Нархажид - бурхдын хамт

Даган соёрхол, эш лүн

Даган соёрхол, эш лүнг хүртсэнээр тухайн бурхны үүднээс ном бүтээл хийх эрх нь нээгдэж, уншсан тарниас нь шид бүтээл төрөх юм. Аливаа нэгэн бурхны ван авшигийг хүртээснээр хүртсэн сүсэгтний тухайн бурхан болох сэтгэлийн авьяасыг нь сэргээж, номын хүчийг нь авч буй хэрэг юм.

Сүүлийн жилүүдэд, бэлэг чанар төгөлдөр дээд багш нараас ядам бурхдын авшиг хүртэгчидийн тоо нэмэгдсээр байна. Цөөнгүй хүмүүс энэхүү зан үйлийн учрыг сайн ойлголгүйгээр дан ганц сүжгийн үүднээс оролцдог. Энэ нь муу зүйл биш ч бурхан бүгд айлддаггүй ховор чухаг тарнийн ёсны авшигийг нэгэнт хүртэж буй хосгүй завшааныг аль болох бүрэн дүүрэн хүртэхийг хичээх нь чухал юм. Авшиг хүртэх үед багшийн юу айлдаж буйг зохих хэмжээнд ойлгож мэдэхэд нэмэр тус болох болов уу? хэмээн тойм тайлбар өгч байна.
Бурхны шашинд орохын үүд нь аврал одуулах, их хөлгөнд орохын үүд нь бодь сэтгэлийг судлах, тарнийн ёсонд орохын үүд нь авшиг хүртэх ёсон хэмээдэг.
Павонха гэгээн бээр “Гэтлэхүйн гарын авлага”-даа айлдахдаа <<Бага, дунд төрөлхтөний мөрийг шүтсэнээр магад гарахуйн оюун төрөхийн цагт их төрөлхтөний мөрийг шүтэж, улмаар бодийн сэтгэлийн амсуургыг гаргаарай. Бодийн сэтгэлийн амсуурга гарваас хоосон чанарын утгыг магадлан мэдсэнээр нууц тарни дор орох хэрэгтэй.
Хэрвээ та бүхэн мөрийн эрхэм гурван зүйлийн амсуургыг төрүүлсний дараа нууц тарнийн мөрд орших аваас ялгамжаатай түргэн мөрөөр зорчих болно… Тарнийн ханьцашгүй мөрийг шүтэх болбоос нас ахар болсон цөвүүн цагт үл суралцахын хослон орохуйн хутгийг олж чадмуй>> хэмээсэн. Мөн “Тэр мэтийн бэлтгэлийг одуулахгүйгээр тарни дор орших бодийн хутаг бүү хэл нирвааныг ч олохгүй шүү. Энэ нь бяцхан хүү эмнэг догшин морь унах лугаа адил бөгөөд ямар ч ашиггүйн дээр маш аюултай.” хэмээн тарнийн ёсонд орохын өмнө мөрийн эрхэм гурван зүйлийг сайтар судалсан байх нь ямар чухал болохыг сануулан айлдсан.
Их хөлгөний нийтийн ёс бол сэтгэлийн эрдэм увидас, ухаарал, бэлгэ чанар (бүхэлд нь судрын ёс гэж ойлгож болно) бөгөөд ирээдүйд бурхны хутгийг олж хамаг амьтны тусыг бүтээх эцсийн зорилт бүхий байдаг.
Гэтэл тарнийн хөлгөнд сэтгэлийн бэлгэ чанар дээр суурилан өөрийн биеийг (чөлөө учрал бүрдсэн шүтээн үүнийхээ хэргийг гарган) бурхны хиргүй ариун, тодорхой болор мэт, гэрэл сацрангуй лагшинд урвуулан бүтээж, миний хэл яриа бол тарни-ам нээхийн төдийд сайн үйлс дэлгэрнэ, миний бодол сэтгэлгээ бол билиг билгүүн” хэмээн ямар нэгэн байдлаар чинадад оршиж гэгээрлийн хутгийг ирээдүйд бус эдүгээ цагт одоо байгаа газраа эдлэдэг.
Авшиг эрх нь тарнийн номонд суралцах туршлага хүлээн авах суурь шинжтэй бөгөөд нэгэн холбоо харилцаа тогтож байна, урван хувирах үйл явц эхэлж байна гэсэн үг юм. Авшигийг ахин дахин хүртвээс сайн.
Авшиг хүртээхэд бэлтгэл үе, жинхэнэ вангийн үе, төгсгөл үе гэсэн гурван шат дараалалтай хүртээдэг ажээ.
Бэлтгэл үед Багш шавийн билиг чанар, Хот мандал, авшигийн тоо горим, цаг хугацааны тохиргоо, хот мандалд орох зан үйл эдгээр бүрдсэн байна. Энэ үед шавь нь анхлан итгэл одуулж магад гарах, бодь сэтгэл, үнэн үзэл тэргүүтнийг судлагч сүжиг төгөлдөр, хичээнгүй номд чухалчлан дурлагч байх болой.
Багш өөрийгөө тухайн ядам бурханд үүсгэх, багш шавийн номын барилдлагааны номыг хурж зан үйлийг үйлдэнэ. Хот мандал байгуулах нь дээд дүвчин Наробагаас уламжлан ирсэн нарийн дэг жаяг бүхий бясалгалын бүтээл юм. Хот мандал байгуулахын өмнө газрын эзнээс зөвшөөрөл авах, сагар бүжих тэргүүтэн зан үйлийг үйлддэг. Хот мандалд олон тооны бурхдын лагшин зарлиг таалал билгүүний амгалан орших ажгуу. Багш бээр хот мандалд орохын уншлага зан үйлийг үйлдэн барцад саад гаргахгүйг адислах бөгөөд шавь нар тэрхүү мандлыг харсан төдийгөөр нүгэл хилэнц нь огоот арилж цаглашгүй буяныг хураадаг байна.
Жинхэнэ авшиг хайрлах үест авшиг хайрлаж байгаа багш гурван үе шаттайгаар шавь нарт авшиг хүртээдэг (Нялхсын долоо, дээд, дээдийн дээд). Горим нь вангийн үед тодорхой харагдах юм. Дээдийн дээд дөрвөн авшигийг хүртээх үест үүсгэхийн зэрэг, төгсгөхийн зэрэг гэсэн хоёр зам мөрийг бясалгах эрхийг хүртээж, сав болсон шавь нартаа тухайн бурхны ёсыг судлах, гэгээрлийн хутагт хүрэх зам мөрийг бясалгах үүдийг нээж өгдөг.
Шавь нар багшийгаа бурхан бодьтой мөн хийгээд аврах гэтэлгэх хүч түүнд байгаад итгэн хамаг амьтны аврал итгэлийн орон багшаасаа авшиг хүртэх, санваар авахын тухайд соёрхол ерөөл сайтар талбина. Энэ нь сэтгэлийн суурь болно. Энэ үеэс бодьсадвын болоод тарнийн санваарыг багш хүртээдэг. Иймээс үнэхээр хүссэн сэтгэлээр сахил хүртэж санваар авч сахина гэдэг ванд суусны гол хэрэг тус, хувь учрал юм. Хамгийн ариун нандин ач тустай зүйлийг олж авчихаад түүнээсээ салахгүйг хичээх нь сүжгийн хүчинд харгалзана. Таны сүжгийн хүч үргэлжид тасралтгүй өнөд дэлгэрэх болтугай.
Багш бээр өөрийн үүсгэл, бумба, өмнийн үүсгэлийн номуудыг хурж бясалгал бүтээл, Чогар буюу тахилын зан үйлийг үйлдэнэ. Энд хот мандалд орох дарааллаар авшиг өгнө. Авшиг нь нялхсын жишгээр долоо бөгөөд усны, титэмийн, тугийн, очир хонхны, дүлшүгийн, нэрийн, даган орох эдгээр, дээд болон дээдийн дээд авшиг нь бумбын, нууцын, билиг ухааны, хослон барихуйн эдгээр дөрөв болно.
Шавь нарын үндсэнд амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээлт, хатуу бүгдийн шид бүтээл алин бүтэхийг шинжихийн тулд сорогшин мод орхих зан үйл болно. Сорогшин модыг язгуурын таван бурхдыг бэлгэдсэн зургаан өнгө бүхий модон дээр хаях бөгөөд аль бурханы язгуурт мод бууснаар тэр язгуурын шид бүтээл гарна гэж үздэг. Хэрэв гадуур унавал саванд ороогүйд тооцно.
