10 ламын нэг Жамбал-Доржи Гомбоев (1897—1983). Тэрбээр Пандит хамба лам, ЗХУ-ын шарын шашны тэргүүн

Гитлерээс Москваг аварсан 10 буриад лам

Дээрх зураг дээр 10 ламын нэг Жамбал-Доржи Гомбоев (1897—1983). Тэрбээр Пандит хамба лам, ЗХУ-ын шарын шашны тэргүүн.
“Новая Бурятия” сонинд бичсэнээр:
Дамбинима Цырендашиев, Цэдэнгийн Намсрай, Дорж Сультимов нар 10 ламын түүхийг судалж, олны хүртээл болгожээ.
Москва хотод Германчууд 20 км ойртсон, маш хүнд байв. Сталин дайснаа ялах далдын хүч хайж байжээ. Үнэн алдартны лам нараар ном уншуултал нэмэр болсонгүй.
Чингээд Буриадын 10 чадалтай ламтай уулзаж, тусламж гуйжээ.
10 лам зад барьж, эрс хүйтрүүлж ялна гээд, Улаан-Үдийн Одигитрийн сүмд аваачиж хадгалсан шидэт судрыг авчрахыг хүсэв. Тэр үед энэ үнэн алдартны сүмийг шашингүйн үзлийн музей болгосон, буддын шашны ариун гэгээн ховор зүйлсийг агуулахад нь хадгалсан байв. Онгоцоор нэг ламыг нь явуулж, хэрэгтэй зүйлүүдийг авчрууллаа.
Одигитрийн сүм-музейд ажиллаж байсан Жалсан Жабон эрдэмтэн Дугар Мижидонд: “Шөнө дунд КГБ-гийн хурандаа хаалга тогшиж, хурдан хамт явахыг тушаав. Эргэж ирэхгүй нь дээ гэж бодов. Машинд нь нэг буриад хүн сууж байв. Одигитрийн сүмд очиход хурандаа буриад хүний хэлсэн бүхнийг олж өгөхийг тушаав. Ховор нандин зүйлс тэнд байгааг маш сайн мэдэж байсан нь гайхаш төрүүлэв. Хожим би тэр хүнийг Ярууна аймгийн Эгитуй дацанд харсан билээ” гэж ярьжээ.
10 лам тэнгэр хурмасттай харьцаж, чөтгөр тэсэхээргүй хүйтнийг дуудав. Байгалийн онцгой үзэгдэлд тооцогддог тэсгим хүйтэн германчуудын хувьд эрлэг боллоо. Ингэж хүйтрэнэ гэж тэд санаагүй тул зохих бэлтгэлгүй байв. Москвагаас хойш Рейхийн арми ялагдсаар мөхсөн байдаг.
Ийнхүү 10 лам ЗХУ-ын ялалтын үүд хаалгыг нээжээ. Ийнхүү ЗХУ аврагджээ.
10 ламын түүхийг маш нууцалсан аж.
Ахмад дайчин Лэгсэг Эрдынеев, Ринчен Цыренжапов нар: “Москва хавьд дулаахан байв. Гэтэл бидэнд зузаан хувцас эрт тараасан. Бид халууцаж үхэх гэж байв. Гэнэт хар үүл нөмөрч, ширүүн шуурч, тэнгэр задарсан мэт их цас бууж, чөмөг царцам хүйтэн болсон” гэж 1995 онд дурсчээ.
1941.11.7-нд Сталин Улаан талбайд үг хэлэхдээ тэсгим хүйтэн тусалсныг дурджээ.
“Новая Бурятия”-гийн материал дээр олон нийтийн зүтгэлтэн Есугей Сындуевын үгийг нэмж сийрүүлье: “Фашистуудын танк, ачааны тэрэг, хуягтыг цэнэглэж байсан зуны шатахуун каш адил болсон. Зэвсгийн тос хөлдөж, буудаж чадахаа байсан. Фрицүүд хөлдөж хиарсан, даарч бээрч юун байлдахтай манатай болсон. Нэхий дээлтэй манай хоёр цэрэг фрицүүдийг зуу зуугаар нь олзолж байлаа”.