Язгуурын 3 бурхан - Жанрайсэг, Манзушир, Очирваань

Тантон Жалбо егүзэрийн айлдсан их нигүүлсэгч Жанрайсэг бурхны бясалгал бүтээл амьтны тусыг бүтээгч огторгуй түгээмэл хэмээх оршвой

Жанрайсэг бурхны бясалгал, тарни тоолох, анханд аврал одуулах, сэтгэл үүсгэх нь,
Бурхан ном хийгээд чуулганы дээд нугууд дор
Бодийг хүртэл би бээр итгэмой,
Миний өглөг тэргүүтэн үйлдсэн буянаар
Амьтны тусын тулд бурхан бүтэх болтугай!
(3 удаа унш)
Бурхныг бүтээх нь,
Би тэргүүтэн огторгуй сацууу амьтан бүхний
Тэргүүний оройд бадамлянхуа цэцэг, саран дэвсгэр дээр
Хри үсэгнээс хутагт дээд Жанрайсэг бурхан
Асар цагаан гэрэл цацруулан таван өнгийг солонгоруулан
Мишээнгүйгээр инээмсэглэн их нигүүлсэнгүй мэлмийгээр болгоож
Дөрвөн мутрын эхний хоёрыг залбиран хавсраад
Дараагийн хоёр мутартаа болор эрхи, цагаан лянхуаг барьсан,
Хив торгон өмсгөлийг асааж эрдэнийн чимгээр чимэглэсэн
Гөрөөсний арьсыг мөрөн дээгүүрээ эгэлдэрэглэн тохсон
Амидэва бурхныг оройн титэмдээ залсан,
Хоёр өлмийгөө очир завилгаагаар сууж оршоосон,
Хиргүй сарыг түшлэгээ болгосон
Авралын орон болж бүхний мөн чанарт залрав.
Би хийгээд хамаг амьтан бүгд хамт буй гэж нэгэн зэрэг бишрэнгүйгээр уншаарай.
Авралт дээд эрхэм, хиргүй асар цагаан лагшинтай,
Тогуулагсан бурхан бүгдээр тэргүүний титмээ чимэглэсэн,
Нигүүлсэнгүй мэлмийгээр хамаг амьтныг болгоон таалсан
Мэлмийгээр болгоогч Жанрайсэг бурхан таньд мөргөе!
(Олон уншаарай)
Долоон гишүүнт залбирал
1. Мөргөл
Хутагт Жанрайсэг хийгээд
Арван зүг, гурван цагт залран буй (өнгөрсөн, одоо, ирээдүй)
Ялгуусан бурхад, бурхдын хөвгүүд бүгдэд
Бишрэнгүй сүжгээр мөргөмүй!
2. Тахил өргөх
Сайхан цэцэгс, хүж, зул, үнэртэн ба
Ариун идээ зоог, хөгжим тэргүүтэн
Бодитой бэлтгэсэн сэтгэлээр хувилгасан бүгдийг өргөе!
Хутагтын чуулган сэлтэд бишрэнгүйгээр өргөж тахия, таалан болгооно уу!
3. Наминчлал
Орчлон тэргүүлшгүй цагаас эдүгээг хүртэл
Арван хар нүгэл, таван завсаргүй нүгэл ба
Сэтгэлийн нисваанисын эрхээр эзлэгдсэн
Хилэнц нүгэл гэм бүхнээ би бээр наминчилья!
4. Даган баясах
Шарвага барадигабудда, бодьсадва нарын
Тус тус амьтан бүхний
Гурван цагт хураасан буян алин бүхэнд
Би бээр даган баясъя!
5. Бурхныг номын хүрд эргүүлэхийг дурьдан хүсэх
Амьтан бүхний элдэв санаа юу хийгээд
Оюуны сав алин боловч бидэнд
Их, бага, нийтийн хөлгөний
Номын хүрдийг эргүүлж соёрхоно уу!
6. Бурхан нирваанд үл ажрахыг хүсэмжилэх
Сансар хорвоо хэдүй хоосрох хүртэл
Нирваанд үл ажран нигүүлэнгүйгээр
Зовлонгийн далайг ширгэтэл
Амьтны тусын тулд бишрэнгүйгээр саатан соёрхоно уу.
7. Зориулга ерөөл
Миний буян юу хураасан бүхнээ
Ханьцашгүй бодийн хутаг гэгээрэлд бүхнийг зориулъя!
Амьтан бүхнийг асар сайн замд хөтлөхөд
Би бээр түргэнээс түргэн саадгүй замч болтугай.
Гэлон Бадам Гарбо бээр Жанрайсэг бурханд соёрхол тавив.
Соёрхол тавия! Лам эрдэнэ хутагт Жанрайсэг,
Соёрхол талбия! Ядам Жанрайсэг,
Соёрхол талбия! Хутагт дээд Жанрайсэг,
Соёрхол талбия! Аврал итгэлт Жанрайсэг,
Соёрхол талбия, Авран сахигч Жанрайсэг,
Нигүүлсэнгүйгээр баригтун, Ялгуусан Их нигүүлсэгч та минь,
Хязгааргүй, орчлон хорвоогийн тоолшгүй амьтныг аврагтун!
Тэсэшгүй зовлонг амсагч амьтан бүхний
Итгэлт, авралт, тань дор хорогдохоос өөр хэнд билээ,
Бүхнийг айлдагч бурхны хутгийг саадгүй олоход адистэдлэн хайрлаач!
