Ошо - Нүдээ аниж буй

Ошо багшийн гэгээрсэн түүх

Ошогийн “Агнистын гэгээ” цувралд:
1953 оны 3-р сарын 21-ний галав юүлсэн өдрийг дурсъя. Олон төрөлдөө би өөрийгөө дайчилж, хийвэл зохих бүхнийг хийсээр ирсэн. Гэвч түүнтэй учрахгүй л байсан. Яагаад учрахгүй явснаа одоо ойлгодог. Хичээл чармайлт минь саад болж, эрэл хүсэл минь тотгор болжээ. Эрж хайхгүйгээр юунд ч хүрэхгүй. Эрэл хайгуул хэрэгтэй. Гэвч эрлээ хүртэл орхих учиртай цаг ирдэг. Гол гатлахад завь хэрэгтэй ч дараа нь завинаасаа бууж, орхин одох ёстой. Хичээл зүтгэлгүйгээр юунд ч хүрэхгүй. Гэвч дан ганц зүтгэлээр бүтэхгүй.
1953 оны 3-р сарын 21-нээс долоо хоногийн өмнө би бүх хичээл зүтгэлээ зогсоосон. Хэчнээн хичээгээд нэмэргүйг харах мөчид бүх хүсэл аяндаа замхарсан. Юу ч эрж хайхгүй, юу ч хүсч хүлээхээ больсон тэр өдөр тэр зүйл эхэлсэн. Ер бусын эрчим энд-одоогоос ундарч эхэлсэн. Тусгай орон зүгээс биш, хаа сайгүй зүг бүрээс асгаран байлаа. Тэрээр мод, чулуу, агаар тэнгэр, нар эрхэс бүгдэд байсан. Би түүнийг алс холын юм шигээр бодож эрэн бэдэрч явсан. Гэтэл тийм ойрхон, дэргэд байсан юмсанж. Би хайж байсан болохоороо түүнийг хардаггүй байж. Эрэл үргэлж алслалд өрнөдөг. Алс холыг саравчилж байгаа хүн дэргэдэхээ анзаарахгүй шүү дээ.
Эрэл замхарсан тэр өдөр би өөрөө ч замхарсан. Эрэл хүсэлгүйгээр “би” орших боломжгүй. “Би” буюу эго бол тогтмол эд юм биш, урсгал үйл явц. Хором тутам чи түүнийг өөрөө бүтээж байдаг. Дугуй унахтай зүйрлэж болно. Дөрөөг жийгээд байх юм бол яваад л байна. Жийхээ болибол дугуй зогсож таарна. Өмнөх жийлтийн хүчээр жаахан явж магадгүй. Хүч нэмэхгүй л бол зогсох нь тодорхой. Бид хүслийн дөрөөг жийдэг учраас эго оршин тогтдог.
Бид үргэлж өөрсдөөсөө түрүүлж, ирээдүй үрүү үсэрдэг. Энэхүү бодит бусын зүг хийх үсрэлт бүр эгог бүтээдэг. Бодит бусаас үүдсэн тул эго зүүд зэрэглээ мэт. Хүслийн цангаанаас өөр юу ч үгүй. Эго ирээдүй цаг дээр оршдог. Чи өөрөө ирээдүй цагт орших аваас эго маш бодитой санагдана. Одоо цагтаа орших юм бол эго зүүд зэрэглээ мэт замхарна.
Эрлээ зогсоосон тэр өдөр минь… Зогсоох гэж хэлэх нь зохисгүй. Эрэл зогссон өдөр гэж залруулъя. Учир нь, би түүнийг зогсоосон бол би байсаар л байна. Хүслээс ангижирсан мэт боловч маш нарийн сувгаар хүсэл цувирсаар байх болно. Хүслийг зогсоох боломжгүй, зөвхөн сэхээрэх боломжтой. Сэхээрэл дунд хүсэл өөрөө зогсоно. Хүслийг зогсоох хэн ч үгүй, бас хүслээс ангижраагүй цагт үнэнтэй үл учирна гэдгийг санаж яв. Яах ч аргагүй мэт санагдах буйза. Хүн бүхэн хүслийн хорвоод амьдардаг. Гэтэл Будда нар хүслээс гэтлэх ёстой гэдэг. Тэгсэн атлаа хүслийг чи зогсоож чадахгүй гэнэ. Тэгээд яах ёстой вэ? Зөвхөн сэхээрэх. Хүслийн гүнд нэвтэрч, түүний бодит биш хуурмаг чанарыг илрүүлэх. Тэр цагт хүлээс өөрөө задрах болно. Хүсэл, эго хоёр бие биедээ шүтэлцдэг. Хүсэлгүйгээр эго, эгогүйгээр хүсэл оршиж чадахгүй. Энэ хоёр нэг зүйлийн хоёр тал.
