Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сум Даяндээрх агуй

Даяндээрх

Ум маха дэва увасига сарва сидди за

Даяндээрх /Авир/ нь Монгол орны Хөвсгөл аймгийн уул хаданд оршигч ертөнцийн тэнгэр, Монголын шарын шашны нийт бусын сахиус болсон.

Эрт дээр цагт Халхад Даяндээрх нэртэй нэгэн их шидтэй бөө байжээ. Тэрээр өөр нэгэн ид шидтэй бөөтэй тэмцэлдэж байгаад түүнд охин дүүгээ идүүлчихээд энэ явдалдаа гуниглан бөө нарын тэмцэл тулаанаас залхаж шарын шашинд орох гэж шийдсэн юмсанж. Гэтэл түүнийг өөрийн үзэл санаанаасаа урван өөр шашинд орох гэлээ гэж бас нэгэн ид шидтэй бөө Даян дээрхийг идэх гэж хөөжээ.
Даян дээрх ч түүнд идүүлэхгүй хэмээн зугтсан гэнэ. Тэгээд гүйцэгдэхийн даваан дээр голын хөвөөн дэх хүн чулуунд сахил хүртээж, шашиндаа оруулан дээр нь дуган сүм барьсан түүхтэй гэсэн домог байдаг. Тэгээд ч Даяндээрх нь бөө ч дүртэй, бурхан ч дүртэй хэмээн нотолно. Тэр үеийн монголын бүх аймаг, хошуудаас бөө бологсод Даяндээрхэд ирж зохих шалгалт сорилтыг өгөх ёслол үйлддэг байжээ. Даян дээрхэд л очсон бол тэр бөө нутаг хошуундаа ихээхэн нэр хүндтэй бөө болдог байжээ.

Түүхийн эх сурвалжид Даяндээрхийн хүрээг анх монголд шарын шашин дэлгэрэхэд харуулын захирах бээс ноён Чагдаржал ооромбо хувилгаан ламтан хоёр Баруунзууд очиж Ванчин Богд гэгээнд Даяндээрхийн чулуун хөрөгийн тухай учрыг нарийвчлан айлтгахад Даяндээрх болбоос эрт урьд цагт Төгс Цогт бурханы гэгээний нүүрийн өмнө 2-р ялгуусан Зонхубагийн шашныг сахихаар ам авсан эрхэм тэнгэр эдүгээ эгэл чулуун дүрээр оршиж амьтныг туслан буй гайхамшигтай Бодьсад мөн хэмээн лүндэн соёрхоод хамаг ялгуугсадын зарлигийг хүлээгч их хүчит Убаш ахай эрхэм тэнгэр аюулгүй баатар Даяндээрх хэмээн нэрлэжээ. Ийнхүү бөөгийн шашны төв шарын шашинд даган орж 1788 онд Эрдэнэзуугийн цорж Дагвадорж, Ганшиг, Дордог, Сан сэржмийн ном судар уншиж 1834 онд 5-р Богдоос цогчин сүмийн нэрийг ядам сахиусыг тодруулахад сүмийн нэрийг Лхачиндамбиллин ядамд Очирваань сахиусанд Жамсран бурхныг заагаад ёсчлон шүтүүлжээ. Харин 1864 онд Даяндээрх сахиусанд сүм бариулж равнай өргүүлэн 7-р дүрийн Богд гэгээнээс Ёндонпунцаглин хэмээх нэр шагнуулжээ. Даяндээрхийн хүрээ 3 жил тутамд нэг удаа Дээрхийн алтан даллага авахуулж 3 хоног найрладаг зан үйл хийдэг байжээ. Энэ үеэр шанам малгайтай 9 цагаан морьтой лам дүгжанцан барьж хүрээний гороог 3 удаа тойрч хурайлаад Дээрхийн ордонд дүгжанцангаа сангийн их өргөө гэх 10 ханатай том гэрт даллагын саваа байрлуулаад эрийн гурван наадам хийж найр эхэлдэг байжээ. Энэ үеэр хол ойрын лам мөргөлчид ихээхэн ирж хурал хурах үеэр 1000 орчим лам хурдаг байсан байна. Зуны адаг сарын 28, 29, 302-нд тус хүрээнд 3 өдөр цам гардаг байжээ. Өглөө нар ханын толгойд тусаахаас нар шингэтэл үргэлжлэх энэхүү цамд 100 шахам цам гарч байсан тухай мэдээ байна.

Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сум /Даяндээрх агуйн домог/

Чингис хааны үед Даян Дээрхи гэдэг бөө амьдарч байжээ. Тэр нэгэн удаа Чингисийн отог дээр хоёр шарга морьтойгоо очиход хаан баатруудтайгаа анд явсан байв гэнэ. Хатан нь түүнийг гэртээ урьж, бөөлүүлэн, онгод савдагт нь отог омгоо даатгуулжээ. Бөө явах болж, хатан түүнийг гаргаж өгөх гэтэл Даян Дээрхи “Та нар миний хойноос бүү гар. Отгон охиноороо нохой хориул” гэжээ. Охин нохой хорихоор гарахад бөө хөтөлгөө мориндоо сундлан зугтжээ. Энэ тухай Чингис хаанд хэл хүргэн, хаан баатруудынхаа хамт түүнийг нэхэж. Даян Дээрхи уулан дахь агуйдаа ирж, охиныг нуун, өөрөө Үүрийн голын зах дээр хөшөө чулуун хөрөг болж, хиргисүүрэнд шингэн алга болжээ. Үүнийг нүдээр үзсэн хаан ид шидэнд нь ихэд бишрэн “Охиныг минь хатнаа болгож, хайрлаж харж яваарай. Ид шидээрээ энэ нутгийнхаа ард олонд тусалж яваарай” гээд буцжээ.

Түүнээс хойш уг чулууны дэргэдүүр морьтой хүн явахад морь нь бусгадаг, хөтлөөд явахад зүгээр болдог. Хожим энэ нь ямар учиртай юм бол гэж хиргисүүрийг ухаж үзвэл хүн чулуун хөрөг гарсан тул уг агуйг “Даян Дээрхийн агуй” хэмээн нэрлэн, бөөгийн онгод болгон шүтэж иржээ. 1864 онд Даян Дээрхийн хийд хэмээх шарын шашин, бөө мөргөлийн төвийг Цагаан-Үүр сумын нутаг дахь Үүр, Дээрхийн голын бэлчир байгалийн үзэсгэлэнт газарт байгуулсан туурь одоо хүртэл бий. Энэ агуйг үзэж сонирхох, онгод шүтээнээс нь абшиг авах гэсэн гадаад, дотоодын жуулчид сүүлийн үед олноор ирдэг болжээ. Даян Дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойно Үүр голын зүүн цутгал, Дээрх гэдэг хавцал голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцлын аманд орших, Монгол орны хамгийн том агуйн нэг юм. Агуй дотроо 450 шоо метр хэмжээтэй, арав гаруй тасалгаатай, зүг бүртээ олон ам бүхий “хаалгатай”. Төрөл бүрийн рашаантай, нарийн шороон будагтай, “эхийн умай” хэмээх эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай дэлхийд ховор байгалийн “үзмэр” юм.

Даяндээрхийн магтаал

https://mn.wikipedia.org/wiki/Даян_дээрхийн_агуй