Анхаарлын хөгжлийн 9 үе

Анхаарлын хөгжлийн 9 үе

Энэтхэгийн их сэтгэгч, гүн ухаантан Асанга гэгээнтэн бээр Амарлин ахуйн бясалгалаар бясалгаачийн төвлөрсөн анхаарал нь хөгжлийн есөн үеийг дамждаг тухай нарийн тодруулга хийсэн байдаг. Үүнд;
1. Сэтгэл агуулах (Санскрит. cittasthāpana, Түвд. སེམས་འཇོག་པ) Энэ үед бясалгаач сонгосон объект (орон) дээр анхаарлаа тогтоож эхлэх үе боловч нэн даруй сэтгэлийн бүдүүн төлвийн живэлт, догшролын нөлөөнд нөлөөнд автаж бясалгалын объектоо алдах тохиолдол нийтлэг үзэгддэг байна.
2. Үргэлж агуулах (Санскрит. samsthāpana, Түвд. རྒྱུན་དུ་འཇོག་པ) Энэ үед бясалгаач сонгосон объект дээр удаан биш болов ч цөөн хоромд төвлөрч эхэлдэг. Санамсар, мэдэмсэрийн хүчээр анхаарлаа сарнисныг таниж мэдээд удалгүй буцаан төвлөрүүлэх боломжтой болдог.
3. Дахин агуулах (Санскрит. avasthāpana, Түвд. བླན་ཏེ་འཇོག་པ) Энэ үед бясалгаач сонгосон тунгийнхаа (үргэлжлэх хугацаа) ихэнх үест анхаарлаа тогтоох чадвартай болдог бөгөөд санамсар, мэдэмсэрийн хүчээр анхаарал сарниж буйгаа тэр даруй мэдэрч анхаарлаа үргэлжлүүлэн төвлөрүүлдэг. Сачон Мипам ринбүүчи бээр “108 удаа амьсгалаа авч, гаргаж бясалгахад анхаарал огт сарнихгүй буюу алив ертөнцийн атгаг бодолд эзлэгдэхгүй болж ирвэл бясалгаач өөрийгөө энэ үе дээр ирсэн хэмээн бодож болно” хэмээн айлдсан байдаг.
4. Ойр агуулах (Санскрит. upasthāpana, Түвд. ཉེ་བར་འཇོག་པ) Энэ үед бясалгаач тунгаа ихэсгэсэн ч анхаарлаа огт сарниулалгүй бясалгах чавдартай болох бөгөөд үүний зэрэгцээ анхаарлын төлвийг хянах чадвартай мэдэмсрийг төгөлдөршүүлдэг. Гэсэн хэдий ч энэ үед бүдүүн төлвийн живэлт ба догшролын тотгорууд бясалгаачийн сэтгэлд тодорч сэтгэл алгасаруулах нь байх ажээ.
5. Номхорсон анхаарал (Санскрит. damana, Түвд. དུལ་བར་བྱེད་པ) Энэ үед бясалгаачийн сэтгэл их амгаланд оршино. Гэсэн хэдий ч бясалгаач нарийн төлвийн живэлтээс сэрэмжлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд уг сэтгэлийн амгаланг Амарлин ахуй хэмээн андуурах явдал гардаг байна. Тиймээс Амарлин ахуйг бүрэн дүүрэн бүтээхийн тус эрдмийг санаад тухайн амгаланд сатааралгүй зорилгодоо шамдан хичээн бясалгах учиртай. Ингэснээр бясалгаачийн анхаарал улам хурц, сэтгэл маш тунгалаг болж хөгждөг байна.
6. Амарлисан анхаарал (Санскрит. śamana,Түвд. ཞི་བར་བྱེད་པ) Энэ үед нарийн төлвийн живэлт болон будангуйрал бясалгаачийн төвлөрсөн анхаарлыг үл эвдэх бол бясалгалд шамдсан анхаарал буюу мэдэмсэр нь догшрол мэт үзэгддэг байна. Алан Волласын өгүүлсэнээр бясалгаач хэдэн мянган цагийг бясалгалд зориулан уйгагүй шамдсаны дараа л энэ түвшинд хүрэх боломжтой ажээ.
7. Машид амарлисан анхаарал (Санскрит. vyupaśamana,Түвд. རྣམ་པར་ཞི་བར་བྱེད་པ་) Энэ үед нарийн төлвийн живэлт, догшрол ургах боловч бясалгаач тэдгээрийг тэр даруй таниж мэдээд шамдалгүйгээр амарлиулах чадвартай болсон байна.
8. Нэгэн үзүүрт анхаарал (Санскрит. ekotīkarana, Түвд. རྩེ་གཅིག་ཏུ་བྱེད་པ་) Энэ үед бясалгаач өчүүхэн шамдал төдийгөөр гүн гүнзгий, урт хугацааны бясалгалд орох бөгөөд маш нарийн төлвийн живэлт, догшрол ургах боловч тэдгээрт өчүүхэн ч үл автагдах болой.
9. Тэгш агуулах (Санскрит. samādhāna, Түвд. མཉམ་པར་འཇོག་པ་བྱེད་པ་) Энэ үед бясалгаач шамдалгүйгээр гүн гүнзгий самадид орж огтхон ч алгасаралгүйгээр удаан маш удаан хугацаагаар оршино. Мөн биений болон сэтгэлийн машид судлагдахууны эрдмийг олсноор бясалгаачийн бие болоод сэтгэл асар их амгаланг эдэлдэг ажээ. Их хөлгөний ёсонд энэ их амгаланг гагц мөр болгон шүтэх аваас Үлэмж үзэхүйн бясалгалын мөрөөр орж Бодь сэтгэл хийгээд Билиг билгүүнийг төрүүлж хамаг амьтны тусын тулд туулсан бурхны хутгыг ололгүй өөрийн тусын тулд нирваанд орох шалтгаан болох тухай өгүүлдэг билээ.