Сансрын хүрд

Бирд

Бирд (Hungry ghost): Гурван муу заяаны нэг төрөл ба үйлийн эрхээр идээ ундаа эдэлж хэрэглэж чадахгүй байнга өлсөж цангаж явдаг, хүмүүний нүдэнд үл үзэгдэгч амьтан.
1. Идээ унд гадаад түйтгэртэн: Булаг, нуур, цөөрөм байвч элдэв зэвсэг барьсан амьтад хөөж туугаад ойртуулахгүй. Ойртовч ус нь цус нөж гэх мэт элдэв бохир зүйл болж харагдах тул ууж эдэлж чаддаггүй.
2. Идээ унд дотоод түйтгэртэн: Хоолой нь маш нарийн, амнаас нь гал бадрах мөн ходоод нь маш том тул бусад саад болохгүй байсан ч өөрийн олсон хоол ундыг идэж ууж үл чадна.
3. Идээ унд нь түйтгэртэй: Идсэн уусан нь гал болон шатаж өөрийг нь түлэх гэх мэтээр идээ ундаа хэрэглэж үл чадна.
 

Бирдийн орон.

Замбуутивийн доор таван зуун бээр хэтэрвээс бирдийн Цайвар шар хэмээх балгад буй. Тэр хааны харшид нүглийн үйлээр хаягдаж, төгсгөл нь буяны үйлээр төгссөн тэнгэрийн цог учрал лугаа тэнцэх төгс эдлэл бүрдсэн бөгөөд буян, нүглийн авах, гээхийг ном ёсоор үзүүлдэг Эрлэг номун хаан хэмээгч заларна. Түүний нөхөрт бирдийн гучин зургаан язгуур буй. Ер хармыг дийлэнх шүтсэнүүд бирдэд төрөх бөгөөд тэдгээрүүд үргэлжийн өлсөх ба ундаасах, мах, арьс, цус нь хатан хатингартаж, түлэнхий хожуул мэт болоод, нүүр нь үсээр бүрхэгдэн, ам нь маш ангаснаар үргэлжид зовно. Бирд үүнд анхдугаарт, идэх уух нь дотроосоо шалтгаалан зовох, хоёрдугаарт, идэх уух нь гаднаасаа шалтгаалан зовох, гуравдугаарт, идээ ундаанаас шалтгаалан зовох үндсэн гурван зовлон байна.
Бирдүүд ус, булаг хийгээд далай, цөөрөм хараад гүйн очихуйд тэнд илд, жад барьсан амьтад гэдрэг нь үлдэн хөөх хийгээд ус тэдгээр нь идээ бээр, цусанд үзэгдээд ууж, эдэлж үл чадна.
Бирдийн ам нь зүүний сүвэгч төдий, гал бадарсан, сүвээ гэдэс нь үлэмж уул мэт том тул их далайн усыг уувч хоолойн мухар уужим болоод, амны халуун хороор уусан дусал хатаж үйлдэнэ. Ийн тэдгээр идээ, ундыг саадгүй олсон ч өөрөөс шалтгаалан идэж, ууж үл чадна.
Галын илчин амнаас нь бадарснаар идсэн уусан бүгдийг шатааж орхино. Мөн өтгөн, шингэн элдэв ялгадас, илжирсэн ялзарсан өмхий үнэрт бузар зүйлийг идэж уух хийгээд зарим нэг нь өөрийнхөө махыг ч тасдан иднэ. Ариун болон сайн идээ ундааг хэзээ ч эдэлж үл чадна.
Тархмал бирдүүдийн орон нь магадлал үгүй бөгөөд тэнгэр, хүмүүний оронд ч байна. Бирдүүдийн насны хэмжээ нь хүмүүний нэгэн сарыг нэг хоногт тооцсоноор өөрийн жилээр таван зуу насалж чадна. Заримууд нь таван мянга хийгээд түм наслаад үл үхэх ч буй. Биеийн хэмжээ нь нүглийн эрхээр их, бага элдэв боловч бирдийн бага нь нэг төө, томыг нь мянган бээр хэмээсэн. Эдгээр бирдүүд умайнаас төрөх хийгээд хувилж төрөх үйлтэн болой.