Нархажид тэнгэрт дүрслэгдсэн нь

Бүлээний галын иог

Ж. Доржготов “Бүлээний галын иог”-ийн талаар дурдсан талаар хүргэж байна.

Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижрах орчин бол тантрын орчин буюу үнэний ахуй билээ. Үнэний ахуйд амьдарч эхлэж буй хэн нэгэнд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үйл хэрэгтэй байжээ. Иймд үнэний ахуйд амьдрагч Нарова гэгээн бээр яруу үндэсний дагинасаас гайхамшигт зургаан иогийн үндсийг авч нэгэн мянганы тэртээ хүн төрөлхтөнд бэлэг болгон барьжээ. Наровын шавь Марва багшийнхаа иогийн арга техникийг Түвдөд бүрэн бүтнээр нь авчирчээ. Марва багшийнхаа зургаан иогийг агуу дөрвөн шавьдаа зааж эзэмшүүлсэн бөгөөд тус тус голлон авч явах иогуудыг ч оноож өгөв. Мял богд голчлон бүлээний галын иогыг эзэмшив. Огдончойдор юүлэхүйн иог болон балгадад одохуйн иогийг эзэмшив. Цүрдэнвани по гүйлгэх иогыг эзэмшив. Мэйдонцомбо гэгээн гэрлийн иог болон бардын иогийг эзэмшив. Марвын дөрвөн шавийн дамжлага үндсээр Наровын иогууд өнөөдөр ч дэлхий даяар гайхамшигаа үзүүлсээр байгаа билээ. Мял богдын эзэмшиж байсан бүлээний галын иогийг өвөл их хүйтэрдэг цаг уурт амьдардаг Монголчууд өргөн ашиглаж ирсэн байдаг. Бүлээний галын иог амьдралд нь суугаад ирхээр тухайн хүн рейпа буюу нимгэн даавуун нөмрөгтөн гэдэг нэрийг авдаг байжээ. Энэ нь Түвдийн эрт үед нэхдэг байсан рейпа хэмээх нимгэн хөвөн даавууны нэр юм. Дээхнэ үед манай иогч лам нарыг багш нар нь шалгахдаа өвөл голын хажууд шалдан суулгаад харзны усанд норгосон орхимжийг нөмөргөж, дотоод бүлээний аргаар хатаахыг даалгадаг байжээ. Иогч лам ч нэг цагт хичнээн нойтон орхимжийг хатаасан гэдгээрээ эрдмээ үнэлүүлдэг байжээ. Коммунист засгийн үед хүрээ хийдээсээ салсан хуучны лам өвгөд хаа сайгүй л хэдэн мал даган уулын ам усны ойрт нутаглан байцгаадаг байлаа. Манай нутгийн хэсэг жолооч нар өвөл зам нь цасанд боогдоод цас ухсаар яваад ядарч ойрхон нэг уулын аманд гэр харагдхаар нь цай уухаар явж очицгоожээ. Нар сар гаднаас нь гэрэлтэх дөхсөн сиймхий муу гэртэй Дагва гэлэн гуайнд очсон байжээ. Гэтэл Дагва гуай хоймортоо шалдан суучихсан хөлсөө арчаад сууж байж. Осгом хүйтэн жаварт, уулын мухарт галгүй гэрт хөлсөө арчаад шалдан сууж байсан Дагва гуайг хараад жолооч нар чөтгөртэй бууцанд ороод ирлээ хэмээн их жихүүцсэн тухайгаа ярьцгаадаг байж билээ. Саяхан Оросын нэг хотод Оросуудыг харзны усанд орж байхад нэгэн Түвд лам очоод тэр харзанд нь бүтэн 24 цаг иог хийн сууж, тэнд байсан Оросуудыг шавиа болгож авсан тухай чих дэлсэж байсан юм байна. Америкт нэг лам очоод хөргүүртэй зооринд иог хийж хоноод маргааш нь гарч ирэхдээ тэр зоорийг халааж хамаг үхрийн махыг гэсгээчихээд хөлсөө арчсаар гарч ирсэн гэдэг.

Бүлээний галын иог.

Иогийг эхлэхийн өмнө иог хийгч нь өөрийгөө Хажид бурхны нэг дүр гэдэгт итгэлтэй болсон байх хэрэгтэй. Үүний тулд Хажид бурхны хөрөг дүр болон үзэл санааг сайн судалсан байна.

Бүлээний галын иогийн хүрдний систем.

