Будда тэнгэрийн оронд

Тэнгэр

Тэнгэр (deva /god/):
Ертөнцийн 6 төрлийн хамгийн дээд төрөл. Асар их буянаар төрдөг болохоор тэнгэрийн төрөлд төрөхөд л зөн билиг, ид шид зэрэг эрдмүүд аяндаа хамт төрдөг ба тэр нь хүний төрөлд хар цагааныг ялгах шиг энгийн л нэг зүйл байдаг байна. Тэнгэрийн төрлийг хүсэлт, дүрст, дүрсгүй орны тэнгэр гэж гурав хуваах ба тус бүр нь мөн олон төрөлд хуваагддаг.

Ертөнцийн орнууд - Тэнгэрийн орон

1. Хүсэлт тэнгэрийн орон.
Хүслийн таван эрдмийг төгс эдэлж амьдардгаар нь Хүсэлт орон буюу Амармаг тэнгэрийн орон хэмээсэн. Үүнд Дөрвөн их хааны язгуур, Гучин гурван тэнгэрийн орон, Тэмцлээс хагацсан тэнгэрийн орон, Төгс баясгалант тэнгэрийн орон, Хувилгасанд баясагч тэнгэрийн орон, Бусдын хувилгасанд баясагч тэнгэрийн орон хэмээх зургаан орон багтана.
Хүсэлт тэнгэрийнхэнд өлсөх, ундаасах байх бөгөөд үнэр хийгээд рашаанаар амьдарна. Царайны өнгө нь хөх, шар, цагаан, улаан болоод галбарваасан модноос гарах төгс эдлэлийг эдлэх хэмээсэн. Эд байгаад үр байдаггүй нь Хүсэлт тэнгэрүүд бөгөөд үрээс бусдад шунах хийгээд хаан, боолын ялгавар ч буй. Хүсэлт тэнгэрийнхэн хувилж төрөх хийгээд хүсэл эдлэх цагт дусал гарахгүй, хий гүйнэ. Гучин гурван тэнгэрийн орноос дээш нар, сар байхгүй боловч өдөр, шөнийн томьёо байдаг бөгөөд цагийн эрхээр цэцгийн дэлбээ хумигдах, шувууд өгүүлэл гаргах, нойр хүрэх үеийг шөнө хэмээх ба түүнээс солигдвол өдөр хэмээнэ. Гийгүүлж үйлдэх нь өөрийн биеийн гэрлээр болох болой. Ер тэнгэрүүд хүслийн эрдмийг төгс эдлэх амгалангаасаа үхэн егүүтэхийн цагт үхлийн таван ёрыг үзвээс зовлонг асар эдлэх буй.
Үхлийн таван ёр нь:
– Биеийн өнгө гоо бус болох
– Дэвсгэртээ үл баясах
– Цэцгийн эрихнүүд нь хуучрах
– Хувцсанд хир тогтох
– Биеэс урьд үгүй хөлс гарах эдгээр болой.
Ийн егүүтэхийн цагт буяны үлдэгдэл үгүй болвоос гурван муу заяанд эрх үгүй унах болой. Мөн асури лугаа тэмцэлдэх үест алагдах, таслагдах зовлонг амсах бөгөөд тэргүүн огтлогдвоос үхэн, үлдсэн гишүүн нь таслагдваас дахин төлжин ургах болой. Агуу хүчин төгссөн тэнгэрүүд хямралдваас хүчин буурай тэнгэрийн хөвгүүд өөрийн орноос үлдэн хөөгдөх хийгээд буяны цогц агуу их төгссөн тэнгэрүүдээс буян өчүүхэн тэнгэрийн хөвгүүд айн сүрдсэнээр ихэд сэтгэл хямран үлэмж зовлонг эдлэх буй.
Хүсэлт тэнгэрийн зургаан язгуур.
Бусдын хувилгааны эрхээр бологч (Paranirmitavasavarti gods): Бусдынхаа хувилгасан эд эдлэлийг харилцан ялгалгүй эдэлж хэрэглэх тул “Бусдын хувилгааны эрхээр бологч” гэдэг.
