Хожим эдүгээ бидний багш Шагжамуни бурхны үед дөрвөн Махаранз болж, Сүмбэр уулын дөрвөн зүгт оршдог ертөнцийг сахигч, хүсэлт тэнгэрийн орны тэнгэр нар болжээ. Сvмбэр уул нь уснаас дээш дөрвөн шаталсан үетэй байх бөгөөд дөрөвдvгээр үе нь Махаранз нарын орон ажээ.
- Юлхорсvрэн (са: Dhrtarastra)
Хөө хуяг өмссөн сvрт догшин баатрын дvртэй энэ Махаранзын лагшин нь ногоон бөгөөд мутартаа бива хэмээх хуур барьсан байдаг ажээ. Энэ тэнгэрийн дуу нь амьтанд хорлол бvхий тул орчлонгийн амьтанд хорт дуугаа сонсгохгүйн тулд хуур дарж буй хэмээдэг. Ертөнцийн зүүн зүгийг сахигч.
- Пагжийбуу (са: Үirudhaka)
Хөө хуяг өмссөн, лагшин бие нь хөх, мутартаа барьсан илдээрээ цавчин ширвэх байдалтай. Учир нь энэ тэнгэрийн бие нь хортой тул амьтныг биедээ үл хүргэх, үл ойртуулахын учир ийм дүр байдлыг үзүүлдэг гэдэг. Ертөнцийн өмнө зүгийг сахидаг.
- Жанмисан (са: Үirupaksa)
Хөө хуяг өмссөн, лагшин биеийн өнгө нь улаан, баруун мутартаа суваргыг дээр өргөн барьсан, зүүндээ могой барьсан дүрээр ажирна. Нүдэндээ хортой тул амьтныг өөрийгөө харахаас урьд бурхны тааллын шүтээн суваргыг харуулах гэж хараанд тусахуйц дээр суварга мутартаа барьсан учир тэр ажээ. Ертөнцийн баруун зүгийг сахидаг.
Монгол орны баруун зүгт залсан 4 Махранзын нэг Жанми Сан.
- Намтойсрай (са: Үaisranүana)
Монголчуудын Түвдээр нь Намсрай хэмээн дуудаж, Бисман тэнгэр хэмээн судар номонд бичигддэг энэ тэнгэр нь дөрвөн Махаранзын нэг бөгөөд бас 10 догшдын нэг ажээ. Өөрөөр хэлбэл эд баялгийг хайрлагч тэнгэр, чойжин сахиус юм. Лагшин биений өнгө нь шар, баруун мутартаа ялгуусны тэмдэг буюу жанцан, зүүн мутартаа эрдэнээр бөөлжсөн хулгана барьж, амаа жимийсэн дүрээр ажирдаг. Амаа ангайвал хортой тул амьтанд хорлол үйлдэхгүйн тул амаа жимийсэн дүртэй байдаг ажээ. Хэвтэж байгаа арслан хөлөглөсөн, хөлөглөөгүй хоёр өөр дүр хөрөг байдаг. Ертөнцийн хойд зүгийг сахидаг, мөн ягчис нарын тэргүүн ч гэж үздэг.
Дөрвөн Махаранз нь урьдны ерөөл буяны хүчээр Бурхан багшаас ном сонсож хутагтын үрийг олж ирээдүйд бурхны шашныг сахин хамгаалах тангарагыг өргөж байжээ. Дөрвөн Махаранз нь гурван ертөнцийн нэг Хүсэлт орны 6 зүйл тэнгэрийн эхний тэнгэрийн орноо оршдог юм.