Язгуурын таван бурхан Amitabha Amoghasiddhi Vairocana Aksobhya Ratnasambhava

Язгуурын таван бурхан

༼ ࿂ Язгуурын таван бурхан ༽

Цаглашгүй гэрэлт Amitabha.

Ум амитава хри.

Үр үсэг нь ХРИ.

Түвдөөр Одбагмэд. Тэгш агуулах (бясалгалын мутарлага гэх нь ч бий) мутарлагатай, очир завилгаа суудалтай, нар саран дэвсгэрт нацаг бадам суурин дээр заларч буйгаар хувилгаан лагшинтайгаар дүрсэлжээ. Цаглашгүй гэрэлт нь гал махбодыг төлөөлсөн улаан өнгөтэй, барьц нь бадам цэцэг, хөлөг нь тогос шувуу, хот мандлын баруун зүгийг эрхшээсэн, өөр бусдыг ялгахуйн билгүүнийг бэлгэднэ. Энэ бурхныг бясалгах аваас тачаал, шунал арилж, өөр бусдыг ялгахуйн билгүүн ургана.

Тус бүтээгч Amoghasiddhi.

Ум амогасидди аа.

Үр үсэг нь АА.

Түвдөөр Дондов. Баруунаа хамгаалах /аюулгүйн/ мутарлага, зүүнээ тэгш агуулах мутарлагатай, очир завилгаа суудалтай, нар саран дэвсгэрт нацагбадам суурин дээр заларсан байдлаар дүрсэлсэн. Тус бүтээгч нь модон махбодыг төлөөлсөн ногоон өнгөтэй, барьц нь элдэв очир, хөлөг нь бүргэд ба гарьд, хот мандлын хойд зүгийг эрхшээсэн. Тус бүтээгч нь үйл бүтээхүйн билгүүнийг төрүүлнэ. Энэ бурхныг бясалгаваас атаархал, хардалт арилж, үйл бүтээхүйн билгүүн төрнө гэдэг.

Машид гийгүүлэн зохиогч Vairocana.

Ум вайрочана ум.

Үр үсэг нь УМ.

Түвдээр Намнан. Хоёр мутраар дээд бодийн мутарлага үйлдэн, очир завилгаа суудлаар нар саран дэвсгэрт нацагбадам суурин дээр заларч буйгаар дүрсэлжээ. Машид гийгүүлэн зохиогч нь төмөр махбодыг төлөөлсөн цагаан өнгөтэй, барьц нь хүрд, хөлөг нь арслан, хот мандлын төвд заларч, номын чанарын билгүүн үүсгэнэ. Бардод эхний 5 өдөрт ээлж дараалан залардаг бурхдын нэг. Энэ бурхныг бясалгах аваас ялангуяа мунхаг арилж, номын чанарын билгүүн үүснэ гэдэг.

Үл хөдлөгч Aksobhya.

Ум акчобяа хум.

Үр үсэг буюу бижа тарни нь ХУМ.

Баруунаа нотлох /гэрчлэх, газар хүрэх/, зүүнээ тэгш агуулсан мутарлагатай, очир завилгаа суудалтай, нар саран дэвсгэрт нацагбадам суурин дээр заларчээ. Үл хөдлөгч нь огторгуйг төлөөлсөн хөх өнгөтэй, барьц нь очир, хөлөг нь заан, хот мандлын зүүн зүгийг эрхшээн оршино. Үл хөдлөгч нь толь лугаа адил тэгш тунгалаг билгүүнийг үүтгэмүй. Энэ бурхан дээр бясалгах аваас уур, хилэн арилж сэтгэл нь толь мэт билгүүнд хувирдаг.

Эрдэнэ үүсгэгч Ratnasambhava.

Ум ратнасамбава трам.

Баруунаа дээдийн өглөгийн, зүүнээ тэгш агуулсан мутарлагатай, очир завилгаа суудалтай, нар саран дэвсгэрт нацагбадам суурин дээр заларч буйгаар дүрсэлсэн. Эрдэнийг төгс гаргагч нь шороон махбодийг төлөөлсөн шар өнгөтэй, барьц нь эрдэнэ, хөлөг нь морь, хот мандлын өмнө зүгийг эрхшээж, тэгш чанарын билгүүнийг үүсгэнэ. Энэ бурхныг бясалгах аваас омог, харам арилснаар тэгш чанарын билгүүн ургадаг.

Авид (Санс: Amitabha)

Минтүгба буюу Үл хямрагч бурхан (Санс: Aksobhya)