Дамдин Янсан

Янсан ядам буюу Дамдин янсан

Ум хирий базар горда хаян гирва хүлү хүлү хум пад

Зовлонгийн уг үндэс шунал, уур, мунхаг, атаа, омог тэргүүтэй муу сэтгэлийн хүлээсэнд эрхгүй хүлэгдсэн амьтан бүгдийг түүнээс гэтэлгэх аугаа сэтгэлийг үүсгэн бие, хэл, сэтгэл гурваар өөрийн муу сэтгэлүүдтэй тэмцэн тэдгээрийг даран сөнөөж сэтгэлийн хамаг эрдэм боловсролыг төгс эзэмшсэн бодгаль нь жинхэнэ бурхан юм.
Тиймээс тэнсэшгүй их нигүүлсэлд хүлэгдсэн бурхад, бодьсадвын гагц эрхэм зорилго нь амьтдын амгаланг бүтээж тэдгээрийг зовлонгийн шалтгаанаас хагацаах юм.
Амьтны аугаа их тусыг бүтээхийн тухайд бурхад элдэв олон хувилгаан биеэр залардаг. Харин амьтан бүгд адил бус догшин ширүүн, шунал тачаалтай, мунхаг харанхуй зэрэг элдэв араншинтай байдаг учир амирлангуй, догшин зэрэг дүрээр бурхад залрах бөгөөд түүний нэгэн жишээ нь Нанва-таяа буюу Цаглашгүй гэрэлт бурхны их нигүүлслийн эрхээр дуссан нулимснаас Жанрайсиг бурхан лагшин биеийг олж бүтсэн түүхтэй.

Нанва-таяа / цаглашгүй гэрэлт / бурхны хэмжил үгүй нигүүлсэхүй сэтгэлийн илрэл болон дүрсэнд ургасан их Бодхисадба нь Жанрайсэг /Мэлмийгээр дурайтал болгоогч/ юм. Нигүүлсэх сэтгэлийн их Бодхисадба Жанрайсэг нь амирлангуй дүртэй бөгөөд түүний дошгин дүр буюу зарлигийн хаан нь их ядам Дамдин янсан мөн. Дамдин янсан бурхны гарсан ёс нь эглийн санаа саванд багтамгүй үлэмж хэтэрсэн нууцын нууц юм. Үүнийг Бадмажунайн төрөл дарааллын дэлгэр цадигт “… найман сар болоход гурван толгойтой, зургаан гар, дөрвөн хөл, өөрөөс ургасан хоёр далавчтай, толгой тус бүр гурав гурван нүдтэй хүү төрсөн” хэмээн тэмдэглэсэн нь бий.

Шашин ном цөлийдсөн балар харанхуй үест хэрцгий дошгиныг номхотгон эрхэндээ хураахын тухайд мөн тийм адил бие шүтээнийг олох нь ертөнц ба ертөнцөөс хэтийдсэн их Бодхисадбын таалал мөн. Ийм шашин цөлийдсөн харанхуй цаг үе нь Дивангара бурхны шашин дэлгэрэх цаг элэрч, Шагжамүни бурхны шашин хараахан дэлгэрээгүй завсарын үес мөн болохыг дээрх цадигт дурдсан.