Тэр өдөр миний хамаг горьдлого, найдвар замхарсан. Ирээдүй алга болсон. Ирээдүй байгаа цагт чиний өмнө шинэ, шинэ зэрэглээ ургасаар “Алив гүйгээрэй, тэгвэл чи хүрнэ” гэж даллах болно. Гэвч хэчнээн гүйсэн ч түүнд хүрэхгүй. Тэнгэрийн хаяа мэт харагдах атлаа хоосон. Чамайг хурдан гүйвэл төдий чинээ хурдан алслах. Удаан явбал төдий хэр удаан алслах. Ямар ч тохиолдолд та хоёрын дундах зай хэвээр үлдэнэ. Энэ зайг чи хүслийн гүүрээр холбох гэдэг. Гэвч тэнгэрийн хаяа бодит бус учир тэр гүүр ч төсөөлөл төдий.
Эрэл хүслийнхээ үр шимгүйг харж, итгэл сэтгэл алдарсан мөчөөс нэгэн зүйл эхэлсэн. Олон төрөлдөө хичээн зүтгээд олж хүртээгүй зүйлээ хүртэж эхэлсэн. Хүсэлгүйн агаарт хүслэн болж явсантайгаа учирдаг. Найдах зүйлгүй болсон цагт даяар оршихуй чамайг ивээн тэтгэдэг. Учир нь, чамайг ажиллаж байх үед оршихуй хөндлөнгөөс оролцохгүй, хүлээн суудаг. Өнө мөнх түүнд яарах хэрэг үгүй тул хэчнээн ч удаан хүлээж чадна. Хэзээ бүрмөсөн алдрах тэр үед чинь оршихуй чам уруу шунган орно. Анх удаагаа жинхэнэ учрал өрнөнө.
Долоо хоногийн турш би түших тулгуургүй, зуурах горьдлогогүй төлөвт байсан. “Горьдлогогүй” гэдэг үгийг би та нарын хэрэглэдэг сөрөг утгаар хэлээгүй шүү. Энэ үгэнд би өөрийн туршлагаас үүдсэн шинэ утгыг оноож байна. Горьдлогогүй болсноор би гансарч шаналаагүй. Харин эсрэгээр амгалан жаргалтай, бүрэн төвлөрсөн байв. Энэ бол сөрөг төлөв биш, туйлын эерэг төлөв. Ердийн хоосрол биш, ер бусаар дүүрч бялхсан төлөв. “Түших тулгуургүй”-г би бас толь бичигт байдаг утгаар хэлээгүй. “Би”-гээс салж, тулах цэггүй болсноор ёроолгүй ангал уруу хальснаа хэлж байна. Гэхдээ айдас байгаагүй. Учир нь, айх хүн үгүй, авран хамгаалагч ч үгүй байсан.
Тийнхүү долоо хоног ер бусын хувирал үргэлжилсээр сүүлчийн өдөр цоо шинэ эрчим хүч, гэрэл гэгээ, жаргал таашаалд тэсэхийн аргагүй болж, галзуурч солиормоор, тэсэрч дэлбэрмээр болж ирлээ. Тэр амсуурыг үгээр илэрхийлэхийн аргагүй. Илэрхийлсэн үг бүхэн сүүмгэр бүүдгэр санагдана. Тийм амьд зүйлийг яаж амьгүй үгээр илэрхийлэх. Тийм үлэмж давалгааныг яаж уйтан нэрийтгэлд хаших вэ? Өдрийн турш хачин жигтэй үйл явц намайг балмагдуулж байв. Өнгөрсөн бүхэн минь надад хамаарахаа больж, өөр хүний намтар түүх мэт хол хөндий болсон. Буддагийн “анатта” буюу “би-үгүй” гэж хэлдэг эс оршихуй болж хувирсан. Хил хязгаар бүхэн сарниж, зааг ялгаа бүхэн замхарсан. Сэтгэл оюун сарниж, сая живаа бээрийн алсад, барихын аргагүй чанадад алдуурсан. Гэхдээ барьж тогтоох хүсэл ч байгаагүй. Талийвал талийна л биз.
