Ошо <<Цэвэр бясалгал бол үнэндээ оюун ухаанаа ажиглахаас өөр юу ч биш гэж би байнга онцолдог. Энэ бол оюун ухаанаа ойлгох, оюун ухааныхаа үл мэдэгдэм, зальжин байр байдлыг харахаас өөр юу ч биш юм. Та оюун ухааныхаа ухамсартай давхарга, ухамсаргүй давхарга, далд ухамсрын давхаргыг бүрэн гүйцэд таньсны дараа ГЭТЛЭХ болно. Бүрэн гүйцэд ажиглангаа та билиг билгүүний хязгаарт хүрнэ.>> хэмээсэн байдаг.
Бясалгал гэдэг нь анхны утгаараа сэтгэлийн соёл буюу сэтгэлийн хөгжил гэсэн утгатай.
Энэтхэг хэлээр Бхавана (Bhavana) гэдэг. Бясалгалын маш олон арга байдаг бөгөөд ерөнхийд нь хоёр ангилж болно. Эхнийх нь зориуд тусгай газар (агуй, уул хад, ойд буюу тусгайлан бэлдсэн өрөө тасалгаанд эсвэл гэр орондоо) сууж амьсгалаа мөн биеийнхээ аливаа нэг хэсгийг анзааран мэдэрч байх эсвэл гадны дуу чимээг анхааралтай ажиглан чагнаж байх гэх мэт үргэлжлэн өөр маш олон төрлийн бясалгал бий. Хоёр дахь хэлбэр нь хүний хувийн амьдрал, ажил алба буюу өдөр тутмын хэвшиж заншсан биеийн болон бодол сэтгэлийн үйлдлүүдээ анхааралтайгаар анзааран, ухаарч мэдэрч байх буюу яг одоогийн агшиндаа юу хийж, бодож байгаагаа ухааран мэдэрч байх.
Энэ нь нэг ёсондоо хүн тухайн агшинд байгаагаараа байх буюу сэтгэлийн хөдлөлөө нуух гэж оролдох биш харин ухааран мэдэрч байх нь бясалгал ажээ. Хүмүүс үндсэндээ яг одоогийн агшин, яг одоо хийж байгаа бодол буюу сэтгэлийн үйл ажиллагаагаа ухамсартайгаар анхааран анзаарч байж чаддаггүй. Бидний бодол, сэтгэл нь болоод өнгөрсөн болон болоогүй ирээдүй үрүү гүйж байдаг. Бясалгалч хүн эцсийн эцэст өөртэйгөө л нүүр тулдаг.
Эхнийх нь биеэ ажиглах. Алхаж байхдаа алхаагаа мэдэр. Хооллож байхдаа түүндээ л орш. Өөр зүйлд битгий сатаар. Гараа хөдөлгөлөө гэхэд анхааралтай байж, хөдөлгөөнийг нь мэдэрч дагавал өвөрмөц таашаал, нам гүм аяс, хайрыг мэдрэх болно. Хэрэв анзааргагүй, зуршмал үйл төдийгөөр хөдлөх юм бол юу ч амсахгүй. Үйлдэл үгүй үед амьсгалаа ажих нь хамгийн дөхөм туршлага. Амьсгалын орох, гарах урсгалыг алдалгүй ажих юм бол ая зөнгөөрөө уужирч тавирах болно.
Ажиглалтын удаах алхам нь бодол сэтгэлээ ажих. Бодол бол үл үзэгдэх долгион боловч чиний биеийн эд эстэй адил бодит зүйл. Агаар гарт баригдахгүй мөртлөө мод, чулуутай л адил бодитоор оршдог шүү дээ. Бодол санаа ч түүнтэй адил. Бодлыг ажихдаа түүнийг сайн, муу гэж шүүх хэрэггүй. Шүүгээд эхэлмэгц чи өөрөө бодлын нэг хэсэг болж, хөндлөнгөөс гэрчлэх боломжоо алдана. Бодол санаагаа салхинд туугдаж буй үүлийг харах мэт ажигла. Хар үүл нь муухай, цагаан үүл нь сайхан гэхчлэн бүү бод. Үүл бүхэн уг чанартаа ялгаагүй. Ажиглах тусам бодлын үүл сэмэрч, дотоод орон зай нээгдэнэ. Тухайлбал, анхаарлын 50% ажиглалтанд чиглэх үед бодол 50% байна. Ажиглагч хувь өсөх хэрээр бодлын үймээн багасна. Зуун хувь гэрч болсон үед толь мэт цэвэр ухамсар болно.