Дамдин янсан бурхныг оройд шүтэн, тахиж, нөмөр түшигт барихыг хүсээчин өөрийн үндэс буюу сэтгэлд авшиг хөтөлбөрийг бүрдүүлэн авч, өдөр алгасалгүй зүрхэн тарнийг урин уншихаас эхлэн, тухайлан сануулсан тангаргийг даган мөрдөх ёстой. <<Нууцын ерөнхий дамжлага>>-аас “Өнөөдрөөс хойш та нугууд бээр Бурхан, Ном, хувраг хийгээд Бодхисадба нугууд болон ану Нууц тарни, арвис тарнийн чуулганд Сүжгийг машид бататган үйлд” хэмээн зарлиглажээ. Мөн <<Тангарагийг тийн зохиохуй>> хэмээх сударт “Тарнийн тангараг гуравт номлосон” хэмээсэн нь лагшин, зарлиг, таалал эдгээр бөгөөд тус бүр гадна, дотно, нууц хэмээсэн гурван зүйлээр задарч ес ес болох ёсыг Дамдин янсан тэргүүтэн ханьцашгүй ёсны ядам бурхдад шүтэн дөрвөн авшиг сайтар төгсгөх бүтээлчдэд анхлан хэрэгтэй нийт болон нийтийн бусын тангараг, санваарын сургаалын тийн агуулгыг товчлон хураасан <<Шид бүтээлийн хүслийг дэвэлгэгч Авшигийн хаан>> хэмээх сударт тодорхой айлдсан байдаг. Энэ сударт “Зарлигийн тангаргийн гадаад гурван тангараг нь худал үг, хов, бусдыг чухалчилсан үгийг өгүүлэхийг тэвч. Дотоод гурав нь номын үг өгүүлэгч, утгыг сэтгэлдээ санагч, орших ёсыг бясалган үйлдээч нүгүүдийн муушаан доромжлохыг тэвч., Нууц гурав нь Очирт ахан дүүсийн үг, багшийн мутрын тэмдэг, ойр эргээчний үг, Багшийн зарлиг нугуудад муушаан нугалахыг тэвч” хэмээснийг ямагт санан, анхааран цаашид судалсу.

Их ядам бурхан Дамдин янсан нь шашинд орохоосоо өмнө Май-со Ма-драм га-рүр буюу Рүдра хэмээх нэртэй дошгин хүчит нэгэн байжээ. Тэр бээр тийм их дошгин хүчийг эрхшээсэн ёс нь тухайн үесийн харанхуй бүдүүлэг, машид хэрцгий амьтдыг эрхэнд хураан, тэднийг номхотгон дарахын тулд юм. Түүнийг дөнгөж есөн настайд Гүндү-жү хэмээх эх нь насан болж, эхийн цогцсын хамтаар ер бусын бяцхан хүүг муу ёр болов хэмээн жигшин зэвүүрхэж нутгийн олон үхээрийн газар гээсэн тухай дээрх цадигт мөн өгүүлжээ. Ингэснээр амиа тэжээхийн тухайд тэр бээр эхийн цогцос руу мацан хөхөө хөхөж, эхийн шар усыг барагдтал нэгэн долоо хоногийг барав. Дараа нь хөх, дотор эрхтэн, гадар мах, чөмөг, мөгөөрөс, тархийг долоо долоо хоногоор дараалан идэж дөчин хоёр хоног болов. Улмаар үхсэн заан, бар тэргүүтний махыг идэж, арьсыг хормогч тэргүүтэн болгон хэрэглэсэн байдаг. Тийнхүү улам улам хүчийг олсоор хүн тэргүүтний амийг булаагч, хүнсэнд хэрэглэгч болж нөхөд сэлттэй болсноор “Бүднэс бүхний эрх баялагт би тул надаас их эрх баялагт бусад байваас тэрийг би бээр эрхэндээ хураах нь мөн” хэмээн омог үүсгэн арван зүгт алдаршив.

