Бурхан багш шавь нартайгаа

Хутагтын дөрвөн үнэн

Зовлон үнэн.

Гурван зовлон

1. Зовлонгийн зовлон
Тааламжгүй мэдрэмж зэрэг бөгөөд төрөх дариудаа бие болон сэтгэлийг энэлүүлэн амгалангүй болгогч зовлон
2. Хувирахуйн (Урвахуйн) зовлон
Орчлонгийн цувиралтай амгалант мэдрэмж нь зовлон ба зовлонгийн эх үүсвэр болон хувирдаг тул мөн л адил зовлон юм. Мөн түүнтэй адилтгал төгс сэтгэл болон туслах сэтгэлүүд зэрэг нь ч гэсэн хувирахуйн зовлон юм.
3. Түгээмэл хуран үйлдэхүйн зовлон
Дээрх хоёр амсуурга мэдрэмж төрөөгүй байх үеийн амсуурга бөгөөд зовлон бүгдэд түгэх ба бусад хоёр зовлонгийн суурь болдог тул “Түгээмэл”, орчлонгийн төрөл бүгдтэй даган барилдсан тул “Хуран үйлдэхүй” гэдэг.

Зургаан зовлон

1. Баталгаагүйн гэм
Орчлонд эргэлдэхийн цагт эцэг, эх тэргүүтэн элгэн саднууд маань урьдын төрөлд дайсан болж явсан ба дайснууд маань ч садан болж, мөн эх нь эхнэр, эцэг нь нөхөр болж явсан гэх мэт үргэлжид солигдож байсан тул баталгаатай зүйл хаана ч үгүй. Энэ насанд ч дайсан садан болох садан дайсан болох олон байна. Тиймээс энэ батгүй байдлыг ухаараад дайсан садан гэж ялгаж үзэхээ орхивоос тачаах, уурлах муу сэтгэлүүд аяндаа хоригдох тул ертөнцийн юмс үзэгдэлд баттай зүйл огт байхгүйг ухан нягтлаад уйсах сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй.
2. Үл ханах гэм
Орчлонд эдлээгүй зовлон гэж үгүй ба мөн түүнчлэн амсаагүй жаргал гэж нэгээхэн ч үгүй. Гэвч орчлонгийн амгалан жаргаланд хэчнээн шунаж, түүнийг хэчнээн эдлэвч түүнд ханах сэтгэл огт төрөөгүй бөгөөд төгс жаргаланд ч хүрч чадсангүй. Харин ч эсрэгээрээ шунал улам нэмэгдэж, түүгээр уршигдан тэсэхүйеэ бэрх зовлонг цаг үргэлжид амссаар байна.
3. Биеэ дахин дахин орхих гэм
Өөрийн тэргүүлшгүйгээс авсан төрөл тутамдаа үлдээсэн ясыг овоолбоос сүмбэр уулаас ч том овоо болно.
4. Дахин дахин урагт бүрэлдэн төрөл авах гэм
Бид эхлэл тэргүүлшгүй цагаас бэрх бөгөөд туулж баршгүй орчлонд тоолшгүй олон төрлийг авсаар ирсэн ба төрж үзээгүй орон, эх болоогүй амьтан гэж нэгээхэн ч үгүй юм. Мөн хойшид ч хэрэв үйл болон нисванисын эрхэнд байсаар байх аваас дахин дахин төрөл авч тэсэшгүй зовлонг дахин дахин амссаар л байх болно.
5. Дахин дахин дээд доодод урвах гэм
Орчлонгийн үзүүрээс Очирт там хүртэлх сансрын хүрдэнд дээш доош тасралтгүй эргэлдэн дахин дахин төрөл авдаг ба хураасны эцэст барагдах, өндрийн эцэст нурах, учирсны эцэст хагацах, амьдарсны эцэст үхэх тул орчлонгийн хотол чуулган, сайн сайхан бүгд эцэстээ доройтлоор төгсдөг байна.
6. Нөхөр үгүй гэм
Бодичарияаватара хэмээх шастирт “
“Энэ бие ганцаар төрөхөд ч
Эвцэлдэн төрсөн яс мах бүгд
Эвдрэн тус тус салах байтал
Элгэн саданг хэлээд яах вэ
Төрөхдөө ганцаараа төрөх бөгөөд
Үхэхдээ ч ганцаараа үхэх билээ
Зовлонгийн хувийг бусад үл авах тул
Зовоогч саднаар юу хийх билээ” хэмээн айлдсан байдаг тул тэр дагуу бодоорой.