Орой болохын алдад тэсэхүйеэ бэрх боллоо. Амаржих гэж байгаа эх шиг дуншиж эхлэв. Уул нь би тэр өдрүүдэд арван хоёр, эсвэл нэг цаг хүргэж унтдаг байлаа. Харин тэр орой өөрийн эрхгүй нүд анилдаад байв. Нэг л юм болох гээд байгааг мэдрэх. Яг юу гэдгийг нь хэлж мэдэхгүй. Магадгүй, үхэл ч байж болох. Гэхдээ надад айдас төрөөгүй. Тийм гайхамшигтай, дэндүү жаргалтай долоо хоногийн дараа би үхлийг харамсах зүйлгүй, ханамж төгс угтах байлаа.
Цовдлогдох хийгээд дахин амилах мэт, үхэх хийгээд шинээр мэндлэх мэт онцгой нэгэн хувь зохиол булангийн цаана отон байх шиг. Би мансуурч, нүд анилдахын эрхэнд орой найман цагийн үед орондоо орлоо. Гэвч энэ жирийн нойр биш байв. Нойр, самади хоёр төстэй гэсэн Патанжалийн үгийг одоо би ойлгоном. Ганц ялгаа нь самадийн агаарт чи бүрэн сэргэг байна. Биеийн эс бүхэн гүн нойронд амарч тайвшрах атал дотоод сэрэхүйн гэрэл тод асаастай. Бие махбодын тавирсан хөндий, ухамсрын гэрэлт оргил хоёр шүтэн барилдана. Тэр жигтэй нойрон дунд эерэг, сөрөг, унтаа, сэрүүн, үхэл, амьдралын эсрэг тэсрэг туйлууд учралдаж, би хоёр хэмжээсэнд зэрэг оршин байлаа. Бүтээгч, бүтээл хоёрын учрал гэж болно. Чанад үндсийг чинь угзарсан ийм учралын дараа чи яагаад ч хуучин хэвээрээ үлдэх боломжгүй. Амьдрал шинээр эхэлж, ертөнцийг шинээр харна.
Арван хоёр цагийн орчимд миний нүд аяндаа нээгдлээ. Өөр нэг зүйл нойрыг минь үргээж орхилоо. Эргэн тойрон гэрэл гэгээ, жаргал цэнгэлийн хүчит хуй, эрчим давалгаан оволзохыг мэдэрч, өөрийн эрхгүй хөл, толгойгоо алдан автлаа. Тэр давалгаанд миний бие цогц, өрөө, байшин бүхэлдээ бодит биш болж хувирсан. Бодит ахуйтай анх учрахад бүхий л үзэгдэл бодит биш болдог. Будда, Шанкара нар ертөнцийг илбэ – маяа, зүүд зэрэглээ гэж хэлдгийн учрыг ойлгоход бэрх. Учир нь, бид энэ ертөнцөө л мэддэг. Өөр харьцуулах зүйл байхгүй болохоор үүнийгээ бодит гэж боддог. Гэтэл тэдгээр хүмүүс зүүд зэрэглээ гэж юу ярина вэ? Жинхэнэ бодит ахуйг танихаас нааш тэдний үг гүн ухааны цэцэрхэл төдий сонсогдоно.