Дээрх цадигийн зургадугаар бүлэгт түүнийг номхотгон шашинд оруулсан, улмаар тэрээр нууц тарний суудалд багтсан ёсыг гарган үзүүлсэн байдаг. Рүдраг номхотгох шалтгаан, нөхцөл, цаг болсоноор арилсан орон Огминоос Очир дара бурхан, Жан-ло-жангийн орд харшаас Очирваань, мөн өөр өөрийн орон зүгээс Доржсэмбэ, Ринжэнжунай, Нанваантаяа, Намбарнанзад, Дон-ёод дүв-ба тус бүр нөхөр сэлтийн хамтаар нарны хот мандал адил үлэмж гайхамшиг үзүүлэн заларсан байна. Тэд “Бурхны хүчээр Рүдрааг эс номхотговоос бурхны шашин арвижилгүй, муу заяанд унана. Бүхэнд буруу дор эдэлсэн бие ану яргачин нугуудын мэсээр хэрчигдэх болно. Урд үйлдсэн алин мөн эс боловсорвоос Үнэнийг сайтар үзүүлсэн бурхан худалч болтугай. Аюусах нь бус даран үйлдсүгэй!” хэмээн тангараглажээ.

Номхотгохын арга олон зүйлээр рид хувилгаан үзүүлсэн бөгөөд нууцын эзэн Очирваань бээр есөн хүчний рид үзүүлэн, үлэмж хүчээр даран номхотгожээ. Тийн дошгин хүчит Рүдра доройтон номхорч “Бурхны явдлын орон танд мөргөмү. Тийн боловсролыг үүсгэн зохиогч танд мөргөмү. Миний бие нүгүүд үр дор эдлэх болтугай. Урьд алин үйлсэд үүнд боловсорсноор харгалзтугай. Хойшид алин мөн адил үйлээр үйлд. Үйл энэ нь биеийг сүүдэр мэт дагаг. Өөрийн үйлдсэнийг өөрөө амсах нь мөн. Сэтгэлийн угаас гэмшивч үйл эрхшээхийн арга үгүй. Үйлээр нэрвэгдсэн төрөлхтөн миний адилын бие үүнийг ашид өргөснөөр таалан соёрх” хэмээжээ. Түүний нөхөд эргээчин “Төвд багтахын хувь үгүй. Хотмандалын захад бид багтая. Дээжийг таалахын хувь үгүй. Үлдэгдэл сэлтийг бидэнд өгсүгэй. Тэгээд албат мөн бишэд харгалзалгүй юу үйлд гэвээс зарлиг сонсоочин бид бээр бүтээсүгэй. Асралт эх хүүдээ энэрэн халамжлах мэт тангарагтаа магад шадарлан үйлдэе” тэргүүтэн амыг авсан байдаг.

Энэ бүхний хариуд Нууцын эзэн Очирваань бээр тэдний бие, хэл, сэтгэлийг адислаад гурван оронд нь тангарагтны очирыг оршоосноор Рүдра буюу Дамдин янсангийн нууц нэрийг Махагала хэмээн нэрийдсэн бөлгөө. Тийнхүү Очирт хөлгөний суудалд багтаж, ирээдүйд номын сахиусны дүр байдалд бүтэж зохиол үйлс нь аяандаа бүтсэнээр ариусан дэлгэрсэн бурхны хутгийг олох эш бошгыг Очирваань бээр үзүүлсэн болой.

Дамдин янсан бурхны тухай Жадо ринбүүчи “Дамдин янсангийн увдисыг Очирдара бурхан анхлан айлдсан. Богд Нагаржунай бээр Дамдин янсан бурхныг бясалган дээд шид бүтээлийг олсон. Жанрайсаг бурхан дошгин дүрийг үзүүлсэн хувилгаан нь Дамдин янсан мөн. Дамдин янсан нь дээр оршигч ад чөтгөр, саа, жугар, дунд оршигч ад чөтгөр, зан, жалгон, доор оршигч ад чөтгөр, савдаг, лус тэргүүтнийг номхотгогчийн дээд манлай юм” хэмээн тодруулан айлдсан билээ.

Богд Нагаржунай тэргүүлсэн Энэтхэгийн олон бандида шидтэнгүүд, мөн Түвдийн олон мэргэн шидтэнгүүд дараалан заларсан Далай лам, Банчэн богд нар, манай Халхын богд нар Дамдин янсан бурхныг Ядам болгон шүтэж байсан уламжлалтай.