Мажиг Лавдонма

Гэгээрлийн зам – Жод лүйжин

MNB – Билгийн мэлмий: “Жод Лүйжин”

Өнөөдрөөс би хамаг амьтныг
Өөрийн хүндэт зочноор урья
Өлзий жаргалант номын хуримд минь
Өнөд тааваараа цэнгэн морил оо.

Өөрөөрөө ертөнцийг дайлах нэгэн зүйл бясалгалыг “жод лүйжин ” гэдэг. <<Жод>> гэдэг нь тасдах гэсэн утгатай. “Би”-гийн шунал, зовлонгийн үндсийг тасдана гэсэн үг. <<Лүйжин>> гэдэг нь биеэ өгөх гэсэн утгатай. Цастын оронд мянган жилийн тэртээ амьдарч байсан Мажиглавдонмаа хэмээх бүсгүй өөрийн биеэр орчлонгийн амьтан бүхний цангааг тайлах энэхүү бясалгалыг хийснээр би үгүйн хоосон чанарт нэвтэрч, нэг насандаа төгс гэгээрсэн бурханы хутгийг олжээ. Чөмгөн бүрээний дуугаар ертөнцийн ад албин, чөтгөр ягчсыг ч урин дуудаж , өлссөнийг нь махаараа дайлж, цангасныг нь цусаараа ундаалж, даарсныг нь арьсаараа хучин баясгаж, өр төлөөс бүхнийг өөрөөсөө авахыг гуйдаг. Ад албин ч гэсэн хөөрхий урьд төрлийн минь эжий, үйлийн эрхээр төөрч яваа сүнс шүү дээ хэмээн өршөөн нигүүлсч эх үрийн элбэрэл журмаар өөрийгөө золиослох бясалгал хийдэг юм. Өглөг золиос бүхнээрээ дамжуулан би – үгүй хоосон чанарын билгийн гэгээг ертөнц дахинд түгээдэг ажээ.
“Эд таваарын чуулганыг зуу дахин хурааж өглөг үйлдсэнээс биеэ өргөх бясалгалыг нэгэнтээ үйлдэх нь тустай. Өөртөө дотно хайртай зуун хүнд асрангуй сэтгэлийг төрүүлснээс өөрийг чинь гутаан доромжлогч нэг хүнд асрангуй сэтгэлийг бясалгах нь тустай. Энэ насны ашиг алдар, амгалан жаргалыг эгээрч насан турш сахил журмыг сахиснаас хурсан бүхэн сарнидаг жам ёсыг нэгэн агшнаа сэнхрэх нь тустай. Гадна талын зуун түмэн ад зэтгэрийг номхотгосноос дотоод “би”-г баригч хөлчин адыг хумсын чинээ хороох нь тустай. Би, би гэсэн омог сайрхлаар зуун жил буян үйлдсэнээс би – үгүй хоосон чанарыг нэгээхэн хором бясалгах нь тустай. Мэргэн, ариун гэгдэхийн хүслээр зуун жил номлол үйлдсэнээс <<би хэзээ үхэх бол>> гэж агшин зуур сэхээрэх нь тустай. Өндөр суудал, өргөн хишгийг горилон зуун жил бясалгал хийснээс дорд суудлыг барин, хамаг амьтны боол сэтгэлийг нэгэн агшин үүсгэх нь тустай. Эдгээр нь гуйранч эм миний номын ёс оо. Үхэхийн цагт ертөнцийн эд агуурс, бие цогцос, өмчлөх бүхнээсээ ширхэг үсийг зуунтаа хагалж зүссэний ганц хувийг ч авч одохгүйн учир гадна дотны “би”-д баригч гайхлаас хагацсанаар өмөөрөх хамаарах юу ч үгүйгээр амь биеийг хайхралгүй аль таалсан бүхний идэш олзонд хувирган өргөсүгэй. Өвчин зүдгүүр, ад хорлол юу ч тохиолдсон би – үгүйн агаараас самадийн засал үйлдэх тул шоо төлөг, гайс засал, гүрэм ном үйлдэх хэрэггүй. Энэ бол гуйранч эм миний номын ёс оо. Би хэмээх байвал шулам байдаг. Би хэмээгч үгүй бол шулам ч үгүй.” гэж МАЖИГЛАВДОНМАА хэлжээ. <<Цоороо аваад дуултал чөтгөр уярчээ>> гэдэг шиг өөрөөсөө илүү өрөөлийг хайрлах сэтгэл төрсөн цагт ад албин ч хорлож чаддаггүй гэнэ. Ад албиныг хүртэл асран нигүүлсэх бодь сэтгэлтэн жирийн амьдралд өөрийг нь гутаан доромжилж, хараан зүхэж, хууран мэхлэгчдийг ч өр зүрхний гүнээсээ ерөөн адислаж таараа.