Ертөнцийг бодит биш хэмээн өрнө дахинд тунхаглагчийн нэг нь Бэркли байв. Тэрээр хатуу логикч, үл итгэгч үзэлт нөхрийн хамт замаар алхаж явжээ. Тэр нөхөр гэнэт чулуу аваад Бэрклигийн хөлийг чанга гэгч нь цохиж орхив. Бэркли хөлөө барин, орь дуу тавин сөхчихөд нь мөнөөх үл итгэгч “Чи юундаа орилоод байгаа юм бэ? Ертөнц бодит биш гээ биз дээ? Энэ чулуу ч бодит биш атал өвдөж, ёолох учиргүйсэн” гэжээ. Ийм маягийн сэтгэхүйтэй хүн ертөнцийг зүүд зэрэглээ гэж хэлсэн Буддагийн үгийг ойлгохгүй. Будда тэгж хэлэхдээ, хана хаалга хоёр ялгаагүй болохоор ханаар гарч болно, эсвэл талхны оронд чулуу идсэн ч хамаагүй гэсэн утгаар хэлээгүй. Тэрээр үнэмлэхүй бодит ахуй байгаа, түүнийг нэгэнтээ таних юм бол бодит гэж итгэсэн ертөнц чинь хий үзэгдэл болохыг хэлсэн. Зүүдэлж байхад зүүд бодит байдаг. Шөнө бүр чи зүүдэлдэг.
Зүүд бол чиний амьдралын үлэмжхэн хэсэг. Жар насаллаа гэхэд хорин жилийг нь унтаж өнгөрүүлэх бөгөөд бараг арван жилийг зүүдэлж элээх. Шөнө бүр зүүдэлж, өглөө бүр түүний бодит бишийг мэдэвч, дараах шөнө дахиад л зүүдээ бодит гэж итгэнэ. Зүүдийг зүүд гэж ойлгохын тулд харьцуулах бодит байдал хэрэгтэй. Гэтэл зүүдэн дунд зүүднээс өөр ахуй байхгүй учир сэхээрч чаддаггүй. Харин өглөө нүдээ нээж, бодит ахуйг харснаар сая чи зүүдээ бодит биш гэж хэлнэ.
Тэр шөнө би анх удаагаа маяа буюу илбэ жилбэ гэдэг үгийн утгыг ухаарсан. Өмнө нь та нартай адил төсөөлөл төдий мэддэг байсан. Амсахгүйгээр яаж ухаарах вэ? Тэр шөнө өөр ахуйн үүд нээгдэж, ондоо хэмжээсэнд би орсон. Үнэхээр бодит, үнэмлэхүй түүнийг бурхан тэнгэр, дхарма, дао гэхчлэн аль дуртайгаараа нэрийдэж болно. Түүнд тусгай нэр, хаяг үгүй. Тэрээр тунгалаг хоосон атлаа гарт баригдмаар бодит байлаа. Хэтэрхий үлэмж түүнийг би шингээж чадахгүй бачуурлаа. Өрөөнөөсөө бушуухан гарахгүй бол багтарч үхэхээр байлаа. Тэгээд би огло үсрэн, гадаа гарав. Тэнгэр, газар, од эрхэс, мод ургамал, байгаль ахуйтай л цуг байхын тэсгэлгүй хүслэн төрсөн юм. Гадаа гармагц бачуурахаа болив. Тийм үлэмж үзэгдэлд өрөө маань дэндүү жижигдсэн юмсанж. Тэнгэр огторгуй хүртэл түүнд багадмаар. Тэхдээ л миний амьсгал уужирч, ойрхон цэцэрлэгийн зүг алхав. Тэр ер бусын алхаа байлаа. Дэлхийн татах хүч үгүй болсон мэт. Өөрийгөө алхаж, гүйж, эсвэл нисч байгаагаа ялгаж чадахгүй байв. Жингүй болсон биеийг минь өөр нэгэн хүч эзэмдэн залж байх шиг. Анх удаагаа би ганцаардлаас салж, анх удаагаа хувь хүний хүлээснээс гарч, анх удаагаа далайд дусал унасан юм. Одоо бүх далай минийх болсон, би өөрөө далай болсон. Хил хязгаар үл тэмтрэгдэх. Би үгүй, гагцхүү бүхнийг чадах цаглашгүй хүч цалгилах.
