Бурхан багш 33 тэнгэрийн оронд тэнгэрүүдийн хамт

Галав цаг хугацааны хэмжээс

Монгол хэлнээ Галав гэж нэрлэгддэг энэхүү зүйл нь санскрит болон Түвд хэлээр ижилхэн Галба хэмээн дуудагддаг “Цаг хугацааны хэмжүүр”-ийн нэршил юм.
Түвд, Монгол тэргүүтэй бүх орны эрдэмтэн мэргэд Буддагын сургаал тэргүүтнийг Энэтхэг хэлнээс хөрвүүлэхдээ өөрийн эх хэлэнд нь оносон нэршил эс олдвоос (утгыг нь голчлон нэмэлт тайлбар хийн) тухайн Энэтхэг үгийг байгаагаар нь авч заншсан байна.
“Kalpa” хэмээх нь санскрит үгээр нь шууд тусган нэршсний нэгэн тод жишээ эргэлзээгүй мөн болой.
Энэ хэллэг нь он цагийн элэгдэлд сунжирсаар одоогийн монгол хэлэнд “Калпа”-аас Галав гэх үг болон хэрэглэгдэж байна.
Уг шагыг хайваас Бурхан багшийн сургаалиас эхтэй цаг хугацааны хэмжээс юм.
Галвыг ерөнхийд нь цаг хугацааны сайн муугийн үнэлэмжийн хувьд сайн, Муу галав хэмээн хувааж үздэг ба сайн цаг, Муу цаг хэмээн тайлж болох юм.
Сайн галав хэмээхийн уг гарал нь бурхны айлдсан “Нинж Бадгар” буюу “Нигүүлслийн цагаан бөлбөө”
гэх судраас эхтэй юм.
/Бөлбөө/ гэдэг нь бидний ярьж заншсанаар лянхуа, Англиар Lotus , Хиндигээр /कमल /Kamala гэх зэрэг нэршилтэй цэцгийн нэр юм. Эдгээр нь бүгд гадаад нэршил юм.
Монгол нэршил нь Цагаан Бөлбөө гэх ба орчин цагт энэ үг хэрэглэгдэх нь ховор болсон юм.
Сайн галвыг анхлан айлдсан эх сурвалж
“Нигүүлслийн цагаан бөлбөө” хэмээх судраас.
Энэ ертөнцийн бүх зүйлс усны аюулаар бүрхэгдэн эвдрэх цагт дэлхийг бүрхсэн тэр далайгаас алтан өнгөт мянган бөлбөө цэцэг урган гарахад Гучин гуравт хэмээх тэнгэрийн орны тэнгэрүүд бээр гайхамшигт энэхүү шинж тэмдгийг судлан шинжиж үзээд ирээдүйд мянган бурхан заларч энэхүү орны тоолшгүй амьтдын зовлонгийн далайг ширгээх ариун номын наранг мандуулах цаг ирэхийн тэмдэг хэмээн тайлан, иймийн учир энэхүү галав нь “Ай даа сайн галав болой” гэж хэлсэн нь даян дэлхийгээр түгжээ.
Ийнхүү Сайн галав хэмээх нэршил үүсэн гарсан байна. Үүний эсрэг муу галав ч бий.
Галав нь цаг хугацааны хэмжүүр тул ямархуу хугацааг оноох талаар тайлая.
Галвыг дотор нь их галав, бага галав, дунд буюу завсрын галав гэх зэрэг хуваадаг.
Бага галав.
Бага галвын хэмжээ нь хүмүүний дундаж наслалт 10-аас авахуулан зуун жилд нэг нэг жилээр ахин нэмэгдсээр
хүний дундаж наслалтын хэмжээ 84000 болох тэрхүү цаг үед хүрэхийг хэлнэ.
Басхүү хүний дундаж наслалт 84000 аас авахуулан зуун жилд нэг нэгээр хоргодон багассаар хүний насны хэмжээ 10 болох цагт нэгэн бага галав болох юм.
Тэр нь хүний амьдралын хэмжээсээр 8,399,000 жил болно.