Бүлээний галын иогийг хийхдээ биеээ хүрднүүдийн төсөөллийн системд шилжүүлнэ. Бүлээн галын иогт таван хүрдийг голлож авч үздэг. Үүнд:

1. Толгойн орой

2. Хоолой

3. Зүрх

4. Хүйс

5. Үндэс хүрдүүд оршин байна. Эдгээр хүрдний голоор Авандуди хэмээх гол судал үндэс хүрднээс эхлээд толгойн орой хүртэл өгссөн байна гэж төсөөлнө. Үндсэн хүрд буюу хүйснээс доош 4 хуруу зайнд байх асуух нурууны хүрдэнд гол Авандуди болон хоёр талаас нь нар сарны судлууд уулзана.
Хамрын баруун нүхнээс сарны судал /лалана/ гарч доош явсаар үндэс хүрдэнд очино. Мөн хамрын зүүн нүхнээс цааш нарны судал /расана/ гарч доош явсаар үндэс хүрдэнд очино. Мөн хүрд болгоноос асар олон тоотой нади хэмээх туслах судлууд салаалж ойр орчны эд эсүүдэд хүрсэн байна.
Авадудийн доод үзүүрт А үсэг, харин толгойн оройд Хам үсэг байгаагаар төсөөлнө. А үсэг нь аль ч хэлэнд анхдагч эгшиг болох ба билгийн талыг төлөөлөх юм. Хам үсэг нь аргын талыг төлөөлөх ба оршихуйн бүх бурхдын адистит оршсон ариун рашаан бүхий бумба хэлбэрээр оршино.

Үйл явц.

Иогийн явцад тайван амьсгална. Уг иог нь анапансита буюу ухамсартай амьсгалах хэмээх бясалгалаас улбаалсан гэдгийг анхаарах нь зүйтэй. Тиймээс хүчтэй эсвэл хэт аажуу амьсгалгүй байвал зохилтой.
1. Эхний 8 амьсгал Нар сарны судлаар дамжин үндэс хүрд дээрхи А үсгийг халааж дөл болгох ба Авандудигаар хөөрч хүйсний хүрд хүртэл өгсөнө. Дөл нь амьсгал бүрт хагас ямхаар шилжинэ.
2. Дараагийн 10 амьсгал дөлийг хөлийн хурууны үзүүр хүргэнэ.
3. Дараагийн 10 амьсгал дөлийг эргээд хүйсний хүрд хүргэнэ.
4. Дараагийн 10 амьсгал дөлийг зүрхний хүрд хүргэнэ.
5. Дараагийн 10 амьсгал дөлийг хоолойн хүрд хүргэнэ.
6. Дараагийн 10 амьсгал дөлийг толгойн оройн хүрд хүргэнэ.
7. Дараагийн 10 амьсгал бумбатай мөнхийн рашааныг дөлөөр халааж рашаанаас гэгээрлийн ганц дуслыг дэврүүлж авна. Энэ мөнхийн рашааны дусал хүрсэн бүхэнд үйлийн үрийн хайлалт явагдаж үхэшгүй мөнхийн мөн чанар нь тодрон гарна.
8. Дараагийн 10 амьсгал дуслыг хоолойн хүрдэнд хүргэнэ.
9. Дараагийн 10 амьсгал дуслыг зүрхний хүрдэнд хүргэнэ.
10. Дараагийн 10 амьсгал дуслыг хүйсний хүрдэнд хүргэнэ.
11. Дараагийн 10 амьсгал дуслыг хөлийн хурууны үзүүрт хүрдэнд хүргэнэ.
Ийнхүү нэг бүлээний галын иогт 108 амьсгал ордог. Нарова гэгээнд 108 ширхэгтэй эрхи байсан нь бүлээний галын иогт зориулагджээ. Бүлээний галын иогийг цогцоор нь 10 шат хийхэд нийт 1080 амьсгал орно.
Бүлээний галын иог Авандудийн өргөний хэмжээнээс хамаарч 10 үе шаттай явагдана.
1. Дөл дүрэлзсэн авандуди нь үсний ширхэгийн хэмжээтэй байна.
2. Чигчий хурууны чинээ бүдүүрнэ.
3. Гарын дайтай болно.
4. Биеийн хэмжээгээр бүдүүн болно.
5. Хорвоо ертөнц бүхэлдээ авандуди болно. Жидрэм буюу Хажидын үүсгэлийн зэрэг болно.
6. Буцах үйл явц эхлэж авандуди биеийн хэмжээтэй болно. Зогрим буюу Хажидын төгсгөлийн зэрэг болно.
7. Гарын дайтай болно.
8. Чигчий хурууны чинээ болно.
9. Үсний ширхэг шиг болно.
10. Авандуди алга болж хоосон чанарт уусна.