Хүн

Хүмүүний дөрвөн тив.
Үлэмж биет (Purvavideha): Сүмбэр уулын дорно зүгт далайн дунд орших ба хүмүүний орны нэгэн тив. Тэндэхийн хүмүүс нь үлэмж том биетэй байдаг гэж үздэг.
Яруу бус дуут (Kurava): Сүмбэр уулын умард зүгт орших хүмүүний орны нэгэн тив хэмээн Авидармагийн номлолд айлдсан байдаг.
Үхэр эдлэгч тив (Fabulous continent): Сүмбэр уулын өрнө зүгт орших хүмүүний орны нэгэн тив.
Дэлхий (Jambudvipa or world): Өмнө зүгийн Замбу тив буюу бидний цэнхэр гараг.

Эрдэнэт хүний бие.

МСХ-ны гишүүдэд зориулсан “Бямба гаригийн сургалт”.

Ачит багшийн айлдварт. 2018.04.19.

Зарим хүмүүс надаас “Энэ бие, хүн хэмээх чухам юу вэ ? Үүний талаар яриад өгнө үү ?” гэсэн.
Тэгэхээр хүн гэдэг хоёр зүйлээс бүтнэ. Үүнд баригддаг бие, баригддаггүй бие байна. Баригддаг бие юунаас бүтдэг вэ ? гэхээр эх эцгийн үр хөврөлөөс тогтоно. Баригддаггүй бие нь сүнс юм. Сүнс нь урьдын төрлөөс ирнэ. Сүнсэн бие нь урьд төрлөөс үйлийн үрийг тээгээд ирдэг. Нэг компьютерт байгаа бүх мэдээллийг нөгөө компьютерт флашаар зөөдөг шиг. Сүнс бол эцэг эхийн үр хөврөлийн дунд орж өссөөр биежээд гарч ирж байгаа юм. Яг л хувцас өмсч байгаа мэт.
Бид энэ насандаа биеэ зөв аваад явж чадвал дараагийн төрөл маань сайн болно. Бид мөнх биш шүү дээ. Хэзээ нэгэн өдөр хорвоогийн мөнх бусыг үзнэ. Тиймээс сайн сайхан зүйлийг аваад хойд төрөл үрүү явах ёстой. Тэгэж чадвал дараагийн төрөлдөө их том бэлэгтэй очиж байгаа юм. Одоо бидэнд бүх юмыг сайжруулж болох боломж байна.
Бид бол хамгийн ховор хүний төрлийг олсон. Тиймээс энэ ховор завшаан дээр боловсрол мэдлэгтэй болох нь хамгийн чухал. Эрдмийн баян бол хамгийн дээд баян. Яагаад гэвэл энэ төрөлд тархи ажилладаг. Хүн болж төрсөн юм чинь хамгийн дээд баян болохын тулд л зорих хэрэгтэй. Эцсийн эцэст бид нэг л юманд бэлдэх хэрэгтэй. Энэ нас эцэслэхэд өмссөн хувцас, хураасан эд хөрөнгө, хамаатан садан, энэ бие хүртэл хоцорно. Юу аваад явах вэ ? гэвэл сэтгэлд байгаа эрдэм оюунаа л аваад явна. Дараагийн төрөлдөө түүгээр л амьдарна. Тиймээс нэгтдүгээрт сэтгэлээ зас, хоёрдугаарт оюун ухаанаа хөгжүүл.
 
Чөлөө, учрал гэж юу вэ ?

18-н чөлөө, учрал бүрдсэн хүний бие гэж ярихын өмнө эхлээд чөлөө, учрал гэдэг хоёр зүйлийг мэдэх хэрэгтэй. Чөлөө гэдэг нь дээдийн ном үйлдэх чөлөөтэй буюу боломжтой гэсэн үг. Жишээ нь нэг хүн ажил хийх чадвартай, боломжтой бол тэр хүнийг ажил хийх чөлөөтэй гэдэгтэй адил дээдийн ном хийх чадвартай, боломжтой бол түүнийг дээдийн ном үйлдэх чөлөөтэй гэнэ.
Тэгвэл ном үйлдэхэд ямар хүнийг чөлөөтэй гэх вэ ? гэвэл чөлөөгүй найман зүйлээс хагацсан хүнийг хэлнэ.
Чөлөөгүй найм нь:
1. Урд хойд төрөл, үйлийн үр, чухаг дээд гурав сэлтийг байхгүй гэх буруу үзэлтэн болж төрөх,
2. Адгуусанд төрөх,
3. Бирдэд төрөх,
4. Тамд төрөх,
5. Бурхан залраагүй ба бурхны зарлиг байхгүй газар төрөх,
6. Хязгаар оронд лалын шашинтан болж төрөх,
7. Хэлгүй, дүлий буюу эрхтэн бүрэн бус төрөх,
8. Урт наст тэнгэр болж төрөх эдгээр найм юм.
Эдгээр наймтай учирвал ном үйлдэх чөлөөгүй гэдэг. Эдгээр наймыг хүн бусын чөлөөгүй дөрөв, хүний чөлөөгүй дөрөв гэж хоёр ялгана.
Хүн бусын чөлөөгүй дөрөв нь:
1. Урт наст тэнгэр,
2. Там,
3. Бирд,
4. Адгуус сэлт юм.
Тамд төрвөл халуун, хүйтний зовлон маш их тул ном үйлдэх чөлөөгүй юм. Яагаад гэхээр бид нарын толгойд гал шатаагаад бясалгал үйлдүүлбэл өвчнөөр энэлэн бясалгал үйлдэх чөлөөгүйтэй адил.
Бирдэд төрвөл өлсөж, цангахын зовлон их тул ном үйлдэх чөлөөгүй. Учир нь бид нар машид өлсөж, цангах үед буян үйлд гэвэл эхлээд идээ, унд чухалчилна уу гэхээс идээ ундгүй ном үйлддэггүй шиг.
Адгуус болж төрвөл мунхаг харанхуй тул ном үйлдэх чөлөөгүй. Жишээ нь нохой, илжиг тэргүүтэй амьтанд, чи маань нэг удаа уншвал адгуусны зовлонг үл амсах болно гэж хэлсэн ч юу ч ойлгохгүй бөгөөд адаглаад маанийн нэг үг ч хэлж чадахгүй байхад өөр бусад номыг хаанаас мэдэх билээ.
Урт наст тэнгэр нь анх төрөх үед би тэнгэрийн оронд төрлөө, эцэст үхэх үед тэнгэрээс үхэх нь гэх төдийгөөс бусад үед унтаж буй мэт сэтгэлийн үйл ажиллагаа хураагдан олон галавт оршдог учир ном үйлдэх чөлөөгүй байна.
Хүний чөлөөгүй дөрөв нь:
1. Хязгаар оронд лалын шашинтан болж төрөх,
2. Бурхан залраагүй оронд төрөх,
3. Хэлгүй, дүлий тэргүүтэй эрхтэн дутуу төрөх,
4. Урд хойд төрөл, үйлийн үр, чухаг дээд гурав сэлтийг байхгүй гэх буруу үзэлтэн болж төрөх эдгээр юм.
Хүний бие төдийг авсан ч хязгаар оронд лалын шашинтан болж төрвөл номын дуу төдийг ч үл сонсох тул ном үйлдэх чөлөөгүй юм.
Хүний биеийг аван лалын шашинтан болж төрөөгүй ч бурхан залраагүй оронд төрвөл бурхны зарлиг байхгүй тул ном ямар мэт үйлдэхийг үл мэднэ.
Хүний биеийг авсан, лалын шашинтан бус, бурхан заларсан оронд төрсөн ч хэлгүй, дүлий тэргүүтэй эрхтэн дутуу төрвөл ном яаж үйлдэхийг мэдэхгүй, үйлдсэн ч ёсчлон үл гарна.
Хүний биеийг авсан, лалын шашинтан бус, бурхан заларсан оронд төрсөн, эрхтэн дутуу биш байлаа ч урд хойд төрөл, үйлийн үр, чухаг дээд гурав сэлтийг байхгүй гэх буруу үзэлтэн болж төрвөл буруу үзлээр сэтгэл нь гэмтэн чухаг дээд гурав, урд хойд төрөл, үйлийн үр сэлтэд хочлол талбих тэргүүтэй эрхтэн бүрэн тэдгээр нь нүгэлт хилэнц хураахын нөхцөл ч болох байгаа тул буруу үзэлтэн нь ном үйлдэх чөлөөгүй юм.

