Сансрын хүрд

Адгуус

Адгуус (Animals): Лус, уул усны эзэд, араатан жигүүртэн, хөхтөн амьтад, далайн амьтад, шавж хорхой гэх мэт бусад амьтдыг нийтэд нь нэрлэсэн ерөнхий нэр.

Адгуусны орон.

Адгуусанд өгүүлж баршгүй олон зүйл язгуур байх боловч тархмал хийгээд живэнги орших хоёр язгуурт хураан ангилна. Тархмал язгуур нь хүний болон хүсэлт тэнгэрийн оронд ч байна, живэнги орших нь их зонхи гадаад их далайд орших бөгөөд түүний хав харанхуй ёроол хязгаарт ч цогцлон овоорсон мэт оршмуй. Их хүчит адгууснууд өчүүхнээ барьж идэх, тэнгэр, хүмүүний эдлэлд хэрэглэгдэх тэргүүтэн өөрийн эрх үгүй, бусдын эрхэнд баригдсанаар алагдах, занчуулах ба хорлогдон зовно. Бас бус харанхуй орон хийгээд усанд төрөөд тэндээ өтөлж, үхэх хийгээд хүнд үүргээр зүдрэх, тариаланд эдлэгдэх, үс ноосоо хяргуулах, туугдах ба алагдах ёс адил үгүй олон зүйлээр нэрвэгдэх буй. Маш өлсөх, ундаасах, даарахаар нэрвэгдэх, гөрөөчин тэргүүтэнд элдэв үүднээс хөнөөгдсөнөөр тэдгээрт цаг үргэлжид аюул ер тасрахгүй болой. Адгуусны насны хэмжээний урт нь нэгэн завсрын галавт насалж чадах бөгөөд насны ахарт магадлал үгүй. Маш богино нь нэгэн түр хормын насны хэмжээтэй ч байх. Адгуусны хамгийн бага хэмжээ нь үсний үзүүрийг тав хуваасны нэгэн хувь төдий хэмжээтэй ч буй. Ихийн хэмжээнд загас залгигч матар мэт нь 2700 бээр хэмжээтэй ч байх. Мөн лусын хаан Баясгалант хийгээд Шадар баясагч хоёр бээр Сүмбэр уулыг гурав дахин ороож, биеэ дэвсгэрээсээ үл хөдөлгөсөн ч цээж нь Сүмбэр уулын оройд хүрэх хэмээн номлосон. Эдгээр адгуусанд өндөгнөөс төрөх, умайгаас төрөх, илч, чийгнээс төрөх, хувилж төрөх зэрэг дөрвөн төрөл буй.