Амангаа лам буюу Ч. Ренчинсүрэн

Амангаа лам буюу Ч. Ренчинсүрэн

Амьсгал хураасны дараа 25 хоног баясалгал хийсэн, 104 насалсан Монгол лам.
Сайнноён хан аймгийн Хошуучбэйсийн хошуу одоогийн Завхан аймгийн Цагаанчулуут сумын хойд дэнж дээр 1911.3.6 нд Чойжилын хүү болон мэндэлсэн Ренчинсүрэн нь долоон настайдаа Цагаанхайрхан сумын дуутын хүрээнд Лхарамба, Дооромбо, Аграмба мяндагтай авралч, гүрэмч, эмч Гинжаа ламын шавь болж бурхны ном үзэж эхэлжээ. Тус хүрээнд 19 жил шавилан суусан бөгөөд 17 настайдаа Ламирам умзад болж, 22 настайдаа дом тавьж, 26 насандаа эгэл хар хүн болсон байна.
Дилов хутагт Жамсранжавын ойрын шавь байсан бөгөөд Монголд 1990-ээд оны эхээр ардчилал өрнөж тавиад жилийн дараа шашин шүтэх эрх чөлөөтэй болоход хуучин лам хувраг байсан өвгөдүүд номын хувцсаа өмсөн, сахил санваараа сэргээсэн байна. Тэрээр мөн адил лам хувцсаа өмсөн Зүүнхүрээ Дашчойлин хийдэд суун хурлын лам, Их гэсгүй, Ловон хэргэм зэрэгтэй болж олноо Амангаа лам нэрээрээ алдаршсан байна.
2014 оны морин жилийн хаврын илүү дунд сарын шинийн 16-нд дүрс лагшингаа номын агаарт хураасан. Амьсгал хурааснаас хойш 25 хоног түгдэмд сууж самади бясалгал үйлдэн номын ёсны зохих шинж тэмдэг нь илэрч, 26 дах өдөр Гүнжийн ам хэмээх газар бурхны шашны зан үйлийн дагуу хайлуулсан.
Хүний амьдралын хамгийн чухал гурван үе шат бол төрөх, үхэх зуурдын үе шат юм. Энэ гурван үе шатанд эгэл буюу энгийн оюун ухаан оршдоггүй. Харин нарийн оюун ухаан оршдог гэж үздэг. Энэ чухал үе шатыг гэгээрэх зам мөрд урвуулах бясалгал бол зөвхөн бурхны шашинд байдаг. Үхлийн үе шатыг найм хуваадаг. Эхний дөрвөн үе шат буюу бүдүүн дөрвөн үе шатыг бясалгах аргыг судрын зам мөрд заасан байдаг. Харин нарийн дөрвөн үе шатыг бясалгах арга замыг тарнийн ёсонд заадаг. Орчин үеийн шинжлэх ухаанд хүн амьсгал хурааснаар үхлээ гэж үздэг бол бурхны шашинд амьсгал хурааснаас хойш найман үе шат хүртэл үхэл явагдана гэж үздэг. Тэр үе шат өнгөртөл хүнийг үхсэн гэж үздэггүй учиртай. Энэхүү нарийн дөрвөн үе шатны бясалгалыг бурхны шашны бясалгал хийдэггүй энгийн хүн хийх ямар ч боломжгүй юм. Олноо Амангаа хэмээн алдаршсан Чойжилын Ренчинсүрэн гуай бол амьсгал хурааснаас хойш 25 хоног сууж бясалгал хийсэн. Энэ нь сүүлийн зуун жилд Монголд нэг, Түвдэд нэг удаа тохиолдсон явдал гэж Далай багш айлдсан хэмээн түүний хүү Оргиохүү гуай хэлж байсан юм. Үүнийг одоогийн шинжлэх ухаан ч тайлбарлаж чадаагүй. Харин бурхны шашинд түүнийг тарнийн бясалгалд төгс суралцсан Бодисадва буюу хувилгаан хүн байсныг илтгэж байгаа буй зай
Иймийн тул Амангаа ламын үр ач шавь нарын тависан саналын дагуу Амангаа ламын хөрөг дүрийг уламжлалт шүтээн зургийн аргаар тиг номын дагуу даавуун дээр шороон будгаар 48#67 хэмжээтэй бурханчлан бүтээх хувь надад тохиосон юм.