Будда - Модонд дунд буй хөшөө

Зургаан барамидын утга

Бурхны сургаалын парчин буюу билэг барамидын аймагт буй бодь сэтгэл буюу билэгт хүрэх ёс суртахууны шинжийг зургаан зүйлээр илэрхийлснийг хэлнэ. Энэ нь билэг ухааны чанадад хүрч гэгээрэх аргуудын нэр юм. Үүнийг богд Зонхава “гэгээрэхүйн шалтгааны хамаг номын үндэс” гэсэн. III Далай лам Содномжамц “Бодь мөрийн зэргийн хөтөлбөр, алтыг дахин хайлуулсан” хэмээх зохиолдоо
“Ламрим”-ын утгыг хураангуйлж бичсэн ба зургаан барамидыг тайлбарласан. Билэг гэх нь туйлын мэдлэг, цэвэр мэдлэг, барамид гэдэг нь санскрит гаралтай “чанад хязгаар хүргэсэн” гэх утгатай санааг агуулдаг.

1. Өглөг барамид:
Бүх төрлийн харамгүй өглөг.

2. Шагшаабад барамид:
Ёсыг даган, сахилга, дэг. санваар сахих.

3. Тэвчээр барамид:
Сэтгэлийг номхтгон, хүлцэнгүй, хатуужилтай болох.

4. Хичээнгүй барамид:
Нэгэн бат сэтгэлийг барьж, залхуугүй, цаг алдахгүй гэх мэт.

5. Дияан барамид:
Оюунаа төвлөрүүлж бясалгах.

6. Билэг барамид:
Ухаарч гэгээрэх, мэргэн ухааны хязгаарт хүрэх.

Дээрх зургаан “Билэг ухааны их оньсыг хураасан их товч” хэмээн үнэлдэг, харилцан шүтэлцээ бүхий ойлголт болно. Эдгээрийг тус бүрд нь авч үзвээс:

Анхдугаар буюу Өглөг барамид нь:

Хүн өөрийн хамаг хэрэгцээг үл хайхран. Бусдын тусад үнэхээр зориулсан үр буюу хэлбэр нь:
А. Номын
Б. Эд таваарын
В. Аюулгүйн
гэх гурван үндсэн ялгамжтай, харамын сэтгэлийг хаах ерөндөг юм. Үүнийг Богд лам: “Харамгүй өглөг нь амьтны гориллыг хангах чандмань эрдэнэ, харамын зангилааг таслах хурц мэсийн дээд, харьж шантрашгүй чин зоригийг үүсгэдэг бодьсадын явдал, хамаг яруу алдрыг арван зүгт дуурсгах суурь” хэмээн үнэлжээ.
Хоёрдугаар, шагшаавад барамид нь:

Гэмт явдлыг хорьж, буяныг хураах амьтанд тус үйлдэх буюу дотроо санваар сахих, буян ном хураах, тус хүргэхүйн гурван хэлбэртэй.
Богд Зонхава лам:
Ариун шагшаабад нь гэмт явдлын хирийг угаагч ус,
Атгагт нисваанисын халуун энэлгээг арилгах сарны гэрэл,
Аливаа төрөлхтөн бүхний дунд Сүмбэр уул мэт жавхлантай,
Албадан хүчээр зүхэлтгүй, амьтан бүхэн сөгддөг,
Анхааран тэр мэдээд, үнэхээр авсан санваараа
Алаг нүдний цөцгийчлэн дээдсүүд хамгаалан зохиодог гэж увидаслан айлдсан.

