний хамгийн дээд талд Манзушри бурхны бага зэрэг уурласан шар өнгийн тэргүүн байдаг. Хамаг бурхдыг хураахаар Ямандаг бурхан болдог. Ямандаг хэмээх үг нь самгарид үг бөгөөд төвдөөр Шинжэ шэд, монголоор “Эрлэгийн яргачин” гэсэн утгатай үг юм. Энэ үгийн гол утгыг сударт “Эрлэгийг яргалагч, Эрлэгийг эцэслэгч гэсэн утгатай үг” гэсэн байдаг. Харин Важра Бхайраба буюу монголжсон дуудлагаар Базар бэрава, төвдөөр Базар Жигжид гэдгийн хувьд ёгт нэрээр алдаршсан хэрэг. Энэ үгийн монгол орчуулга нь Айлган үйлдэгч. Ямандаг гэдгийн Яма нь Эрлэгийг хэлж байгаа ба Яма-г номхотгоод Зуурдын оронд нас барагсдыг үнэн зөвөөр нь шүүн захирах эрх олгосон тул ийнхүү алдаршжээ.

Ямандаг бурхан нь хар хөх лагшинтай, есөн тэргүүнтэй, гучин дөрвөн мутартай арван зургаан өлмийтэй, баруун талын найман өлмийгөө гадагш жийсэн, зүүн талын найман өлмийгөө гадагш жийсэн байдлаар өмнөө дагина Доржролонмааг тэвэрч босоо дүртэйгээр наран дэвсгэрт бадамлянхуа дээр оршино. Төрх байдлыг нь ерөнхийд нь дэлгэрүүлэн тодорхойлох аваас гурван ертөнцийг агшин зуур туулах ба амаа ангайж, хэл нь хуйларч унжсан, дөрвөн соёо болон шүднүүд нь маш хурц, нүүр царай нь сүртэй догшин, хөмсөг бас сахлаас нь гал бадарсан, гэзэг үс нь дээшээ сэгсийн боссон, ертөнцийн ба ертөнцөөс гэтэлсэн сахиус, тэнгэр нугуудыг айлган, заналга үйлдсэн, хортныг хараад хөнөөн тонилгох чадалтай хүчит дуугаар даргилан дуугарч, ердийн үедээ өөрийн язгуур үсэг болох “хум” тарнийг давтан уншина.

Өмнөө дагина Доржролонмааг тэвэрсэн байдлаар орших бөгөөд энэхүү дагина нь нууц тарнийн хум (бам) хөрөнгө үсэгнээс үүсч бий болсон эх бурхан юм. Биеийн өнгө зарим ёсонд хөх цэнхэр зарим ёсонд улаан байна. Эцэг бурхнаас биеэр бага, догшин, нүцгэн, эм дүртэй, нэг нүүртэй, хоёр мутартай, баруун мутартаа таван үзүүрт очирт иштэй дэгүг, зүүн мутраараа цустай гавал барьж, эцэг бурхны хүзүүний баруун талаас тэвэрсэн байна. Түүний тэргүүнийх нь чимэглэл хуурай цагаан таван гавалтай, хүний ясан хорол ээмэг, хоолойвч, бугуйвч, бүс болон таван ясан хөлөл зэрэг байна. Баруун хөлөө эцгийн зүүн хөлийн хамт жийсэн, зүүн хөлөө эцгийн баруун хөлний дээд хэсгээр ороож тэвэрсэн байна.

Ялж төгс нөгчсөн Очир Ямандагийн хот мандал.

Ямандаг бурхны дамжлага.

