Говийн лха бурхан буюу Заяаны таван тэнгэр

Заяаны таван тэнгэр буюу Лха таван тэнгэр

Умаа зна врүм радна сиди хум хри
Умаа ни врүм раднаа сиди хум хри
Умаа а врүм раднаа сиди хум хри
Умаа юү врүм раднаа сиди хум хри
Умаа ши врүм раднаа сиди хум хри.

Говий лха буюу Заяаны таван тэнгэрийн тухай.

Энэ тэнгэр нь бөө мөргөлийн 99 тэнгэрийн Цагааны толгой тэнгэр юм . Бурхны шашинд Говийлха буюу хүслийн тэнгэр гэж өргөмжилж. Монгол будда Богд Зонхов бурхны шашны шүтээн болгож тахисан болно.

Нууцын Бүтээлийн сударт:

1. Хүний заяа буяныг хүслээрээ өөрчилж болно.

2. Хүний хувь тавилан хүслээрээ өөрчилж болно.

3. Хүний үхэл амьдралыг хүслээрээ өөрчилж болно гэжээ.

Үйлийн эрхээр тухайн хүнд өөрийн хувь болон ирсэн тавилан заяаг тэтгэгч таван тэнгэрийг Түвдээр “Говий лха” хэмээн нэршдэг. Хүмүүнийг хүн төрөл авахаас нь авахуулан өөрийн бие адил амьдралын турш хамт оршин сахин тэтгэдэг таван тэнгэр буй. Эдгээр нь орны тэнгэр, охин тэнгэр, эр тэнгэр, амин тэнгэр, дайсны тэнгэр хэмээх тав юм.
“Заяа тэтгэгч таван тэнгэр” буюу “Говийн Лха”-г шүтэх, шүтсэний тус эрдмийг өгүүлвээс:
Одоо цаг буюу Цөвүүн цагт оршиж буй хүмүүс бид муу сэтгэл бодолдоо автан гурван эрдэнэ номын сахиусны тааллаас хальсан муу үйл санаатай санаагүй хийсний үр дагавараар хувь хүн төдий бус нийтээрээ төр улс нь хямарч, нүдний харц, царай зүс гундах, удаан хугацаагаар өвдөх, бузартах, бусдын хэл аманд амар өртөх, амьдралд итгэлгүй болох, өөртөө итгэлгүй бие сулбайн хийморь сүлд нь доройтож, ажил үйлс нь үл бүтэж, бие сэтгэл нь өвчнөөр шаналж, идээ ундаа нь хүртэл хортой болж эрүүл саруул тайван амьдрах нөхцөл бүрээс ангид нийгэмд амьдарч байгаа нь сүлд тэтгэгч тэнгэр харьсны шинж юм.

1. Молха буюу. Охин тэнгэр.

Үзэсгэлэнт залуу бүсгүйн байдалтай, цагаан өнгөтэй, баруун мутартаа таван өнгийн хадаг яндар бүхий сум, зүүн мутартаа толь барьсан, хөх торгон хувцас өмссөн бөгөөд согоо хөлөглөсөн байдлаар оршино. Молха нь хүний оюун билэг, хүч тамир, өнгө зүсийг сайжруулах үүрэгтэй бөгөөд хүний зүүн суганд оршиж тэтгэдэг. Элдэв ариун бус хийгээд янз бүрийн шалтгаанаар Молха холдвол оюун билэг, биеийн өнгө зүс буурах тул Молхаг баясган шүтэх хэрэгтэй.

2. Сороглха буюу Амин тэнгэр.

Цагаан өнгөтэй баруун мутартаа жад, зүүн мутартаа цалам барьсан хуяг өмссөн баатар эрийн байдалтай бөгөөд өсгий цагаан хар морь хөлөглөсөн дүртэй байна. Сроглха нь хүний биеийн зүрхэн орчимд оршиж нас, буян хишгийг тэтгэн арвижуулна.

3. Полха буюу Эрийн тэнгэр.