Тийнхүү алхсаар өдөр бүхэн очдог байсан цэцэрлэгтээ хүрэв. Шөнийн нэг цаг болж байсан тул цэцэрлэг хаалттай байлаа. Хулгайч аятай цэцэрлэгийн хаалгыг даван оров. Нэг л юм намайг тийшээ түлхээд байсан юм. Биеэ барих чадавхи надад байгаагүй. Би зүгээр л хөвж байлаа. “Голын урсгалыг бүү сөр, даган хөв” гэж дахин давтан хэлдгийн минь учир тэр. Би түүний аясаар байлаа. Угтаа би байхгүй, тэр л байсан. Түүнийг бурхан гэж нэрлэвэл бурхан л байсан хэрэг. Гэхдээ би зүгээр л Тэр гэж дуудмаар байна. Учир нь, бурхан тэнгэр мэтийн үгийг хүмүүс дэндүү хэрэглэж, дэндүү бохирдуулсан. Христиан, Лал, Хиндү номлогч, улс төрчид энэ үгийн гоо сайхныг эвдэж гутаасан. Тиймээс би Тэр л гэж хэлье. Тэрхүү хүч намайг эрхшээн залж байв.
Цэцэрлэгт орох агшинд бүх зүйл гэрэлтэн туяарч, адис ивээл хаа сайгүй халгин цалгилаа. Анх удаагаа би моддын ногоон өнгө, амин шимийн урсгалыг сэрж мэдрэх шиг. Цэцэрлэг нойронд умбаж, модод унтаж байсан ч би тэдний амьд ахуйг харж, өчүүхэн жаахан өвс навчны гоо сайхныг ч бахданхан байв. Эргэн тойрноо тийнхүү харж байтал тэр дундаас онцгойрон туяарах нэг мод намайг урин дуудав. Түүнийг би биш, бурхан өөрөө сонгосон. Тэгээд би тэр модны дор очиж суулаа. Намайг суухтай зэрэгцэн бүх ертөнц нам гүм боллоо. Тийм төлөвт хэр зэрэг удсанаа хэлж мэдэхгүй байна. Гэртээ үүрийн дөрвөн цагт харьсан гэхээр тэнд гурван цаг суусан байж таарах. Гэвч цаглашгүй удаан байсан. Цаг хугацаанд үл баригдах, ер юунд ч үл хөндөгдөх онгон дагшин, оёор хязгааргүй мөнхийн ахуй.
Тэр өдөр болсон зүйл хожим хойно ч үргэлжилсээр. Ил харагдахгүй ч далд чанадын байдлаар хором тутамд давтагдсаар. Хором бүрт гайхамшиг болон учирсаар. Тэр шөнөөс хойш би биеэсээ хальсан. Машид эмзэгхэн лүгээ зэрэгцэн энгүй хүчтэй болсон. Гэхдээ миний хүч чадал Мухаммэд Алигийн хүчээс тэс өөр. Энэ бол бул чулуун хүч биш, сарнай цэцгийн хүч. Чулуу сарнайг оновол сарнай тэр даруй бутарч унахаар тийм эмзэг зөөлөн. Гэвч сарнай чулуунаас хүчтэй, учир нь чулуунаас илүү амьдлаг билээ. Будда нарт эгэл ертөнцийн эр бяр байхгүй. Тэдний хүч чадал бол хайрын хүч. Эмзэг зөөлөн хэдий ч тэдний хүч үхмэл бус амьд эрчим. Хүчирхийллийн бус, нигүүлслийн хүч. Сүйтгэгч бус, бүтээгч эрчим юм.
Би биедээ оршихоо больсон хэрнээ энд байгаадаа үргэлж гайхдаг. Зүй нь, аль хэдийн халих учиртай. Гэтэл боломжгүй зүйл болоод байгаа учир би үүнийг ер бусын гайхамшиг гэдэг. Өглөө бүр нүдээ нээгээд “Энд би байсаар л байна уу?” гэж өөртөө хэлдэг. Ид шид үргэлжилсээр байна.
МҮОНТ-ийн “Бурхан багш” Энэтхэгийн ОАУСК-ны 54-р ангийн хэсэгт:
<<Ананд! Бүү шанал. Бурхан хаа сайгүй ажирч байгаа. Энэ навчинд, урсах голын усанд, гялбах нарны туяанд, сэвшээ салхинд хүртэл миний адислал бий Ананд! Газрын хөрсөнд хүртэл би оршино. Ананд! Би чиний сэтгэл зүрхэнд оршиж байгаа. бурхны адистэт хаа сайгүй бий гэдгийг үргэлж санаж яваарай.
