Бурхан багш ба суварга тойрсон хуварга

Зарлигийн шүтээн түүний тус эрдэм

Бурхны эрхэм зарлиг, тааллын тайлбар сэлтийг үсгэнд буулгасныг зарлигийн шүтээн гэнэ. Зарим нэг нь гурван сав аймгийн номыг хожим бурхны зарлигийг хураасан гуравдугаар чуулганы үед л үсгэнд буулгасан, үүнээс өмнө үсгэнд буулгагдаж байгаагүй гэдэг. Гэвч ялж Төгс нөгцсөн Бурхан багшийг заларч буй үед сайн зарлигийг үсгэнд буулгасан гэдэг баримт байдаг.
Бурхан багшийн үеийн Говушамби хэмээх орны хааны хатан Осамма таван зуун эмэгтэйн хамт шөнийн зулын гэрэлд бурхны зарлигийг уншиж байсан хэмээн “Винайн эшлэл” номонд тэмдэглэсэн байна. Бурхан багш 35 насандаа төгс гэгээрсэн бурхны хутгийг олж 46 жилийн турш өөрийн гэгээрсэн арга зам мэргэн сургаал номоо бусдад заан сургаж байсан юм. Бурхны сургаал номлолыг утга агуулга, цаг хугацааны хувьд гурван гол хэсэгт ангилна. Үүнийг түүхэнд “Бурхан багш номын хүрдийг гурван удаа эргүүлсэн” гэдэг. Бурхны үйлс бүгдийн дээд нь номын хүрдийг эргүүлэх мөн. Номын хүрдийг эргүүлсэн гэдэг ном сургаалаа айлдсан хэмээн ойлгож болно. Бурхан багш анхны номын хүрдээ Энэтхэгийн эртний хот Варанасид, дунд номын хүрдээ тас цогцолсон ууланд, сүүлчийн номын хүрдээ Вайшалид эргүүлжээ. Ер нь бурхан багш найман түм, дөрвөн мянган сэтгэлийн гэм болох нисваанисын ерөндөг болгон найман түм, дөрвөн мянган номын цогцосыг номлосон. Тэдгээрийг ч арван хоёр сайн зарлигт хураагдах бөгөөд, энэ нь ч гурван сав аймагт хураагдана. Бурхан багшийг таалал болсны тэр жил бурхны зарлигийг гурван сав аймаг болгон эмхэтгэсэн гэдэг.
Гурван сав аймгийн номууд гэдэг нь Авидармын сав аймаг, Винайн сав аймаг, Судрын сав аймгийг тус тус хэлнэ.
Гурван сав аймаг номыг “Трипитака” гэж нэрлэдэг. Эшийн шашинд 3 сав аймгийн ном багтана. Онолын шашинд 3 суртгаал багтана. Бурхны зарлиг бүгдийн өгүүлэхүүн буюу утга болсон 3 суртгаалыг эрхэмлэн заан өгүүлэгч түүнийг 3 сав аймгийн ном хэмээнэ.
Үлэмж шагшаабадын суртгаалын өгүүлэхүүнийг эрхэмлэн заасан сайн зарлиг нь винайн сав аймаг болно.

Винайн сав аймаг нь явдлыг голлон сургасан байдаг бөгөөд бие хэлний цалгар ёс бүгдийг тэвчихийн тухайд сургаал цаазууд бөлгөө. Үлэмж сэтгэлийн суртгаалын өгүүлэхүүнийг эрхэмлэн зааж буй сайн сургаалыг заасан эрхэм зарлиг нь судрын сав аймаг болно.
Судрын аймаг нь бясалгалыг голлон сургасан байдаг бөгөөд сэтгэлийн тийн алгасаралын түйтгэрийг тэвчихийн тухайд зорьсон байдаг.
Үлэмж билгүүний суртгаалын өгүүлэхүүнийг эрхэмлэн заасан сайн зарлиг нь авидармын сав аймаг болно. Авидармын сав аймаг нь үзлийг голлон сургасан бөгөөд “би”-д барих үзлийн ерөндөг мөр болсон “би-үгүй” хоёрыг онохын билгүүнийг голлон заасан байдаг юм.
Гурван сав аймгийн номууд нь Ганжуур, Данжуур хэмээх цоморлигт багтдаг Монголын хийд орнууд Ганжуур, Данжуурыг алт, 9 эрдэнэ, бэх зэргээр бичиж үйлдэх, мөн бараар хэвлэн үйлдэх зэргээр бүтээж зарлигийн шүтээн болгон залдаг байв.
Ганжуур нь Юмийн, Дандарын, Хорин таван мянгатын, Арван найман мянгатын, Түмэн шүлэгтийн, Элдэв билиг барамидын, Найман мянгатын, Дулбагийн, Олонхийн, Эрдэнэ давхарлагдсаны, Гарчигийн гэх 12 зүйл 213 боть юм.
Данжуур нь Энэтхэг, Түвдийн мэргэн бандида нарын их, бага таван ухааны туурвил бөгөөд 3400 зохиол бүтээл багтдаг.
Үүний зэрэгцээ айл өрхүүд Алтангэрэл, Жадамба, Сундуй, Банзрагч зэрэг хөлгөн судруудыг гэр орондоо залж зарлигийн шүтээн болгож байв. Эдгээр уламжлал одоо ч гэсэн хадгалагдаж байна.
Зарлигийн шүтээнийг Түвдийн сав, шар үсэг, Монголын хуучин монгол, дөрвөлжин үсэг, соёмбо үсэг, тод үсгэнд буулгаж шүтэн байжээ.
Мөн хонх, дамар, бишгүүр, бүрээ тэргүүтэн бурхдыг урин дуудах баясган цэнгүүлэх, залан соёрхох зэрэг эгшиг дуун дуурсгагч хөгжмийн зэмсгүүд урилга, тооллого үйлдэх элдэв зүйлийн эрхи, дөрвөн махбодийн их, бага, дунд номын хүрдэн, бичгэнд байгуулсан сахиусын чуулган тэдгээр бүгдийг зарлигийн шүтээнд багтаадаг. Дээдийн ном гэдэг нь хорихуй хийгээд мөрийн үнэнд хамаарагдах цувиралт үгүй ном хийгээд шалгуур төгс зарлиг шастирууд юм.
Эш хийгээд онолын мөн чанартай дээдийн ном тэр нь бурхны шашин мөн.

Зарлигийн шүтээн байгуулсны тус эрдэм.

Ганга мөрний элсний тоот оронд хэдий чинээ байгаа амьтан тэр бүгдийг дайснаа дарсан архдын хутагтад байгуулсны буянаар билгийн чанадад хүрсний зарлигийг үсгэнд буулган бичих, буулгасан түүнийг анхааран авагч амьтанд өгсний буян хавьгүй илүү хэмээн зарлигласан байдаг.
Энэ мэт олон судар шастираас эрхэм зарлигийн шүтээнийг босгосны тус эрдэм цаглашгүй гэдгийг айлдсан болно.
Мөн билгийн чанадад хүрэхийн номыг бичих, хадгалах, түүнд цэцэг, хүж, түрхлэг тэргүүтнээр хүндэтгэн үйлдсэний буян хязгааргүй гэдгийг зарлигласан байдаг.