Анх хэрхэн үүссэн нь:
Бурхан Шакиамуни анх бодь очирт сууринд заларч бодь хутгийг бясалгах үед гучин зургаан дүнчүүр шулмын цэрэг эсэргүүцэн хорлохыг завдахад нь эхлээд шуламсын гар дахь мэс бүгд цэцгийн эрих болтугай гэж бясалгасанд тэдгээр хорлолт шуламсын зэр зэвсэг цэцгэн хур болж эргэн тойронд нь буусан байна. Дараа нь “Ялж төгс нөгцсөн бээр шуламсыг номхотгогч тэгш самадид тэгш оршоод, өөрөө 6 нүүр, 6 мутар, 6 өлмийт, баруун мутартаа очир хийгээд алх, илд, зүүндээ занах мутарлага хийгээд нүдүүр мод, хонх барьсан, дээд хар нүүр нь маш аймшигтай бөгөөд махэгийн эзэн, гэргий лүгээ сэлтийг өлмий дороо дарж хувилсанд шуламс нар бүгдээр машид бишрэн айн чичрээд Эсруа, Хурмаст хоёр бишрэн мөргөв. Тэндээс хөх Эрлэгийн яргачин 3 нүүр 6 мутарт, баруун мутартаа илд хийгээд очир, хутга барьсан, зүүндээ хүрд хийгээд лянхуа, гавал барьсан, бас улаан Эрлэгийн яргачин бээр очирт бэрээ хийгээд гавал барьсан, дагина нь хүзүүгээр нь тэвэрч эвцэлдсэн, улаан махэ хийгээд шуламсыг өлмий дороо дарсан нугуудыг хувилгаж гаргаад бас Мутартаан очиртод чи бээр энэ мэт хилэнтний дүрээр бид нарыг номхотгогтун хэмээн зарлиглав. Тэр цагт Шагжаан чадагч бурхан өөрөө Цогт их очир аюулгагч арван гурван бурхантын хот мандлыг байгуулж дотор нь оршин Мутартаан очирт, Бэдала эх хоёрын айлтгаснаар улаан, хар Эрлэгийн яргачны жүдийг номлосонд “Энэхүү бясалгалын үйлийн агуу их хүчинд шуламс бүгд сарнин үгүй болж одсон гэдэг. Бага хөлгөний ёсны бурхны намтарт шуламсын зэвсэг цэцгэн хур болсноор шуламсын цэрэг сарнин одсон гэх бол харин Их хөлгөний ёсны бурхны намтарт дээр өгүүлснээр Ямандага бурхны дүрд оршиж бясалгалд орсноор шулмын аймаг бүрэн номхорсон тухай байна. Их, бага хөлгөний бүхий л үйл явдлыг энэ мэтээр ажиглавал багавтар ялгаатай мэт байх боловч цаанаа судар, тарнийн ёсны томоохон ялгаа гарч ирдэг.
Ийнхүү энэ бурхны жүдийг анх Шакиамуни бурхан хоёрдугаар номын хүрдэн эргүүлэх үедээ номлосон юм. Ингээд Бурхан багш дээрх номын хүрднээсээ хойш нирваанд орштлоо Их хөлгөний ёсыг сав болох тодорхой шавь нартаа гучин таван жил номлосон ба түүний дараа Ананда нирваанд орших хүртэл дөчин жил, нийтдээ цаад тал нь зуу орчим жил Энэтхэг оронд Их хөлгөний ёс дэлгэрэх хугацаанд Ямандагын жүд оршин тогтнож байгаад залгамжлах мэргэд төрөөгүйн улмаас залгамж холбоо нь тасалдсан гэж үзэх ба энэ нь ганц Ямандага бурхны аман дамжлагын хувьд төдийгүй Их хөлгөний нийт жүдийн тухайд ч нэгэн ижил болох нь ойлгомжтой.
Хожим Энэтхэгийн Индрабүдхи хааны (VII зуун) үед их багш Лалидабазар хэмээгч нэгэн егүзэр бээр энэхүү жүдийг Ямандага бурхныг бясалгаж улмаар түүнтэй нүүр тулан уулзаж түүний номлолыг аман айлдвараас нь хүртсэнээр дахин гарган ирж Энэтхэг оронд дэлгэрүүлсэн байна. Лалидабазар нь Наландра хийдээс төрсөн алдарт 500 бандида нарын нэг нь байсан ба Очир хөлгөний ёсны нууц тантрын ухаанд онцгой хувь нэмэр оруулсан гайхамшигт багш нарын нэг байлаа. Энэ тухай Жонан Даранатын “Энэтхэгийн номын гарын авлага”- т бичсэнээр: “Ариун гэгээнийг зохиогч, илбэ хувилгааны торын үндэс” хэмээх жүдийг эрхэмлэн шүтээд хутагт Манзушрийг ядам болгож, өөрийн ловонд Очир айлган үйлдэгч (=Ямандага) тэргүүтний алдрыг дурдаж, тэдгээрийн бүтээлийн аргыг асуусанд: “Тэдгээр нь хүмүүний оронд үгүй тул би мэдэхгүй бөгөөд түүний тул хүссэн бурхнаа бүтээтүгэй” хэмээн зарлиглажээ”. Үүнээс үзэхэд Лалидабазарын үед Энэтхэг оронд Бурхан багшийн айлдсан Ямандага бурхны жүд нэрийн төдий байсан ба нийт хүмүүний ертөнцөд ч үе залгамжлал нь тасарч байхгүй болсон байв. Иймээс Ямандага бурхныг залах ганц арга нь гүн дээд бясалгалаар түүнтэй уулзаж аман жүдийг нь өөрөөс нь хүлээн авч дахин дэлгэрүүлэх явдал байсан 6а Манзушри ч тийн өгүүлжээ.