Учрал гэдэг нь дээдийн ном үйлдэхэд бүрдэх ёстой 10-н зүйлүүдтэй учирсан хүнийг дээдийн ном үйлдэхэд учрал бүрдсэн гэдэг. 10-н учралыг эхлээд өөрөөс харгалзах 5 учрал, бусдаас харгалзах 5 учрал гэж хоёр ангилна.
Өөрөөс харгалзах 5 учрал нь:
1. Хүний төрөл авсан байх,
2. Төв газар төрөх, Түвд, Монголчууд бурхан биеэрээ заларсан төв газар болох хутагт Энэтхэгийн оронд төрөөгүй ч бурхны шашин дэлгэрсэн газар төрсөн учир төв газар төрсөн гэж үздэг.
3. Эрхтэн бүрэн,
4. Завсаргүй 5-н үйл болох хуврагуудыг хооронд нь хагаралдуулах, хорлох сэтгэлээр бурхны биеэс цус гаргах, дайснаа дарсан хутагтыг хороох, эцгээ хороох, эхээ хороох эдгээр тавыг үйлдээгүй,
5. Оронд сүжиглэх буюу бурхны иш, онолын шашинд сүжиглэх эдгээр 5 юм. Эдгээр таван зүйл өөрт бүрдэх ёстой учрал учир өөрөөс харгалзах учрал гэнэ.

Бусдаас харгалзах таван учрал нь:
1. Бурхан заларсан,
2. Бурхан бээр ном айлдсан,
3. Бурхны шашин үл доройтон оршиж байгаа,
4. Бурхны шашинд орсон,
5. Ном бүтээх нөхцөл бүрдсэн эдгээр 5 юм.
Дээр өгүүлсэн найман чөлөө, арван учрал бүрдсэн хүнийг чөлөө, учрал бүрдсэн хүний биеийг олсон гэдэг. Чөлөө, учрал бүрдсэн хүний биеийг олсон төдийгөөр болж дээ гэж бодон зүгээр сууж болохгүй гэдэг. Учир нь чөлөө, учралт хүний бие нь олоход маш бэрхтэй, олсныгоо зүгээр өнгөрөөж боломгүй маш чухал гэж номд айлдсан байдаг. Яагаад олоход маш бэрхтэй вэ ? гэвэл чөлөө, учралт хүний биеийг олоход арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг хураах, өглөг тэргүүтний буянаар дэмжиж хир үгүй ерөөл тэргүүтэн хэрэгтэй байхад одооны хүмүүс ихэнх нь нүглийн зүгийг барин хилэнц хүчтэйг хураахад шамдана уу гэхээс буян бүтээж байгаа нь машид ховор тул олоход бэрхтэй юм. Бас үлгэр олны үүднээс ч чөлөө, учралт биеийг олоход бэрхтэйг үзүүлсэн нь зүүний үзүүр дээш харуулан арвай будаа дээрээс нь цацаж зүүний үзүүр дээр тогтоох, далайн ёроолд амьдардаг сохор яст мэлхий зуун жилд нэг дээшээ гарч ирэхдээ далай дээр хөвж буй, салхинд хийсэн нэг байрандаа тогтворгүй байдаг хүзүүвч модонд толгой нь орох тэргүүтэнтэй адил зууд нэг тохиолдох маш ховор тохиол гэж айлдсан байдаг. Хоёр дахь жишээн дээр гарч буй үлгэрийг тайлбарлавал сохор яст мэлхий гэдэг нь бид нар юмс үзэгдлийн мөн чанарыг мэдсэн билгүүний нүдээр сохорсон гэдгийг жишиж байгаа юм. Зуун жилд нэг удаа дээшээ гарч ирнэ гэдэг нь бид нар ихэнхдээ муу заяанд байсан ба хүний төрлийг авсан нь нэг хоёр удаа гэдгийг жишиж байдаг. Хүзүүвч мод гэдэг нь бурхны шашныг, салхинд хийсэн нэг байрандаа тогтворгүй байдаг гэдгээр бурхны шашин нэг дэлгэрсэн газраа үргэлж оршдоггүй гэдгийг жишнэ. Нэг удаа дээш гарч ирэхдээ тогтворгүй байдаг хүзүүвч модонд толгой нь орно гэдгээр ихэнхдээ муу заяанд байж байгаад нэг удаа хүний төрөл авсан хүн нэг газраа оршдоггүй бурхны шашинтай уулзсан гэдгийг жишиж байгаа юм. Эрдэнэт хүний биеийг зүгээр өнгөрөөж боломгүй яагаад маш чухал вэ ? гэхээр эрдэнэт хүний бие дээр сайн төрөл олохын шалтгаан сахил сахих, их төгс эдлэл гарахын шалтгаан өглөг өгөх, нөхрийн хотол чуулганыг хураахын шалтгаан тэсвэр тэвчээрийг бясалгах тэргүүтнийг амархан бүтээж чадах бөгөөд түүгээр үл барам диваажин тэргүүтэй ариун оронд төрөхийг хүссэн ч тэдгээрт төрөхийн шалтгааныг бүтээж чадах тэргүүтэй буяныг хүчтэй хурааж чадах шүтээн нь гагцхүү эрдэнэт хүний бие юм. Бусад амьтдын бие дээр бүтээхэд маш бэрхтэй юм. Ийм эрдэнийн биеийг олоод шамшигдуулбал маш харамсалтай юм. Жишээ нь нэг ядуу хүн эрдэнийн тивд ирээд эрдэнэ авалгүй хоосон гэр лүүгээ буцаж байгаатай адил. Мөн Далай багш эрдэнэт хүний бие гэдэг ямар сайхан зүйл болох, бусдыг хүндэлж, хайрлахын учир шалтгааныг айлдахдаа “Өглөө бүхэн сэрэхдээ ийнхүү санаж бай. Өнөөдрийн нарыг үзэж байгаа минь юутай ч зүйрлэшгүй аз завшаан. Би эсэн мэнд, сэрүүн тунгалаг байна. Эрдэнэт хүний чөлөө учрал бүрэн байна. Энэ боломжийг дэмий үрж болохгүй. Орчлон дахинд гэрэл гэгээ түгээхийн тулд би өөрийгөө хөгжүүлж, сэтгэл зүрхээ ариусгая. Өнөөдөр би бусдад аль болох өгөөмөр нээлттэй сэтгэлээр хандана. Хорон санаа, ховсоргон бодолд авталгүй сэргэг сэхээлэг байхыг хичээнэ” гэсэн ба мөн “Хүн бүр эхээс мэндэлсэн цагаасаа эхлэн аз жаргалыг хүсэж, зовлонг үл хүсдэг. Үүнд нийгмийн байдал, боловсрол, оюун санааны үзэл баримтлалын аль нь ч нөлөөлөхгүй” гэж тус тус айлдсан юм.

