Дондүвлин хийдийн лам хуврагууд жинсрэг цутгаж буй нь

Гал тахих

Гал голомтоо дээдлэх хийгээд галын бурхныг тахин баясгах нь өрх гэр, улс орон дэвжин дээшлэх нь дамжиггүй билээ.

Монголчуудын эрт­нээс даган мөрдөж ирсэн уламжлалууд алдаг­даж буйг бид өдөр тутмын амьдралаасаа харж болно. Дэлхий даяаршихын хэрээр хүн төрөлхтөн өөрчлөгдөж байна. Дэлхийн хувьслыг дагаад үндэстэн бүхний онцлог цаашлаад хүний мөн чанар алдагдаж буйг хэн ч анзаардаггүй. Энэ нь хэвийн үзэгдэл мэт боловч хэн нь хэн бэ ? гэдгээ аажмаар мартаж буй “аюулын харанга” юм. Хондлой дээрээ хөх толботой төрдөг учир монголчуудыг дээд тэн­гэрээс заяатай, тэнгэрлэг ард түмэн хэмээдэг. Гэвч хөх толбо нь өдрөөс өдөрт бүдгэрч буй тухай зарим буурлууд ярьдаг. Бид бас л тоодоггүй. Эртнээс даган мөрдөж ирсэн зарим уламжлал ямар байсан тэр дундаа гал тахилгын тухай сануулахаар бэлтгэлээ.

Гал тахих монгол уламжлал алдагдаж байна. Монголчууд галаа дээдэл­дэг ард түмэн. Гал голомт цэвэр ариун байвал тэр айлын ажил үйлс бүтэмжтэй эрүүл энх байна хэмээн билэгшээдэг. Тиймээс галдаа хар модноос өөр юу ч хийлгүйгээр тахин дээдэлдэг ажээ. Балчир байхад эмээ өвөө минь тулганд бурхан байдаг хэмээн домог ярьдаг байсныг тод санаж байна. Галаа баярлуулъя хэмээн өөхний өөдөс, шар тос хийхэд тулган дахь гал бадамлан асч, баярлан хөөрч буй мэт дүрэлздэг байсан цаг саяхан. Тэгвэл монголчуудын энэ уламжлал мартагдахад хүрчээ. Ижий аавтайгаа амьдардаг зарим нь л галаа дээдлэхээс залуу гэр бүлүүд галаа хэрхэн хүндэлж, дээдлэх тухай мэдэхгүй байгаа нь харамсалтай. Ихэнх нь тохилог байранд амьдардаг тул гал голомт гэдэг ямар учиртай болох, хэрхэн тахих тухай мэдлэг бага байгаа нь ажиглагдаж байна.

“Монголчууд галаа тахих эртний уламжлалтай. Чингис хааны үед ч галаа дээдэлж, тахиж ирсэн. Гал голомт ариун байвал гай барцад холуур өнгөрдөг. Учир нь гал гэдэг тухайн айлын хамгаалалт ба аливаа муу бүхнийг түймэрдэн устгадаг билээ. Бүсгүй хүний бадраасан галанд өрхийн тэргүүний хийморь лүндаа хамтдаа бадамлаж явдаг. Тиймээс галдаа элдэв бохир зүйл хийхгүй, ариун байдлыг нь алдагдуулахыг цээрлэх учиртай. Галаа баярлуулах нь өөрийн дэг, ёс, уламжлалтай. Мөн орчин үеийн орон сууцанд амьдардаг айлууд гал түлэх, галаа тахих боломжгүй учир өсч төрсөн эцэг, эхийн гал голомтод очиж мөргөж, тахих эс бөгөөс нийтийн гал тахилганд очиж галын бурхныг баярлуулдаг билээ.

Гал тахих тухай.

Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ ? гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа.
Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу ? гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.
2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.
Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.
(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”)

Гал голомтоо дээдлэх ёсноос.

Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал уруугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.
Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.
Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.
Гал уруу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг.
– Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурхныг ариусгахдаа бор давс цацдаг.
– Болсон идээний дээжийг өргөдөг.
Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг.
Гал уруу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал уруу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг.
Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг.
Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.

Хүмүүс галтай болсон домог.

Урьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй “Галын хулгайч” гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.
Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалийн ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.