Сэндонма бурхдын хамт

Сэра Жэ Монгол оюутнууд: Бодь сэтгэл

Сэтгэлийн гүнээс танд мөргөе бодь сэтгэл
Сараачиж бас таныг магтая бодь сэтгэл
Сансрын амьтдад та л төрөх түн бодь сэтгэл
Сав, шимийг жаргалаар цэнгүүлээч бодь сэтгэл.

Өрөөлийн тусыг хуурмаггүй бүтээгч нь бодь сэтгэл
Өөрийн хэргийг орхилгүй бүтээгч нь бодь сэтгэл
Өндөр заяаг алгасалгүй бүтээгч нь бодь сэтгэл
Өвчингүй амгаланг аяндаа бүтээгч нь бодь сэтгэл.

Бусдад өгөх өглөгийн дээд нь бодь сэтгэл
Буян бүгдийн оройн дээд нь бодь сэтгэл
Багшид өргөх тахилын дээд нь бодь сэтгэл
Буман бурхан баясгахын дээд нь бодь сэтгэл.

Түнэр харанхуйн мунхагийг гэрэлтүүлэх нь бодь сэтгэл
Түмэн олонг хөтлөх аврал нь бодь сэтгэл
Түйтгэр бүгдээс хагацаах ерөндөг нь бодь сэтгэл
Түр ч зовлонгоос амраах ачтан нь бодь сэтгэл.

Элдэв хилэнцийг арилгах буян нь бодь сэтгэл
Ээж аавын ачийг хариулах нь бодь сэтгэл
Эл амьдралын утга учир нь бодь сэтгэл
Энэ хойдыг жаргалд хөтлөх нь бодь сэтгэл.

Бүх буянаа танд зориулъя бодь сэтгэл
Байгаа бүхнээ танд өргөе бодь сэтгэл
Амьтан бүгдийг аварч өршөө бодь сэтгэл
Алаг дэлхийг жаргааж хайрла бодь сэтгэл.

2018.12.24-26 хооронд Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багш Бурхан багшийн төгс гэгээрсэн газар болох “Дорж дан”-д “Бодь Садвын 37 гарын авлага” Ямандаг бурханы авшиг сэлтийг хүртээх үеэрээ “энэ удаагийн номонд сууж буй хүмүүс бодь сэтгэл, хоосон чанар хоёрыг өдөр бүр бодож бясалгах хэрэгтэй” хэмээн айлдсан билээ.

Айлдварын дагуу бодь сэтгэлийн тус эрдмийг дээр өчүүхэн бичихийг оролдлоо.

Бодь сэтгэл хэмээх нь амьтан бүгдийг зовлонгоос гэтэлгэхийн тухайд төгс гэгээрлийн хутгийг олохыг хүссэн сэтгэлийг хэлдэг.

Энэ нь их хөлгөний зам мөр бөгөөд их хөлгөний зам мөрд суралцахын өмнө бага хөлгөний зам мөр болох дөрвөн үнэнд оюунаа дадуулах хэрэгтэй байдаг.

Бага хөлгөний зам мөрд оюунаа дадуулахгүй их хөлгөний зам мөр болох бодь сэтгэлийг сэтгэлдээ төрүүлнэ гэх нь шашнаа сайн мэддэггүйн шинж юм.

Ер дараалал нь бол эхлээд энэ насны шуналыг буцаах чөлөө учралт хүмүүний бие олоход бэрхтэй, мөнх бус сэлтийг бодох, түүний дараагаар орчлонгийн зовлон, үйлийн үр сэлтийг бодох юм.

Эдгээр дөрвөн зүйлийг сайтар бодож өөрөө орчлонгийн зовлонгоос гэтлэе гэх бодлыг төрүүлэн тэр бодлоо эх болсон хамаг амьтад дээр бодсоноор нигүүлслийн сэтгэл төрүүлэх нь бодь сэтгэлийн гол шалтгаан билээ.

Гол шалтгаан гэдэг дээрх оюунууд төрвөл бодь сэтгэл төрөх, эс төрвөл бодь сэтгэл хэзээ ч төрөхгүй гэсэн үг.

“Хоосон чанар”

Нууц тарнийн ном сонсох бодь гал бол хоосон чанарыг олонтаа бодож хоосон чанарыг мэдсэн оюун нь Ядам бурханыг бясалгахаас, бясалгалын хүчээр элч дулаантай байх, бусдын сүнс түлхэж төрөл дээшлүүлэх, догшин дүр сэлт бясалгах төдий биш гэж айлдсан.

Тэдгээр нь тэрсүүдэд ч байдаг болохоор нууц тарнийн бусдаас ялгарах гол зүйл нь хоосон чанарыг онохын үүднээс байх ёстой гэж Далай багш айлдаж байна.

Юмс үзэгдлийн мөн чанар нь шүтэлцэж байхаас шүтэлцэлгүй нэг ч зүйл байхгүй юм. Шүтэлцэлгүй юм байх аваас үйлийн үр тэргүүтэй бидэнд илтэд мэдрэгдэх шалтгаан үрийн зүйлс байхгүй болох ба цэцэг өөрийн үрээс харгалзахгүй гэсэн үг.

Цэцэгний үр суулганаас цэцэг ургаж байгаа болохоор цэцэг нь өөрийн үрээс хараат юм.

Агшнаар эвдрэх бүх зүйл өөр өөрийн гэсэн шалтгаанаас бүтэх бөгөөд тэдгээр нь шалтгаанаас бүтэхгүй бол агшнаар эвдрэхгүй юм.

Шалтгаанаас бүтсэн байдаг нь шүтэлцэн оршиж байгаагийн шинж юм.
Шүтэлцэн орших учир харгалзахгүй биеэ даасан биш бөгөөд харгалзахгүй биеэ даасан биш болохоор мөн чанар нь хоосон буюу шүтэн барилдлагын мөн чанартай гэдэг.

Дээр өгүүлэхийг оролдсон хоёр зүйл бодож тунгаахад машид бэрх бөгөөд бидний дурлаад байдаг нууц тарни сонсохын өмнө олон дахин бодсон байх зүйлүүд.

Гэвч бид нар дээрх хоёр зүйлийг төдийлөн боддоггүй байж нууц тарни гэж байгаа нь арай л яараад байх шиг.

Монголчууд дээр үеэс морин дэл дээр өссөн болохоор тэгж яардаг нь цусанд нь шингэсэн байдаг юм болов уу.

2018.12.27.

Сэра Жэ Монгол оюутнууд.