Надад чиглэсэн үйлдэл бүр чинь
Насан жаргалыг та нарт авчраг .
Уурлах, сүсэглэхийн аль нь ч байсан
Учралын дээдийг та нарт хурайлаг.
Хэн намайг үгээр доромжилно ,
Хэн намайг үйлдлээр гутаана ,
Хэн намайг сэтгэлээр хорсоно
Тэр бүхэн гэгээрэх болтугай.

Жодын ном нь Бурхан багшийн айлдсан судар, тарнийн аймгийн номлол сургаалиас эх үндэстэй юм. “Жод буюу “таслахуйн” аймгийн номыг билэг барамидын чинад хязгаараа хүрсэн таалалын утга, бясалгал бүтээлийг олсон дээдэс нарын увьдас, ертөнцөд олдохуйяа бэрх дээдийн ном” хэмээн Жамъянгомбо бээр “Шимнусыг таслахуйн орны гүн утга тааллын зүрхэн увьдас” (མན་ངག་བདུད་ཀྱི་གཅོད་ཡུལ་ཟབ་དོན་ཐུགས་སྙིང་) хэмээх номондоо айлдсан байдаг. Бурхны шашны олон тогтсон тааллын дотроос жод лүйжингийн ном нь төвдөөр “шижэд жүд” (ཞི་བྱེད་བརྒྱུད) буюу монголоор “амарлиулагч дамжлага” хэмээх дамжлагын нэгэн бүрэлдэхүүн хэсэг болно гэж үздэг билээ. “Шижэд жүд” ёсны уг гарвал, нэрийн утга учрыг мөшгөн үзвэл урьд үеийн хүмүүс “шижэд жүд”-ийн утгийг номын ёсоор зовлонг амарлиулан үйлдэх хэмээн нэрийдсэн байх нь бий. Номын ёсоор урьд төрлөөс хураасан үйлийн үрийн эрхээр энэ насанд бие муудах, өвдөх, ядуурах, хүмүүн бусын амьтанд хорлогдох зэрэг зовлонг дав даруйд арилган, амарлиулахын утга гэж номлосон байна. Гэхдээ энэ насны зуурдын барцад саад зэргийг арилган амарлиулах төдий биш энэхүү дамжлагын гол увьдас нь билэг барамидын анхааран авлагыг голлон үйлдэхийн үүднээс бусдаас ялгамжаатай юм.

Тиймээс Падамба Санжай айлдахдаа: (སྡུག་བསྔལ་ཐམས་ཅད་རབ་ཏུ་ཞི་བར་བྱེད་པའི་སྔགས) “хамаг зовлонг машид амарлиулан үйлдэгч тарни” хэмээн Ширнэн сударт айлдсан байдгаас үүдэн нэрлэсэн гэж Тууган гэгээн Лувсанчойжинямын “Тогтсон таалал сайн номлолын болор толь” (ཐུའུ་བཀྭན་གྲུབ་མཐའ་ལེགས་བཤད་ཤེལ་གྱི་མེ་ལོང་) номонд өгүүлсэн байна. Энд нэгэн зүйлийг дурдахад Өндөр гэгээн Занабазар Монгол зон олны заяа буян, хишиг хийморийг дэлгэрүүлэх нэгэн тусгай сангийн судар айлдан соёрх хэмээн Дөтгөөр дүрийн Банчэн богд Лувсанчойжижанцанд хичээнгүйлэн айлтгасны хариуд зохиосон гэх “Дашчарвэв” буюу “Өлзий хутгийн хурыг буулгагч” хэмээх Монголын нийт олон хүрээ хийд, хурал номын газар, лам хуврагуудын амны уншлага болсон сударт (ཞི་བརྒྱུད་བརྒྱུད་པའི་བླ་མ་བསངས) “Шижэд жүдби лама сан” гэх мөр бий. Үүнийг монголчилбоос “Амарлиулагч дамжлагын багш нар ариулму” хэмээх болно.