Хүний төрлийн давуу тал.
1. Орчлонгийн мөн чанарыг ойлгож, түүнээс уйсан сэтгэлийг төрүүлж чаддаг.
2. Орчлонгийн мөн чанарыг таньж мэдээд түүнээс гэтлэх чадалтай.
3. Бодьсадийн явдал мөрд орох чадалтай.
4. Өөрийн бие, сэтгэлээр омог, дээрэнгүй тэргүүтэн муу үйлүүдийг амирлуулж, арилгаж чаддаг.
5. Амьтныг энэрэн нигүүлсэх сэтгэлийг үүсгэж чаддаг.
6. Буяныг үйлийг үйлдэж баясгаланг үүсгэж чаддаг.
7. Бага, дунд, дээд төрөлхүйтний мэдэх ёстой номт явдлыг мэдэж гэгээрэлд хүрэх бололцоо нөхцөл ихтэй.
8. Гэгээрлийг олж бурхан болох чадалтай үндэс суурь байдаг.
9. Эм, эр алин ч хамаагүй хүний төрлийг олж төрснөөрөө бахархах үнэ цэнийг мэдэж, ойлгох.
10. Хэрэв дээд төрөлхүйтэн төрсөн байдаг. Тийм газарт төрснөөрөө бас бахархах.
11. Хүнд өөрт нь буян номыг бүтээх хувь тавилан байдаг.
12. Бурхан багшийн номлосон дээдийн номтой уулзан учирч, сайн үйлийг бүтээхэд бие, хэл, сэтгэлээ зориулж сүжигтэй байх.
13. Энэ яваа насандаа завсаргүй таван тэргүүтэн муу үйлийг үйлдэхгүй байх.
14. Бусдын сайн сайхны тусын тулд нинж асралын сэтгэлийг цаг ямагт үүсгэж бий болгох сайн талтай.
15. Хэрцгий түрэмгий байдалдаа дүгнэлт хийж арилгаж чаддаг.
 

Нийгэм ба номын үнэ цэнэ.

