16 Найдан болон 4 Махаранз

16 Батад агч буюу 16 Найдан

Ялж төгс нөгчсөн бурхан багшийн зарлигаар гаслангаас нөгчилгүйгээр амьтны тусад Ялгуусны (Бурхны) шашныг барин дэлгэрүүлэн зохиогч их батад агч 16 архдын тухай өчүүхэн ч атугай өгүүлэх нь.

Галсанжамц гэгээн бээр:
Бурхны хувилгаант хутагтан архадын чуулган,
Булт амьтны тусад шашныг тэтгэн зохиогч,
Бодитой чухаг дээд гурав болсон 16 архад бээр
Бурхны шашин өнөд удаан оршихуйг адистидлэ
хэмээн зарлигласан мэт тоолшгүй олон галвын өмнө үнэхээр туулсан бурхны хутгийг олсон боловч амьтны тусын тулд нигүүлсэх бодь сэтгэлийн эрхээр бидний ганц итгэл Бурхан багшийн үед хутагт Ширвак (Нянтой)-ын дүрээр залран амьтны тусын тулд үргэлжид шашныг тэтгэх тангараг тавьсан бөгөөд мөн чанар нь чухаг дээд бурхан, тэвчил онолын эрдэм нь чухаг дээд ном, ахуй орших нь чухаг дээд ариун хуврага болон цогцолсон 16 архадын үйлс адистэдээр он цаг бүхэнд шашин дэлгэр оршдог ажээ.

1. Янлагжүн (Angaja)
Батач агч Янлагжүн нь хоёр мутартаа бойпор болон ширвүүр барьсан бөгөөд 1300 архадаар хүрээлүүлэн Дэсэ хэмээх цаст ууланд оршин амьтны тусыг зохиодог. Нисваанист муу сэтгэлийг амирлуулан, 3 сургаалийн гишүүд доройтолгүй гардаг.
2. Мапамба (Ajita)
Батач агч Мапамба нь хоёр мутраа тэгш агуулаад 100 Архадыг хүрээлүүлж, Дансрон уулнаа оршин амьтны тусыг зохиодог. Дияаны хорлолт дайсан болдог живэх, догшрох, алгасрах сэтгэлийг арилган, амирлахуйн ахуй, үлэмж үзлийн онолыг дэлгэрүүлдэг.
3. Нагнанай (Vanavasin)
Батад агч Нагнанай нь баруун мутраараа заналгын дохио үзүүлэн, зүүн мутартаа ширвүүл бариад ломадүнбийн уулын агуйд 1400 архадаар хүрээлүүлэн сууж амьтны тусыг зохиодог. Гадна, дотны аюул хөнөөл бүгдээс аврана.
4. Дүйдан (Kalika)
Батач агч Дүйдан нь хоёр мутартаа чихний гархи барин 1100 архадаар хүрээлүүлээд Замбутивын Санлигийн оронд амьтны тусыг бүтээн оршдог. Асрал, энэрэл, бодь сэтгэл төрүүлэн агуу их бодьсадвын явдалд оруулна.
5. Дорж Мойвү (Vajriputra)
Батач агч Дорж Мойвү нь мөн заналгын дохио болон шивүүр барин нэг мянган архадаар хүрээлүүлэн Сингалын оронд заларч амьтны тусыг зохиодог байна. Үл зохилдох хорлол бүхнээс гэтэлгэн их хөлгөнд магадтай оруулдаг.
6. Санбу (Bhadra)
Батач агч Санбу нь баруун мутраар ном номлох байдал, зүүн мутраар тэгш агуулах байдлыг үзүүлж 1200 архадаар хүрээлүүлж Ямүний оронд оршин амьтны тусыг бүтээдэг. Орчлонд шунах тачаалыг буцаагаад, үнэн зам мөрд магадтай оруулдаг.
7. Сэрвэү (Kanakavatsa)
Батач агч Сэрвэү нь эрдэнийн цалам мутартаан бариад 500 их архадаар хүрээлүүлэн Хачийн оронд оршиж амьтны тусыг бүтээдэг. Нийт болон дээдийн шид бүтээл аль хүссэнийг хайрладаг байна.
8. Варадуза Сэржан (Kanaka Bhanadvaja)
Батач агч Барадуза нь хоёр мутраа тэгш агуулан 700 архадаар хүрээлүүлж Баруун Баланжод тивд залраад амьтны тусыг зохионо. Бие, сэтгэлийн энэлэл бүхнийг амирлуулан бодьсадвын зам мөрд байгуулдаг.
9. Багула (Bakula)
Батач агч Багула нь хоёр мутраараа үхэр хулгана бариад есөн зуун архадаар хүрээлүүлэн хойд муу дуут тивд амьтны тусад оршин байдаг болой. Цаг бусын үхэл, өлсөж ундаасах, барагдан хоосрох тэргүүтэн гадна дотны хорлол хөнөөлийг амирлуулдаг.