Баясагч хувилгаант (Nirmanarati gods): Өөрсдийн хүссэн эд зүйлсээ дураараа хувилган бий болгоод эдэлж хэрэглэх тул “Хувилгаанд баясагч” буюу “Баясагч хувилгаант” гэдэг.
Төгс баясгалант (Tushita): Доод орнуудаасаа эд баялагаараа илүү бөгөөд амгалантайн дээр дээдийн номын дуу сонсон баясах тул “Төгс баясгалант” гэдэг.
Тэмцлээс хагацсан (Yama): Сүмбэр уулын дээд огторгуйд орших ба асури нараас хэт дээр оршсоноор асури нартай тэмцэлдэн дайтах хэрэггүй тул “Дайнаас хагацсан” буюу “Тэмцлээс хагацсан” гэдэг. (33 тэнгэрийн орон болон түүнээс дооших тэнгэрүүд асуриудтай дайтаж байдаг байна.)
33 тэнгэрийн орон (Residence of the 33 gods): Эдийн 8 тэнгэр, Хэрцгий 11 тэнгэр, 12 нар, Ашувани одны 2 хүү (Two sons of the Asvins), Вишнү тэнгэр (Vishnu), Хурмаст (Sakra) гэх мэт гол 33 тэнгэр болон бусад тэнгэрүүд орших орон.
Дөрвөн Махаранз (Catur mahara)-н орон: Хүсэлт тэнгэрийн анхны орон ба тэнгэр ягчисын орон. Гол их хаад нь Орон гүрнийг сахигч (Dhrtarastra), Үлэмж зоригтон (Virudhaka), Сайн бус харуул, Тийн сонсогчийн хөвгүүн (Vaisravna) гэх дөрвөн их хаан байдаг тул “Дөрвөн Махаранзын орон” гэдэг.
2. Дүрст ертөнцийн тэнгэрүүд.
Дүрст тэнгэрийн арван долоон орон: Хүсэлт тэнгэрээс дээш Эсэруагийн язгуураас Доор үгүй Агнистын орон хүртэлх арван долоон орны тэнгэрүүд нь хүсэл тачаалаас хагацсан боловч дүрсэнд тачаахаас хагацаагүй болохоор Дүрст буюу Өнгөт тэнгэрийн орон хэмээн өгүүлсэн. Дүрст тэнгэрийн орныхон нь дияан хийгээд хуран мэдэл үгүй дияанаар өнө удаан амирлан орших амгаланг олж мэдэрсэн ч машид амирлах хутагтын амгалан, үлэмж үзэхийг олоогүй болохоор дияанд ашдын амгаланг олоогүй болой. Энэ тэнгэрийн орныхон хувцастайгаа төрдөг бөгөөд өөрийн биеийн хэмжээнээс хоёр дахин том хувцас өмсөнө хэмээн номлосон. Дүрст тэнгэрийн оронд өдөр, шөнө байхгүй болохоор тэдгээрийн биеийн хэмжээ хэдэн бээр буй тэр хэмжээний галаваар хэмжигдэх насыг насална.
(Дөрөвдүгээр даяаны (dhyana) ариун 5 орон).
Агинасдын орон (Akanistha pure land): Дүрст ертөнцийн хамгийн эцэс нь ба түүнээс дээш дүрс байхгүй бөгөөд бүгдийн дээд болдог тул “Агинасда” буюу “Доод бус” гэдэг.
Маш үзэгч (Sudarsana god): Энэ оронд төрсөн тэнгэрүүд нь асар ариун үзлээр юмсын дээдийг харах тул “Маш үзэгч” гэдэг.
Хотол төгс гэгээт (Sudra god): Энэ оронд төрсөн тэнгэрүүд нь бие сэтгэлийн дээд амгалант бөгөөд ертөнцийн туйл мэтэд үзэгдэх тул “Хотол төгс гэгээт” гэдэг.
