Сансрын хүрд

Там

Ачит багшийн айлдвараас /2021.11.18/
Бид муу юмыг хүнээр заалгахгүй чадаад байна. Энэ чинь муу юмыг хийж байсан дадал их байгаагийн илрэл юм. Муу юм хийх дадал их байна гэдэг чинь зөндөө ийм үйлийг хураасан гэсэн үг юм. Өнөөдөр бид хүн болоод өдий зэрэгтээ яваад харин азтай. Тийм муу юман дундаас айхтар нь боловсроогүй явна гэдэг бас нэг аз юм. Бодьсадвын явдалд орохуй номонд: “Харанхуй шөнө цахилгаан цахихад өдөр мэт гэрэл хааяа гялс хийгээд алга болдог адил эгэл төрөлхтөн мань мэтэд буяны сэтгэл цахилгаан цахих мэт хааяа төрдөг. Энэ нь бурхны адис жинлав, урьд хийсэн сайн үйлийн үр шүү” гэж айлдсан байдаг. Тийм үйлээр бидэнд хааяа сайн сайхан санаа төрөөд, овоо доо энэ чинь гэж хүн гайхахаар үйлдэл хийдэг юм байна.
Дайсагнаад байгаа хүнээ дандаа муу юм хийдэг гэж бүү бод! Тэр хүн хааяа сайн үйл хийж л байгаа шүү дээ. Иймд тэр сайн үйлийн үрээр бид азтай байна, муу үйл боловсроогүй байна. Харин дараа яах вэ гэдэг бидний гарт шүү! гэж бодох хэрэгтэй. Урьд хураасан одоо бидэнд муу үйл зөндөө байгаа тул сэтгэл амгалантай, зүгээр ээ наадах чинь яах ч үгүй гэж зүгээр бүү суу! Иймд урьд байгаа үйл боловсорвол би ийм зовлон амсана шүү гэж түүнээс айж, нүглийг наманчлах, дахин муу үйл хураахгүй байхад хичээгээрэй гэж байна.
Тамын зовлон өнөөдрийн бидний нас хоёрын хооронд амьсгалын наана цааны л ялгаа байгаа шүү. Өнөөдөр хүн амьсгалж байна. Амьсгал аваад гаргах гэтэл дараагийн амьсгал тамд амьсгалж мэдэх юм байна гэсэн үг юм. Амьсгал аваад гаргаж амжилгүй дараагийн нас уруу явбал дараагийн амьсгалаа тамд авч мэдэх нь байна гэсэн ийм айлдвар юм.
 
