Мэдрэмжээ дарангуйлдаг хүний 5 шинж

Бид өдөр бүр их бага хэмжээгээр мэдрэмжээ дарангуйлдаг. Чухал болон жижиг хэргүүд дээр. Нэг хүн хөл дээр гишгэнэ – дуугүй өнгөрнө, захирал дуудаж загинана – дуугүй өнгөрнө, найз залуу хаяна – юм хэлж чадахгүй. Ингэж дарангуйлах үед үүссэн сөрөг бүхэн сэтгэлд хуримтлагддаг. Бас эрт орой хэзээ нэгэн цагт муу үр дагавар үүсдэг. Энэ тал дээр нялх хүүхэд илүү эрх чөлөөтэй. Тэр хүссэн цагтаа орилж, хашхирч, уйлдаг. Бас чанга инээдэг, бодсон санаснаа шууд хэлдэг.

Илэрхийлж чадаагүй сэтгэл хөдлөлүүд хүнийг дотроос нь иддэг гэж сэтгэл зүйн шинжлэх ухаан үздэг. Бидэнд өөрийгөө мэдрэхийг, сонсохыг хэн ч зааж өгч байгаагүй. Бас төрж буй сөрөг сэтгэл хөдлөлөө яахыг ч хэлээгүй. Он удаан хуримтлагдсан сэтгэлийн хорыг зөвхөн мэдэрч туулснаар арилгах боломжтой. Үүнд Аниргүй төвийн идэвхт бясалгалууд тусална. Хүмүүс уурлах, айх үедээ голдуу мэдрэмжээсээ зугтдаг. Зугтахын тулд сайхан хоол идэх, архи тамхи хэрэглэх, спортоор хичээллэдэг. Ингэснээр асуудал шийдэгддэггүй. Зүгээр л далд ухамсарт гүнзгий шигддэг. Мэдрэмжээ дарангуйлдаг хүнд дараахь 5 шинж илэрдэг:

1. ГЭНЭТИЙН ӨВЧИН
Олон өвчин мэдрэмжээ дарангуйлснаас болж үүсдэг гэж психосоматик шинжлэх ухаанд хэлдэг. Уур хүрлээ, илэрхийлэхгүй удаан явлаа, элэгний өвчтэй боллоо. Айдсаа дарангуйллаа, булчин шөрмөсний таталт, чангарал үүслээ, мэдрэл зүрх судасны өвчин эхэлнэ. Мэдрэмжээ дарангуйлдаг хүн зөв хооллосон ч ходоодны шархтай болдог. Хүний дотор сөрөг сэтгэлийн галт уул оволзох үед бие махбод хүнд байдалд ордог. Сэтгэл хөдлөлийг илэрхийлэхгүй удвал хор нь бие махбодоор дамжин гадагшилдаг. Энэ нь гэнэтийн өвчин байдлаар илэрдэг.

2. БАЙНГЫН ЗАВГҮЙ АМЬДРАЛ
Чөлөөт цаг гарах үед хүн юм бодох болдог. Харин юм бодох үедээ асуудлуудаа шийдэх ёстой болдог. Гэхдээ хүн ингэхийг хүсдэггүй. Тиймээс л өөртөө их ажил үүсгэж, гадуур дотуур байнга юм амжуулж, хүүхэд шуухадтайгаа хэт зууралддаг. Сэтгэл санааныхаа асуудлыг шийдэхийн оронд хүн юу ч хамаагүй хийж завгүй амьдардаг.

3. БУСДААС ТУСГААРЛАЛТ
Тулгараад байгаа асуудлынхаа гарцыг хайхгүй байх, сэтгэл гутралд орсон шалтгаанаа ойлгохыг хүсэхгүй үедээ хүн бусдаас тусгаарладаг. Хамаатан садан, найз нөхөдтэйгээ бараг харьцахаа байдаг. Яагаад гэвэл, тэд юу болоод байгааг заавал асууна. Хамгийн их яриа хүн хүртэл мэдрэмжээ дарангуйлах үедээ сүүдэр мэт харагдахгүй хүн болдог.

4. ХЭТ ТӨГС БАЙДАЛ
Мэдрэмжээ дарангуйлсан хүн өөрийнхөө алхам бүрийг, үйлдэл бүрийг хянаж эхэлдэг. Яагаад гэвэл бүх юм зөв байхад шийдвэр гаргах шаардлагагүй. Амьдрал тогтсон дарааллаар үргэлжилнэ. Юмыг ингэж хяналтандаа байлгах гэж хэт их оролдвол сэтгэцийн өвчтэй болох магадлалтай.

5. ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ БАЙДАЛ БА БУРУУТГАЛ
Мэдрэмжээ дарангуйлах зуршлыг олон хүн хүүхэд насандаа олсон байдаг. Гэр бүлийн таагүй нөхцөл, сургууль дээр амсах доромжлол хүүхдийг ийм болдог. Өөрийгөө хэн ч юу ч биш гэж мэдрэх мэдрэмж нь өөртөө үл итгэх байдлаар илэрдэг. Ийм хүн насанд хүрсэн ч өөрийгөө бүх юманд буруутгаж амьдардаг.