Мандал

Мандал

Хамгийн охор бага хугацаанд сэтгэшгүй их буяныг хураан үйлдэх нэгэн зүйлийн мэргэн арга бол Мандал өргөх ёсон юм. Мандал өргөх тэр л эгшинд бүхэл орон ертөнц хийгээд хамаг тахилыг мандалын сууринаа бүтээн бясалгаснаар цаглашгүй их буяныг хураадаг билээ.
Намциг бурхны бадар аяганд элсийг алтад урвуулан бясалгаж өргөл болгон барьж явсан урьд насны буяны шимээр Ашока хаан нэгэн өдөрт арван сая суварга бүтээх эрх хүч бүхий байсан гэдэг. Ийнхүү эл сууринаа мандал өргөснөөр та Ашока хааны үйлдэж хурааснаас ч хавьгүй их, бүр сэтгэшгүй их буяныг хураана. Учир нь та бүхэл орон ертөнцийг өргөсөн лүгээ адил буяныг хураах юм. Богд Зонховаас мандал өргөхүй бясалгалыг олон тоот бөгөөд, машид тодорхой үйлдэхүй нь хоёр эрхэм гол зүйл хэмээн зарлигласанчилан бид мандлыг аль болох хамгийн өндөр, хамгийн тансаг бөгөөд олон тоотоор огторгуйн хязгаар лугаа сацуу бясалган бүтээх ёстой билээ.
Лакшми гэлэнмаа мандал өргөх ёсыг бүтээснээр /нэгэн насны охорхон хугацаанд/ Нигүүлсэхүйн бурхан болохуйн нь уг суурь болсон асар их буяны чуулганыг хураасан юм. Мөн энэчлэн Богд Зонхов бээр мандалыг олон зуун мянгаар өргөсний үрээр эндүүрэггүй зөв үзлийг бүтээх увдисыг олсон гэдэг.
Хураангуй мандал өргөхүй
Орон ертөнцийг цэцэг, гүргэмийн ус, хүжсээр сүрчээд
Сүмбэр уул, дөрвөн тивийг нар сараар чимэглэгдсэн үүнийг/өөрийн бодож буй мандал/
Өмнийн огторгуйд залрах бурхадын чуулганд өргөсөнөөр
Сэтгэлт амьтан бүгд энэ ариун орны шимийг эдлэх болтугай.
ИДАМ ГҮРҮ РАДНА МАНДАЛАКАМ НИРЯТАЯМИ

Мандал өргөхийн утга учир

Мандал өргөх ёс бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйл нь цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг. Бурхан, бодьсадва нарын буян нь цувирч барагддаггүй буян учраас үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг гэж үздэг тул буяны үйл үйлдсэнийхээ дараа заавал зориулга, ерөөл, гүйцэтгэдэг ёстой юм.

 

Энэ мутарлаг нь Бурхан бүгдэд мандал өргөж байгаа барилт юм. 2 ядам хурууг голд нь босгосон нь сүмбэр уул, бие биенээ татаж дарсан хуруунууд нь 4 их тив, сүмбэр уулыг тойрсон 8 хуруу нь 8 бага тив, хуруунуудын хоорондох зайг 4 их далайгаар бэлгэдэж Бурханд өргөж байгаа өргөлийн хамгийн дээд нь юм.

Газар дэлхийг хүжсээр сүрчин, цэцэг дэлгээд
Сүмбэр уул дөрвөн тивийг
Наран сарнаар чимсэн үүнийг
Бурхны оронд зорин өргөснөөр
Буй бүх амьтан тийн ариун орныг эдлэх болтугай. /Монгол/

Саши бойжи жүгшин мэдог дам
Рирав линши нидай жанбади
Санжай шиндү мигдэ пүлва еэ
Догүн намдаг шинла жодбар шог /Төвд/

Ум сарва дата гада идам гүрү радна мандала хам ниръяа даяа ми