Замбуу тивийн арван ариун орон

Гадаад их далайн дунд Сүмбэр хэмээх их уул байна. Энэ нь Энэтхэгийн санскрит хэлний “Сүмэрү” хэмээх үг бөгөөд Монгол хэлээр Сүмэр буюу сүмбэр болжээ. Сүмбэр уулыг тойрон 4 их тив, 8 жижиг тив байна гэдэг. Дөрвөн их тивийн нэг нь бидний амьдарч буй замбуутив юм.
Сүмбэр уулын орой дээр Хурмаст тэнгэр тэргүүтэй 33 тэнгэр, уулын хөндийгөөр Асури, 4 тивд хүн ба адгуус, уул усанд 8 их лус, газар дор там бирдийн амьтад оршино. Замбуу тивд буддын шашинтны 5 ариун орон байна гэдэг. Эдгээр нь:
1. Замбуу тивийн төвд Очир суурин
2. Дорно зүгт Утай
3. Өмнө зүгт Бодалан
4. Өрнө зүгт Одаяна
5. Умар зүгт Шамбалын орон эдгээр болно.
Шамбалын орон.
Шамбал гэдэг нь санскрит үг бөгөөд сайн амгалан дэлгэрэх хэмээхийн утгатай гэж тайлбарласан байдаг.
Түвд, Монгол оронд дэлгэрсэн Шамбалын орны эх сурвалж нь Ганжуурын “Цагийн хүрдний тантрсын хаан “ хэмээх судар болно.
Замбуу тивийн арилсан таван орны нэг Шамбал бол Цагийн хүрдний сургаалаар сав шим нь ариуссан дагшин орон хэмээн үздэг учраас үе үеийн газар газрын номт сүсэгтэн, оюут мэргэдийн сэтгэл зүрхний дуудлага болсон гэдэг. Бурхан гэгээнээс Жалбу Даваасамбуу хаанд Дүйнхорын номыг хайрласаныхаа дараа “Эргэж орондоо буцаж очоод миний номыг дэлгэрүүл” гэсэн бошго зарлигаар тэр орныг “Шамбал” гэж нэрлэ гэсэн зарлиг өршөөсөн болой. Даваасамбуу хаан бээр бурхны зарлигийг даган өөрийн орондоо буцаж ирээд орон даяар Бурхан гэгээний номыг дэлгэрүүлэхээр тунхаг гаргасныг сийрүүлбээс: “Хаврын сүүл сар 3-р сарын 15-нд миний номонд цуглан ирж сууцгаа. Хэрэв миний энэ номонд суухыг хүсэхгүй дургүй хүмүүс байвал өмнө өчүүхэн замбуулинд одсугай” гэжээ. Гэтэл энэ үед муу тарнич арш нар болох нэгэн живаа тоот тийм хэсэг омог хүмүүс Даваасамбуу хааны номонд суухгүй хэмээн өчүүхэн замбуулин тив үрүү явахаар тохиролцон тийш яваад газар мэдэхгүй төөрч нэгэн газар хоноглоод өглөө сэрсэн чинь Шамбалын их хааны ордны дэргэд ирсэн байжээ. Тэгээд арш нар гайхан биширч бидний зам бурууджээ гэж зөвлөлдөн Даваасамбуу хааны номонд суухаар гуйсанд Даваасамбуу хаан ихэд таалан соёрхсоноор хааны элч төлөөлөгчдийг арш нар дээр очуулжээ. Тэдгээр арш нар алтан мандал өргөж элчээр дамжуулж Даваасамбуу хаанд хүргүүлэхэд Даваасамбуу хаан зөвшөөрөн соёрхож тэдгээр арш нар зөвд оржээ гэсэн номлол байдаг болой.
Даваасамбуу хаан бээр бурхны зарлигаар Шамбалын орны алтан ширээнд заларч Дүйнхор бурхны хот мандал, Шамбалын номын хааны алтан ширээг өөрөө үүсгээд зуу зуун жилээр долоон хаан үе залган сууж Шамбалын орон номын ертөнц хосолсон ариун орон болжээ.
Шамбалын номт 7 хаад:
Жалбуу Даваасамбуу – МЭӨ 900-876
Лхаян Ванчиг – МЭӨ 876-776
Сэвжид Таяа МЭӨ 776-676
Даваашин МЭӨ 676-576
Ванчиг Чинбу МЭӨ 576- 476
Нацаг Суг МЭӨ 476- 376
Лхаян Вандан МЭӨ 376- 276
Эдгээр номт хаадын дараа 25 хаан Шамбалын төрийг тэтгэх бөгөөд эдүгээ цагийн хаан нь Магака 1927-2027 юм. Эдгээр хаадын сүүлчийн хаан нь Рэгдэндагва 2327 оноос заларч тэр үед Шамбалын шашин дэлгэрэх юм байна.