Бурхан багш 4 Махаранз болон бурхдын хамт

Мал сэтэрлэх зан үйл

Сэтэр хэмээх нь Цэтар буюу насан гэтэлгэх хэмээх энэ насан туршид нь амь насыг нь дархлах, эдэлж хэрэглэх, үс ноосыг нь ашиглахаас үүрд дархлах зан үйл юм.
Хэдий тийм боловч тухайн сэтэрлэсэн мал хөгширч зөнөх үед сүргийн дотроос идэр залуу, хүч чадал сайтай, ижил зүсмийн малыг сонгон сэтрийг шилжүүлэх, эсвээс хөгширч нүд аниваас “эзэн шүтээн мордов” хэмээн сэтэр шилжүүлэх ёсон буй.
Энэ мэтчилэн хүч чадал, өгөөж шим ихтэй малаа овоо тахилгын үед уул усны эзэн савдагт “онголон өргөх” адуу малын буян хишгийг дэлгэрүүлэн, айл өрхийн амар амгалан, цог хийморийг бадруулах зорилгоор бурхан шүтээндээ өргөж, сэтэрлэх зан үйлийг үйлддэг.
Овоо тахилгын үед сэтэр татах бөгөөд таван өнгийн хив бөсийг тарни тогтоол, даатгал уншлага бүхий сахиусны хамтаар цагаан хонины юмуу цагаан тэмээний ноосон утсаар шилбэлэн уг малын зөв талын далан дээрх ноосонд эсвээс дэлэнд батлан уяж, тарни шившлэгээр амилуулан сэтэрлэнэ.
Түүнчлэн айл өрхүүд сар шинийн дараа сахиус бурхнаа тахин, хишиг даллага авах үед сэтэртэй малынхаа сэтрийг сэргээдэг.
Мөн айл өрхүүд зурмал, сийлбэрлэн бүтээж бурхан шүтээнийхээ ойр залсан нь элбэг. Энэ мэт онголон сэтэрлэх мал нь эр, эм аль нь ч байж болох бөгөөд тухайн сахиус шүтээнээс хамаарч өнгө зүсийг нь ихэд чухалчилна.
Говий лха буюу Заяагч таван тэнгэрийн үүднээс хөх, бор зүсмийн морь
Галын тэнгэрийн үүднээс орог шар ямаа, шар халзан буюу шар түрүүт хонь, улаан ямаа
Улаан сахиус, тангарагтаны үүднээс улаан сэрх
Цагаан өвгөний үүднээс цагаан зүсмийн үхрийг
Гүнжи лхамо буюу өвлийн охин тэнгэрийн үүднээс тэмээ
Эрлэг номун хааны өмнөөс хөхвөр хуц
Махагала бурхны үүднээс хар бараан зүсмийн морь
Лусын эзний үүднээс хөх ямаа
Балдан лхам бурхны үүднээс хонгор халиун, толин сартай шарга морь
Долоон бурхны үүднээс шар халзан хонь зэрэг малын хүйс, төрөл зүсийг сонгохдоо урьдаас уламжилж ирсэн ёс заншлыг дагаж мөрддөг байна.