Толь элдэв янзын дүр тусгавч өөртөө нялзаахгүй, тунгалаг чанараа хадгалдаг. Энд л бүх нууц бий. Уг нууцыг ойлгосон бол амьдралын хамгийн нарийн ширийн хэсэг дээр турш. Энэ бол мэдрэмжээ ажиглах явдал. Ажиглаагүй үед гунигийн мэдрэмж төрмөгц чи өөрөө гуниг болж хувирдаг. Уурлалаа гэхэд уур уцаар биеийн эд эс бүхэнд нэвчих жишээтэй. Зүрхээрээ ажиж чадах юм бол тэр бүхэнд автахгүй. Үүсээд л замхрах түр зуурын үзэгдэл дотоод мөн чанарт үл нялзахыг харна. Мэдрэмжээ гэрчилж чаддаг болсон үед л хүн хувь заяаныхаа эзэн болдог.
Энэ гурван алхмыг төгс хийсэн үед дөрөв дэх нь аяндаа тохионо. Зүгээр л гэрчлээд, хүлээж бай. Цаг нь болохоор өөрөө биелдэг түүнийг хүчээр хийх боломжгүй. Тэр бол зүрхний төвөөс оршихуйн мөн чанар луу хийх үсрэлт юм. Эрэл хүслийн тойргоос гарч, мөнхийн амгалан, үнэмлэхүй үнэнд нэвтрэхийг гэгээрэл гэдэг…
Будда энэрэл нигүүлслийн чухлыг хүн төрөлхтөнд ойлгуулсан их багш билээ. Тэрээр бясалгал хийх үедээ хүртэх амар амгалан, баяр цэнгэлээ дотроо хадгалалгүй бүх ертөнцөд түгээхийг сургадаг. Бусдад түгээснээрээ та нар хоосрохгүй, харин ч улам баяжих болно. Гэхдээ нигүүлсэгч өөрийгөө бусдаас илүүд тооцох ёсгүй. Эс бөгөөс энэрэнгүй дүр үзүүлсэн бардам зан, бусдыг басамжлах эго үүснэ. Гаднаа адилгүй ч дотоод ухамсар сэрсэн цагт бүгдээрээ адилхан бурхад гэдэг талаас нь бодгаль бүхнийг хүндэлж үзэх нь энэрэл хайрын үндэс юм.
Буддагийн сургаалыг сонссон нэг хүн “Би бясалгалын адис, дотоод баялгаа бүх ертөнцөд түгээе. Ганцхан хөршдөө л өгч чадахгүй. Тэр бол үнэхээр зэвүүн муухай хүн” гэхэд нь Будда “Чи тэгвэл бүх ертөнцийг мартаад хөршдөө л илгээж бай. Тэгсэн цагт ертөнцтэй харьцаж чадна” гэжээ. Хэзээ нэгэн цагт гэрлээр дүүрэхэд чиний баяр жаргал даяар ертөнцийн баяр жаргал болно.
Бүх ертөнц гүн бясалгалд умбаж буй. Уулс бясалгаж буй. Одод бясалгаж буй. Модод бясалгаж буй. Оршихуй нилдээ бясалгаж буй. Чи аль ч талаас нь нэвтэрч болно. Тийм учраас л ийм олон шашин, ийм олон арга зэмсэг байдаг. Үнэний зам хэмээн гадна талаас нь загварчлах аргагүй. Жишээ нь, яруу найрагч хүн сүмд явж, багшид шавь орохгүйгээр бясалгалд нэвтэрч чаддаг. Түүний яруу найраг, уран бүтээлч чанар нь орц олом болдог. Ваарчин хүн ваар урлаж байгаад, харваач хүн нумаа татаж байгаад бясалгалд ордог. Ямар ч үйлэнд ухамсарлахуйн чанарыг юүлбэл бясалгал болно.
Хэрвээ бид амьсгал дундаа уярч хайлж чадахгүй бол амьдралын сайхныг мэдэрч чадахгүй. Тиймдээ л аз жаргалыг хаа холоос хайж, үй түмэн хүсэл шунал дунд үймэрч явдаг. Амьсгал бол танд заяагдмал эрх чөлөөг мэдрүүлэх хамгийн дөхөм үүд. Энэ агшиндаа бүрэн дүүрэн амьсгалахаас илүү аз жаргал юу байх вэ. Амьсгалаа ухамсарлах нь хором тутамд утга төгөлдөр амьдрах түлхүүр. Энэ түлхүүрийг эзэмшсэн цагт та Бурхан багшийн жинхэнэ залгамжлагч болно.>> хэмээжээ.