Ананд: Хүмүүс агаар усан дээр алхахыг гайхамшиг гэдэг. Харин Бурхан багшийн айлдсанаар бол агаар усан дээр алхах нь гайхамшиг биш, харин газар шороон дээр алхах нь л гайхамшиг. Сайн харахын бол амьдралд хаа сайгүй л гайхамшиг бий. Бид л харж чаддаггүй. Хөх тэнгэрт, үргэлжид хэлбэрээ солих үүлэнд, модыг хучсан олон навчисд, балчир хүүхдийн сониуч хархан нүдэнд. Энэ бүгд амьдралын гайхамшиг юм шүү.>> гэсэн байдаг.
Ананд - Бурхан багш киноны 54-р анги - Будда хаадын хаан киноны төгсгөл
Саяхан нэг хүн надад “Ошо, та үсний тос, шампуны үнэрт хүртэл ийм эмзэг мэдрэмхий болохоор бид халзарсан хойноо л тантай уулзвал зөв юм шиг” гэж хэлсэн. Далимд нь хэлэхэд, халзан байхад буруу юун? Хар байх гоё гэдэг шиг халзан байх ч сайхан. Тэр хүн үнэнийг хэлсэн. Та нар тэр тал дээр болгоомжтой байх хэрэгтэй. Би үнэхээр эмзэг, мэдрэмтгий. Энэ миний хүч чадал. Сарнай уруу чулуу шидвэл сарнай үхэхээс чулуу үхэхгүй. Учир нь, сарнай амьд, чулуу үхмэл. Сарнайнд сүйтгэгч хүч байхгүй учраас чулуунд зам тавих болно. Чулуу үхмэл учраас түүнд сүйтгэгч хүч бий.
Тэр өдрөөс хойш би биедээ бодитоор оршихоо больсон ч нарийхан утас намайг биетэй минь холбосоор байна. Энэ бол миний өөрийн дур зориг, хүч чадал биш, гагцхүү бүхлийн таалал. Тэрээр надаар дамжуулж та нартай нэгэн зүйлийг хуваалцахыг хүсч, энэ эрэг дээр намайг хэсэг зуур торгоохоор шийдсэн бололтой.
Тэр өдрөөс хойш миний хувьд өөр ертөнц нээгдэж, энэ ертөнц бодит биш болсон. Энэ ертөнцийг бодит биш гэж хэлэхдээ би эдгээр моддыг бодит биш гээгүй. Модод үнэхээр бодитой, гагцхүү моддыг харж буй чиний зам мөр бодит бус. Модод үнэмлэхүй үнэн, бурхан дотор оршдог. Харин чи тэдний жинхэнэ ахуйг хардаггүй, хуурмаг зэрэглээг хардаг. Сэрээгүй цагт зүүд үргэлжилсээр байх болно. Энэ ертөнц бодит биш гэдэг нь ертөнц гэж боддог чиний зүүд бодит биш гэсэн үг. Зүүднээс сэрж гэмээ нь жинхэнэ ертөнцтэй учирна.
Бурхан хийгээд ертөнц гэж өгүүлдэг. Бурхан бол сэрүүн тунгалаг нүдэнд харагдах ертөнц юм. Тэрээр хаа сайгүй. Ногоон модод, гэгээн одод, шувууд болоод цэцэгс, хүүхэд… гээд л бүх юмс бурхад. Сэрсэн цагт чи бурхныг л харах болно. Харин одоо бодит ахуйг биш, зүүд зэрэглээг харж байгаа. Ганц агшин ч атугай нүдээ нээвээс цаглашгүй их адис ивээл тэнгэр, газар даяарт цацраастайг үзнэ. Энэ бол тансаг сайхан ертөнц. Гэхдээ би өөрийн харж буй ертөнцийг хэлж байна. Чиний мэдэх ертөнц бол болхи толхи, бохир заваан. Тэр бол чиний өөрийн бүтээл. Бодит ертөнцийг дэлгэц болгон ашиглаж, төсөөллөө тусгасан төдий. Зүүднээсээ гарсан цагт бүх будда нарын нээсэн тэр л ертөнцийг харна. Зүүд бүхэн хувийн шинжтэй. Анзаарч байсан уу? Амраг садан, анд нөхрөө чи зүүдэндээ урьж чадахгүй. Харин бурхан бол хувийн биш, түгээмэл зүйл. Тэрээр үргэлж байсаар ирсэн. Тэр цаглашгүй сайхан, зүйрлэшгүй тансаг ертөнцийг нээх нь амьдралын утга учир буюу.
