Намжүвандан

Дүйнхорын бэлгэдэл тэмдэг Намжүвандан

Намжүвандан гэдэг нь төвөд үг бөгөөд монгол хэлэнд орчуулбал “Тийн арван эрхт” гэсэн үг буюу энэ нь товчоор бол Дүйнхор бурханы гол тарни “Хам-Ча-Ма-Аа-Ва-Ра-Яа” буюу Дүйнхорын бүхэл утга санааг хураангуйлсан бэлгэ тэмдэг юм. Ер нь төвөд, монголын олон эрдэмтэн мэргэд Намжүванданг янз бүрээр тайлбарласан байдаг. Бид энд тэдгээрээс Үлчү Дармабазар (1772-1851) -ын тайлбарыг гол болголоо.
Намжүвандангийн утгыг дэлгэрэнгүйгээр нь авч үзвэл:
а) Гадна цагийн хүрд буюу сав ертөнц
б) Дотор цагийн хүрд буюу шим ертөнц
в) Бусад цагийн хүрд
г) Олон үрийн тухай гэх зэрэг зүйлийн үүднээс тайлбарлаж болох юм.
а) Гадна сав ертөнцийн талаас нь авч үзвэл: “ХАМ-ЧА-МА-ЛА-ВА-ГЛ-ЯА” гэсэн Дүйнхор бурханы тарнийн (ЯА) үсгийг бичих үед (А) үсэг бичихгүй зөвхөн унших үед (Я) үсгэнд (А) үсэг хамт дуудагдана. Энэ (А) үсэг нь огторгуй махбодь, (ЯА) үсэг хий махьбод, (РА) гал махбодь, (ВА) усан махбодь, (ЛА) шороон махбодь, (МА) сүмбэр уул, (ЧА) хүсэлт ертөнц, Дүрст ертөнц хоёр, (ХА) дүрсгүй ертөнц, нар, сар, нандаад хоосон чанар болно. Энэ бүгд нь гадна сав ертөнц, ялгамжаатай хоосон чанар сэлтийг бэлгэдсэн.

б) Дотор шим ертөнцийн талаас авч үзвэл:
(ЯА) Духанд орших бөгөөд хийн хот мандал
(РА) Хоолойнд орших ба галын хот мандал
(ВА) Зүрхэнд орших ба усны хот мандал
(ЛА) Хүйсэнд орших ба шороон хот мандал
(МА) Нуруунд оршино
(ЧА) Нууцын орон орших ба нууцын орны найман судас нь найман дэлбээтэй лянхуа цэцэг шиг байна. (ХА) гол судас (Сар) Зүүн талын цагаан өнгөтэй жам судас (Нар) Баруун талын улаан өнгөтэй ром судас (Нанда) Дээд зэргийн амгалан хоосон чанар хосолсон гэх мэт шим ертөнцийг бэлгэдсэн болно.

в) Бусад цагийн хүрдний талаас авч үзвэл: Бусад цагийн хүрдний дотор нь “Төрөхийн зэрэг”, ‘Төгсөхийн “Үрийн” хэмээн хэдэн хэсэгт хувааж “Ван” гэсэн дөрвөн хэсэгт авч болох юм.
“Төрөхийн зэрэг”-ийн үүднээс:
“А” үсэг огторгуйн хот
“Яа” үсэг хийн хот мандал
“Ра” үсэг гал хот мандал
“Ва” үсэг хийн хот мандал
“Ла” үсэг шороон хот мандал
“Ма” үсэг сүмбэр уул
“Ча” үсэг лянхуа цэцэг
“Ха” үсэг, Нар, Сар, Нанда эдгээр нь дэвсгэр бөгөөд эдгээр дээр Дүйнхор бурханы лагшин, зарлиг, тааллын хот мандлыг бясалгажбүтээх шим энэ үсгүүдэд багтаж байгаа юм.
“Төгсөхийн зэрэг”-ийн үүднээс бол эдгээр нь маш нууц учир эндхамаагүй бичиж болохгүй байна.
“Ван”-ийн үүднээс бол арван үсгээс (ЯА)-гаас (ЧА)-аар хүн төрөөд эрдэм боловсрол олох хүртэлх дараалал шиг долоон рашааны ванг, (ХА), (Сар), (Нар) дээд зэргийн гурван ван, Нанда нь ертөнцөөс ялгамжаатай ангижирсан нэг ванг тус тус бэлгэдсэн байна.
г) Олон үрийн үүднээс авч үзвэл: Арван барамид, арван газар, арван билгүүн, арван хүч, арван эрх тэргүүтэн бурханы эрдэм олохыг бэлгэддэг. Ер нь Намжүвандангийн дэвсгэр лянхуа цэцэг нь ногоон өнгөтэй байх хэрэгтэй бөгөөд элдэв зүйлийн лянхуа цэцэг нь Дүйнхорын нийт бусын онцгой өнгө болох ногоон өнгийг илэрхийлнэ. (ЧА) үсэг нь сав ертөнцийг танилцуулах үед Хүсэлт ертөнц, дүрсгүй ертөнцийг бэлгэдэж байгаа учраас цагаан өнгөтэй байгаа бөгөөд Дүйнхорын орд харшийн суурийн үүднээс бол ногоон өнгөтэй байдаг буюу Дүйнхорын элдэв зүйлийн лянхуа цэцгийг бэлгэднэ. Намжүвандангийн суурь дэвсгэрийн цагаан өнгө нь сарыг, улаанөнгө нь нарыг, хөх өнгө нь дажин буюу Рахүл, шар өнгө нь дүймэнг тус тус бэлгэдсэн байна. Ер нь Намжүдванданг зурж бүтээхдээ дэлгэр, дунд, хураангуй 3 янзаар бүтээдэг. Энэ бүгдийг дэлгэрэнгүйгээр үзэхийг хүсвэл Үлчүү Дармабазар, Янжингайвийлодой нарын бүтээл эмхэтгэлд байгаа тайлбаруудыг болгоон соёрхоорой. Мөн Гэндэнжамц Далай ламын Жамбалцанжодын тайлбараас ч үзэж болно.