Базарсад буюу Доржсэмбэ

Хилэнц арилгах Базарсадын бясалгал

Бясалгалд оюун санааг бэлтгэх үүднээс үхэл мөнх бус, үйлийн үрийн учир уялдааг санан итгэл, бодь сэтгэлээр санаа бодлоо ариусгана. Улмаар өөрийн төдийгүй бусдын хир хилэнц бүхнийг арилгахын тулд нууц тарнийн зүрхэн шим Базарсад бурхны бясалгалыг хийе гэсэн нэгэн үзүүрт, ариун сэдлийг үүсгэнэ. Өөрөө эгэл биеэр оршин буйн зулай дээр нэг сум хирийн өндөрт агаарт мянган дэлбээ дэлгэсэн цагаан лянхуа цэцгийг төсөөлнө. Түүний дээр тэргэл саран мандал байх агаад, тэр мандлын дээр хурц цагаан гэрэлт хум үсгийг төсөөлнө. Агшин зуурт хум үсэг хувилж, бүх гэгээрэгсэд хуран цогцолсон авралт багшийн мөн чанарт, дүр байдал нь төгс жаргалант биет Базарсад (Түвд: Дорж сэмба, Монгол: Очирт баатар сэтгэлтэн) сүр жавхлан нь цаст ууланд буман нарны гэрэл ойсон мэт. Тэрээр нэг нигуур, хоёр мутартай бөгөөд баруун мутартаа ухааны хоосон чанарыг бэлгэдсэн таван үзүүрт очрыг зүрхэн тушаа барьж, зүүн мутартаа үзэгдлийн хоосон чанарыг илтгэсэн хонхыг ташаан тушаа барьсан байна. Эрдэнийн хувцас, чимэг,үзэсгэлэн төгс байна. Эх дагина Немма гарму-тай дээд нэгдэлд заларч байна. Лагшин дүр нь эгэл материаллаг бус тунгалаг гэрлийн мөн чанарт, амьдлаг байдлаар бясалгана. Энэ бясалгалын үе нь шүтээний хүчийг бүрдүүлэх шат юм. Ингэж ургуулсаны дараа эхлэл үл олдох сансрын орчил дунд өдий хүртэл хийсэн бүх нүгэл хилэнцээ санан төсөөлнө. Тэр бүхний оюун санаа, үйл хэргийг буртаглах гэм хорыг нь ухамсарлан, үнэн голоос гэмших, жигших сэтгэлийг төрүүлнэ. Тэгээд дээд гэгээн Базарсад бурханд хандан энэ бүхнээс яг энэ мөчид, энэ суудал дээр чөлөөлж өгөхийг нулимс дусч, шар үсээ чичиртэл залбиран гуйна. Энэ бол гэмшлийн хүчийг бүрдүүлэх үе шат юм. Үл мэдэх мунхгийн эрхээр өмнө нь алдаа хийж явсан ч өнөөдөр дээд гүрүгийн ач ивээлээр зөв бурууг ялгах ухааны нүд нээгдсэн тул хойшид ахиж мунхаг үйлд хутгалдахгүй гэж сэтгэл зүрхний угаас тангараг тавина. Энэ бол боомтлохын хүчийг бүрдүүлэх шат юм. Ийнхүү санах сэтгэлийн агаарт Базарсадын зүрхэн лянхуад саран мандал дээр гэрэлт цагаан ХУМ үсгийг төсөөлж, түүнийг зуун үсэгт тарнийн эрхис тойрон эргэлдэхийг үзнэ. Зуун үсэгт тарнид гэгээрлийн шим бүгд хурсан гэж төсөөлөн уншина.

Ум базарсаду самая, ману балаяа, базарсаду дэнова диста, дридхо мэбхава, судохъё мэбхава, субохё мэбхава, анурагдо мэбхава, сарва сиддхи мэбра язца, сарва гарма сузамэ, зиддам шри-ям гүрү хум, ха-ха ха-ха хо бхагаван сарва татхагата, базра мамэ мунза, базри бхава, маха самаяа саду а хум пад.

