Ошо бясалгалын гүрү

Амьсгал авах нь амьдрал, амьсгалаа гаргах нь үхэл

Ошогийн “Агнистын гэгээ” цувралд:

“Хөлийн улаас аван бүх биеийг бүрхэн авалцах галыг төсөөл. Бие үнс нурам болсон ч чи өөрөө үл шатна.”

Будда энэ аргыг ихэд таашаадаг байсан. Түүнээс авшиг хүртэхийн тулд шавь нар нь гурван сарын турш шарил чандарлах газар суух хэрэгтэй байв. Өдөр, шөнийн турш өөр зүйл хийхгүй, зөвхөн чандарлах явцыг дуугайхан ажиглан сууна. Түүдгийн галд шатах цогцсыг харсаар эрт, орой нэг өдөр өөрийн биеийг шатаж байгаагаар хардаг ажээ. Дээрх бясалгалыг хийхэд энэ туршлага үлэмж тустай. Тиймээс чандарлах явцыг ганц удаа ч болов бүрэн дүүрэн ажиглах хэрэгтэй. Элдэв бодолд автах хэрэггүй, зөвхөн ажигла. Хүмүүс амраг садан, анд нөхдийнхөө цогцсыг чандарладаг ч ажигладаггүй. Зүсэн зүйлийн бодолд автаж, эсвэл хоорондоо юм ярисаар өнгөрөөдөг. Чимээгүй ажиглах юм бол бясалгал болно. Хайртай дотны хүнээ галд хайлахыг ажих үед өөрийнхөө шатаж байгааг харах вий.

Хэрэв чи үхлээс айдаг бол энэ аргыг хэрэгжүүлж чадахгүй. Айдас чинь хаалт болж, наанаа төсөөлөвч цаанаа юу ч үл амсана. Тиймээс эхлээд үхлийн айдсаа үргээх хэрэгтэй. Айх, айхгүйгээс үл хамааран үхэл бол гарцаагүй зүйл гэдгийг сана. Амьдралд бүх юм баталгаагүй, зөвхөн үхэл баталгаатай. Гэтэл хүмүүс үхлийг гэнэтийн тохиол юм шигээр бодож, ярьцгаадаг. Бүх зүйл тохиолдол бол үхэл гагцхүү тохиолдол биш, зайлшгүй тавилан. Тавилан гэхээр хаа холын ирээдүй биш шүү. Төрсөн агшиндаа чи үхэлтэй учирсан. Төрөл, үхэл хоёр нэгэн цогц үзэгдэл. Төрлийг нь үзсэн болохоор үхэл рүү нэгэнт орсон гэсэн үг. Одоо чамд бултаж зайлах зам байхгүй.

Үхэл бол эцсийн нэг тохиол биш, хэдийн эхэлсэн үйл явц. Амьдрал, үхэл хоёр цуг үргэлжилдэг. Тухайлбал, хүүхэд төрөхдөө хийдэг эхний үйлдэл нь амьсгал авах. Цээжинд нь агаар байхгүй учир амьсгал гаргахаас эхлэхгүй. Тэгвэл, хүн нас барахдаа хийх сүүлчийн үйлдэл нь амьсгалаа гаргах. Үхэх агшинд хүн амьсгал авах боломжгүй. Амьсгал авах нь амьдрал, амьсгалаа гаргах нь үхэл юм. Чи хором тутамд амьсгалаа авч, гаргаж байдаг.

Анзаарч байсан уу? Амьсгал гаргахдаа чи илүү тайвширдаг бол авах үедээ илүү чангардаг. Ердийн амьдралд хүмүүс амьсгал авахаа л анхаардаг. “Гүн амьсгалаарай!” гэж намайг хэлбэл агаар гүнзгий сорохоо л бодох жишээтэй. Чухамдаа хүмүүс амьсгалаа гаргахаас айдаг. Үүнээс болж амьсгал нь давчуу болсон. Чи өөрөө амьсгал авахаас биш гаргадаггүй. Гагцхүү бие чинь гаргадаг. Учир нь, биед амьсгал авах, гаргах хоёулаа хэрэгтэй. Амьдрал, үхэл хоёулаа шаардлагатай.

Нэг туршилт хийгээд үз. Бүхэл өдрийн турш амьсгал гаргах дээр төвлөр. Амьсгалаа биеийн зөнгөөр авч, харин гаргахдаа аль болох удаан үргэлжлүүл. Тэгснээр гүн амгаланг мэдрэх болно. Энэ бол үхлийн амт. Үхэл бол амар амгалан, анир чимээгүй билээ. Амьсгал гаргахдаа анхаарах юм бол би-үгүйн мэдрэмж төрнө. Амьсгал авах нь би-г мэдрүүлдэг бол гаргах нь би-үгүйг мэдрүүлдэг. Ийм дасгал хийснээр чи үхэхэд бэлэн болох тул дээрх бясалгалд сав болж чадна. Бэлтгэл ханаагүй үед арга увдис гойд үйлчлэхгүй. Үхлийг тодорхой хэмжээнд амталсан үедээ чи бэлэн болно. Амьсгалаа гүнзгий гаргах нь үхлийг амтлах боломж юм.