Найман зовлон

1. Төрөхийн зовлон
(A) Төрөхдөө өвдөж зовдог учраас зовлонтой гэнэ. Тамын амьтад, бирдүүд, умайнаас төрөгсөд, өндөгнөөс төрөгсөд зэрэг эдгээр дөрвөн зүйлд төрөл авахад маш хүчтэй зовлонг амсдаг.
(B) Төрөхдөө муу авьяас лугаа төгсөх учраас зовлонтой. Гурван ертөнцийн хуран үйлдсэн бүхэн нисванист муу сэтгэл төрөх, орших, арвижихын хөрөнгөтэй барилдсан байдаг тул сайн зүйлд дадал бага, буяны зүгт хандахад хойрго байдаг.
(C) Төрөл нь зовлонгийн орон болсон тул зовлонт мөн. Учир нь гурван ертөнцөд төрөл авснаас улбаалан өтлөх, өвдөх, үхэх тэргүүтэн зовлон бий болдог.
(D) Төрөл нь нисванисын орон болдог тул зовлонт мөн. Учир нь орчлонд төрөл авах аваас шунах, уурлах, мунхрахын орон лугаа учирч, хорт гурван сэтгэл үүснэ. Ингэснээр бие, сэтгэл хямарч амгалангүй болох бөгөөд бие, сэтгэлийн элдэв зовлонгоор энэлнэ.
(E) Төрөл нь хэдий үл хүсэвч хагацах мөн чанартай тул зовлонт мөн. Хураасны эцэст барагддагийн адил төрөл авсан бүгд эцэстээ үхлээс үл гэтэлнэ. Гэвч үхлийг хэн ч үл хүсэх тул энэ нь маш их зовлонг мэдрүүлдэг.
Товчхондоо төрөхдөө зовох бөгөөд муу зан авиртай төрнө. Төрсөн төрөл нь өвдөх, өтлөхийн мөн чанартай бөгөөд нисванисын орон болдог. Адаг сүүлд нь үхлээр төгсдөг тул төрөл нь зовлонт мөн юм.
2. Өтлөхийн зовлон.
(A) Зүс царай гоо сайхан бүхэн доройтох нь.
Нуруу нум мэт бөгтийж, толгой өвсний хяруу мэт цайрч, дух магнай хөрөөний ир мэт үрчлээтэх зэргээр сүр жавхлан буурч, зүс царай гундана.
(B) Хүч чадал доройтох нь.
Суух нь үүдний чагтаг тасрах мэт, босох нь модны үндэс сугалах мэт болох бөгөөд үг хэлэхдээ зүдэж, явахдаа бүдчих зэргээр зовно.
(C) Эрхтэн доройтох нь.
Нүдээр өнгө дүрс зэргийг тодорхой харахаа болих бөгөөд бусад эрхтнүүд нь мөн адил доройтно. Мөн ой санаж муудан мартах гэх мэтээр оюун ухаан ч доройтно.
(D) Эд зүйлсийг төгс эдлэх доройтох нь.
Идээ унд шингэхдээ бэрхтэй болох бөгөөд хүссэн дуртай зүйлээ санаснаараа хийж, эдэлж хэрэглэж чадахаа болино.
(E) Насан доройтох нь.
Насныхаа ихэнхийг барсан тул үхэл үрүүгээ агшин агшнаар ойртоно.
3. Өвдөхийн зовлон.
(A) Биеийн мөн чанар хувирах нь.
Биеийн мах, судас, яс, арьс хатах тэргүүтэн болой.
(B) Зовлонтой, сэтгэл тааламжгүй байдал нэмэгдэх бөгөөд тийм байдалд үргэлжид орших нь.
Биеийн усан махбод тэргүүтэн махбодууд тэнцвэрээ алдан, их бага хэмжээгээр хямарч улмаар зовуурь шаналгаа бий болох бөгөөд сэтгэл санаа хямарсан байдалтайгаар өдөр шөнийг өнгөрөөнө.
(C) Сэтгэлд тааламжтай зүйлсээ эдэлж хэрэглэж чадахгүй болдог нь.
Хүссэн дуртай зүйлсээ эдэлж хэрэглэвээс өвчин сэдрэх, хүндрэх аюултай болдог тул өөрийн хүслээр эдлэх эрхгүй болох бөгөөд үйл үйлдэлдээ ч анхаарах хэрэгтэй болдог.
(D) Хүсдэггүй дургүй зүйлсээ эдэлж хэрэглэх хэрэгтэй болдог нь.