“Өнөөгийн хүн төрөлхтөн эд материалын хөгжлөөр үнэхээрийн өндөр түвшинд хүрсэн ч түүнтэй зэрэгцэн хүн төрөлхтөн бидэнд цөөнгүй их бэрхшээл учраад байгаа билээ. Байгалийн гай гамшиг зэрэг тоотой бэрхшээлүүд нь гадаад нөхцөл байдлаас үүдэлтэй тул тэдгээрийг бид зогсоож үл чадна. Гэвч ихэнх бэрхшээл зовлонгоо бид сэтгэлийнхээ гэмээр бий болгодог юм. Сэтгэлд маань нэгэн хүчин зүйл дутагдсанаас шалтгаалан зовлонг амсах болдог. Би хувьдаа эдгээр бэрхшээлүүдийг огт эдлэх албагүй гэж дүгнэдэг бөгөөд учир нь гэвэл, хэрэв бид эндүүрэлгүй үзэл бодолтой байж чадах аваас хүний өөрийн бий болгосон бэрхшээлүүдийг эдлэн суух шаардлага огт үгүй юм.
Адилгүй олон үзэл бодлын зөрүүгээс ч бас тийм бэрхшээлүүд удаа дараа үүддэг бөгөөд хамгийн харамсалтай нь эдгээр асуудал шашнуудаас ч үүсдэг тал бий. Тиймээс бидэнд үнэн үзэл заавал хэрэгтэй. Үзэл, баримтлал нийлэхгүй ч байсан үндсэн чухал зүйл бол нигүүлсэл, бусдыг энэрэх, бусдын зовлонг сэтгэлээрээ үүрэх, өөрийгөө эрхэмлэх хувиа хичээсэн бодлыг багасгах зэрэг юм. Би хувьдаа нигүүлсэнгүй сэтгэл нь үнэ цэнэтэй бүх эд зүйлүүдээс хамгийн чухал нь гэж боддог. Үүнийг хийж бүтээж чадах хүч зөвхөн хүн төрөлхтөн бидэнд л байна. Хэрэв бид сайхан сэтгэл, сайн санаатай байх юм бол сэтгэлд хүрсэн бүрэн дүүрэн аз жаргалыг цогцлоож чадахаар зогсохгүй тухайн хүнийг хүрээлэх найз нөхөд ч адилхан аз жаргалыг амсах болно. Түүнчлэн улс орон, нутаг ус, тив дэлхий харилцан энх тайвны сайн сайхныг мэдрэх боломж бий.
Бусдыг асран, нигүүлсэх нь үндсэн гол ухамсар бөгөөд эдгээрийн суурь нь зүй ёсны “Би” хэмээх үзэл юм. Нэр томьёолол талаасаа ч би үүнийг хүснэ, би үүнийг үл хүснэ гэдэг “Би” байдаг. Энэ мэдрэмж бидэнд зөнгөөрөө л мэдрэгддэг. Бид төрөлх чанараараа л аз жаргалыг хүсдэг учраас “Би” аз жаргалыг хүсэн зовлон зүдгүүрийг үл хүснэ. Энэ нь байгалийн төрөлх чанар бөгөөд зүй ёсны үнэн зүйл ч мөн. Үүнийг өөр ямар нэг илүү нотолгооны хэрэггүйгээр зөвхөн бидний өөрийн эрхгүй аз жаргалыг хүсэж зовлон зүдгүүрийг үл хүсдэгээр л нотолж болно.
Ийм мэдрэмж нь бидэнд аз жаргалд хүрэх, зовлон зүдгүүрээс салах боломж байгаагийн баталгаа болно. Хэрэв танд тийм мэдрэмж, боломж бололцоо байгаа юм бол бусдад ч адил тийм мэдрэмж, бололцоо тэгш тэнцүүгээр байх ёстой. Ялгаа нь “Би” гэдэг бол ганцхан хүн, ганц бодгалийг хэлдэг бол бусад гэдэг хэмжээ хязгааргүй олон юм. Тиймээс нэг талд нь эдүгээг хүртэл зөвхөн хувийнхаа сайн сайхныг бодсоор ирсэн “Би” буюу өөрийгөө байна гэж бод. Нөгөө талд нь хэмжээ хязгаарыг нь хэмжих аргагүй бусад амьтныг байгаагаар төсөөлнө үү. Харин өөрийгөө тэр хоёр талыг ажиглагч гуравдагч байр суурийн бодгалийн чанартайгаар төсөөлөөд үзээрэй. Аз жаргалыг хүсэж, зовлон шаналлыг үл хүсдэгээрээ дээрх хоёр талд ямар ч ялгаа үгүй бөгөөд аз жаргалдаа хүрэх боломжийн хувьд ч тэдгээр нь нэг мөсөн ижил тэгш юм. Хэдийгээр ижил боловч өөрийгөө эрхэмлэх үзлийн эрхэнд орсон тэр бодгаль хэчнээн их чухал нэгэн байвч цорын ганц бодгаль. Бусдууд хэчнээн дорд байлаа ч хэмжээ хязгааргүй олуулаа. Аль ч талыг гэж ялгах сэтгэлгүй гуравдавч бодгаль тоогоор олон бусдын тал цор ганц бодгалийг бодвол үнэхээрийн чухал гэдгийг өөрийн эрхгүй олж ухаарна. Дараа нь хязгааргүй олон бусад амьтан цорын ганц надаас хэчнээн их чухал вэ ? гэдгийг бодит мэдрэмжээр ухаарах болно.
Тэгвэл өөрийн аз жаргалын тулд тоолж томшгүй олон бусдыг ашиглах уу ? Эсвэл бусдын сайн сайхны тухайд өөрийгөө ашиглах уу ? гэдэг асуулт тавигдана. Хязгааргүй олон амьтны тусын тулд өөрийгөө ашиглах нь зүйтэй бөгөөд харин ганц өөрийнхөө төлөө бусдыг ашиглах нь туйлын андуурал болно. Бусдыг ашиглахаас өөр ямар ч аргагүй мэт тохиолдол гарсан ч гэсэн танд аз жаргал ирэхгүй юм. Харин байгаа чадлаараа бусдад үйлчлэн, тус хүргэх аваас л аз жаргал сайн сайхан бүхний үндэс болно. Энэхүү ухамсраас асрал, энэрэл үүсэх боломжтой.
Учир шалтгаан, бодит мэдрэмж эдгээрээс улбаатай нигүүлсэл нь өшөөт дайсанд тань хүртэл тэгш түгээмэл байж чадна. Харин бидний сэтгэлд байдаг эхнэр, нөхөр түүнчлэн эцэг, эх, үр хүүхэд тэргүүтэндээ хандсан эглийн асрал, энэрэл нь хүсэл шуналтай шууд байдлаараа холбоотой тул дайсандаа түгээмэл байх боломжгүй. Эцэг, эх, үр хүүхэд минь тул би тэдэндээ хайртай гэх сэтгэл учраас эдгээр нь өөрийгөө эрхэмлэх үзэлтэй хутгалдсан санаа юм. Түүний эсрэг талын санаа нь бусдын чухал байдал, эрх бололцоог тодотгон ойлгуулж өгдөг. Энэ үзлийн дээрээс нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэж чадвал дайснаа ч энэрэх боломжтой.
Ийм нигүүлсэнгүй сайн санааг эзэмшихэд бидэнд тэсвэр тэвчээртэй болох зайлшгүй шаардлага бий. Тэсвэр тэвчээрийг дадуулан дасгахад дайсан нь хосгүй дээд багш сургагч болдог. Дайсан л хүлцэл тэвчээрийг сургахаас бус багш, эцэг, эх үл чадна. Энэ үзлийн буурь сууринаас харах юм бол дайсан гэдэг үнэхээрийн хэрэгтэй хамгийн сайн найз, багшийн дээд багш ч мөн юм.

