Язгуурын таван бурхан Amitabha Amoghasiddhi Vairocana Aksobhya Ratnasambhava

Уур хилэн

Уур хилэнгийн ерөндөгт асрахуй ба тэвчээрийг бясалгана.

Бодгальд хорлох сэтгэл үүсгэж байгааг уурлах гэнэ. Асрал, энэрлийн сэтгэлийг бясалгадаг хүний сэтгэлд уур хилэн төрдөггүй. Асрах ба энэрэх сэтгэлийн зоригдол өөр юм. Нэг нь амгалантай учрахыг, нөгөө нь зовлонгоос хагацаасай гэх сэтгэл юм. Асрах ба энэрэх сэтгэл нь уур хилэн, өшөө хорсол, хонзонгийн сэтгэлийн ерөндөг болно. Хамгийн их гэм үүсгэгч нь уур юм. Асрахуйг бясалгах нь уур хилэнгийн хамгийн дээд ерөндөг юм. Ингэснээр уур төрөх шалтгаан үгүй болно.

Уур хилэнг

1. Үйлийн үрийг санаж, зовлонг хүлээн авах тэвчээрээр,

2. Номонд магадлан сэтгэхийн тэвчээрээр,

3. Хорлолд үл хайхрахын тэвчээрээр ерөндөглөнө.

Тэргүүлшгүй цагт үйлдсэн муу үйл боловсорч, олон амьтны ийм зовлон надад боловсрог гэж бодох маш сайн. Ямар арга байна вэ? Буцаах шалтгааныг бүрдүүлж болох уу? гэж бодох юм. Энэ зовлонг буцаах боломж, шалтгаан байгаа бол буцаа, үгүй бол үйлийн үрд итгэнэ. Ингэж чадахгүй бол ихэд зовдог. Уур адил хилэнц үгүй, тэвчээр адил хэцүү бэрх зүйл үгүй гэдэг үг бий. Дэлхийн дайн тулаан уур хилэн гэдэг зүйлээс гарч байна. Уурласнаас болж эргэн тойрны бүх зүйлийг хорлох, хямраах аюултай. Уурлахад:

1. Зүс царай муухай харагдах

2. Хэдий эрдэм мэдлэгтэй ч, муу үйлдэл үйлдэхэд хүргэх

3. Өөрийн эрдэм, сайн сайхныг зөвөөр илэрхийлж чаддаггүй

4. Эрдэм мэдлэг бүхнээ галзуу мэт болгох

5. Муу заяаны үүдийг нээх

6. Буян бүгдээ шатаах

Асрахуйн сэтгэлийг сайтар бясалгасан хүн уурлах үе тохиолдвол дээрх гэм эргүүг бясалгаж, сэрэмжтэй байж, тэвчих хэрэгтэй. Эдгээр уурын гэм эргүүг санаж, дахин дахин бясалгах хэрэгтэй. Уурлавал гэмших сэтгэлийг үүсгэж, дадуулах хэрэгтэй. Үр хүүхдээ засч залруулах, туслахын тухайтад уурлах байна. Туслах сэтгэлээр бол энд нүгэл хилэнц үүсэхгүй. Тэвчээрийг өөртөө хүчээр дадуулах биш, аажмаар сэтгэлдээ тохируулан бясалгах хэрэгтэй. Уур хилэнгийн ерөндгийг дахин дахин бодож, бага багаар дадуулж үзэхээс эхлээрэй. Бусдад сайхан сэтгэл төрүүлэхийг юу гэх вэ?