Бакула ринбүүчи нь хойд зүгийг даасан Найдан бөгөөд 1990 онд онц бөгөөд бүрэн эрхэт Энэтхэгийн элчин сайдаар Монгол орноо морилон ирж, төрийн өндөр албыг хариуцлагатайгаар хашихын зэрэгцээ доройтон буурсан Бурхны шашныг цаглашгүй ихээр тэтгэж, сэргээн мандуулсан Монгол түмний зарлигийн ач төгөлдөр багш билээ.
10. Дажанзин (Rahula)
Батач агч Дажанзин нь эрдэнийн титэм бариад мянга нэг зуун архадаар хүрээлүүлэн Бриянгүй тивд амьтны тусыг зохион оршдог. Сансар, нирвааны аюулаас аврана.
11. Лампрандан (Cudapanthaka)
Батач агч Лампрандан нь хоёр мутраа тэгш агуулаад мянга зургаан зуун архадаар хүрээлүүлж, Жагод пүнбойн ууланд амьтны тусын тухайд оршин буй. Хязгааргүй амьтанд сайн мөрийг увьдаслахад батач агч бүгдийн дотроос үлэмж гайхамшигтай учраас номыг өгүүлэгч нар машид дээдлэж сайшаадаг.
12. Варадуза Соднёмлэн (Pindola Bharadvaja)
Батач агч Варадуза Соднёмлэн нь баруун мутраар боть ном, зүүн мутраар бадар аяга бариад мянган архадаар хүрээлүүлэн зүүн Үлэмж биет тивд амьтны тусыг зохион оршдог. Үл мэдэх мунхагийн харанхуйг арилгаад гурван суртгаалын онолыг сэтгэлийн үндсэнд төрүүлэн чадна.
13. Ламчэндан (Mahapanthaka)
Батач агч Ламчэндан баруун мутраар ном номлох дохио үзүүлж, зүүн мутраар боть бариад есөн зуун архадаар хүрээлүүлэн гучин гурван тэнгэрийн оронд амьтны тусад оршмой. Гурван аймаг савын уг утганд оюун үл торох самбааг хайрлана.
14 . Лүйдэ (Nagasena)
Батач агч лүйдэ нь баруун мутраар хумх , зүүн мутраар дулдуй бариад мянга хоёр зуун архадаар хүрээлүүлэн Ой-Ян ууланд амьтны тусыг зохион оршдог. Амьтан бүхнийг мунхагийн нойрноос сэрээж, хүссэн бүхнийг хайрлан соёрхдог.
15 . Вэджэд (Gopaka)
Батач агч Вэджэд нь хоёр мутраараа боть ном бариад мянга дөрвөн зуун архадаар хүрээлүүлэн Бихүла уулнаа амьтны тусыг зохион оршмой. Амьтанд гурван хөлгөний мөрийг үзүүлэн бурханы шашныг арван зүгт дэлгэрүүлнэ.
16 . Мичэдба (Abheda)
Батаг агч Мичэдба нь хоёр мутраар бодь суварга барин мянган архадаар хүрээлүүлж, цаст уулнаа амьтны тусыг зохиосоор оршдог. Амьтан бүхнийг боловсруулан гэтэлгэх мөрт байгуулмой.

Бурхны шашны нарны гэрэл арван зүгтээ мандаж
Буй бүх хамаг амьтан амгалангийн цогийг үргэлж эдлэх болтугай.

 

Найдан чого /Түвд/