Тамын орон.
Халуун там:
Замбуу тивийн доор 20000 бээр өнгөрвөөс Амлашгүй их тамын дээд босго байна. Орон түүний хэмжээ зүг бүхэндээ 20000 бээрийн дөрвөлжин болой. Түүний доод суурь нь тэндээс дөрвөн түмэн бээр бөгөөд түүний дээр Маш халуун там, Халуун там, Их уйлан дуудагч, Уйлан дуудагч, Хураан дарагч, Хар шугамт, Дахин сэргэгч тамууд дээр дээрээсээ давхарлан оршино.
Эдгээр найман халуун там бүхэнд ойр орчмын арван зургаан тамын орон буй. Тамд төрсөн амьтад маш тэсэшгүй зовлонг зуун голти жил эдэлж нүглийн үйлээ барагдахыг хүртэл амь лугаа үл хагацна хэмээсэн. Тэр ч хүмүүний 50 жилийг Дөрвөн их хааны 1 хоног, түүний 30 хоногийг 1 сар, 12-ыг нь нэг жилд тооцсоноор дөрвөн Их хааны насны хэмжээ нь 500 жил болно. Тэр 500 жилийг нэг хоног, тэр хоногийн гучийг нэг сар, 12 сарыг нэг жилд тооцсоноор 500 жил нь Дахин сэргэгч тамын насны хэмжээ болно. Түүнчлэн хүмүүний 100 жил болон 200, 400, 800, 1600 жилүүд нь зэргэмжлэн Гучин гурван тэнгэрийн орноос Бусдын хувилгасанд эрхээр болгогч тэнгэрийн орныг хүртэл тэдгээр орны нэг хоногийн хэмжээ болно. Энэ мэтчилэн тэнгэрийн 1000 жил, 2000, 4000, 8000, 16000 мянган жилүүд нь зэргэмжлэн Хар шугамт тамаас Халуун тамыг хүртэл эдгээр тамын орны нэг хоногийн хэмжээ болно. Энэ хоногийн хэмжээгээр тооцон эдгээр тамын амьтад өөрийн жил үүгээр 1000-16000 хүртэл жил насалж чадах буй. Маш халуун тамын амьтад завсрын галвын хагас хийгээд Амлашгүй тамын амьтад завсрын нэг галав насалж чадна.
Ер тамын амьтдын биеийн хэмжээнд магадлал үгүй бөгөөд хилэнц нүглийн үйлийг хэр хүчтэй үйлдэж хурааснаар түүний бие нь нэн их хэмээн хураасан нүглийн их, багаар бие нь том, жижиг байхаар номлосон.
Ойр орчмын там: Тэдгээр найман там бүрт дөрвөн хаалгатай төмөр хүрээ хэрэм тус бүр бий. Тэдгээрийн гадуур мөн дөрвөн хаалгатай төмөр хүрээ хэрэм буй. Тэр хаалга бүрт амьтны үлэмж там буюу ойр орчмын дөрөв, дөрвөн тамын орон буй бөгөөд эдгээр нь Галт нурман гуут там, Өмхий балчиг буюу баасны балчиг, хүүр мэт үнэрт там, Тонгоргон замт там, Олом үгүй цусан мөрөн нэрт тамууд юм.
Галт нурман гуут там нь өвдөг далдрах төдий галт нурман гуу буй бөгөөд тамын амьтад тэд орон эрж одохдоо түүнээ гишгэхүй үед арьс хийгээд мах, цус бүгдийг нурам болгон сүйтгээд өргөхийн цагт тэдгээр дахин төлжин ургах болой.
Өмхий балчиг буюу баасны балчиг, хүүр мэт үнэрт там нь өмнөх тамтай залган орших бөгөөд орон эрэгч амьтад бээр гатлахуй үед түүнд унаж толгой далдран живнэ. Тэр балчигт орших хурц, урт хошуут өт хорхойнууд тэдгээрийн арьс, мах, шөрмөс, яс, чөмгөнд тултал нүхлэн уудлаж идэн үйлдэнэ.
Тонгоргон замт там нь өмхий балчигт тамыг залгаад зүйл бүрийн хутганы ир зэрэглэсэн зам буй. Орныг эрэгч амьтад түүнээ одоод хөлөө тавихад арьс, махыг нь тасдаад, өргөвөөс дахин төлжих болой. Үүн лүгээ залгаад илдэн навчит ширэнгэн ой буй бөгөөд түүнд одвоос сүлбэгдэн хөл, гар тэргүүтэн үе гишүүн нь хэрчигдэн тасарваас сахлаг ноход ирж иднэ. Түүн лүгээ залгаад төмрийн ширэнгэн ой орших бөгөөд түүнээ одохын цагт модноо тэвдүүлэн мацуулна. Мацахын цагт өргөсний үзүүр дорогш хатгаад, буухын цагт дээш хандаж үе гишүүнүүд сүлбэгдэн хэрчигдэнэ. Тэр цагт төмөр хошуут хэрээ ирж эгэм ба толгой дээр нь суун нүдний цөцгийг нь ухан идэх болой. Эдгээр нь мэсийн хорлол тул нэгд үйлдмүй. Олом үгүй цусан мөрөн нэрт там нь төмөр ширэнгэн ой лугаа залгаад олом үгүй буцлам шүүт усаар дүүрсэн цусан мөрөн орших бөгөөд орныг эрэгч амьтад түүнээ одож, мөрөнд унаснаар дээш, доош одоод чанагдах нь галан бадарч усаар дүүрсэн тогоонд буурцаг чанах мэт болой. Цусан мөрөн түүний хоёр захад гартаа бэрээ, гох, тор барьсан тамын сахиулаад сууж гадагш үл гаргах хийгээд гох ба тороор гадагш гаргаж, гал бадарсан их сууринд гэдрэг унаган, “Юу хүсмүй?” хэмээн асуух буй. Тэдгээр нь “Би бээр юу ч үл мэдэх, юу ч эс үзэх, тийн атал өлсмүй, ундаасмуй” хэмээхүйд гал бадарсан төмөр моголцгийг аманд нь гудрах бөгөөд буцлам ширмийг ч аманд нь цутгана. Энэ тамын насны хэмжээ магадлалгүй боловч тэдгээр амьтдын зовлонг амсах үйлийн хүч барагдах хүртэл энэ тамд зовлон амсах буй.
 
