Нирваан бол хорвоо дэлхийн үйл хэргийн төгсгөл, хүсэл зовлон, хүлээс аргамж, үхэл мөхөл бүгдийн эцэслэл. Тэнд хүрсэн хүн цаг хугацаа, орон зайн хязгаараас чанадад оршино.
Нирвааныг үзэж туулж, мэдэрч яваагүй хүн ховс зэрэглээ гэж чухам юу болохыг ихэнхдээ мэддэггүй. Зарим нэг сэтгэл зүрхний багшийн сургаснаар манай дэлхий бол майа буюу ховс зэргэлээ ажээ. Гэхдээ нирваанд орсон хүн ховс зэргэлээ гэж юу болохыг ухаарч мэддэг. Нирваан бол бурхантай тогтоосон зогсонги хөдөлгөөнгүй нэгдэл. Тэнд юм бүхэн тогтуун жаргалангийн дунд оршдог. Тэрхүү жаргаланг төсөөлж дийлшгүй, хэмжиж баршгүй, дүрслэн өгүүлж чадашгүй. Нирваанаас чанадад туйлын нэгдлийн орон бий. Тэрхүү нэгдэл хэмээвээс бурхантай тогтоосон эрчимт нэгдэл билээ.
Нирвана /орчин үед гэгээрэл гээд байгаа/ нь гаслангаас ангижирсан гэсэн утгатай. Гаслан гэдгийг зөвхөн зовлонгоор ойлгож болохгүй, гол нь сэтгэлийн сөрөг чанар юм. Сэтгэлийн сөрөг чанарыг товчхондоо нисванисын түйтгэр, мэдэгдэхүүний түйтгэр гэж хоёр ангилдаг. Нисванисын түйтгэрт уур, шунал тэргүүтэй үндсэн 6 нисванис, салбар 20 нисванисууд багтдаг бол, мэдэгдэхүүний түйтгэр гэдэг нь орчлонгийн оршихуйн зүй тогтол, үйлийн үрийн маш нарийн барилдлага тэргүүтэн оршин буй бүхнийг алган дээр тавьсан мэт илтэд мэдэхэд саад болдог “үл мэдэх” юм. Нисванисаа дарсан хүнийг “архад” гэх бөгөөд, нисванис, үл мэдэх хоёрыг бүрэн арилгаваас бурхны хутгийг олох буюу “будда” болж байгаа нь тэр юм. Хоёр түйтгэрийн аль нэгээс, эсвэл хоёулангаас нь ангижирсан мөн чанарыг нирвана гэдэг. Нирваанд хүрэх зам мөрийг хураангуйлвал арга билиг хоёрт багтана. Аргын талд: Магад гарахуйн санаа буюу орчлонгоос уйссан сэтгэл, асрахуй сэтгэл, нигүүлсэхүй сэтгэл, бодийн сэтгэл зэрэг орно. Билгийн талд: мөнх бусыг оносон сэтгэл, хоосон чанарыг оносон сэтгэл зэрэг багтана. Тэгэхээр гэгээрэлд хүрэхийн тулд арга билиг хоёрыг хослуулах хэрэгтэй. Билгийн талаас хамгийн чухал нь хоосон чанарыг оносон сэтгэл юм. Тэр байхгүй бол төгс гэгээрсэн бурхны хутаг байтугай архдын хутгийг олох боломжгүй. Тиймээс хоосон чанарыг оносон билгүүнийг, аргын талын аль сэтгэлтэй хослуулах вэ гэдгээс их бага хөлгөн ялгагдаж байгаа юм. Бодийн сэтгэл үгүйгээр, зөвхөн “магад гарахын санаа”-ны үүднээс хоосон чанарыг бясалгаваас нисванисаа дарж, үйлийн үрийн хүлээснээс ангижирсан архад болж чадах боловч, “үл мэдэх”-ийг арилгаж чадахгүй юм. Үүний нэг жишээ бол Бурхан багшийн гол хоёр шавийн нэг Модгалъяана, архадын хутгийг олсон ч өөрийнхөө ээжийг өөр ертөнцийн оронд төрснийг мэдээгүй Бурхан багшаас асуусан байдаг. Энэ тухай “Бурхан багш” кинон дээр цухас гарсан.