Галав цагийн хэмжүүрийн нэр болов ч бурхны шашны гүн ухааны
1. Pramanavarttika- шинжилж батлан нотлох ухааны салбар,
2. Paramita – дотоод бясалгалгагдахуун бүгдийг голлон гаргадаг салбаp,
3. Vinaya – бие хэл сэтгэлийн үйлийг номын ёсонд нийцүүлэн урвуулан дадуулах сахил санваарыг голлосон салбар,
4. Madhyamaka – хоосон чанар төв үзлийг голлон гаргадаг салбар,
5. Abhidharmakosha-гийн салбар
зэрэг олон салбаруудын дотроос Abhidharma/ Абхидхарма гийн хэмжилтийн ёсоор хэмжсэн болно.
Их галав.
Их галав нь 80 бага галав нийлж 1 их галвыг үүсгэдэг юм.
(8,399,000*80=671,920,000)
Нэг их галав нь хүмүүний цаг хугацааны хэмжээгээр 671,920,000 жил болдог ба
Их галвыг дотор нь
Үүсэх галав, Орших галав, Эвдрэх галав, Хоосон галав
гэж хуваана.
Энэхүү дөрвөн галав нь тус тусдаа хорин завсрын галавтай байна.
Жишээ татвал орших галавт
Анхны өнө урт галав, Эцсийн өнө урт галав, энэ хоёрын дундах арван найман галав болох ба нийтдээ хорин галав юм.
“Анхны өнө урт галав” хэмээн нэрлэгддэг нь завсрын хорин галвын эхний галав юм.
Энэ нь хүмүүний дундаж наслалт 84000 аас авахуулан зуун жилд нэг нэг жилээр хасагдан 10 болох үе ба уруудан хасагдаж буйг “Анхны өнө урт галав” нэж нэрлэнэ.
“Сүүлийн өнө урт” галав нь хүмүүний дундаж наслалт 10-84000 хүртэл зуун жилд нэг нэг жилээр ахин нэмэгдэж буй үе болон ахин нэмэгдэж байгааг “Сүүлийн өнө урт галав” хэмээн нэршдэг юм.
Бурхан багш бээр Тоолшгүй гурван галавт билгэ билгүүн болон буяны хотол чуулганыг хурааж төгс гэгээрсэн хэмээдэг.
Энэхүү Тоолшгүй галав хэмээхийн Тоолшгүй гэдэг нь тоолж баршгүй тооны хэмжээнээс хальсан гэх утга бус тооны нэр юм.
Энэ нь нэг, арав, зуу, мянга, түм, бум, сая, живаа, дүнчүүр, тэрбум хэмээн ахин явсаар жардах тоог
Тоолшгүй хэмээн нэрийддэг болой.
Үүнийг тодорхой үзүүлвээс ( 1–60 хүртэл )
1. Дан
2. Аравт
3. Зуут
4. Мянгат
5. Түмт
6. Бумт
7. Саят
8. Живаа
9. Дүнчүүр
10. Тэрбум
11. Их тэрбум
12. Наяд
13. Их наяд
14. Маш дэлгэрмэл
15. Их маш дэлгэрмэл
16. Тунамал
17. Их тунамал
18. Ингүүмэл
19. Их ингүүмэл
20. Хямралгүй
21. Их хямралгүй
22. Ялгаруулагч
23. Их ялгаруулагч
24. Өөр дээр
25. Их өөр дээр
26. Хөөн удирдагч
27. Их хөөн удирдагч
28. Хязгаар үзэгдэл
29. Их хязгаар үзэгдэл
30. Шалтгааны зүйл
31. Их шалтгааны зүйл
32. Үзэсгэлэн гэрэлт
33. Их үзэсгэлэн гэрэлт
34. Эрхт
35. Их эрхт
36. Сайтар хүргэсэн
37. Их сайтар хүргэсэн
38. Олон одох
39. Их олон одох
40. Живэх тоосон билэг
41. Их живэх тоосон билэг
42. Билэг тэмдэг
43. Их билэг тэмдэг
44. Хүчин нөхөр
45. Их хүчин нөхөр
46. Тохио мэдэхүй
47. Их тохио мэдэхүй
48. Тийн болсон
49. Их тийн болсон
50. Хүчин нүд
51. Их хүчин нүд
52. Асрахуй
53. Их асрахуй
54. Нигүүлсэнгүй
55. Их нигүүлсэнгүй
56. Баясгалангуй
57. Их баясгалангуй
58. Тэнцэхүй
59. Их Тэнцэхүй
60. Тоолшгүй
Галав хэмээхийн утгыг өчүүхэн тодруулсан хэсэглэл төгсөв.