– Даллаганы уут
Монголчууд бид “буян арвижиг” хэмээн бэлгэдэж айл бүр даллаганы уутыг бурхан шүтээндээ залдаг. Даллаганы уутыг хүмүүс өөрсдөө хийж болно. Хэмжээ нь өөрийнхөө мухар тохойноос багагүй байхаар хийх бөгөөд түүнээс бага байвал буян хишиг нь тэр хэмжээгээр тааруу байна гэж үздэг. Мөн тухайн орны будаа тариа хэмждэг хамгийн жижиг сав суулганаас бага байж болохгүй ч гэлцдэг. Монголчууд бид ихэвчлэн торгоор хийдэг.
Монголын ихэнх нутагт шар торгоор бүрж, улаан торгоор амсарласан буюу улаан торгоор бүрж шар торгоор амсарласан уут байдаг бол харин баруун Монголд голдуу хайрцаг байдаг бөгөөд түүний таг дээр эрдэнийн зүйлээр бөөлжиж буй хулганын, дөрвөн талд нь найман тахилын зурагтай, доошоо шувтандуу хэлбэртэй, тэгш ёроолтой байна. Харин энэхүү хайрцгийн тагны нэг талд даллагынхаа сумыг хатгах нүхтэй байдаг ажгуу.
Даллаганы уутны ёроол нь гэрийн эзэгтэйн буян хишгийн махбодийн өнгөтэй байх ёстой. Тухайлбал, төмөр махбодид төрсөн эмэгтэйн буян хишгийн махбодь нь төмөр /төмөр махбодийг цагаанаар төлөөлүүлнэ/ болно. Төмрийн өнгийг цагаанаар төлөөлүүлэн даллаганы уутны доод ёроолыг цагаанаар эмжиж хийнэ.
Гэрийн эзэн модон бар жилд төрсөн аваас ногоон /модон махбодийг ногооноор төлөөлүүлнэ/ даллаганы , уутны гол эх биеийг /торго/ ногооноор хийнэ. Тухайн айл гурван хүүхэдтэй байлаа гэхэд хүүхдүүдийнхээ төрсөн махбодийн гурван /гал-улаан, шороо- шар, ус-хөх, төмөр-цагаан, мод-ногоон гэх мэт/ өнгийн хуруу хэрийн өргөнтэй даавуу эсвэл торгоор солонго адил татуулан оёно. Ингэхдээ айл ууган хүүхдийнхээ төрсөн махбодийг доор нь хийж, дунд хүүхдийнхийг түүний дээр, отгон хүүхдийн төрсөн махбодийн өнгөөр амсрын солонгыг хийнэ. Жишээ нь отгон хүүхэд усан махбодид төрсөн бол хамгийн дээд солонгыг хөх өнгөөр оёж, оосрыг мөн адил өнгөөр хийнэ.
Даллаганы уутны дотрыг улаан /их зүйл, их хүчийг хураадаг/ юм уу, шар /аливааг арвижуулдаг/ өнгийн даавуугаар хийнэ. Дээрх хоёроос өөр өнгөөр хийдэггүй.
– Даллаганы уутанд байх ёстой 25 зүйл
Даллаганы уутан дотроо хамгийн багадаа 25 зүйлийг заавал хийсэн байх ёстой. 25 зүйлийн эд зай бүрдвэл бусад бүх сайн зүйлсийг дуудах хүчин болдог байна. Ингэж чадахгүй бол буян хишиг, эд хөрөнгө, олз омог, санасан сэдсэн бүхэн дүүрэн тогтохгүй, дутуухан байна гэж үздэг. Эдийн талаасаа хүчин бүрдэхгүй аваас эрдмийн талын хүчин бас бүрдэхгүй гэлцдэг ажээ.
– Доод сууринд лянхуа цэцгийг дүрслэнэ
Даллаганы уутны доор найман дэлбээтэй лянхуа цэцгийг дүрслэх, эс бөгөөс зургийг уутан дотор хийж ч болно. Мөн эдийн бурхад болох Намсрай, Гомбо, Норжмоо зэргийн алиныг ч хийж болно. Замбалын амин хүрд ч хийж болно. Замбалын амин хүрд нь байгаа газрыг Замбал бурхан сахина гэсэн тангарагтай. Хаана тавина тэнд буй зүйлс цугладаг тангарагтай. Намсрайн хулганатай эрдэнийн зураг ч байсан болно. Тэгэхээр Намсрай бурхан ивээж, даллагын уутанд, танай гэр оронд заларч байгаагаас өөрцгүй. Номоо уншуулж байхад дараа нь юм юм цуглана. Даллага авч байхдаа л амсрыг нь нээгээд бусад цагт амсрыг нь чанга бус сул биш боогоорой.