Ийнхүү залбиран уншихад тарнийн үсгүүдээс энэрэл билгийн аршаан мөс галд хайлах шиг дусал дуслаар бууж, гүрү эцэг эх тэгш барилдлагын завсраар өөрийн зулайн нүхээр орж буйг төсөөлнө. Рашааны урсгал бүх биеийг эзэмдэхэд өвчин зовиур бүхэн идээ бээрийн байдлаар, ад дон бүгд өт хорхойн байдлаар, нүгэл хилэнц бүгд хир тортгийн байдлаар хөлийн ул хүртэл түрэгдэн, шар үсний нүхээр гадагшлан угаагдаж буйг мэдэрнэ. Тэр үед доорхи газарт ан цав гарч, эрлэгийн элч, үйлийн өр төлөөс нэхэгч бүхэн амаа ангайж, алгаа сарвайсан байдлаар гарч ирэхэд тэдний зүг гадагшилж буй бүхэн урсан орж байгаагаар төсөөлөн, зуун үсэгт тарниа дахин уншина. Эцэст нь эрлэг, өр төлөөс нэхэгч бүхэн ханан цадаж, амаа хамин, алгаа хумин газрын гаваар ороход газар дэлхий ч эргэж анина. Бүх биеэ гадна дотногүй гэгээн тунгалаг болсныг мэдэрч, Авадхутийн судсыг тодруулж, түүнд уялдсан хүйсэнд 64 дэлбээт хувилгаан хүрд дээш харсан, зүрхэнд 8 дэлбээт номын хүрд доош харсан, хоолойд 16 дэлбээт төгс жаргалангийн хүрд дээш харсан, оройд 32 дэлбээт их амгалангийн хүрд доош харсан байдлаар тодруулан бясалгана. Улмаар рашааны урсгал урьдын байдлаар бууж, оройн их амгалангийн хүрднээс эхлэн бүх хүрд, энергийн судсуудыг дүүргэж, бие цогц бүхэлдээ болор шилэн бумбыг сүүгээр дүүргэсэн мэт болно. Энэ бүхний дүнд дөрвөн авшгийг (бумбын, нууцын, билгийн, үгийн) хүртэж, дөрвөн түйтгэр (үйлийн, нисваанисын, мэдэгдэхүүний, авьяас дадлын) ариусч, дөрвөн баясгалан (баясгалан, дээд баясгалан, онцгой баясгалан, төрөлх баясгалан)-ийн суу билиг дараалан мэндэлснээр бурханлиг оршихуйн дөрвөн лагшин (хувилгаан бие, төгс жаргалант бие, номын бие, мөн чанарын бие)-ийн үр хөрөнгө сэтгэл оюунд үүсч байгаагаар бясалгана.

Үүний дараа Базарсад бурхан “Хувь ереелт хүү минь, чиний хилэнц түйтгэр бүхэн ариуслаа.” гэсэн соёрхол хайрлаад, гэрэлд уусч, өөрт шингэхэд өөрийн бие өмнө бясалгасан ёсоор Базарсад бурханд хувилна. Зүрхэнд саран мандлын дээр Ум базар саду хум гэсэн тарнийн үсгийг тодруулж, язгуур тарнийг унших үед тарнийн үсгээс таван өнгийн гэрэл цацарч, гэрлийн үзүүрт хүслийн таван эрдмийн охин тэнгэрс зүйл бүрийн тахил өргөн барьсан байдлаар цацран, 10 зүгийн хязгааргүй оронд залрах ялгуусан бурхад, бурхдын хөвгүүдэд тахил өргөснөөр тэр бүхний адис өршөөл өнгө бүрийн гэрлийн байдлаар өөрт шингэж байгааг бясалгана. Энэ нь өөрийн тусыг туйлд нь хүргэсэн дээд номын бие дхармакаяг бэлгэдэж байгаа юм. Дахин язгуур тарниас өнгө өнгийн гэрэл хязгааргүй цацарч, гурван сансрын зургаан зүйл хамаг амьтанд тусч, тэд бүхний хилэнц түйтгэрийг харанхуйд нар ургах мэт ариусган гийгүүлснээр гадаад сав ертөнц бүхэн илт баясгалант орон, дотоод шимийн амьтан бүгд Базарсад болон хувирснаар УМ БАЗАР САДУ ХУМ тарнийг түрхрэн дуурьсгаж буй байдлаар уншина. Энэ нь бусдын тусыг туйлд нь хүргэсэн дүрст лагшны билиг чанарыг илтгэж байгаа юм. Ингэж бясалгасны үрээр нууц тарнийн охь шимээр буяны болон билиг билгийн чуулганыг агшин зуурт хураах болно. Бясалгал уншилгаа төгсгөх цагт гадаад сав ертенц илт баясгалант орон болж хувирсан бүхнийг дотоод шим ертенц буюу Базарсад бурхны чуулганд хурааж, бурхдын чуулганыг гэрэлд уусган өөрт хурааж, өөрөө ч гэрэлд хайлан язгуур тарнийн үсэгт шингэж, тэр нь ч огторгуйд солонго замхрах мэт тунгалаг хоосон чанарын агаарт уусан шингэж байгаагаар төсөөлнө. Тэгээд огторгуй мэт хоосон чанарт төвлөрнө. Хэзээ бодол санааны үзэгдэл илрэх тэр үед сав , шим ертөнц бүхнийг илбийн ариун үзэгдэлд тодруулан “Энэ бясалгалаар би Базарсадын гэгээрлийг түргэнээс түргэн бүтээж, эх болсон хамаг амьтныг түүний ариун оронд хүргэх болтугай” гэсэн ерөөл тавьж, бясалгалаа өндөрлөнө. Энэ нь ерөндгийн хүчийг бүрдүүлэх үе шат юм. Нууц тарнийн дөрвөн аймгийн тангарагт шүтээн бүхний хураангуй Базарсад бурхны тарни уншилгад очирт хөлгөний үүсгэл, төгсгөлийн гүн ёог агуулагдсан тул оюун санааны бэлтгэлд гойд анхаарууштай. Ёсчлон бясалгавал ямар ч хүнд нүглээс үүлнээс гэтлэх саран мэт чөлөөлөгдөнө гэсэн хуурмаггүй бошигт итгэж, өдөр тутмын гарын авлага болговол зохино. Хилэнц арилахын шинж нь зүүдэнд илрэхдээ муу бөөлжсөөр бөөлжих, сүү тараг уух, өндөрт авирах, гэрэл зул ариун үзэгдэл үзэх, сайн сайхан хүнтэй учрах зэрэг совин тодорно. Бясалгал хийсний дараа биед толгой өвдөх зэрэг бага зэргийн өвчин зовиур илрэх нь хүнд нүгэл хөнгөн байдлаар боловсорч, гадагшилж буй шинж тэмдэг гэж үздэг.