Тэргүүлшгүй цагаас муу хилэнцийг хураасны хүчээр
Уурын эрхээр тамын төрлийг олонтаа аваад
Халуун, хүйтэн зовлонг амсагч амьтан нугууд,
Ялгуусан бурхдын дээд таныг даган даган төрөх болтугай!
Ум ма ни бадмэ хум
Аяа, Тэргүүлшгүй цагаас хураасан муу үйлийн хүчээр
Хармын эрхээр бирдийн төрлийг аваад
Өлсөж, цангахын зовлонг амсагч амьтан бүхэн
Дээд амгалант Боталын оронд төрөх болтугай!
Ум мани бадмэ хум
Аяа, Тэргүүлшгүй цагаас хураасан муу үйлийн хүчээр,
Мунхагийн эрхээр адгуусанд төрөөд
Хэлгүй, тэнэгийн зовлонг амсагч амьтан бүхэн
Итгэлт таны орон хот мандалд төрөх болтугай!
Ум мани бадмэ хум
Аяа, Тэргүүлшгүй цагаас хураасан муу үйлийн хүчээр,
Шунал тачаалын эрхээр хүмүүний орчлонд төрөөд
Дутагдан гачигдахын зовлонг амсагч амьтан бүхэн
Онцгой сайн Диваажин Энхжингийн оронд төрөх болтугай!
Ум мани бадмэ хум.
Аяа, Тэргүүлшгүй цагаас хураасан муу үйлийн хүчээр
Атаа жөтөөний эрхээр Асурын оронд төрөөд
Алалдан тэмцэлдэхийн зовлонг амсагч төрөлхтөн нүгүүд
Ботала оронд төрөх болтугай!
Ум мани бадмэ хум.
Аяа, Тэргүүлшгүй цагаас хураасан муу үйлийн хүчээр
Омог сэтгэлийн эрхээр тэнгэрийн оронд төрөөд
Үхэн егүүтгэхийн зовлонг амсагч амьтан нугуд
Ботала оронд төрөх болтугай!
Ум мани бадмэ хум
Аяа, Би бээр энэ болон бусад төрөл тутамдаа
Хутагт Жанрайсэг адил зохионгуй мөр, явдлаар явж,
Арилаагүй амьтан нугуудыг ариусган гэтэлгээд
Ачит зургаан үсгийн аугаа хүчийг арван зүгт цацруулан дэлгэрүүлэн дуурсгах болтугай!
Хутагт дээд таньд соёрхол талбисны хүчээр
Би бээр амьтан нугуудыг номхруулан боловсруулаад,
Үйлийн шалтгаан үрийн боловсролын хуурмаг үгүйг таниулаад, буяны зүгт улам шамдуулаад,
Амьтны тусыг бүтээн, бурхны номоор төгөлдөр болтугай!
Хэмээгээд,
Тэр мэт нэгэн үзүүрт сэтгэлээр соёрхол тавиад
Хутагт Жанрайсэгийн лагшингаас гэрэл цацраад
Арилаагүй үйл, эндүүрлийн үзэгдэл бүгд ариусаад,
Гадаад үзэгдэл, Сав ертөнц аяндаа амгалан адистэд ихтэй Диваажингийн орон боллоо,
Шимийн амьтан бүгдийн бие, хэл сэтгэл
Жанрайсэг бурхны лагшин, зарлиг таалал болж,
Үзэгдэл, дуу чимээ, оюун ухамсар бүгд хоосон чанарт болтугай!
Хэмээгээд тарнийг олонтаа урьж уншаарай!
Ум мани бадмэ хум.
(хэмээн тарнийг олон урьж унш)
(Эцэст нь гурван ертөнцөд эс атгагласан сэтгэлээр тэгш агуулан бясалга)
Өвөр бусад алин боловч Хутагт таны лагшинг үзсэнээр
Зургаан үсгийн аялгуу эгшгийг сонсоод
Бүх атгаг бодлууд нь их билиг билгүүн болтугай!
Буян үүгээр түргэнээ би
Жанрайсэг бурхны хутгийг бүтээгээд
Амьтан нэгийг ч хоцроолгүй
Түүний орон газар байгуулах болтугай!
(Их нигүүлсэгчийн бясалгал, тарни тоолон урьж уншин амьтны тусыг огторгуй сацуу бүтээн амгаланг бүтээгч Тантон Жалбоогийн айдвар адистэд оршив. Сарва мангалам. Өлзий хутаг орштугай!)
Тэр мэт бясалгал бүтээл хийсэн сайн буянаар,
Би хийгээд над дор барилдлагатай амьтан бүхэн
Нэгэн агшинд ариун бус биеэ орхиод
Рид хувилгаан, сонин гайхамшигийг үзүүлэн,
Амгалант Сухавад Энхжингийн оронд цэцэгнээс мэндлэн төрөх болтугай!
Төрсөн даруйдаа бодьсадвын арван газрыг илт туулаад эрдмийг төгсгөөд,
Өөрийн хувилгаан лагшингаа арван зүг дор бусдын тусыг бүтээхээр илгээх болтугай!
(Долоон гишүүнт залбирлыг Гэлонма Балмо бээр Дарь эх бурханд тахил болгон зориулан айлдсан болой!)
Орчуулсан: Чикаго Радна Шри Төвийн лам
Р. Алтантитэм
Бичээч: Шинжлэх Ухааны Магистр
М. Бямбасүрэн
2021 оны 9 сарын 26
АНУ