“Шижэд жүд”-ийн нэгэн бүрэлдэхүүн болсон “Жод” буюу “таслах” хэмээх үгийн утга нь асархуй, нигүүлсэхүй, бодь сэтгэлээр өөрийн тус хэргийг эрхэмлэхийг таслах, хоосон чанарын үзлээр орчлонгийн үндсийг таслах гэсэн утгатай гэж Тууган гэгээний “Тогтсон таалал”-д өгүүлжээ. “Жод”-ийн ёсыг анх Падамба Санжай гэгээн тусгайлан Бурхан гэгээний зарлиг дээр үндэслэн үүтгэн гаргасан байна. Падамба Санжай Төвдөд гурав дахь удаа заларч ирэхдээ Жодон Соднам лам (སྐྱོ་སྟོན་བསོད་ནམས་བླ་མ) болон Марасэрбо (སྨ་ར་སེར་པོ) хоёр зэрэг хүмүүст жодын увьдсыг хайрлажээ. Жодон Соднам ламаас Мажиг Лавдонма жодын дамжлага хүртсэн байна. Бурхан багшийн айлдсан Жамбалзаржүд зэрэг сударт Мажиг Лавдонма (མ་ཅིག་ལབ་སྒྲོན་མ)-г билэг билгүүний эх дагина эмэгтэй хүний дүрээр Төвдөд заларч ирээд жодын ёсыг дэлгэрүүлнэ гэж эш үзүүлсэн байдаг. Тэр ч ёсоор Мажиг Лавдонма Төвд нутагт жод лүйжингийн номын увьдасыг түгээн дэлгэрүүлжээ. Түүнээс номын рашаан хүртэж, бясалгал бүтээлийн чинадад хүрсэн олон шавь нар гарснаас бодитой ойрын хорин нэгэн шавь нараас улбаалан одоог хүртэл жодын ёс тасралтгүй улам өргөжин дэлгэрсээр ирсэн байна. Хожим хүй сангаас гаргасан жодын зарим нэгэн увьдас ч бий гэх ба Жалтанба Самданодсэр (རྒྱལ་ཐང་བ་བསམ་གཏན་འོད་ཟེར) Мажиг Лавдонматай золгон соёрхол олсон Жалтангын жодын ёс, Догдан Нацограндол (རྟོགས་ལྡན་སྣ་ཚོགས་རང་གྲོལ)-д соёрхосон “Сонорын дамжлага гүн мөр” (སྙན་བརྒྱུད་ལམ་ཟབ) зэрэг жодын хэд хэдэн ёс бий. Богд Зонховын гэгээнд Манзушри бурхны соёрхсон Манзушрийн номын аймагт Тойнагын адистид, жодын увьдас багтаж байсныг Ялгуусан Бэнсава гэгээнээс дамжигдан ирсэн жодын ёс одоог ч хүртэл дэлгэрсээр байгаа билээ.

Жодын баримтлах үзэл нь дэлгэрэнгүй, дунд, хураангуй “Юүм” судар, ялангуяа “Додүдба” судар учраас төв үзэл тэр дундаа хэтрүүлэгч төв үзлийн үзэл баримтлалтай салшгүй холбоотой юм.

