Даллаганы уут

Даллага

Монголчуудын даллага авхуулж, хурайлж буян хишиг дуудаг ёс нь шинэ зүйл биш. Даллага их олон янз байдаг. Эдийн тэнгэр, судрын хаан Алтан гэрлийн даллага, Намсрайн даллага гээд бүгдэд нь гүнзгий утга санаа, хүчтэй үгс агуулсан судрууд байдаг.
Үүнд баяжуулах үүрэг хүлээсэн амлалтын тухай байхгүй.
Тэнд уншдаг зүйлээс үндсэн утгын ойлголт хайвал хүмүүсийн үндсэн хэрэгцээ болсон идээ, ундаа, эд эдлэлээр гачигдахгүй байх тухай, юу санасан үйлс нь бүтэх тухай, нас буян арвижих тухай, мал ахуй өсөх тухай, үр тариа элбэг, мөнгө төгрөг, эрдэнийн зүйлс, буян хишиг арвижин дэлгэрч энд хуран цуглаж иртүгэй хэмээн дуудаг. Будаа тариа шиг арвижин дэлгэрэг хэмээн далладаг.
Энэ бол сайныг бэлгэдсэн ёс юм.
Залхуурал нь ядуу байхын үндэс, нүгэл нь өөдлөхгүй байхын язгуур тул билиг барамидийн сургаалд хүмүүс суралцдаг.
Үүнд:
Өглөг өгөх нь дутагдахгүй чинээлэг, дорвилог байхын үндэс болдог. Ариун явдалтай байх, Тэвчээртэй, Хичээл зүтгэлтэй байх, Санаа бодол төгс байх, Билиг ухаантай байх нь өөдлөхийн зам мөр хэмээн сургасан.
Шинжлэх ухааны зиндаанд одоо ч эн тэнцүү судалгадахуун болж байдаг буддын гүн ухаанаас монголчууд эртнээс сурч хэрэгжүүлж ирсэн. Даллага авхуулаад ядуурсан, буян заяа нь хаяж уншуулсан ном нь хүрээгүй гэхээсээ илүү даллага авхуулчихаад хоосон хоноогүй, харангатаж унаагүй, гадаа хоноогүй, нүцгэн яваагүй гэж эргэцүүлэх учиртай. Эргээд харвал бид үргэлж ахиж урагшилсан байдаг. Бид тэгж дээдсийн буяныг нулимж болохгүй алдас гэж юм бий. Даллага нь билгийн талаасаа амьдралд нэг нэмэр тус итгэл өгдөг зүйл. Аргын талаас хүн өөрөө хөдөлмөрлөж арвижуулах ёстой аж. Ном засал нь амьдрал ахуйд хэрэг болох уншлага ерөөл юм. Бид засал номыг амдралын нэгэн хэрэгцээ болгон хандаж ирсэн. Буддын үндсэн сургаал чанар нь төгс гэгээрэлд суралцах.
Харин бусдыг баяжуулах амлалтын сургаал номлол тэнд байхгүй. Даллага хурайлага нь банкыг орлож, санхүүгийн зохицуулах хороо шиг зохицуулахгүй. Даллаганы судар улсын сан сангийн яам биш. Илбэ ч биш. Тэндээс ядуурлын бурууг, түүнийг уншиж өгсөн ламаас амлалт хариу нэхэлтгүй. Энэ бол сонгууль улс төрийн захиалга биш. Зүгээр чин ариун хүсэл. Бусдын хүсэлтийг бурханд даатгасан адистид юм.
Даллага ном бол зүгээр таны болон бусдыг хангалуун байгаасай гэсэн ариун ном. Аливаа зүйл дутагдвал асуудал үүсдэг тул битгий дутагдаасай гэсэн адислага ерөөл. Багштай ламтай нэг удаа айлд даллага уншихад сайн даллага нь буян хишгээс гадна сайн бэрийг хотны банхартай нь дууддаг гэж билээ. Аливаа хүний нас буян нүнжиг суухаар амьдрал аяндаа дээшилдэг гэдэг. Бид үглэхээ багасгаж нүглээс зайлах хэрэгтэй. Өглөгийн үрээр баяжина. Үнэн журмаар дэвжинэ гэж дорнын сургаал бий. Хэн их хөдөлмөрлөнө аз жаргал түүнд үүдээ нээдэг гэсэн өрнийн сургаал ч бий. Ухаан сайн, буян сайн, ажил сайн бол амьдрал аяндаа дээшилнээ !