Ямандага бурхныг бясалгасан шавь нар нүүр тулан уулзах үедээ янз бүрээр болгоож байснаас энэ бурхны олон янзын дүрүүд үүссэн төдийгүй олон тооны бясалгалын уламжлал ч бий болсон юм. Хэдийгээр Энэтхэг оронд Ямандага бурхны жүдийг Лалидабазар анх дэлгэрүүлсэн боловч хожим Жо ёс, Дорждүйвийн ёс, Шан ёс, Ра Лозавагийн ёс, Мижидбагийн тайлбарын ёс гэх мэт олон тооны ёс үүсч салбарлажээ. Тэдгээр нь Энэтхэг оронд тус тусдаа дамжлага болон уламжлагдаж байхдаа бие биедээ төдий л хамааралтай биш байдлаар зэрэгцэн оршиж байсан хэдий боловч номлол нь бие биеэ нөхөн нэгэн мөн чанарт нэгдэж байв. Их хөлгөний хожмын үе үеийн олон лам нар аль болохоор ёс бүрийг нь алагчлалгүй бясалгаж оюун ухаанаа төвлөрүүлэх оюуны дасгалыг үйлдэн, энэ чиглэлээр өөрсдийгөө гайхамшигтай дадлагажуулж байлаа. Ингээд эцсийн эцэст өөртөө тохирсон аль нэг ёсыг баримтлан гэгээрэлд хүрч байжээ. Энэ бол бурхан болох нууц тарнийн ёс олон янз байж болдог, гагцхүү шавь тэдгээрээс өөрт тохирсон хувилбарыг л олж өөрийгөө “нээх” аваас төгс гэгээрлийн хутагт хүрнэ гэдгийг л хэлээд байна.
Иймээс аль нэг бурхны бясалгалаар тодорхой амжилт олохгүй тохиолдолд тэрхүү бурхнаа өөр болгон хувирган бясалгаж байгаад, амжилт олох тохиолдол бас байдаг. Ийм тохиолдолд түүнийгээ өөрийн ёс хэмээн шавь нартаа дамжуулах буюу зохиол бүтээлдээ оруулж байснаар дээрх мэт олон ёсууд үүсч бий болсон гэж үзэж байна. Энэ тухай мэргэд дээдсийн намтарт нэг бурхныг бясалгасанд өөр өнгөтэй, өөр дүр байдлаар ороод байсан тул түүнийг бясалгаснаар тухайн бурхны өөр нэг дүр бүхий бясалгалыг бий болгосон гэх мэтчилэн өгүүлсэн байдаг. Үүнд, хатуу бурхан зөөлөн дүртэй, эсвэл түүний эсрэгээр, улаан өнгөтэй бол хар өнгөтэй, дагинатай бол ганцаар орж ирэх ба түүнийгээ бясалгаж амжилтанд хүрснээр шинэ ёс үүсгэж түүнийгээ шавь нартаа дамжуулж байжээ.
Жүд дамжлага Түвдэд хэрхэн уламжлагдсан нь:
Бурхны шашинд адиваа бурхныг анх хэн үүсгэсэн, дараа нь хэн дахин дэлгэрүүлсэн, тэр үеэс хойш жүд хэрхэн уламжлагдсан зэргийг онцгой анхаардаг. Хэрвээ дамжлага нь мэргэд дээдэс нараас хиргүй дамжиж ирсэн байвал ариунаараа дамжсан гэж билэгшээдэг. Тасалдсан байвал егүзэрва нар уг бурхантай нүүр тулан уулзаж дахин залах шаардлага зайлшгүй гарна. Нүүр тулан уулзах егүзэрва төрөхгүй аваас уг дамжлага бүрмөсөн мартагддаг байна. Өмнө өгүүлсэнчлэн Ямандагын дамжлагыг МЭ-ний эхэн үед дахин гаргаж ирсэн егүзэрва бол Энэтхэгийн их багш Лалидабазар байсан юм.
