Сэтгэл

Хэрүүл маргаан, зөрөлдөөн, талцал хуваагдал, үзэл бодлын ялгаврлал алагчлал, туйлшрал, хийрхэл, зааглалт энэ бүхэн ухамсрын нэлээд доод түвшинд л болж байдаг зүйлс юм. Сүнсний хөгжил ухамсрын түвшин дээшлэх тусам энэ бүхэн аяндаа алга болсоор ойлголцол, зөвшил, аливаа юмыг байгаагаар нь хүлээн авах хүлээн зөвшөөрөх, улмаар итгэл хайр, талархал асрал нигүүлсэл бий болдог. Харин ухамсрын дээд түвшинд бол мөнхийн амар амгалан, аниргүй, аз жаргал, баяр баясгалан л оршдог.

Энэрэнгүй

Бурхны шашинд сэтгэлийн төрх байдлыг засах, ялангуяа уур хилэн, хүсэл шунал зэрэг догшин сэтгэлүүдийг номхруулж амирлангуй болгохыг голлож айлдсан байдаг.

Үүнд суралцаж чадвал сэтгэл зөөлөрч амгалан тайван болно, сэтгэл амгалан тайван байснаар нүгэлт буруу явдлууд багасна. Ингэхийн хэрээр хамаг амьтантай бүхий л насаар эелдэг найртай харьцах энэрэнгүй зөөлөн сэтгэл төрдөг бөгөөд энэ нь бурхны шашинтны хамгийн эрхэм чанар байх бүлгээ.

Оюунлаг

Сэтгэл зөөлрөхийн хэрээр номхон дөлгөөн байсны ач тус ирж амьдрал улам бүр аз жаргалтай болдог. Тийм учраас бурхны шашинд аз жаргалыг гаднаас бус зөвхөн дотоод сэтгэлээс эрэх хэрэгтэй гэж номлодог.

Энэ нь бидний хүсэн хүлээдэг аз жаргал дан ганц гадаад эд баялаг бус дотоод сэтгэлээс үүдэлтэй гэсэн үг юм. Иймд бурхны шашин нь жаргал, зовлонгийн мөн чанар, тэдгээрийн эх үүсвэр, зовлонгоос салах ба аз жаргалд хүргэх зам мөрийг учир шалтгаан, уран нарийн ухаанаар нотлосон “би” үгүйн онол, хоосон чанар, шүтэн барилдлагын ухаан зэрэг гүн нарийн увидсыг өөртөө агуулсан байдгаараа сүсэгтэн нараас мухар сүсэг, мухраар даган бишрэх бус оюунлаг, ухаалагаар хандахыг шаарддаг юм.

 

“Амгалан аж төрөхүй” номын хэсэгт:

Ухаарал бол амжилтын эх булаг билээ.

Ухаарахуй нь мунхагийн харанхуйгаас салах тод гэрэл билээ
Ухаарахуй нь уурыг унтраах сэрүүн рашаан билээ
Ухаарахуй нь шуналыг ширгээгч хүчит гал билээ
Ухаарахуй нь омгийг дарагч саруул оюун билээ
Ухаарахуй нь атаа жөтөөг арилгагч ариун эм билээ
Ухаарахуй нь архи, тамхины муу зуршлаас салгах уран арга билээ
Ухаарахуй нь тангараг дамцаг сахиулах эв эе билээ
Ухаарахуй нь гэгээрэлд хүрэх, аз жаргалтай амьдрахын алтан түлхүүр билээ.
Бурхны шашнаар бол мунхагийн харанхуйг арилгаж би, би гэдэг үзлээ л хая хэмээн сургадаг. Ертөнцийн ёсоор бол архи, тамхийг хэрэглэхгүй бол сайн сайхан байна гэж үздэг. Бусдын тусыг эрхэмлэж чадвал аз жаргал ирнэ шүү дээ.