Ошогийн “Агнистын гэгээ” номонд <<Амьсгалаа давалгаан хэмээн мэдэр. Давалгаан үүсч, замхрах шиг амьсгал авах, гаргахын хооронд чи хэн бэ? Хоосон чанар – шунъяа юм. Хоосон чанарыг мэдэрвээс бүхий л гуниг зовлон сарних болно. Хуурмаг тулгуур “би”–д л шүтэж зовлон оршдог. “Би-үгүй” хоосонд зовлон яаж байх вэ? Гагцхүү амар амгалан байна. Гэхдээ чи амар амгаланг эдэлж байгаа юм биш, зүгээр л буй чанар өөрөө амар амгалан болно.>> гэжээ.
Бясалгалыг тууштай хийж эхэлсэн бол хэсэг хугацааны дараа чи өөрийнхөө эгог анзаарч эхэлдэг. Эгоноосоо л болж зовж шаналж байдгаа ухаарна. Аливаа дургүй хүрсэн бүхнийгээ шууд л эсэргүүцээд, үгүйсгээд, шүүмжлээд байдгаа болино, ямар ч хүнийг болон аливаа нөхцөл байдлыг байгаа байдлаар нь хүлээн зөвшөөрч, хүлээцтэй тэвчээртэй хандаж чаддаг болно. Зарим хүмүүс “Би бясалгал хийж гэгээрэхийг хүсэж байна, даанч сайн багш олдохгүй байна” гэж ярьдаг. Тэнд тийм нэртэй бясалгалын газар ,”Х” гэдэг гэгээнтэн багш сургаал номлолоо зааж байна лээ гэж хэн нэгнээс сонсвол чи сониуч зандаа хөтлөгдөн яваад очиж магадгүй. Гэтэл тэр гэгээнтэн багш гэгдсэн нөхөр Монгол хүн байх юм бол чи шууд л эргэлзэнэ, хэрвээ нутгийн чинь хүн байвал тэр дороо л сүжиг алдарна. Хамт суралцаж ажиллаж байсан ч юмуу сайн танидаг мэддэг эсвэл үерхэж найзалж байсан хүн чинь байвал яриад ч хэрэггүй, чиний инээд хүрэх бизээ. “Өө хөөрхий нөгөө гэгээнтэн багш гээд байсан хүн чинь энэ нөхөр юм уу. За за ойлгомжтой. Би энэ хүнийг чинь сайн мэднэ.” гээд толгой сэгсрээд тэндээс гарна. Учир нь чиний эго найз нөхөд танил хүмүүсийнхээ доор суухыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, яахав аргагүйн тулд буулт хийлээ гэхэд адил тэнцүү хэмжээнд байхыг л хүлээн зөвшөөрдөг. Эн тэнцүү хэмжээнд өөрийгөө тавьсанд тохиолдолд чи түүнээс суралцах боломжгүй. Эгондоо автаад багшийнхаа дээр заларчих гээд байвал овойж товойгоод байвал юун суралцах, юун бодит туршлагаас нь хүртэж мэдрэх, энэ боломжгүй. Үнэхээр чин сэтгэлээсээ суралцья, өөрийгөө олъё өөрийгөө танья, өөрчлөгдөе, дэвшье, гэгээрэлд хүрье гэж зорьж хүсэж тэмүүлж байгаа л юм бол чи түүнд зуун хувь бууж өгөх ёстой, яльгүй ч болов доошоо хотойж бөхийж өгөх ёстой, энэ тохиолдолд л урсгал ус уруугаа урсдагийн адил багшийн эрдэм чам уруу аяндаа урсах боломжтой болно. Ингэснээр багшийнхаа эрдэм ном, үр шим, бодит туршлагаас нь хүртэнэ, дотоод цангаагаа тайлна. Энэ бүхнийг амсаж хүртэхэд чамд хамгийн том саад болдог зүйл бол чиний “Эго” буюу оюун ухаан юм.