Жодын увьдсын гол мөн чанар нь билэг барамидын утгийг тарнийн ёстой уялдуулан үйлдэх бөгөөд эл увьдсын эх сурвалж нь дэлгэрэнгүй, дунд, хураангуй гурван “Юүм” судар болно. Ялангуяа гол эх сурвалж нь “Додүдба” судар юм хэмээн мэргэд бичсэн байна. “Додүдба” сударт:

རྒྱུ་རྣམས་བཞི་ཡིས་བྱང་ཆུབ་སེམས་དཔའ་མཁས་སྟོབས་ལྡན། །བདུད་བཞི་ཐུབ་པར་དཀའ་ཞིང་བསྐྱོད་པར་མི་ནུས་ཏེ། །སྟོང་པར་གནས་དང་སེམས་ཅན་ཡོངས་སུ་མི་གཏོང་དང་། །ཇི་སྐད་སྨྲས་བཞིན་བྱེད་དང་བདེ་གཤེགས་བྱིན་རླབས་ཅན། ། гэж гардаг.

Монголоор орчуулбал:

“Дөрвөн шалтгаанаар мэргэн хүч төгөлдөр бодьсадва

Дөрвөн шимнусд үл чадагдах бөгөөд хөдөлгөн үл чадах

Хоосноо орших ба амьтныг үл огоорох хийгээд

Ямар мэт өгүүлсэн мэт үйлдэх ба сайвар ажирагсад адислах” болно.

Үүний утга нь дөрвөн шалтгаан гэдэг нь хоосноо орших, амьтныг үл огоорох, ямар мэт өгүүлсэн мэт үйлдэх, сайвар ажирагсад адислах дөрөв болно. Хоосноо орших гэдэг нь хоосон чанарын үзлийг бясалгах, амьтныг үл огоорох гэдэг нь асархуй, нигүүлсэхүй, бодь сэтгэл бясалгах утга. Энэ хоёр нь амарлингуй жодын анхааран авлага болно. Ямар мэт өгүүлсэн мэт үйлдэх гэдэг нь бодь мөрийн үндэс болсон багшийг шүтэх, сайвар ажирагсад адислах гэдэг нь авралын орон чуулганы ордыг тодотгон бясалгаж, долоон гишүүнт тахил, мандал өргөх зэргийн утга болно. Энэ хоёр нь жодын анхааран авлагын бэлтгэл хэсэг болдог. Дөрвөн шимнусд үл чадагдах гэдэг нь эцсийн таслах хэмжээ, мэргэн хүч төгөлдөр бодьсадва гэдэг нь энэ увьдсын аргаар бодьсадва нар орчлон, нирвааны доройтол бүхнийг даран чадах хүч төгөлдөр болохыг үзүүлжээ.

Жодын номлол нь дэлгэрэнгүй, дунд, хураангуй гурван зүйлийн билэг барамидын аймгийн судрууд, Мажиг Лавдонмагын айлдсан гадаад дэлгэрэнгүй зарлиг, дотоод увьдас, нууцын номлолын цоморлиг зэрэг, Аръяадэва гэгээн тэргүүтэй Энэтхэг, Төвдийн олон мэргэдийн “Жод чойгор” буюу “Жодын номын аймаг”-т багтах тайлбар шасдирын номлолууд, багшаас шавьд, чихнээс чихэнд дамжигдан ирсэн нийт бусын дагинасын жүд дамжлага зэргээс бүрдэнэ.