Үл энэлэгч (Atapa god): Энэ оронд төрсөн тэнгэрүүд нь онцлог нэг самадийг олсны хүчээр нисванисаар үл энэлэх тул “Үл энэлэгч” гэдэг.
Их бус (Avrha god): Ариун таван орны дотроос буян болон биеийн хэмжээгээрээ хамгийн бага ба хүсэлт ертөнцийн амьтдаас энэлэл бага тул “Их бус” гэдэг.
Дөрөвдүгээр даяаны эгэл 3 орон.
Их үрт (Vrhatphala god): Энэ оронд төрсөн тэнгэрүүд нь буяны үрээр бусад эглийн орнуудаасаа их тул “Их үрт” гэдэг.
Буян төрүүлэгч (Punyaprasava god): Энэ оронд төрсөн тэнгэрүүд нь буяны дээдийг олохын суурь болдог тул “Буян арвидах” буюу “Буян төрүүлэгч” гэдэг.
Үүлгүй гэрэл (Anabhraka god): Энэ оронд төрсөн тэнгэрүүд нь үүлгүй тэнгэрийн нарны гэгээ мэт хурц гэрэлтэй ба бусад тэнгэрийн орд харшуудыг ч нэвт гэрэлтэх тул “Үүлгүй гэрэл” гэдэг.
Гуравдугаар даяаны орнууд.
Дэлгэр буянт (Subhakrtsna god): Энэ оронд төрсөн тэнгэрүүд нь ертөнцийн даяаны амгалан бүхнийг төгсгөх буюу дэлгэрүүлэх тул “Дэлгэр буянт” гэдэг.
Цаглашгүй буянт (Apramanasubha god): Энэ оронд төрсөн тэнгэрүүд нь ийм хэмжээний амгалан эдэлнэ гэж хэмжээ тавих боломжгүй тул “Цаглашгүй буянт” гэдэг.
Өчүүхэн буянт (Parittasubha): Энэ оронд төрсөн тэнгэрүүдийн даяаны амгаланг буян гэсэн ба эдлэх амгалан нь дээд хоёр оронтойгоо харьцуулбал бага байдаг тул “Бага буянт” буюу “Өчүүхэн буянт” гэдэг.
Хоёрдугаар даяаны орнууд.
Цаглашгүй гэрэлт (Apramana-Abha god): Энэ оронд төрсөн тэнгэрүүдээс цацрах гэрлийг нь ийм тийм гэж хэмжээ тогтоох аргагүй тул “Цаглашгүй гэрэлт” гэдэг.
Тодорхой гэрэлт (The shining gods): Энэ оронд төрсөн тэнгэрүүдийг гэрэл нь бусад тэнгэрийн орнуудад ч гэрэлтэх тул тодорхой гэрэлт орон гэх ба тэнгэрийн орны гэрлээр бусад ертөнцүүдийг харж болох тул “Тодорхой гэрэлт” гэдэг.
Бага гэрэлт (Parittabha): Энэ оронд төрсөн тэнгэрүүд нь дээд хоёр оронтойгоо харьцуулбал сүр жавхлан болон гэрлээрээ бага тул “Бага гэрэлт” гэдэг.
Анхдугаар даяаны орнууд.
Их Эсруа буюу Их Брахма (Mahabrahma): Буяны үндэс болон хүч чадлаараа доод хоёр Эсруагийн орноосоо их тул “Их Эсруа” гэдэг.
Эсруа бүрохида (Brahmapurohita): Их Эсруагийн өмнө суух бөгөөд хүндэтгэлийн үг өгүүлж, унших тул “Эсруагийн өмнөөс уншигч” буюу “Эсруа бүрохида” гэдэг.
Эсруагийн язгуур (Brahamakayika): Хилэнцийг ариусгах бөгөөд Их Эсруагийн нөхөд бараа бологчид болон аймаг язгуурыг үүсгэгч орон.

