Зонхова Зонхов

Богд ламын цогшин (бясалгах)

Бурхан багшаас хойш заларч бурхны шашныг сэргээн хөгжүүлсэн, гажуудаж буруудсан зарим нэгэн зан үйл, ёсыг халж шинэчлэн “Бага бодь мөрийн зэрэг”, “Их бодь мөрийн зэрэг” зэрэг машид алдартай ном зохиолыг туурвин, хурал сүм хийдийн үйл ажиллагааг бий болгон хөгжүүлж сүм дуганы зохион байгуулалт, лам хуврагуудын ёс зүй, явдал мөр, хурал номын дэг жаягийг бий болгон Лхас молом хурлыг анхлан үүсгэж хурсан, Манзуширын хувилгаан, хоёрдугаар ялгуусан бурхан бээр буддын гүн ухааны алдарт шаштир “Парчин буюу чинадад хүрэхүйн тайлбар”, “Лхамо буюу Охин тэнгэрийн магтаал” зэрэг их, бага олон зуун номоос бүрдэх 18 боть ном айлдан зохиосон ажээ.
Сайн цагийн мянган бурхан бүхэн хамаг амьтныг гэтэлгэхийн тухайд өөр өөрийн арга, ном сургаалийг амьтны санаа сав, оюуны чадамжид тохируулан номлох учиртай бөгөөд Богд ламын шашин судар тарнийн ёсыг хослуулсан гэдгээрээ машид эрхэм, ховор нандин чухаг билээ.
Түүнчлэн бидний амьдран буй энэ цаг үеийг ерөөлийн галба хэмээх ба сайн ерөөлийг тавьж, явдал мөр, санаа бодлоо ариун, бусдад тус дэм болох эс чадваас буруу таагүй зүйл хийлгүй энгийн мөрөөрөө явах нь маш чухал юм.
Банчэн Балданиш дээдсийн айлдан зохиосон энэ ба хойд насандаа ялгуусан Богд Зонхова, түүний судар тарнийн гайхамшигт шажинтай төрөл тутамдаа учирч байхын сайн ерөөлийг өдөр тутам уншин залбирч, сайн ерөөл тавьж байх нь нэн чухал юм.
Богд ламын цогшин (бясалгах).
Цогшин буюу чуулганы орны дээд талын өмнөдөөр заларсан Гаадамбын багш нар, баруун дээд талд Майдар тэргүүтэй агуу их явдлын багш нар, зүүн талд Манзушир тэргүүтэй гүн үзлийн үндэсний багш нар маш цагаан, шинэхэн тараг мэт үүлэн дунд заларна.
Цогшингийн дээд оройд бурхан багш эсвээс богд Зонхова залрана.
Түүнээс дээрээс доошлох байдлаар заларна.
1. Дамжлагын багш дээдэс
2. Дүйнхор, Сандуй, Дэмчиг, Жигжид тэргүүтэй ханьцашгүй үндэсний бурхад
3. Гүнриг, Доржнамжал тэргүүтэй тантрын үндэсний бурхад
4. Намнан, Онжан тэргүүтэй явдлын үндэсний бурхад
5. Цагаан шүхэрт, насны гурван бурхан тэргүүтэй үйлийн бурхад
6. Сайн цагийн мянган бурхан, хилэнц уналыг наминчлагч мөргөлийн гучин таван бурхан, найман Оточ тэргүүтэй бурхад
7. Саеэнинбу, Намхаанинбу, Дивнамбарсэл, Гүндүсамбуу тэргүүтэй найман бодьсадва
8. Арван хоёр шарвага брадибагод нар
9. Арван зургаан Найдан, Нар хажид, Сэндонма тэргүүтэй дагинас
10. Махагала, Дамдинчойжоо, Балданлхам, Улаан сахиус тэргүүтэн номын сахиус нугууд заларна.
Бурхны шашинт Монголчууд богд ламын үйлсийн хураангуй магтаал Ганданлхавжагийн Бумши хийх, бясалгал бүтээл хийхдээ Богд Зонховыг бясалган шүтэх нь өргөн байжээ.

Богд Зонховын шажин лугаа нас бүхэндээ үл хагацахын ерөөл үгс оршвой.

Ум сувасти.
Бурхан, бодьсадва бүгдийн айлдал, нигүүслэлийг
Буй нэгнээ хураасан шар, улаан шанхтан
Эл шарын хувцсийг асааж, лагшин найргаар чимсэн
Энэрэл нигүүслэлийг дэлгэрүүлэгч богд лам бээр биднийг сахь.
Итгэлт та бээр ном лугаа төгс эдэлсэн
Ихэд хувилгаан лагшингийн адистид бүхэн
Эдүгээ миний зүрхнээ огоот нийлснээр
Энэрэл нигүүслийн баяр хуримыг хайрлан соёрх.
Таны шажин хир үгүй зам мөрийн
Судар, тарнийн аньс бүхнийг хураасан лугаа
Энэ нас хийгээд нас бүхэндээ үл хагацаж
Сонсох, санах, бясалгахын үйлээр өнгөрөөх болтугай.
Магад гарахуй, бодь сэтгэл, үнэн үзэл ба
Мөрийн зэрэг, үүсгэл төгсгөлийн аньсыг
Анхааран авсан хий, сэтгэл ялгалгүй орон
Лагшин найргаар чимсэн биеийг олох болтугай.
Огторгуй сацуу амьтан даяарт
Огоот сайн хумх ба галбирваас мод, чандмана эрдэнэ
Ямарчлан, амьтан бүхэнд Манзуширын эгшигээр
Ямагт хүссэн хэргийг хайрлах болтугай.
Асар гайхамшигт хөвгүүд сэлт, бурхны адистид хийгээд
Алимад шүтэн барилдлага хуурмаг үгүйн үнэн ба
Аяа, миний үлэмжийн санаа, агуу хүчээр
Асар ариун ерөөлийн орон бүхэн бүтэх болтугай.
Хэмээхүй гэтэлгэгч дээд Богд Зонховын шажин лугаа нас бүхэнд үл хагацахын ерөөлийн үгс энэ адил нэгэн хэрэгтэй хэмээн Лондолдүвиванмо бээр дуртгасны урмаст Шагжаан аяга тахимлаг Лувсанбалданиш бээр найрууллаа.