– Даллаганы уут дүүрэхээр
Шүншигтэй эд зүйлсээ үлдээгээд, идээг өрхийн тэргүүн сүлд гарагтаа тухайн жилийнхээ буян хишгийн зүгт гарч, уул овоонд тавгийн идээ маягаар засч арц хүж уугиулан өргөнө. Энэхүү өргөсөн идээ будааг идсэн хорхой шавж, жигүүртэн шувуу, ан амьтан таны буян хишгийг хүртсэнээр ээл, ивээл, ач тус нь танд болон танай гэр бүлд цаглашгүй буян оршооно.
– Даллагын хувин
Манай монголчууд, тэр дундаа малчин түмэн маань даллагынхаа хувинг голдуу гурван бүслүүртэй, хоёр талдаа сэнжтэй, агар болон зэс, гууль, мөнгөөр хийдэг байжээ. Даллагаа авахуулахад түүндээ сүү, айраг, тарагны аль нэгийг дүүрэн хийж, хувингийн амсрыг шар тос буюу өрөм, зөөхийгөөр чимдэг байв. Даллаганы хувинг угаадаггүй заншилтай байсан болохоор бүслүүр нь харагдахгүй болтол сааль сүү бүрээд хатчихсан байдаг аж. Үүнийгээ монголчууд уул хувингаа эрхэмлэн дээдэлж ирсний илрэл гэж үздэг байв.
– Даллаганы сум
Даллагын сум хэмээх нь тохой хэр урт нарийн модны үзүүрт даавуугаар бүрсэн ноосон бөмбөлөг уяж тогтоон, түүнээсээ жаалхан дор модныхоо гурван талд шувууны өдний имсгэл наасан байх бөгөөд түүнийхээ дор нь гуулин буюу хүрэл толь болон таван өнгийн хив хадаг уясан байдаг. Сумныхаа доод үзүүрт төмөр зэвтэй байх ёстой аж. Даллага авахуулахдаа гэрийн эзэн сумаа барьж гаран хотоо эргэдэг.
– Даллага
Энэ нь аливаа хүссэн бүхий зүйлээ (урин) хурайлж, нас буянаа арвижуулах бэлгэдэл, бишрэлийн зан үйл гүйцэтгэх Монгол ёс заншил юм. Монголд Алтангэрэлийн, Намсрайн, Дарь-Эхийн, Гонгорын, Очирваанийн гэх мэт олон янзын даллага авахуулдаг уламжлалтай бөгөөд үүнийгээ голдуу хавар, намрын цагт гэртээ лам залж авахуулдаг.
Даллага авахуулах үедээ бүх малаа хотондоо хурааж, ламыг номоо уншиж байх хооронд гэрийн эзэн даллагын сумаа барин гарч мориндоо мордон хотоо нар зөв гурав эргээд орж ирэхэд даллагын лам түүнээс “Буян хишгээ сайн хурааж ирэв үү?” хэмээн асуухад, “сайн хурааж ирлээ” гэж хариулна.
Ламыг даллагын уншлагаа дуусмагц гэрт байгаа бүх хүмүүс малгайгаа өмсөн гэрийн эзэн даллагын уут саваа барьж буян хишгээ арвижуулахыг бэлгэдэн дуудаж хурайлахад нийтээрээ “хурай, хурай, хурай” гэнэ. Ингэсний дараа гэрийн эзэгтэй галдаа шар тос өргөж, бурхандаа идээ будааныхаа дээжийг тавиад, ламд цай идээгээ барих ба нийтээрээ ууж идэцгээгээд малаа буян хишгийнхээ зүгт зална. Ийнхүү даллага авснаас хойш гурав хоног юм гаргахгүй буюу мал худалдаж наймаалдаггүй заншилтай байсан билээ.