Жишээ нь хүнд сурч боловсрох, ихээхэн туршлага хуримтлуулахад хамгийн ихээр нөлөөлдөг үе нь амьдралд нь тохиолдсон хамгийн том бэрхшээлтэй үе гэдгийг би туршлагаасаа ойлгож авсан юм. Ямарваа бэрхшээл зовлонгүй, аливаа үйл хэрэг ая зөнгөөрөө сайхан бүтэж байхад бүх юм болж байгаа мэт санагдах болно. Гэнэт нэгэн өдөр бэрхшээл тулгарахад сэтгэлээр унан, хамаг итгэл найдвараа алддаг. Зовлон зүдгүүрийн дундаас л бэрхшээлийг даван туулах хатан сэтгэл, урам, зориг самбааг сурдаг. Тийм боломж бололцоог хэн чамд хайрлав гэвэл, зөвхөн өшөөт дайсан тань л тийм боломжийг өгдөг юм.
Энэ нь дайсандаа бууж өгч толгой бөхийх эсвэл юу хэлснийг нь дага гэсэн үг бус юм. Заримдаа дайсныхаа үйл хөдлөлд тааруулан ширүүнээр хандах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Тийм нөхцөлд сэтгэлийнхээ гүнээс зөөлөн, нигүүлсэнгүй байдлыг огтоос салгаж болохгүй. Энэ бол хэрэгжүүлж болохуйц боломжийн зүйл. Зарим хүмүүс “Далай лам бүтэхгүй зүйл ярьж байна” гэж бодож болох юм. Хэрэв тэдгээрийг гарын авлага болгоод бодит туршлагаасаа ажиглаад үзэх аваас бодитоор мэдрэх боломж байна. Асрал энэрлийг төрүүлэх нь номын үндэс суурь мөн. Би үргэлж үүнийг шашин номын сургаалын гол утга гэж хэлдэг. Бид номын талаар ямар нэг сэдэв авч ярихдаа заавал гүн гүнзгий үзэл баримтлалын тухай сонсох шаардлагагүй. Нигүүлсэл гэдэг бол номын жинхэнэ шимт утга байдаг. Хэрэв нигүүлсэнгүй сэтгэлийг анхааран авч, хэрэгжүүлэх юм бол бурхны шашинтан хүний хувьд ч гэлээ бурхныг чухал гэж үзэхгүй байсан ч болно. Христийн шашинтан хүний хувьд мөн адил, нигүүлсэн сэтгэлийн эрдмийг хэрэг болгон анхаарч байгаа бол шашны үзэл баримтлалыг илүү ихээр анхаарахгүй байхад огт буруудахгүй. Би эдгээрийг найз нөхрийн байр сууринаас хэлж байгаа юм. Хамгийн чухал нь хүний энэхэн амьдралдаа эдгээр чухал хэргүүдийг алдахгүй хэрэгжүүлж үр ашгийг нь гаргах асуудал юм. Энэ үндсэн сэдвээрээ бол Бурхны шашин, Христийн шашин өөр бусад шашнуудын хооронд тийм ч их том ялгаа үгүй юм. Бүхий л шашны урсгалууд хүн төрөлхтнийг энх тайван, хөгжил дэвшилтэй, харилцан элэгсэг дотно сэтгэлтэй байлгах, энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх сургаалыг цохлон авч тухайлан номлодог тул эдгээр нь нийтлэг сургаал юм. Тиймээс шашны сургаалыг гол номлолын талаас нь харвал тийм ч их ялгаа байхгүй билээ.
Бурхны шашны номлолын талаас гэгээрэл нирвааны тухай өвөрмөц асуудал тавигдах нь ойлгомжтой. Би дээрхийг үүнтэй төдийлөн хамаарахгүй гэж хэлдэг. Хүн өдөр тутмынхаа амьдралыг шударга, асрах, хайрлах сэтгэлтэй, хувиа хичээсэн бодол багатайгаар өнгөрөөх юм бол тэр нь л эрхгүй гэгээрэлд хүргэх болно. Харин түүнээс эсрэгээр өдөр тутмынхаа дадлагыг огтоос үл анхаарах хирнээ гэгээрэл, үзэл баримтлал зэргийн тухай хоосон яривал нэг өдөр үл ойлгогдох гэгээрэлд л хүрч очихоос бус гэгээрэл гэдэгт чухам хүрнэ гэж үгүй юм. Учир нь тийм маягийн өдөр тутмын гарын авлага нь ямар ч үр нөлөө үзүүлэх чадалгүй юм.
Бид эдгээр сайн сургаалуудыг өдөр тутмын амьдралдаа заавал хэрэглэх хэрэгтэй. Ертөнцийн эзнийг хүлээн зөвшөөрөх эсэх, бурхныг хүлээн зөвшөөрөх эсэх нь тийм ч амин чухал зүйл бус. Бурхны шашинтай хүний хувьд ч гэсэн урд хойд төрөл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх үгүйд гол учир үл оршино. Зөв сайхан л амьдрах хэрэгтэй. Сайхан амьдрах гэдэг нь өмсөх хувцас, идэх хоол, аж төрөх орон байр зэргээр дутагдаж гачигдахгүй байхыг хэлээгүй юм шүү. Тэдгээр нь сайхан амьдрахын утга учрыг бүрэн дүүрэн эзлэхгүй. Сайхан санаа сэдэлтэй байх явдлыг л хэлж байгаа юм. Тухайлбал, коммунист суртал, хүнд үзэл суртлаас ангид байж бусдыг өөрийнхөө ахан дүү гэж ухамсарлан тэдний эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх нигүүлсэн сэтгэлийг хэлж байгаа билээ. Харилцан бие биедээ хань нөхөр болж туслах нь хүн төрөлхтөн бидний бусдаас ялгарах онцлог чадамж юм. Бусдын зовлон зүдгүүрт бид заавал санаа зовж байх ёстой. Мөнгө санхүүгийн бодит туслалцаа хүргэж чаддаггүй юм гэхэд тэднийг хүний зэрэгт үзэж, тэдэнд санаа тавин анхаарч урам зориг өгч, өрөвдөж хайрлах нь өөрөө үнэ цэнэтэй зүйл. Энэ бол бүх үйл хэргийн зөв үндэс суурь бөгөөд үүнийг шашинтай холбосон холбоогүй ялгаагүй юм.
Дэлхийн өнөөгийн аж байдлаас шалтгаалан зарим хүмүүсийн шашны хандлага “Шашин ном бол буурай дорой улс оронд л зориулагдсан болохоос бус улс төр, худалдаа наймааны салбарт хэрэгцээгүй” гэсэн байр суурьтай байж болох юм. Үүнийг тийм бус гэж шийдмэг хэлж чадна. Хэрэгжүүлэхэд хялбар дөхөм номын тухай яриандаа түрүүхэн үүний учрыг асрал хайр бол санааны чиг хандлагуудаас хамгийн чухал нь гэж цухас дурдсан санагдаж байна. Зарим нэг аар саархан хэргийг үл тооцвол ямарваа томоохон үйл хэрэг, тухайлан заавал бүтээх шаардлагатай ажил үйлүүд сэтгэлийн үндсэн чиг хандлагаас маш ихээр хамаардаг юм. Улс төр дээр авч үзье, сэтгэлийн зөв сайн чиг хандлагыг барьж нийгмийг өөд нь татаж хөгжүүлэхийг зорих юм бол жинхэнэ шударга, үнэхээрийн улс төрч гэж тэр хүнийг хэлнэ. Харин бид нарын дунд бохир улс төр гэх яриа байгаа нь зүй бус худал үг юм. Яагаад гэвэл, улс төр нь нийгмийн бэрхшээл, зовлонг шийдэхэд зориулагдсан зайлшгүй хэрэгсэл учраас улс төрийн өөрийнх нь жинхэнэ мөн чанар бохир муу зүйл бус юм. Харин зөв ариун санааны чигийг умартаж башир залиа хэрэглэсэн муу хүний нөлөөгөөр тэр улс төр бохир, муу болон хувирсан нь дамжиггүй.
Энэ бол зөвхөн улс төр дээр авч үзэх асуудал бус шашин номоор тэргүүлсэн бүх талын үйл хэрэгт адилхан түгээмэл зүйл. Хэрвээ би сэтгэлийн буруу муу чиг хандлагаар ном номловол тийн номлол нь муу номлол болж хувирна. Үүнээс болж номыг муу гэж хэлэх арга байхгүйн дээр бохир ном ч гэж ярьж болохгүй шүү дээ.
