Таван Замбал 5 Замбала

Замбал

Эд эдлэл хишиг буяныг дэлгэрүүлэгч шар Замбала бурхны тарни:

Ум Замбала залан да еэ суухай

 

Замбалын увдис гарсан түүх.

Намо Гүрү.
Хутагт Нүдээр-Үзэгч эрхэт дор мөргөмүй.
Дивангара Шризана буюу Жову Балдан-Адиша лам бээр зүүн зүгийн Бодала уулын хормойд залран явах замд нэгэн хүмүүн тааралдаад: “…үхэж байнам” хэмээхийг сонсож, тэр хүнээс юу хэрэгтэйг асуусанд: “Би өлссөнөөс үхэхүйд туллаа” хэмээн өчив.
Жову бээр тэр хүмүүнийг маш өрөвдөн нигүүлсэж, дотроо: “Би хот орж идээ олж ирвээс болох атал тэр хооронд энэ хүмүүн үхэх болмуй. Тиймээс эдүгээ өөрийн махнаас огтолж өгсүгэй” хэмээн таалаад хутгаа богцноосоо гаргаж, махаа огтлон өгсөнд тэр хүмүүн: “Би мах үл идмүй” хэмээгээд үл идэв. Жовуун аман гэгээнээс: “Энэ махыг идсэнээр хоромхонд тэнхэрмүй. Би хот ороод бинвад идээ гуйж ирсүгэй. Үүнийг идэгтүн” хэмээсэнд: “Ер би мах үл идэх бөлгөө. Түүний дотор хүний мах үл идмүй. Ялангуяа номчийн махыг бүр ч үл идмүй” хэмээгээд бас:
“Үлэмж буян олоогүй амьтан зовлонгийн нөхцлөөр үхэхүй дор, би өлсөж үхэхээс аргагүй”
хэмээн өгүүлсэнд Жову бээр таалал машид зовж: “Аяа, амьтны өлсөж үхэхийн зовлонг санаваас зүрх минь үл тэсмүй” хэмээгээд Бодала уулын зүгт тэргүүнээ хандуулан түрүүлгээ ойчиж, уйлан гасалж байвай.
Тэр цагт гэнэт газар хөдлөн их дуу гарсан дор нүдээ нээж харваас дэлгэр саран дэвсгэр дээр Хутагт Нүдээр-Үзэгч эрхэт залран юу болсныг асуусан хийгээд Жову бээр ч нэгэн хүмүүн өлсөж үхэж буй тэргүүтний ёсыг дэлгэрэнгүй өгүүлсэнд, Хутагт Нүдээр-Үзэгчийн мэлмийгээс нулимс гарсан бөгөөд зүүн нүдний нулимснаас Гэтэлгэгч Дарь Эх гарлаа.
Баруунаас нь Таван тэнгэрт цагаан Замбал гараад өмнийн огторгуйд гэрэл сацруулан байхыг үзэж, баясахуй таалал төрөөд магтаал өргөсөнд Таван тэнгэрт Замбалын амнаас сувдан хур буулаа. Жову дор адистид хийгээд даган соёрхлыг ч хайрласан болой.
Ялгуусаны шашны сахиус бүгдийн гол
Йогазарийн сүлдэн тэнгэр бүгдийн дээд
Тэнгэрийн Их увш нөхөд сэлт дор
Гурван үүдний бишрэлээр мөргөмүй.
“Ум Маха Дэва Увасига Сарва Сидди За”
Босогч дайсан хийгээд хорлогч зэтгэр тэргүүтэн
Завсар таслагч ад тотгорыг товроглон дарахуй дор
Чадал хүчин түрвэл үгүйн мөн чанарт
Дээд тэнгэр Их увшийн өлзий хутаг орших болтугай.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf