Ум саваара сувади хирма суха
Ум сара сиди хрим хрим
Хорин нэгэн дарь эхийн нэг, Манзушрийн эх дагина. Утга уянга, урлаг эрдмийг ивээн тэтгэгч.
Урлаг, утга соёлыг ивээгч хэмээн алдаршсан, авъяас билгийг нээн дэлгэрүүлэх увидастай утга уянгын охин тэнгэр Янжинлхамыг монголоор Эгшиглэнт эх гэдэг. Эгшигээр гийгүүлэгч бүхэн амь ордог шиг чанадын билгээр оюун санаа сэрж гэгээрдэг учраас эгшиг – эх шиг буюу бурхдын эх гэдэг утгаар Монголын их мэргэн Бичээч цорж тайлсан байдаг. “Туулсан бурхад А-гаас мэндэлнэ, А нь үсэг бүхний дээд” гэж нууц тарнийн Жамбалцанжод сударт өгүүлдэг нь тийм учиртай. Нөгөөтэйгүүр энэ эгшиглэн дотоод чанадын аялгууг бэлгэддэг. Анир дууг огторгуй махбодтой гэдэг. Дотоод огторгуйн аялгууг анирдаж сурвал үхлийн үед өөрөө нээгдэх уг эгшиглэнг хүлээн авч эх сурвалждаа уусан шингэнэ, эс бөгөөс мянган лууны дуу мэт нүргэлэх чимээ болсноор айдаст автан төөрдөг гж Бадамжунай багш Бард Тойдол судартаа айлдсан. Эгшиглэнт эхийн догшин дүр нь Балданлхам. Ганхилзан бүжиж, өнцөгдөн харах талимаанд нь хүслээс ангижирсан өтгөс аршийн ч зүрх долгисно хэмээн Үүлэн далай сударт магтан дуулсан ялдам дүр нь ягчис чөтгөрийг ч сүрдүүлэм догшин дүрд хувилах нь бурхдын хайр, оршихуйн илгээлт тухайн тохиолд нийцэн ямар ч хэлбэрээр ургаж болохыг сануулжээ.