Ийм л учраас сэтгэлийн үндсэн зөв чиг хандлага бол нэн чухал юм. Ойлгоход хялбараар нь шашин бол энэрэл, бусдыг хүндэтгэн үзэх үзэл, шударга үнэнч байх зарчим зэргийг хэлнэ гэсэн хэрэг. Энэ нь зөвхөн шашнаар зогсохгүй улс төр, худалдаа арилжаа, шинжлэх ухаан, хууль цааз, эрүүл мэндийн бүхий л салбарт өргөн түгээмэл юм. Сэтгэлийн зөв ариун чиг хандлагатай хосолж байж л сая тэд хүн төрөлхтөнд эерэг тус өгөөжөө өгөхөөс бус тиймгүй бол харин ч эсрэг муугаар нөлөөлнө. Сэтгэлийн зөв сайн чиг хандлагаас ангид бол шинжлэх ухаан, үйлдвэрлэл нь ач холбогдлоо өгөх нь бүү хэл дэлхий ертөнцийг айлган заналхийлж, устган түйвээх аюултай. Нигүүлсэнгүй санаа гэдэг хүн төрөлхтөнд маш их чухал хэрэгтэй зүйл билээ.
Хэрэв өнөөгийн хүний нийгэм үрүү гүн шагайж ажиглавал өнгөцхөн ажиглахад анх харагдсан шигээ жаргалтай бус юм гэдэг ухаарлыг магад төрүүлэх болно. Миний айлчлан очиж байсан улс орны хүмүүс гаднаас нь харахад гоё ганган, анх удаа уулзаж буй хүмүүс бүгдээрээ л энх тунх, ямар ч бэрхшээл зовлонгүй мэт санагдаж байлаа. Харин би өдрөөс өдөрт ярьж хэлж буй зүйлүүдээс нь дандаа бэрхшээл зовлон сонсох боллоо. Хаа газар түмэн бэрхшээлээр дүүрэн байгаа нь тодорхой тул сэтгэлийнхээ угт ямар ч жаргалгүй юм. Амар амгалангаар хоосорсон ийм ядуу ухамсар нь хүнд түших хань нөхөргүй ор ганцаараа болж хоосорсон мэт сэтгэгдэл төрүүлж улмаар хүсэл эрмэлзлээ алдан гутарч, сэтгэл нь тавгүйтэж, зовлонд дарагдан суух нь энгийн үзэгдэл мэт болдог. Башир хуурмаг санаанаас зүй ёсны шударга үнэн гардаггүй шиг сэтгэлийнхээ угт өөрийгөө эрхэмлэх хувиа хичээсэн бэртэгчин санааг агуулж буй нөхцөлд бусдад туслах хүсэл төрөх ямар ч боломжгүй. Энх тайван, хайр халамж, шударга үнэний тухай аман дээрээ ярих боловч ямар нэг нөхцөл байдал тухайн хүнд хор хүргэсэн тохиолдолд ярьсан зүйлүүдээ бүгдийг умартан боломж олдвол хэн нэгэнд хүч хэрэглэх, бүр муугаар яривал цэрэглэн хөдлөхөд ч хүрэх явдал бий. Энэ нь тухайн хүний сэтгэл нэгэн онцлог чанараар дутуу байгаагийн тодорхой шинж юм.
Ийм бэрхшээлтэй асуудал энэ эрин үед бодит байдал болоод байна. Хэдийгээр энэ үнэхээр харамсалтай хэрэг боловч үнэн хэрэг дээрээ ийм л байна шүү дээ. Миний дээр дурдсанчлан, сэтгэлийг хэрхэн өөрчлөх тухай зарим хүмүүсийн хувьд дэлхий дахины асуудалтай ямар ч хамааралгүй, зүгээр хоосон санаанаас цаашгүй зүйл байж юуны магад. Харин би хувьдаа энэрэнгүй үзлийн үнэ цэнийг үл сонирхон бүх юм эдийн засаг, эрх мэдлээс шалтгаалах мэт боддог болсон өнөөгийн дэлхий дахины байдал энэ хэвээрээ үргэлжлэн оршсоор хүний нийгэмд үнэн зөв, нигүүлсэл, шударга ёс зэргийн үнэ цэнэ алдагдах юм бол манай хойч үе, эсвэл түүнээс ч бүр алс хэт ирээдүйд одоогийн энэ бэрхшээл, зовлонгоос улам их бэрхшээл, зовлон нүүрлэх нь эргэлзээгүй гэж боддог. Тиймээс үнэндээ дотоод сэтгэлийг өөрчилнө гэдэг бэрх хэцүү асуудал болов ч энэ талын арга хэмжээ нь зайлшгүй шийдэх ёстой зүй ёсны асуудал яахын аргагүй мөн юм. Би үүнд маш их итгэж явдаг. Хамгийн гол нь бид чадах чинээгээ арга хэмжээ авах явдал юм. Үр дүнд хүрэх эсэх гэдэг өөр хэрэг. Хэрэв зорьсондоо энэ амьдралдаа хүрч амжаагүй байсан ч харамсалгүй. Адаглаад бид жинхэнэ асрал, энэрлээр дамжуулан өөрийгөө эрхэмлэх бодлоо багасган хүний нийгмийг сайжруулан засах аргад туршлагажсан байх болно.
Өдөр хоногийн төлөө явдаг хүмүүст шууд тулгамдсан бэрхшээл болгоноо шийдэхэд анхаарах нь зайлшгүй чухал асуудал боловч тэр үйлдэл чинь хүн төрөлхтөн, нийгэмд алс хэтдээ ямар ач холбогдол, хор хөнөөл бий болгохыг заавал давхар эргэцүүлэн бодох нь зүйтэй. Жишээ нь хүний бие ерөнхийдөө эрүүл, тэнхээтэй байвал аар саархан өвчинд өртөхгүй, өртсөн ч багахан хугацаанд арга хэмжээ авч болдог. Нийгмийг ч үүнтэй зүйрлэж болно. Ямар талаар нь зүйрлүүлэх вэ? гэвэл хэрэв бид зөвхөн тэрхэн зуурын, ойрын ашиг хонжоог илүүтэй анхааран үзэх юм бол өнөөдөр өвдлөө гэхэд өвдсөн даруйдаа ямар нэг эм уухтай адил гэж ойлгож болно. Хэрвээ тэрхэн зуурын нөхцөл байдлыг хүн төрөлхтний ирээдүй алс хэтийн зовлон, жаргалтай холбон давхар эргэцүүлж, харьцуулж бодвол үүнийг өөрийнхөө үндсэн биеийг эрүүл байлгахтай адил зүйл гэж ойлгож болно. Тиймээс даруй тулгараад байгаа ба алс хэтийн хоёр бэрхшээлийг шийдэх арга хэмжээг тэгш тэнцүү авч байх нь зайлшгүй шаардлагатай зүйл. Өнгөрсөн хэдэн жилийн дотор болж өнгөрсөн Түвдийн байдал тэргүүтэй нийт дэлхий дахины бэрхшээлтэй асуудлын талаар нягтлан үзэж тэдгээрийн талаар бодож үзсэн бөгөөд өдгөө ч бас бодсоор л байна. Мөн боловсролын олон байгууллагуудаар зочилж, олон улсын цөөнгүй хүмүүстэй уулзаж учирч байна. Хүн гэдгээрээ үндсэндээ бид бүгд яг адилхан. Хэрэв зөвхөн ази, европ гэсэн гадна талын байдлаар харах юм бол бид хоорондоо адилгүй хүмүүс. Зөвхөн ийм ялгаанд хэт их ач холбогдол өгөх аваас бид нэг нэгнээсээ холдож хөндийрөх болно. Харин хоёр нүдтэй, нэг хамартай зэргээрээ надтай адилхан хүн төрөлхтөн байна гэж харах юм хол хөндий бодол өөрөө ая зөнгөөрөө арилан замхрах болно шүү дээ. Мах цуснаас бүрдэж бүтсэн хүн гэдгээрээ бид адилхан бөгөөд бүгд адилхан аз жаргалыг хүснэ. Ийм арга замаар бид өөр хоорондын аж байдлыг ухаарах аваас нэг нэгийгээ илүү ихээр анхааран чухалд үзэж, итгэх сэтгэл төрнө. Тэгснээр амар тайван, энх амгалан цогцолж нэг нэгэндээ дэмжлэг туслалцаа үзүүлж чадах ба үүгээр дамжуулан цөөнгүй бэрхшээлийг ч шийдэж чадах болно.
Өнөө орчин цагт энэ дэлхийд улс хоорондоо зогсохгүй их тивүүд хүртэл нэгнээсээ тун ч их хамаарах болжээ. Тиймээс сэтгэлийн ариун сайхан чиг хандлагаар нягт эвтэй байх нь амин чухал асуудал. Үүнийг хэрэг болгож чадсан цагт сая бид олон бэрхшээлийг арилгаж чадах болно. Сэтгэл, сэтгэлээрээ холбогдох, хүн хүний хооронд сайн холбоо тогтоох нь нэн чухал бөгөөд байхгүйгээр болохгүй зүйл учраас бүх юм сэтгэлийн үндсэн чиг хандлага зөв байх эсэхээс тун ч ихээр хамаарна.”