Жодын ёсны жүд дамжлагын гол судар болох “Намхай гожэд” сударт: “чанарт ухааныг нийлүүлэх буюу огторгуйн үүдийг нээхийн тулд би хэмээн баримтлах үзлээ орхих хэрэгтэй. Түүний тулд орчлон ертөнц яаж гарав гэж бодох юм бол мунхаг сэтгэлээс орчлон гарна. Мунхаг сэтгэл юунаас гарав гэвэл өөрийн тань мунхаг сэтгэлээс үүдэн гарна. “Би” хэмээгч байхгүй байтал “Би”, “Би” хэмээн хүмүүс “Би”-г гаргаж ирнэ. Ингэснээр нисваанисын гурван хор, таван хорын хүч ихэснэ. Баригч, баригдахуунаар дамжуулан хүсэл, шунал төрж, үйл үйлдэж, үйлийн үрийг хураана. Үүний үр дүнд гурван орчлонгын зовлон гарна. Энэ зовлонг арилгахыг хүсвэл чөлөө учралт эрдэнэт хүний биеийг олсон бүхий энэ үеэ өдөр ургасан од мэт маш ховор тохиол юм гэж санах хэрэгтэй. Тиймээс хүний биеийг олж авсан энэ үедээ бурхны гэгээрэлд хүргэж чадах зүйлийг зайлшгүй хийх ёстой болно. “Би” хэмээн баримтлах үзлийг мөн чанарыг танин мэдэж, түүнийг үндсээр таслах хэрэгтэй болно. Үүний тулд өөрийн бие, цогц, махбодь, төрөн түгэхүйтэй холбоотой “Би” хэмээн баримтлах үзлийг таслах хэрэгтэй болдог.

“Цогцоос ухааныг салган

Чанарт ухааныг нийлүүлж

Ухааныг номын чанарт болгох” гэж номлосон байдаг.

Жодын номын тайлбарыг ихэвчлэн бодь мөрийн зэрэгтэй уялдуулан тайлбарласан байдаг. Эхлээд бодь мөрийн зэргийн оюун судлахуй тэргүүтэн сургаалийг үзэж, дотоод сэтгэл боловсорсон цагт жодын гүн нарийн увьдсыг анхааран авч, түүнээ аглаг газар бясалгах учиртай байдаг.

Үүнийг батлан IX богд айлдахдаа: “Пад” хэмээх үсэгний “Па” нь чинад хязгаарт хүрэх билэг барамидын хөлгөнийг, “Д” нь нууц тарнийн очирт хөлгөнийг билэгдэх бөгөөд ингэснээрээ судар, тарнийн хоёр хөлгөнийг хослон орохуйн утгийг гаргаж байгаа юм. Зарим хүмүүс жод лүйжинг зөвхөн биеийн өглөг төдийд ойлгодог. Биеийн өглөгөөр буян хураадаг ч тэр төдийгөөр “жод” хэмээх ойлголтыг хязгаарлаж болохгүй. Бид буяны болон билгүүний гэх хоёр чуулган хураахыг эрхэмлэх хэрэгтэй. Жодын бясалгалын арга нь ухаан, бие хоёрыг салган, биеэ дээд зочидод тахил, доод зочидод юу хүссэн бүгдийг өглөгт өргөнө. Билгүүний чуулган нь жодыг уншиж буй бодьгал, өглөгийн орон, тахилын эд гурвыг цөм нэрийн төдийд бүтсэнээс бус тоосны төдийд ч өөрөө бүтээгүй хэмээн үзэх хоосон чанарын онолтой холбох учиртай.

Цагын уртад жодын номлол сургааль нь зарим нэгэн жодын дамжлагын үедээ жинхэнэ ёсоор нь бүрэн төгс номлогдож чадаагүй юм уу өөр зүйлтэй холицолдсон, зарим нэгэн өөр өөр урсгалын номлолын дагуу үзэл баримтлал нь өөрчлөгдсөн зүйл бас байна гэж Тууган гэгээн тэмдэглэжээ.

Лүйжин гэдэг номыг уншиж байгаа газрын, сонсож байгаа хүний муу муухай бүхэн арилдаг гэж үздэг. Хүмүүсийн өдөр тутмын амьдралд олон ад зэтгэр тааран өнгөрч байдаг. Тэр бүгдийг арилгахад Лүйжин номын утга оршиж, хамаг амьтан зургаан зүйлийн тусын тулд сайн сайхны төлөө зориулагддаг.

Жанчивдэчинлин хийд – Лүйжин номын тухай

Самъяа хийд – Лүйжин