3. Дүрсгүй ертөнцийн тэнгэрүүд.

Дүрсгүй тэнгэрийн орон: Урьд төрөл алинаас насан юүлж, энд төрөл аваад нэрийн суурь цогц төдий бүтсэнээр өнгө, хэлбэр тэргүүтэн бие үгүй, заах орон үгүй боловч тогтоон барих сэтгэлийн ялгавраар дөрвөн оронд оршихоор номлосон. Дүрс үгүй тэнгэрийн орны тэнгэрүүдэд зовлонгийн зовлон үгүй боловч самадигийн амгалангийн чанарт галавт хэлбэрэлт үгүй оршсон тэд магад машид гэтэлсэн бус тул түүнээс дахин унана. Муу заяаны зовлонгийн давалгаанаас давсан мэт боловч өнө үл оршин, хуран үйлдсэн нь огоот урвах хэмээхийн зовлонгоор хөнөөгдмүй хэмээсэн. Дүрс үгүй тэнгэрийн орныхон биет бус тул биеийн хэмжээ байхгүй. Түүний хувилсан дүрс ч заалт мэтээр бол цаглашгүй болой. Нас нь 20-80 мянган галав байна.
Сансрын үзүүр (Peak of cyclic existence): Дүрсгүй ертөнцийн дөрвөн орны нэг ба гурван ертөнцийн хамгийн дээд төрөл. Дүрсгүй ертөнцөд сэтгэлийн нарийн гэрлэн бие л байхаас бүдүүн баргийн дүрст бие байдаггүй.
Туйлын хоосон орон (Nothingness god): Дүрсгүй ертөнцийн дөрвөн орны нэгэн төрөл.
Хязгааргүй тийн мэдэлт (Limitless conscoiusness): Дүрсгүй ертөнцийн дөрвөн орны нэг.
Хязгааргүй огторгуй (Limitless space): Дүрсгүй ертөнцийн дөрвөн орны нэг.
Тэнгэрийн төрлийг олж төрөх 10 сайн буян.
1. Амьтны амийг таслахыг тэвчсэн
2. Өгөөгүйг авахыг тэвчсэн
3. Хүслээр буруу хурьцлыг тэвчсэн
4. Худлаа ярихыг тэвчсэн
5. Хов үгийг тэвчсэн
6. Чалчихыг тэвчсэн
7. Ширүүн үгийг тэвчсэн
8. Бусдын эд агуурсанд шунахыг тэвчсэн
9. Хорлох сэтгэлийг тэвчсэн
10. Буруу үзлийг тэвчсэн тэргүүтэн 10 сайн буяныг үйлдэж явсны үр дагаварт тэнгэрийн төрлийг авдаг.
Бөөгийн тэнгэр.
Бөө, удган, зайран хүмүүс нь онгод тэнгэр болсон өвөг дээдсийнхээ сүнсийг өөрийн биендээ урин дуудаж буулгадаг, шүтэж дээдлэн зан үйл хийдэг хүмүүс юм. Бөө нартай уулзаад явж байхад лус савдаг буюу уул усны эзэд болон зуйгуул онгод тийрэнтэй холбогдож нөхцсөн бөө нар ч бас мэр сэр дайралддаг. Бөө хүн ихэвчлэн эмээ өвөө ээж ааваасаа удам дамжиж сонгогдон онгод тэнгэрээ авсан байдаг  Гэхдээ бөө хүний бүх хүүхдүүд бөө болно гэсэн юм байхгүй. Онгод тэнгэрүүд тухайн улаач болох хүнээ тамгалж сонгож төрүүлдэг гэдэг юм. Бөө хүний буулгадаг онгод тэнгэрүүдийг дотор нь цагааны харын улааны гэж ялгадаг. Үүнээс харын догшин тэнгэрүүдийг хатуу үйлэнд ашигладаг. Хэрвээ буулгаж байгаа улаач, бөө, удганы сэтгэл ариусаагүй, хар хор, уур омог, атаа жөтөө ихтэй муу сэтгэлтэй бол бусдад хараал хорлол хийх гэх мэтээр буруугаар ашиглах явдал байж болохыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл улаач л онгод тэнгэрүүдээ залдаг ба хэрхэн юунд яаж залахаас үйл нь шалтгаалдаг гэж хэлж болох юм. Түүнээс биш харын тэнгэр гэхээр л хүн амьтныг учиргүй хорлоод байдаг гэсэн юм байхгүй. Тэд сайн үйл буян хийж ариусан цагааны тэнгэр болон бүр дээшээ дэвших хүсэл эрмэлзэлтэй байдаг. “Овоо хэдий өндөр ч ёроолоосоо нурдаг, онгод хэдий өндөр суудалтай ч улаачаасаа болж доошоо унадаг” гэсэн хэлц үг байдаг нь их утга учиртай үг шүү.
Шарын бөө.
1. Бурхан шашны номлол сургаалыг хүлээн зөвшөөрдөг, буддын гүн ухааныг судалдаг.
2. Буддын шашны бурхад чойжин сахиусуудаас шүтдэг, ном уншлагатай тарнийн шившлэгтэй хүн байдаг.
3. Буддын шашны зурхайг баримталдаг.
4. Шарын бөө нар нь голдуу улаан шар өнгийн хуяг хувцас хэрэглэдэг. Орчин үеийн шарын бөө нарын хувцсыг харахад луутай торгоор дээлээ хийсэн байх нь элбэг харагддаг.
5. Янз бүрийн эрхи хэрэглэдэг, зарим нь хуяган дээрээ хүзүүндээ эрхи зүүсэн харагддаг.
6. Малгайныхаа орой дээр очир, суварга хийсэн байх нь бас бий
7. Онгодоо дуудахдаа зул асааж дууддаг.
8. Тодорхой хэмжээний сахил сахин, буяны үйлийг эрхэмлэж хар дом, хараал гэх мэтийн муу зүйл хийхийг машид цээрлэдэг.
9. Шарын бөө нарын онгодынх нь дуудлаганд сахиус бурхдын нэрс болон тарни хэлэгдэх явдал элбэг байдаг. Даян дээрх төвтөй дээр үеийн шарын бөөгийн дуудлагыг сонирхоё гэвэл бөө судлаач эрдэмтдийн бүтээлээс олж үзэж болно шүү.
10. Шарын бөө нар дээр хувилгаан, гэгээнтэн, лам байсан өвөг дээдэс нь буудаг. Зарим хүмүүс шарын бөө нарыг гүртэн чойжин хүмүүстэй андуурдаг. Шарын бөө, гүртэн чойжин хүмүүст адил төстэй зүйлс байдаг боловч хоёр өөр төрлийн хүмүүс юм.

https://www.facebook.com/groups/347633536688091/posts/4

https://www.facebook.com/groups/347