Цагаан шүхэрт - Бурхан багш болон бурхдын хамт

Гэгээрэл

Далай багш:
“Би өдөр бүр бясалгаж үхэлд бэлддэг. Гадаад бие, дотоод ухаан хоёр тустаа байдаг ч бясалгалын гүнзгий түвшинд очих хүртэл бие, сэтгэл тустаа байгааг ялгаж чадахгүй. Бясалгал гүнзгийрсээр улам гүнзгийрсээр хамгийн гүндээ гэгээн гэрэлийн мөн чанартай уг суурь сэтгэл л болно. Би инээд болгоод хэлдэг юм. 24 цагт би 7 удаа төрөх, үхэх мэдрэмжийг мэдэрдэг гэж. Жинхэнэ үхэлтэй тулах үед бясалгалын энэ туршлага маш их тустай.”

Далай багшийн энэ чадвар бол сахил санваар (ёс суртахуун) -ыг ариун сахиж, судар тарнийн номонд айлдсан соён гэгээрэх зам мөрд гүн ухааны үүднээс суралцаж дадлагажсаны үр дүн. Тэгвэл сударын ёсонд айлдсан нийтийн зам мөр нь юу? хэмээвээс, хүний амьдралд үхэл мөнх бус гэдэг хэзээ ирэх нь таашгүй учир гаднаас харгалзах зуурдын жаргал, нэгэн зовлон өөр нэг зовлонгийн эхлэл болж солигдон буй үеийн таашаал мэдрэмжинд өөрийгөө алдан шуналгүй ашдын бөгөөд машид бат амар амгалангийн үндэс дотоод сэтгэлийн эрхэм ариун чанарыг төгөлдөржүүлэх нь нэн чухалд үзэн сэтгэлийн балмад муу чанар шунал, уур, омог, атаа болоод түүний уг үндэс Эзэн би -д барисан, Амин хувиа хичээх мунхаг сэтгэл түүний шууд нөлөөнд бий болох элдэв атхаг сэжиг хардалтыг зовлонгийн үндэст үзэн энэрэл, нигүүлсэл, бодийн сэтгэлийг бясалган, бүхий юмс шүтэн барилдаж бүтэж буй учир оршин буй мөн чанараараа эс бүтсэн хоосон чанарын ухааныг гүнзгий судлан суралцаж, тэдгээр эрдэмийг Амирлан оршихуй (сэтгэлийг хөдлөшгүй төвлөрөлтэй болгох), Үлэмж үзэхүй (сэтгэлийг шинжигч бат чанартай болгох) -н бясалгал дияаны эрдэмтэй нөхөрлүүлэн дээрх сөрөг муу оюуны хүчийг мохоон ертөнцийн жаргал, зовлонгийн алинд ч хөл үл алдах оюуны бат хүчийг олдог байна.
Тарнийн ёсонд айлдсан нийтийн бус зам мөр нь:
Нууц тарнийн номлолд айлдсан авшиг увдис дамжлагыг хүртэн сурч, тангараг санваарыг ёсчлон сахиж дээр эзэмшсэн эрдэмүүд дээр нэмэлт болгож биеийн шим дусал болоод сэтгэлийн унаа болсон хий гүйх судасны зангилааг бясалгалаар тайлан үлдэгдэл муу сэтгэлийн нарийн чанарыг унаа болсон хийгээр нь хөөн амьтан бүгдэд төрмөл буй Гэгээн гэрлийн мөн чанартай уг суурь сэтгэлд уусган ариусгаж Гэгээн гэрлийн нарийн сэтгэл, түүний унаа болсон хийг сэрээн эрдэм бүгдээ түүний мөн чанарт төрүүлж оюун санааны төгс гэгээрэлд хүрдэг ёстой.
Эрдэм эдгээрийг эзэмшихийн тулд бие, хэл, сэтгэлийн явдлыг ариусгах сахил сахин, эгэл ертөнцийн амьдралаас аглаг хийд оронд Буддын гүн ухаан, судар, тарнийн номонд суралцаж байж эзэмших ёстой юм.
Буддизмд хуврагууд ариун явдалт сахил сахиж, гүн ухааны номонд олон жил суралцах ёстой нь ийм учиртай.
Дэндүү их бүдүүн тойм бичсэн энэ үгээр Буддизмын онцлох гол чанарыг мөчидхөн ч гэсэн таниулахыг оролдов.