Базарсадын тарнийн тайлбар.

Ум – бурхны ариун лагшин, зарлиг хийгээд тааллын өлзийт сайн бөгөөд эрхэм дээдийн эрдэм увдис

Базарсаду – Их амгалан хийгээд хоосон чанарыг хоёргүй билиг билгүүнт төрөлхтөн

самаяа – үл эвдэх андгай тангараг

ману балая – өчүүхэн намайг бодь мөрд хөтлөн дагуулж соёрх.

Базарсаду дэноба дишта – өчүүхэн намайг Базарсадын ариун очир таалалд дагуулан соёрхоо.

Дри до мэб хава – хамаг номын мөн чанарыг хөдөлбөргүй бат ухааран оноход адистэдлэн соёрх оо.

Судошео мебхава – хамаг бурхад хийгээд их төрөлхтнүүд намайг хэзээ ямагт таалан баясаж байхын адистэдлэн хайрлан соёрх оо.

субохео мэ бхава – машид боловсорсон их амгалант мөн чанараар адистидлэн соёрхоо.

Ану рагдо мэ бхава – асрахуй тааллын мөн чанараар адистэдлэн соёрх оо. эл хутагт хөтлөн дагуулж соёрх оо.

Сарва сидди мэбраяаца – хамаг дээд эрдэм увдисын хутгийг хайрлан соёрх оо.

Сарва гарма сузами – хамаг ялгуулсны зохиол үйлсэд адистидлэн соёрх оо!

зэддам шри ям гуру – цогт төгс эрдэм увидас бүхнээ хайрлан соёрхоно уу

Хум – Ариун очирын таалал.

Ха ха ха ха хо – таван чанагуун билиг билгүүн

Бхагаван- ялж төгс нөгцсөн Бурхан

Сарва татагата базар – хамаг түүнчлэн ирсэн очирын таалалтангууд- хоосон чанарыг илтэд оносон нугууд

МАНА МУНЗЭ – намайг хэзээ ямагт дагуулан соёрх оо, бүү орхио

Базар бхава – бат бөх очирын мөн чанараар орших

Маха самая саду – их андгай тангарагт очир таалал

АА – ариун очирын зарлиг

Хум – их амгалангийн чанагуух билиг билгүүн

Пад – хоёргүй их амгалан хийгээд хоосон чанарын чанагуух билиг билгүүнийг тодорхой бүтээж үүнд түйтгэрлэх элдэв гэмийг (хоер сэтгэлийг) машид дарах.