Цагаан өнгөтэй амарлингуй байдалтай. Баруун мутартаа зэндмэнэ эрдэнэ, зүүн мутартаа эрдэнээр дүүрсэн таваг барьсан, цагаан морь хөлгөлсөн. Полха нь хүний баруун суганд оршиж ажил үйлсийг бүтээн тэтгэнэ

4. Юүлха буюу Орны тэнгэр.

Цагаан өнгөтэй баруун мутартаа сум, зүүн мутартаа нум барьсан, хөө хуяг өмссөн баатрын байдлаар цагаан морь хөлөглөсөн байдлаар оршино. Биеийн орой дээр оршиж хүнд сүр хүч аз жаргалыг хайрладаг.

Сүлдний тухай.

Сүлд дуудахыг Түвдээр Цэгүг, Лхагүг, Лагүг гэж нэршдэг. Энэ нь Насанд цөв орсон бол дуудах, Сүр жавхаа доройтсон бол сэргээх гэсэн утгатай юм.
Ийн Сүр Сүлд насны буян дуудах ёсны уг шаг нь эртний Энэтхэгийн оюуны түвшний оргилд хүрсэн их хутагт, бандида, шид бүтээлтнүүдийн амлаж баттай хийдэг тэрхүү аргыг хуулбарлан түүнийг билгэдсэн утгатай юм.
Энэ хоосон зүйл хаа нэгтэйгээс дуудсан бус, тоолшгүйгээс хураасан буян нүглийн цогц үйлүүд сэтгэлийн үндсэнд далд буюу авъяас хэлбэрээр унтмал байдлаар хадгалагдаж буй ба тэрхүү насны буян, ахуй эдлэлийн буяны үйлүүдийн боловсрох шалтгааныг дуудан, боловсруулж энэ төрөлдөө эдлэх нас буяныг арвижуулж өгдөг нь дээд хутагтын эрдэм чадлын илэрхийлэл бөлгөө.
Үнэн сургаалыг үгүйсгэх, архи дарсанд өөрийн мэдэлгүй автах, ад донд хорлогдох, завсаргүй их нүгэл хийх зэрэг муу үйлээс болж хүний сүлд тэтгэгч тэнгэр хаяж араараа зүглэдэг байна.
Энэ бүгдээс ангид байх арга нь сэтгэлээрээ муу бүгдийг хийхээ тэвчин хориглож, хууль дүрмийг шудрагаар сахиж хүн бүхэн хувьдаа эс анхаарваас насан туршид тэтгэх таван сахиус маань нүүр буруулж дээр дурьдсан бүхэн үргэлжилсээр байх юм.
Муу бодол үйлдлээс сэтгэлээрээ өөрийгөө ялан дийлж сайн үйлсийг үргэлж бүтээх аваас “Заяа тэтгэгч таван тэнгэр” тань үргэлж танийг тэтгэж урт удаан аз жаргалтай эрүүл саруул амьдран, улс орноороо амар тайван байхын үндэс суурь болох юм.
Мөн дашрамд дурьдахад “Сүлд дуудуулах”-тай холбогдох “Сүнс дуудах” гэсэн нэгэн ташаа ойлголт сүсэгтнүүдийн дунд байна. Бөө мөргөлийн зан үйлд “сүнс дуудах” гэж завсрын ертөнцөд үйлийн үрийн эрхээр анирлаагүй хашигдан байгаа сүнсийг биедээ буулгахыг хэлдэг гэж бичигджээ. Энэ мөнөөх сүлдийг хэлж буй юм.
Бурхны номонд сүнс дуудах гэх нь бурангуй ойлголт юм. Учир нь амьд хүний сүнсийг дуудна гэж үгүй юм. Сүнс хэмээх нь амьтай бодгалийн биед (цусны судлын гүйлгээгээр тархмал) заавал оршдог тийн мэдэл юм.
Хэрэв хүний биед сүнс үгүй болвоос тэрхүү бие нь хүүр болон шууд муудах зэрэг үйл явцууд эхлэх учиртай.
Харин зүрх зогссон ч бие махбодь муудахгүй (энгийн хүнд) хэдэн сар ч үргэлжлэх нь бий, харин /энгийн бус хутагтууд/ хэдэн мянган галваар орших боломжтой ба бодит жишээ нь Итгэлт хамба юм.
Иймд “Сүнс дуудуулах” биш “Сүлд дуудуулах” хэмээн буруу тогтсон ойлголтыг ийн залруулж байна.
Зуурдад буй “Хүний сүнс бол салхинд хийссэн хамхуул адил” хэмээдэг нь хаа аль зүгт анирлахыг хүний өөрийн үйлийн үр нь шийдэх учраас хамхуулаар жишэн адилтгажээ.
Эдгээрийг Бурхан багшийн “Цагаан лянхуан судар”
Тавдугаар далай ламын “Заяа тэтгэгч таван тэнгэрийн тахилга буяны хишгийн ундрага” хэмээх ном зэрэгт утга төгсөөр айлдсан байдаг. Эдгээрээс утгын шимийг түүвэрлэн буулгав.

