Саж богдын Ломажонма буюу Навчин өмсгөлт бурхны даган соёрхолын зар

Ломажонма буюу Навчин өмсгөлт бурхны даган соёрхол мөн Их Егүзэр Тантонжалбугийн айлдсан “Сажа нутагт дэгдсэн өвчнөөс гэтэлгэгч” хэмээх судрын эш лүн

Дээрхийн гэгээн Саж Богд цар тахлын дэгдэлтийг намжаахын тухайтад 2020.04.01-ний өдрийн Монголын цагаар 23:00-00:00 цагийн хооронд БНЭУ-ын Дэрадүн хот дахь Сажын Долма ордноосоо шууд Ломажонма /Навчин өмсгөлт/ бурхны даган соёрхол мөн Их Егүзэр Тантонжалбугийн айлдсан “Сажа нутагт дэгдсэн өвчнөөс гэтэлгэгч” хэмээх судрын эш лүнг айлдсан тул сүсэгтэн олон та бүхэн бодь сэтгэлийг үүсгэн дээдийн номын авшгийг хүртэцгээнэ үү. Дээрх даган соёрхол, эш лүнг хүртсэнээр тухайн бурхны үүднээс ном бүтээл хийх эрх нь нээгдэж, уншсан тарниас нь шид бүтээл төрж, нийтээрээ энэхүү Covid-19 өвчин тахлын чанадад гарах нь дамжиггүй юмаа.

Навчин өмсгөлт буюу Ломажанма бурхны магтаал

Сажанаддолма буюу Сажа нутагт дэгдсэн өвчнөөс гэтэлгэгч /Түвд/

Шууд үзэж амжаагүй хүмүүс энэхүү тавьсан бичлэгийн дарааллаар нь үзэж хүртээрэй. Шууд дамжуулалт хийж байсан газрын интернэт олонтоо тасалдаж байсан болохоор дамжуулалт хийх үед олон тасарч байсанд хүлцэл өчье.

Багшийн айлдварыг товчлон хүргэвээс:

Ломажонма бурхны даган соёрхол болвоос “Их хөлөгний доторх Очирт нууц тарнийн ёс”-ны номлол бөгөөд Энэтхэгийн их Бандида Дон-ёддоржоос улбаалан дамжлага нь үүсч, Түвдэд анх Сажын 4 их Лозовагийн /гүүш орчуулагч/ нэг Бари Лозава дэлгэрүүлэн улмаар Сажа 5 богдоор дамжин өнөөг хүртэл тасралтгүй уламжлагдан ирсэн авшиг юм. Ломажонма бурхан болвоос цар тахал, өвчин түйтгэрийг даран арилгах үйлс тангарагтай учраас өнөө цаг үеийн тахлыг намжаахын тухайтад та бүхэнд энэхүү даган соёрхлыг хүртээж байна. Авшиг хүртэхийн өмнө бодь сэтгэлийг үүсгээд өмнөх огторгуйд Дамжлагын олон багш нугуудын хамтаар Ломажонма бурхан бодьсадва нараар хүрээлүүлэн залран ирснээр бясалгаж 7 гишүүнт залбирлыг хамтдаа уншъя. Энэхүү залбирлыг уншсанаар та бүгдийн урьдын хийсэн нүгэл хилэнц бүхэн арилж, ариусаад номын эрх авшиг хүртэхэд бэлтгэгдсэн гэж үзээд Ломажонма бурхны лагшин, зарлиг, тааллын эрх авшиг, адистадыг хайрлая. Эдгээр адистадыг хүртсэнээр шавь нигуудын бие, хэл, сэтгэл гурав Ломажонма бурхны лагшин, зарлиг, таалалтай нэг мөн чанартай болж хувирсанаар, даган соёрхлыг бүрэн хүртэж, тарнийг нь унших эрхийг авлаа. Их Егүзэр Тантонжалбуйн айлдсан “Сажа нутагт дэгдсэн тахлаас гэтэлсэн” хэмээх Сажанаддолма судрын эш лүнг залгуулан айлдсанаар өндөрлөлөө. Дээрхийн гэгээнтэн төгсгөлд нь урьдын цагт Түвд оронд ямар нэгэн өвчин тахлын вакцин байхгүй үед бүгд л багш хийгээд чухаг дээд гурваа авралд барьж аль нэгэн ядам бурхад, сахиус нугуудын тарнийг нийтээрээ тоолж тоонд нь хүргэж олон өвчин тахлын ард гарч байсан. Одоо та бүхэн асран нигүүлсэхүй сэтгэлийг үүсгэж дотоод сэтгэлээ ариусган, тайван амгалан байх хэрэгтэй. Орчлонгийн бүх зүйл мөнх бус шүү дээ, энэ тахал ч мөнх бус, тиймээс удахгүй арилах болно. Миний зүгээс ч тахал намжиж, хамаг амьтан амгалан жаргалантай учрахын тухайтад ерөөл талбих болно гэж айлдлаа.

Та бүхэн 6 зүйлийн хамаг амьтны тусын тулд энэхүү номыг хүртэж байна, хүртсэнийхээ үрээр энэхүү бурхны хутгийг олж хамаг амьтны тусыг үйлдэх юм шүү гэсэн бодь сэтгэлийг үүсгээд л сонсоход болно. Хамгийн гол нь бурхныхаа тарнийг л маргаашнаас нь таслахгүй уншиж байвал энэхүү тахал өвчнөөс сэргийлэх дархлаатай болох юм шүү. Бурхан багш, Очирдарь, Навчин өмсгөлтөөс өнөөг хүртэл тасраагүй байгаа тэр дамжлагыг авснаар унших тарний тань дамжлага батжиж, увьдас үр нь дэлгэрэх нь дамжиггүй юм. Сүсэгтэн өөрөө тарни, уншлагыг нь уншиж бүтээх нь чухал юм шүү.

1-р хэсэг

2-р хэсэг.

3-р хэсэг.

4-р хэсэг.

5-р хэсэг.

https://www.faceb