Гуравдугаар, тэвчээрийн барамид нь:

Номыг магадтай онон сурахад тэвчээртэй байж, саад хорлолд үл ажран, бусдад мууг үл санан, ертөнцийн зовлонг өөрт авч, хүлцэн тэвчих сэтгэлийн чадварыг олох юм. Энэ тухай Богд лам: “Хүлцэнгүй нь хүчтэнгүүдэд чимгийн дээд, хүлээс нисваанисаар энэлсэнд хатуужил бүхний туйл, хүчит уурын могойн далайд хангарьд, хэрэггүй ширүүн үгийн мэсэнд бат хуяг мөн” хэмээн айлдсан. Эртний гүн ухаант Платон: “Мэргэн ухааны үндэс нь тэвчээр” гэснийг дурдья.

Дөрөвдүгээр, хичээнгүй барамид нь:

Сэтгэлээ буян номын зүг үнэхээр хандуулж, муу зуршил залхууг арилган, үл шантрах, үл уйдах, хөө хуяг мэт бат байх мэт тэргүүтэнг хэлнэ.

Дотроо:
A) Хуяглахуйн
Б) Буянт номын
B) Амьтны тус үйлдэхүйн хичээнгүйн гэж гурав хуваагдана.

Энэ тухай Богд Зонхава лам:
Алдаж няцашгүй бат хичээнгүйн хуягыг өмсвөөс
Ариун эш, онолын эрдэм, шинийн саран мэт арвидах
Аливаа хамаг явдал бүхэн хэрэг төгс болох
Алин туурвисан үйлийг эцэс ч сэтгэлчилэн бүтэх
Ажиглан түүнийг мэдээд, залхуу бүхнийг арилган
Агуу их хичээнгүйг бодьсадва нар туурвисан хэмээн зарлигласан юм.

Гэгээрэх, ухаарах боломж нь гагцхүү хүний төрөлд л байдаг тул Бурхан багш онцгойлон номоо айлдсан, энд маш хичээнгүй байх чанар хэрэгтэйг чухал саная.
Хичээл зүтгэлтэй, бас тэвчээртэй хүн аливаад амжилт гаргадаг. Хичээнгүй байхын суурь нь залхуугүй байх чанар юм. Бие махбодын залхуу дээр оюун сэтгэхүйн залхууг нэмбэл идээд л хэвтээд байдаг гахайнаас нэг их хол ялгарахгүй болох бус уу.

Тавдугаар, дияан барамид нь:

билэг ухааныг төгсгөхөд сэтгэл оюун алгасрахуйн гэмийг тэвчин живэх буюу сэтгэл мунхрах, догшрох буюу сэтгэл тогтворгүй болох тэргүүтнээс ангижрах нь энэ насанд бие, хэл, сэтгэл амар оршихуйн дияан, дээд эрдмүүдийг илт бүтээх дияан, амьтны тус бүтээх гэх зэрэг гурван ялгавар байх ажээ.
Богд Зонхава лам:
Тэр дияан нь сэтгэлийг эрхэнд оруулдаг хаан
Түлхэн тавиваас хөдөлшгүй Сүмбэр уул мэт
Түгээн илгээвэл, буяны зоригдол бүхэнд ордог
Түүнчилэн, бие, сэтгэл үйлэнд болохын амгаланг удирдах
Түүнийг сайтар мэдээд егүзэрийн эрхт нар
Тийн алгасарахын дайсныг дарж самадийг үргэлж шүт гэж айлджээ.
Алгасрах гэдэг нь алмайрал, залхуурал,эндүүрэл, сэтгэл нозоорох гэсэн утгатай үг.

Зургаадугаар, билэг барамид нь:

Өмнөх таван барамидын манлай нь буюу бодь сэтгэлээр хөтлөн, орчлонгийн ёзоорыг мөн чанараар нь гаргагч хоосон чанарын утгыг мэдсэн гэгээрэхүйн сэтгэл юм. Үүнийг гурван зүйл билгээр ялгана.

1. Хоосон чанарыг онохуйг үнэмлэхүй билэг (туйлын үнэн)
2. Ухааны таван оронд мэргэжих нь янагуух билэг (харьцангуй үнэн)
3.Амьтны энэ ба хойтын тусыг бүтээх ёсыг мэдэх юм.