Бие хэл сэтгэлийн үйлийг ариусган сахихын тухайд цацлын ус хүртээнэ. Алган дээрээ тосч аваад гурвантаа амсан оройдоо хүргэнэ.
Гүш өвс тарааснаар шөнийн гуравны хоёроос хойшхи зүүдийг шинжих юм. Хэрэв зүүдэнд муугийн шинж гарвал багшийн сүрэнхор бясалгаж тарни тоолох тэргүүтнээр буцаана. Гүш өвсөө гудсан доогуур богиныг нь хөндлөн, уртыг нь дагуу тавьдаг байна.
Шавийг гадна дотны элдэв саадаас хамгаалахын тухайд гурав зангидсан улаан зангиа-сахиусыг гарын шуунд зүүлгэнэ.
Амгалан хоосны билиг билгүүн төрж хилэнц бүгд арилахын тухайд замбага цэцгийг толгойд хүргэх, малгай, үснэр, цээж өмсгөл зэргийг өмсгөх зан үйлүүдийг дараачлан үйлдэнэ. Багш вангийн туршид өдөр бүр бясалгал бүтээл хийдэг.
Очирт хөлгөний шашин лугаа учирч буй маань машид ховор дээдийн хувь учир юм хэмээн дуршил ихээр үүсгэн тарнийн санваар хүртэж бодисадвын явдалд суралцан хичээх, ам авах, уналаас сахих тэргүүтнийг баттайд үйлдэнэ.
Төгсгөлд шавь нарт тухайн ядам бурхны үндэс бүгдийг бүрэн гүйцэд авах ван хайрласнаар ван тавих үйл өндөрлөнө. Мөн авшиг хүртээсэн багшийнхаа өлмий бат, мэлмий төгс байлгахын тухайд Даншиг буюу бат оршил өргөх ёслол үйлдэнэ.
Цаашид багшийн айлдвар захиас, авшиг хүртэх үед авсан ам тангарагыг ёсчлон үйлдэж явдал мөрөө сайжруулах нь номыг сонссоны хэрэг тус, утгын шим юм.
Ābhiṣeka авшиг буюу དབང་ ван хүртэх, хүртээхүй ёс үйлийн дамжлага бурхан шашны тантрын ёснаа хэвээр уламжлагдан өнөө хүрсэн нь мөнхүү шашны дотоод урсгал, тогтсон уламжлал тусын үүднээс үзэхүл өөр зуураа өчүүхэн ижилгүй ч уг утгандаа དབང་བཞི буюу дөрвөн түвшний авшиг буй хэмээх нь,
Kalaśābhiṣeka; བུམ་པའི་དབང་ Бумбын авшиг
Guhyābhiṣeka; གསང་བའི་དབང་ Нууцын авшиг
Prajñājñānābhiṣeka; ཤེས་རབ་ཡེ་ཤེས་ཀྱི་དབང་ Гэтэлгэгч билгүүний авшиг
ཚིག་དབང (Зүйрлэхүй) үгийн авшиг
энэхүү дөрөв бөгөөд сэтгэл үндсээ боловсруулахад хичээгч шавь бээр номын багшид айлтгал өргөж, соёрхол олсон дагуу:
Бумбын авшиг хүртсэнээр,
– Биеэр хураасан буруу үйлийн хилэнц үлдэгдэлгүй ариусах
– Очирт лагшны адистид ивээл хүртэх
– Дотуур судлын гэм арилах
– Үүсгэхүй зэргийн сав мөн болох
– Тийн боловсролт илтэд оногчийн хөрөнгө талбигдах
– Хувилгаан лагшны хутаг олохуйн хувь бүрдэх
Нууцын авшиг хүртсэнээр,
– Хэлээр хураасан буруу үйлийн хилэнц үлдэгдэлгүй ариусах
– Очирт зарлигийн адистид ивээл хүртэх
– Дотуур хий гүйдлийн гэм арилах
– Арвис тарни урихуйн сав мөн болох
– Насны эрхэт илтэд оногчийн хөрөнгө талбигдах
– Төгс жаргалангийн лагшны хутаг олохуйн хувь бүрдэх
Гэтэлгэгч билгүүний авшиг хүртсэнээр,
– Сэтгэлээр хураасан буруу үйлийн хилэнц үлдэгдэлгүй ариусах
– Очирт тааллын адистид ивээл хүртэх
– Ариун бус амин дуслын гэм арилах
– Амгалан хоосны зандалийн сав мөн болох
– Их мутарлагат илтэд оногчийн хөрөнгө талбигдах
– Номын чанарт лагшны хутаг олохуйн хувь бүрдэх
(Зүйрлэхүй) үгийн авшиг хүртсэнээр,
– Бие, хэл, сэтгэлээр хураасан буруу үйлийн хилэнц үлдэгдэлгүй ариусч, үйлийн ба мэдэгдэхүүний дэв тотгор бүрэн арилах
– Очирт билгүүний адистид ивээл хүртэх
– Угаас ариун ихэд төгсөхүйн сав мөн болох
– Аяндаа бүтэх илтэд оногчийн хөрөнгө талбигдах
– Төгс чанарт лагшны хутаг олохуйн хувь бүрдэх
тийн боловсрол үр эдгээрийг ухааран хичээх нь эрхэм чухал.