Ошогийн “Агнистын гэгээ” цувралд Ошогийн гэгээрсэн түүх дотор:
Хүч чармайлтгүйгээр чи түүнд хүрэхгүй. Бас хүч чармайлтаар ч түүнд хүрэхгүй. Асар их чармайлт хэрэгтэй. Тэгж байж чармайлт бүхэн утгагүй болох оргил цэг дээр очно. Түүнээс нааш зогсох учиргүй. Тийм болохоор би та нараас бүх эрч хүч, зүрх сэтгэлээ шавхан зүтгэхийг шаарддаг. Хэзээ нэг өдөр намайг юунд ч хөтлөөгүйг харах болно. Тэр өдөр идэвх чармайлт чинь өөрөө алдрах болно. Идэвх өөрөө алдарсан цагт жинхэнэ бясалгал учирдаг. Бясалгал бол идэвх чармайлтын үр дүн биш, харин учрал юм. Тэнгэр, газрыг бүрхсэн агуу их адис шид, сүр жавхлан ая зөнгөөрөө буух болно. Түүнийг хүний хүч хөдөлмөрөөр бүтээх боломжгүй. Хүний хүч хязгаарлагдмал. Харин тэрээр хязгааргүй. Бүрэн төгс бууж өгсөн үед л тэрээр залардаг. Чи өөрөө үгүй болж, “би-үгүй”, хүсэл үгүй болж, энд-одоод уусан алдрах цагт тэр ирнэ. Ирэхдээ хүчит давалгаан, эрчит хуй мэт ирж, урьд үзээгүй шинэ оршихуйн зүг шидэх болно. Гэвч эхлээд чи түүний төлөө чадах бүхнээ хийх ёстой, дараа нь үл хийхүйд суралцах ёстой. Үл хийхүйн үйл хамгийн агуу үйл. Хичээлгүй хичээл хамгийн агуу хичээл.
Тарни унших зэргээр бие, сэтгэлээ хүчлэн байж бүтээдэг бясалгал бол хиймэл бясалгал. Хэзээ ч өөрөөсөө хальж гарахгүй. Хүчилж бүтээсэн болохоор чи өөрөө оршсоор байна. Өөрөө алдарсан цагт л жинхэнэ амар амгалан гэрэлт тагтаа шиг буух болно.
… “Би-үгүй” болсон үед чиний зүрхэнд бурханлаг адис тэр мэтчилэн бууж, үүрд хоногшино.
Бясалгагч үгүй болсон үед л бясалгал ирдэг. Бурханд хүрэхийн тулд сэтгэл арилах ёстой. Үнэнийг танихын тулд мэдлэг замхрах ёстой. Хоосорч байж л дүүрдэг жамтай. Тэр шөнө би хоосроод дүүрсэн, үхээд амилсан, эс оршихуй болоод оршихуй болсон. Түүнээс өмнө би түг түмэн төрөлдөө үхэж явсан. Гэвч тэр бүхэн дутуу үхэл байж. Заримдаа бие махбод үхэж, заримдаа сэтгэлийн хэсэг, эгогийн сэжүүр мөхөж байсан. Гэвч нөгөө л бодгаль яаж ийгээд үлдэж, ахин дахин дүрээ өөрчилж, нэрээ сольсоор явсан юм. Тэр шөнийн үхэл харин жинхэнэ үхэл байлаа. Үхэл, бурхан хоёр зэрэг тохиодог юм билээ.
Гандантэгчинлэн хийдийн бясалгалын багш Б. Мөнхбаатар – “Буддын бясалгал ба сэтгэл судлал” ном. /2020.07.16/
Гандантэгчинлэн хийдийн бясалгалын багш Б. Мөнхбаатар – Сэтгэлээ төвлөрүүлэх тухай.
- Амьсгал авах нь амьдрал, амьсгалаа гаргах нь үхэл
- Б. Мөнхбаатар – Бясалгал
- Базарсад бурхны хураангуй бясалгал оршвой
- Богд ламын цогшин (бясалгах)
- Бясалгал ба сэтгэцийн эрүүл мэнд
- Бясалгал хийх 8 том шалтгаан
- Випашяна бясалгал
- Готопа бясалгал
- Итгэлийн бясалгалын хөтөлбөр
- Манал бурхныг бясалгах нь
- Тантон Жалбо егүзэрийн айлдсан их нигүүлсэгч Жанрайсэг бурхны бясалгал бүтээл амьтны тусыг бүтээгч огторгуй түгээмэл хэмээх оршвой
- Шинай буюу Амирлан оршихуй бясалгал
- Үндсэн бясалгалд маань бүтээх
https://www.facebook.com/groups/347633536688091/p