Давтан хэлье. Хүч чармайлтгүйгээр чи түүнд хүрэхгүй. Бас хүч чармайлтаар ч түүнд хүрэхгүй. Асар их чармайлт хэрэгтэй. Тэгж байж чармайлт бүхэн утгагүй болох оргил цэг дээр очно. Түүнээс нааш зогсох учиргүй. Тийм болохоор би та нараас бүх эрч хүч, зүрх сэтгэлээ шавхан зүтгэхийг шаарддаг. Хэзээ нэг өдөр намайг юунд ч хөтлөөгүйг харах болно. Тэр өдөр идэвх чармайлт чинь өөрөө алдрах болно. Идэвх өөрөө алдарсан цагт жинхэнэ бясалгал учирдаг. Бясалгал бол идэвх чармайлтын үр дүн биш, харин учрал юм. Тэнгэр, газрыг бүрхсэн агуу их адис шид, сүр жавхлан ая зөнгөөрөө буух болно. Түүнийг хүний хүч хөдөлмөрөөр бүтээх боломжгүй. Хүний хүч хязгаарлагдмал. Харин тэрээр хязгааргүй. Бүрэн төгс бууж өгсөн үед л тэрээр залардаг. Чи өөрөө үгүй болж, “би-үгүй”, хүсэл үгүй болж, энд-одоод уусан алдрах цагт тэр ирнэ. Ирэхдээ хүчит давалгаан, эрчит хуй мэт ирж, урьд үзээгүй шинэ оршихуйн зүг шидэх болно. Гэвч эхлээд чи түүний төлөө чадах бүхнээ хийх ёстой, дараа нь үл хийхүйд суралцах ёстой. Үл хийхүйн үйл хамгийн агуу үйл. Хичээлгүй хичээл хамгийн агуу хичээл.
Тарни унших зэргээр бие, сэтгэлээ хүчлэн байж бүтээдэг бясалгал бол хиймэл бясалгал. Хэзээ ч өөрөөсөө хальж гарахгүй. Хүчилж бүтээсэн болохоор чи өөрөө оршсоор байна. Өөрөө алдарсан цагт л жинхэнэ амар амгалан гэрэлт тагтаа шиг буух болно. Есүсийг Йордан голын уснаа ухияал хүртэх үед ариун сүнс түүний дээрээс тагтаа мэт буусан гэдэг. Үнэхээр тийм. “Би-үгүй” болсон үед чиний зүрхэнд бурханлаг адис тэр мэтчилэн бууж, үүрд хоногшино.
Бясалгагч үгүй болсон үед л бясалгал ирдэг. Бурханд хүрэхийн тулд сэтгэл арилах ёстой. Үнэнийг танихын тулд мэдлэг замхрах ёстой. Хоосорч байж л дүүрдэг жамтай. Тэр шөнө би хоосроод дүүрсэн, үхээд амилсан, эс оршихуй болоод оршихуй болсон. Түүнээс өмнө би түг түмэн төрөлдөө үхэж явсан. Гэвч тэр бүхэн дутуу үхэл байж. Заримдаа бие махбод үхэж, заримдаа сэтгэлийн хэсэг, эгогийн сэжүүр мөхөж байсан. Гэвч нөгөө л бодгаль яаж ийгээд үлдэж, ахин дахин дүрээ өөрчилж, нэрээ сольсоор явсан юм. Тэр шөнийн үхэл харин жинхэнэ үхэл байлаа. Үхэл, бурхан хоёр зэрэг тохиодог юм билээ.