5. Далха буюу Дайсан тэнгэр.

Амарлингуй, цагаан өнгөтэй. Баруун мутартаа жад, зүүн мутартаа цалам барьсан, цагаан морь хөлөглөж оршино. Хүний биеийн баруун мөрөн дээр оршиж хийморь, цог заль зол жаргалыг дэлгэрүүлнэ.

Ерөөс хүмүүн зөв бодол сэтгэлтэй, чухаг дээд гурав хийгээд багш дээдэст сүжигтэй, бусдад туслахыг ямагт хичээж, архи тамхи гэх мэт аливаа азар бузраас хол хөндий явах аваас Говий лха буюу заяагч таван тэнгэр баясан насан хутгийг дэлгэрүүлж, төгс эдлэл, буян хишиг, алив сайн бүхнийг хур мэтчилэн хайрладаг ажээ.

Монголчууд заяагч таван тэнгэрээ ариун сайхан авч явахыг хичээх ба таван тэнгэрээ ариусгахын тулд арцаар ариулахдаа биеэ гурвантаа тойруулдаг нь тэрхүү таван тэнгэрээ ариусгахын тулд болой.

Энэрэл нигүүсэл адис хүчний үүлийг цогцлоон хуйлруулж
Элдэв шид бүтээлийн зүсэр бороог буулгагч багш, дээдэс ба
Эргэлзэлгүй ивээгч ядам, дагина, сахиус нугуудын чуулганаа
Ихэд сүслэн бишрэн мөргөмү, энэрлийн гохоор баригтун.

Алин эхээс төрсөн даруйгаас биеийн сүүдэр мэтээр
Ашид хагацалгүй нөхөрлөж, ивээн аварч байдаг бөгөөд
Аливаа зүй зохист хэргийг бүтээгч заяагч таван тэнгэр болон
Алимад түүний дагуул далай олон нөхдийг магтму, би.

Ачит багш, авралт ядам, заяагч тэнгэрийн чуулганы
Ариун тааллыг дурдатгаснаар дээр, доод, завсар ертөнц бүхнээс
Арвин их хишиг буяны чуулганыг нарны цацраг адил хуралдуулж,
Агаар тэнгэрийн үүл мэтээр бүрхүүлж, хур мэтээр буулгах
Аялгуу дуудлага хишгийн шидийг ирүүлэх дэгээг дэлгэрүүлсүгэй.

“Цаглашгүй Гэрэлт” тевийн тэргүүн, Бурхан урлаач Ухаанзаяа. 2014-01-22.

Цусаар сэргэдэг хийморь гэж үгүй. Амьтан албал хийморь сэргэхгүй, харин амь тасалсны нүгэл л хураана. Эцэст нь цусан мөртэй үйлийнхээ төлөөсийг өөрөө төлж сална.
Тусаар сэргэдэг хийморь л гэж бий. Харин амьтан энэрч хайрлавал хийморь сэргэнэ түүгээр үл барам буянаа хураана. Үр дүнд нь сүүн мөртэй үйлийнхээ үрийг өөрөө амсаж жаргана. Энэ бол ердөө л зүй тогтол.