Хүйтэн там:
Замбуутивийн доор халуун тамын харалдаа нэгэн түмэн бээрийн чанад дахь мөсөн хонгилд хүйтэн там оршино. Түүнээс 32000 бээрийн доор цэврүүт там буй бөгөөд бусад долоо нь түүнээс хоёр, хоёр мянган бээрээр зааглагдан оршино. Хүйтэн там үүнд хүйтэн нь үлгэрлэж болшгүй ясанд шингэснээр тэнд төрсөн тамын амьтдын биеийг тачигнатал чичрүүлэн, үлэмж хүйтнээр энэлүүлэхүйд тэд хамаг биеэ хумин эвхэрч, усан цэврүү суун, тэр цэврүү зуу болон түүнээс дээш үлэмж хагарахуйд амьтад тэр цэврүүг идэх бөгөөд бөгснөөс нь цус, шар ус, тос, чөмөг сэлт савирч ихэд зүдэн ядарч, шүд нь тачигнан, үс нь сэрвэгнэж үлэмж хүйтнээр энэлэн уйлан дуудах болно. Хүйтэн тамын насны хэмжээ нь Магадагийн гүнцдийн наян зоорийг гүнцдээр дүүргээд, тэндээс зуун жил болгон нижгээд нижгээд гүнцэд гаргаснаар тэдгээр гүнцдийг хоцроолгүй барснаас цэврүүт тамын насан асар урт хэмээсэн. Бусад доорд тамуудын нас нь урьд урьдаас хорин хувь илүү хэмээн номлосон.
 
Хэсэг бусаг там:
Энэ орон нь халуун, хүйтэн там тэдгээрийн ойр орчим хийгээд хүмүүний орны муу гаслант хоосон тал, их далайн захуудаар орших буй. Энэ тамд насны хэмжээ магадлалгүй боловч тэдгээр амьтдын зовлонг амсах үйлийн хүч барагдах хүртэл уг тамд гэсгээгдэх буй. Эдгээр тамын амьтад бүгд зөвхөн хувилж төрөх болой” хэмээсэн ба мөн:
“Энэ ертөнцийг янагуух дор бодвол элдэв зүйл амьтдын санааны эрхээр ертөнцийн оронд хэмжээ элдэв зүйл буй. Үнэмлэхүйд бодвол ертөнцийн оронд хэмжээ үгүй бөгөөд амьтны буян хийгээд хилэнцийн үйлийн эрхээр болох буй. Ертөнцийн орон эдгээрийг сэтгэлээр тийн шинжилбэл үйл нүгүүд далай мэт санаанд багташгүй. Нэгэн үсний үзүүрт ч санаанд үл багтах орон нугууд тоосчлон элдэв зүйл хэлбэртэй оршино хэмээсэн. Илбэчин бээр тарниар элдэв зүйл үзүүлэх мэт амьтны үйл нүгүүдээр сэтгэшгүй орон нугууд гарна. Тэр мэт зургийн дүрс нүгүүдийг зураачин үйлээр зурах мэт ертөнцийн орон нугууд эдгээр бүгд сэтгэлийн үйлээр зурсан зураг мөн. Зүүдэнд үзэгдэх элдэв зүйл үзэгдэл үнэн хийгээд худал хоёулаа мөн мэт орчлонгоос хэтэрсэн үзэгдэл элдэв зүйл бүгд үнэн хийгээд худлаас ангижирсан хэмээн мэдэж үйлд. Нүглийн үйл хураасны сэтгэлийн нүүрэнд муу заяаны орон ургана. Буяны үйл хураасны нүүрэнд сайн заяат орон хийгээд төгс эдлэл ургаж үзэгдэх бөгөөд түүгээр үл барам билгийн чанадад хүрсэн үнэхээр эцсийн үе дэх арилсан машид хэтэрсэн тэр ч өөр өөрийн буянаар бүтнэ.” хэмээжээ.
 
Бусад там
1. Дайвар там (Provincial hell)
2. Ойр орчмын там (Near Hell)
 
Хүйтэн 8 там (Cold eight hell)
1. Цэврүүт (Blistering hell)
2. Цэврүү хагарагч (Nirarbuda cold hell)
3. Шүдээ хавирагч (Teeth chattering hell)
4. Хуухай халаглагч (Huhuva cold hell)
5. Тий тий халаг гэгч (Hahava cold)
6. Удвал мэт хагарагч (Utpala hell)
7. Лянхуа мэт хагарагч (Kamal hell)
8. Лянхуа мэт их хагарагч (Mahaan kamal hell)
 
Халуун 8 там (Hot eight hell)
1. Дахин сэргэгч (Samjiva)
2. Хар шугамт (Kalasutra)
3. Хураан дарагч (Samghata)
4. Уйлан дуудагч (Raurava)
5. Их уйлан дуудагч (Maharaurava)
6. Халуун там (Tapana)
7. Маш халуун там (Pratapana)
8. Очирт буюу Аюуш там (Avici hell)

Тамыг дүрсэлсэн зурагнуудыг дор харуулж байна.