Буддын шашинд номын лүн авах гэсэн үг, ойлголт байдаг. Лүн гэдэг нь тухайн номыг уншиж сонсож бясалгах “эрх авах” гэсэн утга. Далай багш жил бүр Дүйнхорийн ван айлдахад Түвдээс олон хүн очдог бөгөөд, бараг л очсон хүн болгон л ажил амьдралыг минь дээшлүүлж, сахиус хайрлаач л гэцгээдэг гэнэ.
Гэтэл нэгэн өвгөжөөрдүү хүн “Багш та надад Санжайчойдангийн лүн хайрлаач” гэснийг Далай багш ихэд онцолдог бөгөөд түүнийг дурсан ярих, их дуртай гэнэ лээ. Ерөөс бурхны шашинд орох, түүний ном эрдмийг мэдэхийг чин санаанаасаа хүссэн хүнд л ном айлдаж, лүн авшиг хүртээдэг болохоос бус, бусад шашныхан шиг гудамжинд зогсчихоод л, ном сурталчилгаа тарааж, урьж залж, хоол ундаар дайлаад байдаггүй нь, энэ шашны маркетингийнх нь онцлог гэж хэлж болох байх.
Санжайчойдан уншдаггүй буддын шашны аль ч урсгал, сүм хийд байдаггүй гэдэг. Харин Санжайчойдан хэмээх тэрхүү гүн утга бүхий дөрөвхөн мөр шүлгийг цээжээр мэдэхгүй Түвд, тэр байтугай монгол хүн ч ховор байх.
Харин түүнийхээ нарийн утгыг бүрэн ойлгож, бясалгаx эрх авсан эгэл хүмүүс аль хир олон байдаг юм бол? Лүн өгнө гэдэг нь ердийн хүнд суртлын ойлголт биш юм билээ. Лүн авснаар тухайн номын үг өгүүлбэр бүрийг хэрхэн яаж ойлгох, төсөөлж бясалгах аргыг сайтар эзэмшдэг бөгөөд, үүний эцэст уг номыг уншиж бясалгах арга барилтай болдог байна.
Энэчлэн “хөтөлбөр лүн” гэсэн ойлголт ч байдаг. Урьдаар хөтлүүлж уншиж бясалгах дадлагатай болсныхоо дараа эрх авна гэсэн санаа. Ийн уншиж бясалгах дадлагатай бололгүйгээр судар шастир уншиж бясалгах гэх нь, боломжгүй төдийгүй, чухамдаа юу ч ойлгохгүй, эсвээс буруу зөрүү ойлгох ч эрсдэлтэй бололтой юм билээ.
Монголчууд Энэтхэг, Дармсала-д очихоороо бумба сахиус л олныг “чирч” ирдгээс бус, ном сонсож, лүн авшиг авч ирдэг нь тун цөөн гэнэ. Ингэхэд гэрээрээ дүүрэн бумба, хүзүүгээрээ дүүрэн (Өвөр монголын бөхчүүд шиг) сахиустай болсноороо тэдэнд ном эрдэм төрөх нь юу л бол.

https://www.facebook.com/groups/354707805317953/permalink/8