Гашуун эм тан, дургүй идээ унд зэрэг зүйлсийг заавал хэрэглэхээс өөр аргагүй болдог бөгөөд мөн галаар төөнүүлэх, хутга мэсээр хагалуулах зэрэг хүнд хүнд эмчилгээг ч зайлшгүй хийлгэх хэрэгтэй болдог.
(E) Амь биенээсээ хагацахад хүрдэг нь.
Өвчин нь эдгэрэх аргагүй болсон гэдгээ мэдээд маш ихээр зовж шаналдаг.
4. Үхэхийн зовлон.
(A) Хотол чуулсан төгс эдлэлээсээ хагацах.
(B) Хотол чуулсан элгэн саднаасаа хагацах.
(C) Хотол чуулсан найз нөхөд, тойрон хүрээллээсээ хагацах.
(D) Хотол чуулсан, гоо сайхан бие цогцсоосоо хагацах.
(E) Үхэхийн цагт сэтгэл амгалангүй болж зовлонг хүчтэй мэдрэх.
5. Гуа бустай учрахын зовлон.
(A) Дайсан гэх мэт дургүй хүмүүстэй таарах төдийхөнд л зовж, сэтгэл санаа амгалангүй болно.
(B) Түүнд чадагдах вий, түүнд хорлогдох вий хэмээх тэргүүтнээр айж зовно.
(C) Муу үг, хараал зүхэл, заналхийллээс айна.
(D) Энэлж шаналсаар үхэх вий хэмээн айна.
(E) Номтой харшилсан тул үхсэний дараа муу заяанд унах вий хэмээн сэжэгдэн айна.
6. Гуа бүгдээсээ хагацахын зовлон.
(A) Ихэд энхрий дотно садан төрөл тэргүүтнээсээ салж хагацах аваас сэтгэлийн гашуун зовлон эдэлнэ.
(B) Гаслан гингэнэн уйлж, шаналлын үгийг өгүүлнэ.
(C) Биед хорлол төрнө.
(D) Тухайн зүйлийн (эд юм уу бодгаль) сайн сайхныг дурсах бөгөөд үгүйлэн хүсэж мөрөөднө.
(E) Тэдгээрээр дутагдах.
7. Хүссэнээ хайгаад үл олохын зовлон
Гуа бүгдээсээ хагацахын зовлонтой ерөнхийдөө адилхан. Бүх зүйл хүссэнээр болдоггүй бөгөөд жишээ нь хавар үр таривч намар ургац гарахгүй байх, арилжаа наймаа хийвч ашиг үл олох гэх мэт ямар нэг зүйлийг хүсээд хичээвч үр дүнгүй болсноос үүдэн гарах сэтгэлийн зовлонгуудыг хэлнэ.
8. Товчилбоос “Чухал авсан таван цогцос өөрөө зовлон” хэмээсний утгыг санах
(A) Илт бүтсэн зовлонгийн сав
“Чухал авсан цогцост” үүнийг авсанд түшиглэн дараа дараачийн төрлүүдэд амсах зовлонг бүтээнэ.
(B) Илт бүтсэнд шүтсэн зовлонгийн сав
Цогцос бүтсэнд түшиглэн өвдөх, өтлөх тэргүүтэн зовлонгийн суурь шүтээн болно.
(C) Зовлонгийн зовлонгийн сав
Зовлонгийн зовлон түүний муу авьяастай барилдсан тул түүнийг үүсгэнэ.
(D) Хувирах зовлонгийн сав
Хувирахуйн зовлон түүний муу авьяастай барилдсан тул түүнийг үүсгэнэ.
(E) Хуран үйлдэх зовлонгийн мөн чанарт болсон.
Чухал авсан цогцос бүрэлдэх төдийхнөөр л хуран үйлдэх зовлонгийн мөн чанартай болж төрдөг ба мөн урьдын үйл, нисваанисын эрхээр хурсан бүгд хуран үйлдэхүйн зовлон мөн.
Чухал авсан цогцсын мөн чанартай орчлонгоос уйсах сэтгэл баттай эс төрвөөс нирвааны хутгийг чухалчлах оюун баттай төрөхгүй. Тиймээс Их ба бага хөлгөн алинд ч чухал авсан цогцсын мөн чанартай орчлонгоос уйсах сэтгэлийг төрүүлэх нь маш чухал байдаг ба энэ нь нирваанд зорихын эхлэл болдог.
Бэлтгэсэн: Ж.Д