Сүмбэр уул хийгээд ертөнцийн тив

1. Сүмбэр уулын үүсэл

Бурхны шашны судар шаштир, домогт Сүмбэр уулын тухай олонтаа өгүүлсэн байдаг. Энэ нь Энэтхэгийн санскрит хэлний “Сүмэрү” хэмээх үг бөгөөд Монгол хэлээр Сүмэр буюу сүмбэр болжээ. Тэрхүү Сүмбэр уул усан нүдтэнд үзэгддэг бодит уул мэтээр эндүүрэгсэд түүнийг энэхэн замбуу тивийн хаана оршдог бол хэмээн эрж хайх таамаглахаас эхлээд тэр энэ уул хэмээн Замбуу тивийн их уулсын аль нэгийг заан өгүүлэх, эс бөгөөс Сүмбэр уул хэмээгч зөвхөн үлгэр домог юм. Тийм уул хаана ч байхгүй хэмээн ор тас үгүйсгэсээр өдий хүрсний аль аль нь ихэд ташаарсных бөлгөө, Энэ тухай өгүүлэхийн өмнө Бурхан шашны ном сударт Сүмбэр уул хэзээ хэрхэн үүссэн тухай өгүүлснийг толилуулья. Ном сударт өгүүлснээр: Огторгуйн хязгааргүй уудамд алт, мөнгө, төмөр, шороо тэргүүтэн элдэв махбодуудыг агуулсан шимт үүл манан тогтож буулга модны чинээ бороо хур олон жилийн турш бууж алтан дэлхий дээр зузаанаараа найман түмэн бээрийн /1 бээр нь 6 км/ их далай тогтжээ. Тэр их далай дээр мянган шар цэцэг ургасныг ариун орны тэнгэр үзэж энэ юуны тэмдэг вэ? хэмээн шинжилбээс энэ галавт мянган бурхан төрөхийн шинж тэмдэг хэмээн сайшаан өгүүлснээр Галсан буюу сайн цаг хэмээн алдаршиж энэ галавт Сүмбэр уул тогтох тавилантай байжээ. Эрдэнийн шимт хязгааргүй их далай нь салхиар дөрөлжлөн хутгагдсанаас уулсын их хаан гайхамшигт үзэсгэлэнт хийбод Сүмбэр уул дөрвөн тивийн хамт нэгэн зэрэг тогтжээ.

2. Сүмбэр уулын тогтоц

Судар ном, домогт огүүлэн буй Сүмбэр уул нь усан нүдтэнд үл үзэгдэх хийбод уул юм. Эл сүрлэг хийбод уулын найман түмэн бээр нь их далайн гүнд, найман түмэн бээр нь их далайн мандлаас дээш сүндэрлэх бөлгөө. Далайн мандлаас дээших анхны үе нь арван зургаан мянган бээр, удаах үе нь найман мянган бээр, гутгаар үе нь дөрвөн мянган бээр, дөтгөөр үе нь хоёр мянган бээр бөлгөө. Сүмбэр уулын оройн хэмжээ нь нэгэн талдаа найман түмэн бээр бөгөөд гадуур тойрондоо гурван буман хоёр түмэн бээр болой. Сүмбэр уулын дөрөв дэх үед Дөрвөн махранз тэнгэр нөхөр сэлтийн хамт орших бөгөөд орой дээр нь Хурмастын найман тэнгэр тэргүүтэй нийт гучин гурван тэнгэр оршино. Тэнгэр нарын хооронд гуа хэмээх балгас байх бөгөөд түүний дунд хурмастын сандарнасан балгас оршин дөрвөн зүгт нь үзэсгэлэнт дөрвөн цэцэрлэгтэй түүний өрнө талд нь тэнгэр нарын хурлын газартай бас түүний дунд хурмастын ном номнох алтан ширээ засаастай байх гэх мэт гайхамшигт эд эрдэнээр бялхаж байдаг ажээ.

Сүмбэр уулын зүүн талд нь мөнгө ба болороор бүтсэн хэлтгий саран хэлбэртэй цагаан өнгөтэй үлэмж биет хийбод тив тогтжээ. Энэ тивийн хүмүүс хоёр зуун тавин настай, найман тохой биетэй, үзэсгэлэн төгөлдөр бөгөөд нүдээрээ сонсдог ажээ. Тус тивийн хоёр талд оршдог хоёр дагуул тивийн хүмүүс дөрвөн хөлтэй бөлгөө.

Сүмбэр уулын өмнө зүгт нь биндэрьяагаар бүтсэн хөх өнгөтэй тал хэлбэртэй замбуу тив /бидний амьдарч буй тив/ тогтжээ. Хүний нүүр нь дэл хэлбэртэй нас буян эд баялаг бусад тивүүдээс бага боловч маш гайхамшигт зүйлээр баялаг болой. Үүнд: Тус тивийн дунд өнгөрсөн, одоо, ирээдүй, гурван цагийн бурхны орон, дорно зүгт Манзуширийн залрах Утайн орон, өмнө зүгт нь бодлон Үржан хандын орон, умар зүгт ариун Шамбалын орон, Энэтхэгт байдаг Дорждан гэх мэт тагшан таван орон оршдог бөлгөө, Лусын хааны амьдардаг Анубад далайн захад ургадаг замбуу модны үр боловсорч салхиар усанд унахдаа замбуу гэж дуу гарсан тул замбуу тив хэмээн нэрлэжээ. Тус тивийн хоёр талд оршдог хоёр жижиг тивийн нэгэнд нь гурван нүдтэй улс буй нөгөөд нь мангас төрөлтөн оршино.