Уур бол ухаарахад саад болдог хамгийн том бэрхшээл. Уурын мунхагаар бодит байдлыг танихаа болино, уурын мунхагаар сайн мууг ялгахаа болино, хутгана. Уурын уршгаар насан туршдаа арилгаж үл чадах хар толбо болохоор шийдвэр гаргаж болзошгүй. Гагцхүү уурын мунхагаар хамаг буянаа уурын галаар шатаана.

Шунал болвоос байнга бодогдож, сэтгэлийг зовоож, аливаа үйлийг олз ашгийн нүдээр харна. Хэт их хүсээд, донтоод өөрийгөө үл мэдэж эхэлнэ. Шуналыг давстай устай зүйрлэн үзэж болох юм. Давстай усыг уух тусам ам цангадаг шиг шунал нь улам их хүсэн, араас нь хөөцөлдөх тусам барагдашгүй, гүйцэгдэшгүй шинж чанартай.
Шунал гэдэг нь ерөнхийдөө аливаа зүйлийг хөдөлмөрлөхгүйгээр, эсвэл ёс бусаар, бусдад хорлолтойгоор өөрийн болгож өмчлөх, авч эзэмшихийг хүсэх сэтгэл юм.
Омог нь өөрийгөө бусдаас илүү дээр гэж хөөрөн бодох буруу сэтгэл юм. Омог дандаа бусдыг өөрөөсөө доош муу хэмээн сэтгэж юм болгонд дээрэнгүй сэтгэлээр хандана. Омог нь эрдэмд суралцаж байгаа хүмүүст хамгийн хортой юм. Өөрөө л бүгдийг мэддэг мэт, бусад хүмүүсийг мунхаг мэт санаад, өөрийнхөө өчүүхэн бага мэдлэгийг туйлын үнэн зөв гэж сэтгэдэг бөгөөд мунхагаар үүсч, омгоор хөллөсөн буруу сэтгэл юм шүү.
Өөрийн эрдэм бага болоод
Омог дээрэнгүй ихэдвээс
Өст өшөөтөн олон болоод
Үргэлж бүгдээр үл таалмуй
Бусдыг өөрөөсөө илүү хэмээн сэтгэж, хүндэлж байвал омог дарагдана.
Агуу их эрдэмтэй боловч
Адгийн зэргээр явбаас
Атаархал жөтөөрхөл өчүүхэн болоод
Аливаа бүхэнд аятай болмуй.
Ошо багшийн “Өөрөө өөртөө гэрэл бол” номонд Буддын сургааль:
Өөрийгөө үл дөвийлгөх нь бэрх.
Энэ ертөнцөд хамгийн бэрх зүйлсийн нэг бол өөрийгөө үл дөвийлгөх юм. Өөрийгөө жир биш гэж бодох нь хэтэрхий жир хэрэг. Учир нь энэ бол бүх нийтийн хандлага. Хэрэв чи үнэний замаар явахыг хүсч байгаа бол эгэл даруу байх ёстой гэж Будда хэлдэг. Өөрийгөө эгэлгүй гэж тунхаглах хэрэггүй. Эгэл байх агшиндаа чи эгэлгүй болж хувирна. Бусдаас онцгой гэж өөрийгөө бодохгүй бол үнэхээр онцгой нэгэн болно. Гаднаа хэлдэг ч бай, үгүй ч бай хүн бүхэн өөрийгөө онцгой нэгэн гэж үздэг. Оршихуйн эх сурвалжаас ирсэн болохоор хүн бүхэн онцгой. Гэхдээ бас ижил эх сурвалжаас ирсэн болохоор хэн ч онцгой биш. Өөрийгөө юу гэж боддог вэ ? Бусдын тухай тэгэж бод. Бас бусдын тухай юу гэж боддог вэ ? Өөрийгөө түүнчлэн бод. Тэгвээс бардамнах сэтгэл чинь арилах болно. Бардамнал бол халуурал. Эрүүл саруул хүн халуурахгүй шүү дээ.

https://www.facebook.com/groups/347633536688091/posts/50