2011 онд Жадо ринбүүчи “Мөрийн гурван эрхэм” номын айлдвартаа:

Мөн чанарын үүднээс чөлөө учралт хүнийг биеийг олоход бэрхтэй юм. Үүнийг юу гэж ойлгох вэ ? гэхээр энэ замбуутив дээр хүн нь олон байна уу ? адгуус нь олон байна уу ? гэвэл адгуус нь маш олон байна. Хүнээс хэчнээн бум дахин илүү. Түүний дэргэд хүн гэдэг бол маш цөөхөн. Тэгтэл тэр цөөхөн хүмүүс бүгдээрээ чөлөө учралт хүний биеийг олсон юмуу гэвэл бас тийм биш ээ. Түүний дотроос чөлөө учралт хүний бие нь өшөө их цөөхөн байж байна. Чөлөө учралт хүний бие гэж юуг хэлээд байна вэ ? гэхээр номыг бүтээх, сайн үйл буяныг бүтээх нөхцөл бололцоо бүрдсэн тийм хүний биеийг хэлээд байна. Гэхдээ энэ үед ном гэж юуг хэлээд байна вэ ? гэвэл олон янзын номын ёс, олон янзын шашин байж болох боловч тэдгээр дундаасаа жинхэнэ орчлонгоос гэтэлсэн, зовлонгоос бүрэн аварсан тэрхүү амар амгаланг өгдөг, нирвааны амар амгаланд хүргэдэг номыг л яг ном гэж хэлээд байгаа юм. Тэгвэл тэр номыг хийх бүх нөхцөл бололцоо бүрдсэн чөлөө учралт хүний бие хэчнээн байна вэ ? гэхээр маш цөөхөн. Орчлонгийн амар амгаланд хүргэх, дараа төрөлд сайн төрлийг авахуулах гэх мэт арга зам бусад шашинд байж болох юм. Харин орчлонгоос бүрэн ангижруулж нирваанд хүргэдэг арга зам зөвхөн бурхны шашинд л байгаа. Бусад шашинд ийм номлол ерөөсөө байхгүй. Тэгэхээр орчлонгоос гэтэлгэж нирваанд хүргэдэг арга замыг бүрэн гүйцэд номлосон ном хаана байна, түүнтэй уулзаж, тэрийг хийж байгаа хүн хэд байна гэвэл маш цөөхөн тоо гарч ирнэ. Тийм учраас мөн чанарын үүднээс нь харахад чөлөө учралт хүний бие гэдэг үнэхээрийн ховор юм. Бид чөлөө учралт хүний биеийг олоод, түүн дотроосоо уулзахуйяа бэрх бурхны шашинтай уулзсан. Бурхны шашин гэдэг бол зовлонгоос бүрэн ангижруулах арга замыг хэлж байгаа юм. Тэгэхээр энэ арга замтай уулзчихсан энэ үедээ бид юуг хийх ёстой вэ ? яаж үүнийхээ хэргийг гаргах ёстой вэ ? гэж бодож эргэцүүлэх нь хамгийн чухал юм шүү.

