Сайн цагийн мянган бурхан

Их хөлгөний ном

Ананд, Бурхан багшийг таалал төгссөний дараа жил гэгээрэлд хүрч архад болсон байдаг. Бурхан багшийг таалал төгссөний дараа архадууд олон мянгаараа таалал төгсцгөөсөн бөгөөд Кашъябаар ахлуулсан 499 архад л үлдсэн байдаг.
Түүн дээр Ананд архад болон гэгээрч нэмэгдсэнээр 500 архадууд Бурхан багшийн зарлигийн эмхэтгэлийг хамгийн анх хийсэн байдаг. Үүнд Ажашатру хаан өглөгийн эзэн болж Магадад хуралдсан гэдэг.
Энэ зарлигийн эмхэтгэлийн үед Бурхан багшийн нийтэд айлдсан зарлиг сургаалуудыг эмхэтгэсэн бөгөөд нийтэд айлдаагүй онцгой их хөлгөний болоод нууц тарнийн номлолуудыг энэ зарлигийн эмхэтгэлд оруулаагүй байна.
Учир нь Майдар, Бажарбани, Манжушир, Самандабадра тэргүүтэй бодьсадваа нар нийтэд айлдаагүй их хөлгөний номуудыг зарлигийн эмхэтгэлд оруулсан. Яагаад вэ? гэвэл их хөлгөний номын зориулагдсан шавь нар нь Кашъяаб тэргүүтэй архадууд бус бодьсадваа нар юм.

Энэ үүднээсээ их хөлгөний шашин нь Бурхан багшийг амьд сэрүүн байхад ч нийтэд их түгэн дэлгэрээгүй бөгөөд нирваан дүр үзүүлсэнийх нь хойно улам далд хэлбэрт орсон.
Бурхан багш нийтэд айлдаагүй Билгийн чанадад хүрэхүй номын аймгийн нэг ном болох Жадамба буюу Найман мянгат судартаа “Ирээдүйд миний энэ сургаал умараас, умардад дэлгэрнэ” гэж их хөлгөний шашныг умар зүгт орших Түвдэд, түүний умар зүгт орших Монголд дэлгэрэхийг эш үзүүлэн “Умраас умардад дэлгэрнэ” гэж хоёр удаа умард гэдэг үгийг айлдсан учиртай бөгөөд мөн Бурхан багш таалал төгсөхдөө тэргүүнээ умард зүгт харуулан таалал төгссөн гэж сударт тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд энэ нь умард зүг үрүү бурхны шашны их, бага хөлгөн, нууц тарнийн номлол бүрэн чигээрээ дэлгэрэхийн бэлгэдэл байсан гэж үздэг.
XII, XIII зууны үед Энэтхэгт буддын төрт хаадууд хүч нь доройтон суларч улмаар төрийн маш том эргэлт болж түүнийгээ дагаж нийгмийн өөрчлөлт явагдаж буддизм маш хүчтэй доройтож харин үүнээс өмнө амжиж Наландра хийдийн уламжлал, буддын судар, тарни бүх л хөлгөний сургаал Түвдэд бүрэн гүйцэт шилжиж улмаар Монгол уруу мөрөн гол далайд цутгах мэт буддизмын бүхий л номлол сургаал дэлгэрсэн түүхтэй. Өөр дэлхийн аль ч улсад бурхны шашин бүх номлол сургаал дэлгэрээгүй юм.
Хятад, Солонгос, Япон зэрэг их хөлгөний шашин дэлгэрсэн оронд буддын гүн ухааны сургаал дэлгэрч чадаагүй. Харин Монгол, Түвд хоёрт Буддын гүн ухааны маш гүн гүнзгий сургалт дэлгэрч олон зууныг элээсэн түүхтэй. Бага хөлгөний шашин дэлгэрсэн Азийн орнуудаар их хөлгөний шашин, тарнийн сургаал ер дэлгэрээгүй байдаг.

https://www.facebook.com/groups/557180555220592/permalink/591127411825906/