“Буддын шашин, соёлын тайлбар толь” номонд “Ямандагын дандарын гарын авлага” нэрийн дор ингэж бичжээ:
“Урьд Ишвара тэнгэрийн хөвгүүн залуу Зургаан нигуурт хийгээд асура Догшин зандалч хоёр Замбуутивийн эзэн нь хэн байх вэ? хэмээн тэмцэлдээд Зургаан нигуурт ялагдав. Тэр үед Ишвара бээр огторгуйд тэнгэрүүд хийгээд газрын найман өвчин, найман ад, асура хийгээд лус тэргүүтэн гурван орны цэргийн өмөг сэлттэй ирэхүйд Догшин зандалч айн эмээгээд Жавзун Жамьянд (Манзушри) авралыг одуулсанд Жамьян нь тэдгээрийг номхотгох цаг болов хэмээгээд Ямандагын нигуур, мутар огоот төгссөний цаг лагшинд босоод үндсэн нигуур хийгээд лингагаар их Ишураг номхотгов. Бусад найман нигуураар найман зүгийн найман аюулын хөнөөлийг даржээ. Махэ-ийн хоёр эвэр нь асурын морьт цэргийг дарав. Үхрийн арьс барьсан хоёр мутраар Хурмаст хийгээд бусад гучин хоёр мутраар шадар эрхшээгч гучин хоёрыг гэсгээв. Баруун найман хөлөөр найман ад хийгээд зүүн наймаар найман өвчнийг дарав. Лус нугуудыг чимгээр хүлээд, тэдгээр хорлолтон бүгдийг гэсгээн тонилгож, зүрхний цусыг зооглох тэргүүтэн их аюумшигыг үзүүлж, бас дахин сэргээн дагуулан эзлээд билэг билгийн хот мандалд авшиг өргөн, ариун замд оруулав. Хүслээр бүтээхүй хийгээд огторгуй лугаа дүүрэн олон бодьсадвагын гол дандарыг зарлигласан нь Ра хэлмэрчийн ёсны домог болой.
Бас Очирдара бурхан нь Эрлэгийг номхотгохын цаг болсоныг болгоож, Сүмбэр уулын оройд Ямандагын лагшинд хувилж, өмнө зүгийн далайн чанадад Тодвожагын хот балгадад өөд болж (=очиж) арван зургаан төмөр балгадыг (=хотыг) арван зургаан төмөр бойвоор даран, голын төмөр балгадыг дэлгэр лингаар унаган, Эрлэг номун хааныг анислан эвэршүүлж, шумнасын чуулган бүгдийг ором үгүй болгон дарснаар дэвжид бүгдээр амин зүрхийг өргөв. Надор, Эрлэг хийгээд мамо бүгдийг гэтэлгэн амирлуулан адистадлав. Шашныг сахигч болгон зарлиг тушаав. Амин зүрхийг өргөхийг тарнид адислан дандарыг зарлигласан нь Жо ёсны цадиг болой”
Жүд Монголд хэрхэн уламжлагдсан нь
Энэхүү Ямандага бурханы жүд Монгол оронд хэрхэн уламжлагдсан жишээг Бажиг Ямандага бурханы жишээнд авч үзвэл дараах мэт болой. (“Лалидабазараас дараалан Амогабазар буюу Доёддаржэчэва, Ишжунайбава буюу Жанагара, Бадамбазра буюу Шрирагчида, Дивамгарарагчида буюу Мэзалинбаа нарын хооронд дамжсан, түүнээс Га хэлмэрч Дорждагва бээр сонссон нь Ра-гийн ёс хэмээн алдаршжээ. Доёддоржчэвагийн шавь Доёддоржэчүнбагаас Жо Оджунай бээр сонссон нь Жо-гийн ёс хэмээн алдаршив” “Бажиг Ямандага хэмээх Бурханы үндэслэлийг анх Энэтхэг оронд Дорж жигжид, түүнээс Иш хандмаа, түүнээс Лалидабазар (Амогабазар), Ишжунайбайва, Гармабазар, Дивамгарарагчида, Ра лозава Дорждагва, Ра Чойрав, Ра Ишсэнгэ, Ра Бумсэнгэ, Жавзун галови, Рамба ширав сэнгэ, Лам Иш балбий, Чойжи жанцан, Богд Дүвчинчойдорж, Жалба Лувсандондов, Хайдүв Санжай иш, Лувсанчойжижанцан (=Дөрөвдүгээр Банчин богд), Агваанлувсанжамц (=Тавдугаар Далай лам), Лувсандамбийжанцан (=Өндөр гэгээн Занабазар), Гончигжанцан, Лувсаниш, Лувсандамбийдонмэ (=2 Богд Жавзундамба) /Ишдамбийням (=3 Богд Жлвзундамба) гэх зэрэг олон лам нарыг дамжиж ирсэн уг үндэстэй билээ”.