Даян Хутагт Ванчингийн Бөртэчоно амьдралын талаар ийн өгүүлжээ. <<Зарим хүмүүс амьдралыг 2 янзаар хэлдэг.
1. Амьдрал бол алалцах дайснаас хэцүү гэж. Энэ дайнд хэн хүчтэй нэг нь ялна гэж сургадаг.
2. Амьдрал бол тэмцэл. Энэ тэмцэлд хэн ухаантай, овжин сэргэлэн нь бүгдийг авч дийлэх болно гэж сургадаг.

Харин бодит амьдрал дээр амьдрал бол хувь тавилангийн хүрд юм. Энэ хорвоод мэндэлсэн хүн бүр өөрийн төөргийг дагаж амьдардаг. Энэ хорвоо ертөнцийн бүх амьд амьтан эхээс мэндэлж эх дэлхийдээ шингэдэг. Хүний бүрийн амьдрал адилгүй ч хүн бүр өөрийн амьдралаа бүтээдэг. Бурхад хувь тавиланг зурахдаа хэн нэгэнд өвчин зовлон, ядуу амьдрал зурдаггүй. Харин хүн та өөрийн аливаа үйлдлээр өөртөө үйлийн үрээ зурж маргаашаа бүтээдэг.

1. Та урьд нь одоо хэн байсан нь хамаагүй. Маргааш хэн болохоо бод.
2. Сэтгэлдээ галтай байж бусдад тусалж тэдэнд урам зориг сэтгэлийн тэнхээ хайрлаж бай.
3. Бусдын амьдралыг хүндэлж бай. Хариуд нь тэд таны амьдралыг хүндлэх болно.
4. Өөрөө өөртөө эзэн байж сайн сайхан зүйлд суралц.

  • Өвгөдийн сургаалаас суралц. Хариуд нь амьдралыг харж сурна.
  • Үргэлж суралцаж бай. Хэзээ нэг өдөр хэрэг болно.
  • Алтанд шунах мэт. Номд шамдан суралц.
  • Багшийн сургаалыг загас мэт дуугай сонсож сур. Магадгүй тэр үгэнд таны:
    • Хүсэл мөрөөдөлд хүрэх зам.
    • Ойлгоогүй зүйлийн тайлал.
    • Сэтгэлийн гүн дэх түгжээг ч тайлах түлхүүр байж болно.
    • Зовлонгоос салгах зам ч байж болно шүү.>> хэмээжээ.

Хүний амьдралд тохиолдох хорлол олон янзаар ирдэг.
1. Өөрөөс шалтгаалах.
2. Бусдаас шалтгаалах.

1. Өөрөөс гэдэг нь:

  • Бэлэн сэтгэл. Хар амиа бодсон байдал.
  • Сэтгэлээс үүдэлтэй 5 хор.

2. Гаднаас гэдэг нь бусдын атаа жөтөөнөөс болж гэсэн үг. Танд атаархсандаа таньд болон таны гэсэн бүхэнд хорсох хэн нэгэн байдаг юм шүү. Эд таныг хорлохоор дэв ад цөтгөрийн тусламжтайгаар таныг хорлож, өвчин зовлон, ядуурал, үхэл хагацал авчирдаг юм.

“Дэв ад цөтгөр” гэдэг нь буг чөтгөр биш шүү. Энэ нь өс санаж хорсол тээсэн харанхуйд нуугдсан буг чөтгөрийн боолуудыг дэв “ад цөтгөр” гэдэг юм.

Харин эд баялагийн талаар Даян Хутагт Ванчингийн Бөртэчоно <<10 хар нүглээр буруу баяжих болон 10 цагаан буянаар зөв баяжих 2 баяжих зам мөр байдаг гэжээ.

10 хар нүглээр баяжих гэдэг нь “зуурдын баян” гэдэг ба энэ насандаа ямарваа нэгэн буруу арга байдлаар гэнэт баяжих. Эсвэл энэ насандаа биш хэсэг зуур ч байж болох. Эргээд үр хүүхдүүдээ амьдын там зовлон гаслантай далайд орхиж буйгаа санаарай. Үүнд:

  • Гэмт хэргийн бүх зүйл орно.
  • Шашны хатуу уншлага.
  • Хар хүч шившлэг.

Энэ бүгд эргээд таниас заавал нэг юм авдаг юм шүү. Жишээ нь: Та хэн нэгний хуурч насаараа хураасан хөрөнгийг нь хоромхон зуур залилан мэхэлж аваад юу ч үгүй болгоод та нэг хоёр хоног сайхан байна. Дараа нь та амьдын тамд.

10 цагаан буянаар баяжих гэдэг нь.
1. Та хөдөлмөрч байх. Зөв байх.
2. Шашны сайн сайхан зүгийн ном айлдуулж буянаа хураах.
3. Өвөг дээдэс. Өвөө эмээ аав ээжийн ач буяныг санаж далай мэт арвижуулж явах.

Ер нь хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж бусдад тусалж тэдэнд урам зориг сэтгэлийн тэнхээ хайрлаж.
“мөр бүтэн гэдэс цатгалан байх” аз жаргал юм шүү.

Жич:
Хүмүүс та бүгд энэ хахаж цацсан баян гээд харж ойлгоод байгаа хүмүүс чинь бодит амьдрал дээрээ их ядуу хүмүүс байдаг юм шүү.
1. Найз гэж байхгүй хэдэн хөрөнгө дагасан нөхдүүд дагуулсан.
2. Гэр бүлийн аз жаргал гэж байхгүй. Үүнийг та бүгд өөрийн бодлоор ойлгож болно.
3. Дуртай хоол ундаа идэж ууж чадахгүй. /хоол хорьсон өвчинтэй/
4. Хань ижил үр хүүхэд нь эдгэшгүй өвчин туссан.

Өвгөдийн сургаалд

Эрүүл байх дээд баян.
Эрдэм ном дунд баян.
Эд баялаг адаг баян гэж сургадаг байсанд их учир би шүү.

Ер нь та хар хүчээр нэгийг авсан ч эргээд харахад бүгдийг өгдөг юм шүү.>> хэмээн хэлжээ.

Munkhbaatar Batchuluun “Язгуур үндэсний хувьд бид бусдын дээр ч бус доор ч бус, угтаа бүгд адилхан. Зөвхөн шунал хүслийн хувьд л бид заримынх нь дээр бас заримынх нь доор байдгаараа ялгаатай.” гэжээ