Сүмбэр уулын өрнө зугт улаан өнгөтэй дүгрэг саран хэлбэртэй Үхэр эдлэгч хэмээх тив оршдог. Энэ тивийн хүн арван зургаан тохой биетэй бөгөөд таван зуу наслана. Тус тивийн хоёр талын хоёр жижиг тивийн нэгэнд том хамарт хүмүүс, нөгөөд нь хоёр толгойтой улс тус тус амьдардаг ажээ.

Сүмбэр уулын умар зүгт алтаар бүтсэн шар өнгөтэй, ширээ мэт дөрвөлжин хэлбэртэй, цаг бусын үхэлгүй муу дуут хэмээх хийбод тив тогтжээ, Энэ тивийн хүн амьтны үхэхийн өмнөх долоо хоногт чи үхнэ хэмээх яруу бус дуу огторгуйгаас биш аз /чөтгөр /-ийн хэлээр сонсдох тул Муу дуут тив хэмээн нэрлэжээ. Тус тивийн хүмүүс гурван хөлтэй бөгөөд дутах гачигдахын зовлонгүй, хоёр захын хоёр бага тивд дөрвөн нүдтэй, гурван хөлтэй хийбод улс амьдардаг ажээ.

Эдгээр дөрвөн тивд амьдардаг хүн амьтан өөр өөрийн тивийнхээ хэлбэртэй нүүр царайтай байдаг ажээ. Тэрчлэн энэ тивүүдийн гэрэл нь өөр өөрийн талын огторгуй ба далайг тус тусын өнгөөр гийгүүлдэг ажээ.

Тус дөрвөн тивийхэн цөм хойд зүгтээ Сүмбэр уул байдаг хэмээн үздэг билээ. Энэ нь наран тусах зүгээ урд зүг хэмээн үзэж заншсанд оршино, Энэ дөрвөн их тивийн завсарт буй бага найман тив нь тус бүр өвөрмөц нэртэй байдаг. Их биет тивийн баруун талд биет, зүүн талд нь их биет, дуу яруу бус баруун талд дуу яруу, зүүн талд нь дуу яруу бусын дуу, замбуу тивийн баруун талд гүвүүр, зүүн талд нь өөр гүвүүр. үхэр эдлэгч тивийн баруун талд нь хөдөлгөөн төгс, зүүн талд нь зам дээдэд олох тивүүд хоёр хоёроор дагавар тив болон тогтжээ.

Тэрчлэн эдгээр найман дагавар тивийн дотор талаар алтан мах бодын чанар бүхий буулга мод баригч, анжис баригч, сэндэн мод, үзвээс гуа, морины чих, тийн сөгдөгч, мөөр баригч хэмээх долоон алтан уул сүмбэр уулыг дөрвөлжилж хүрээлэн тогтжээ, Эдгээр долоон алтан уулын завсар завсраар лусын хаадын орших цэнгэлийн долоон далай байдаг. Энэ долоон далайг дотоод долоон далай гэдэг. Түүний өргөн нь гуван бум хоёр түм хоёр мянган бээр бөгөөд гадуур тойрог нь гурван сая зургаан бум долоон зуун тавин бээр ажээ. Энэ долоон далай нь харилцан адилгүй өөр, өөрийн онцлогтой тохирсон байдаг. Үүнд цэнгэлийн далай, лусын далай, үүлгүй далай, сүүн далай, цусан далай, байгуулалтын далай, баясгалангийн далай эдгээр болой. Эдгээр далайн ус нь сэрүүн амттай, хөнгөн зөөлөн, тунгалаг, муухай үнэргүй, хоолойд хорлолгүй, ууваас ходоодонд тустай ийм найман гишүүн төгөлдөр усаар дүүрсэн бөгөөд лусын хаад энд наадан цэнгэж байдаг ажээ.

Энэ дөрвөн их тив, найман бага тив, долоон алтан уул, долоон далайг алсуур нь гадаад их далай хүрээлсэн байдаг. Тэд гадаад их далайг тойрон нэгэн их төмөрт уул хүрээлэн байдаг. Энэ бүхнийг нэгэн ертөнцийн орон гэнэ.

Ийм мянган орныг нэгэн хэсэг ертөнцийн орон гэдэг. Энэ нэг хэсэг ертөнцийн орныг нэгэн их төмөр уул хүрээлнэ. Нэгэн хэсэг ертөнцийн орныг нэг гэж үзээд мянга болоход нь завсрын ертөнцийн орон гэнэ. Завсрын ертөнцийн орныг нэг гэж үзээд мянга болоход нь гурван мянган ертөнцийн буюу зуун живаа ертөнцийн орон гэнэ. Эдгээр зуун живаа ертөнцийн орнууд нь тус бүрдээ Сүмбэр уултай наран сарантай байдаг ажээ.