Дайчин вангийн Дандар Агримба

Дайчин вангийн Дандар Агримба

Түвд хэлдээр зохиол бүтээлээ туурвиж байсан Монголын олон номч мэргэдийн нэг нь XIII Далай ламын багш гэж алдаршсан Шадүвдандар агримба юм. Тэрээр Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг 1835 онд мэндэлж 1916 он хүртэл амьдарч байжээ.
Нялх багадаа эцэг эхээсээ өнчирч аянчин мөргөлчинг дагаж Их хүрээг зорьжээ. Тэр үед Их хүрээний цанид чойрын гүн ухааны сургуулийг толгойлж байсан алдартай гэвш Дархан эмчийн Шижээ гавж нэгэн шөнө “Алтан жадамба” оллоо гэж зүүдлээд эртлэн босож гороо эргэж хүрд эргүүлж явтал хүрдэн дотор даарч бээрчихсэн хүүхэд байсныг авч харьжээ. Шижээ гавжийн хүрднээс олсон хүүхэд бол ирээдүйн их номтон Дандар агримба байсан юм. Ингэж 8 наснаасаа Шижээ гавжийн гэрт сууж шашны ном эрдмийг суралцаж олонд Шижээгийн жаал гэгдэх болжээ. Багшийгаа даган Их хүрээний дархан эмчийн аймагт багтаж Дашчоймбол дацанд чойрын номын сургууль хийх болжээ. Чойрын гүн ухааны сургуулийн хадаг шидүвийн зиндаанаас эхлэн учир шалтгааны нарийн төвөгтэй нотолгоонд Төгс суралцаад Парчин буюу билэг брамидын гүн ухааныг судлан 1855 онд домын дамжааг амжилттай сайн барьж анги гэвш гэж алдарших болсон байна. Шашны гүн ухааны таван боть гэдэг учир шалтгааны ухаан, билэг брамидын гүн ухаан, төв үзлийн гүн ухаан, авидармын онол, винайн ухаанд нэвтэрхий сурч судлаад “гавж” хэмээх мяндаг цолыг хүртжээ. Улмаар цааш нь бурхны шашны тарнийн гүн ухааныг шимтэн судлаж “агримба” гэдэг ном эрдмийн дээд цол Мяндгийг хамгаалсан байна. XIX зууны сүүлч XX зууны эхээр төрж гарсан Монголын олон эрдэмт лам нарын багш бөгөөд ихээхэн алдартай шавь Зава Дамдин гавж, Бизъяагийн их лам Дамдинсүрэн нарыг онцлон дурдах хэрэгтэй билээ. Дайчин вангийн хошууны амбан ван гэж алдаршсан Цэрэндорж ноён болон нутаг хошууны ард олны хүсэлтээр төрөлх Дайчин вангийн хошууны гол хүрээ вангийн хүрээнд очиж суурьшсан байна. Тэнд вангийн хүрээний хамбаар өргөмжлөгдөн хийд орныг дээш татах, хичээл сургалтыг сайжруулан шинэ дацан, сүм бариулж буян номын үйлийг цаглашгүй ихээр үйлдсэн юм. Дандар агримбын үеэс эхлэн Дайчин вангийн хүрээ хол ойрт алдаршин Монголын томхон хийдийн нэг болж улмаар гүн ухаан, анагаах ухаан, зурхай зэрэг төрөлжсөн сургалт явуулдаг дацангуудтай болсон байна. XX зууны эхээр монголын сүсэгтэн олны дунд тарсан дуулиант нэгэн баярт дурсамж бол Төв дийн номын хаан XIII Далай лам Түвдэн жамц Монголд залран ирсэн хэрэг байлаа. 1905 онд Монголын шашны гол төв Их хүрээнд Далай ламыг саатан морилоход нь Дайчин ван Ханддорж заллага айлтган өөрийн хошууны вангийн хүрээнд урин залсан түүхтэй билээ. XIII Далай ламыг вангийн хүрээн дээр саатан байх үед Тойн хамба лам Тойсанжамц их хамба, Дандар агримба дэд хамба байсан гэдэг. Далай лам вангийн хүрээнд намаржин, өвөлжиж удаан саатахдаа эрдэм номоор нэрд гарсан олны багш Дандар агримбатай номын барилдлагаа тогтоож Цаст Түвдэд ховордсон увидас номлол “Жигжидийн ра – бод – чойнгор” зэрэг номын лүн жүдийг хүртэж Дандар агримбад шавь орсон түүхтэй юм. XIII Далай лам олонтаа Дандар агримбатай ном шүн хэлэлцэн байхын ялдамд нэг удаа эртний Энэтхэгийн наян шидтэнгүүд одоо хаана юу хийж яваа тухай асуухад Дандар агримба тэр тийм дүрээр тэнд яваа гэж байтал Шива – лха хаана байна вэ ? гэхэд “Уухай тэгнэ байхаа” гээд ундууцсан гэдэг. Энэ учир байдлаар Энэтхэгийн их шидтэн Шива-лхайн нэгэн дүрийг Дандар агримба мөн гэж хэлцдэг хуучин цагийн лам нар хуучлан ярьцгаадаг байжээ. Үүнтэй холбогдох нэгэн зүйл нь Шива Лхайн алдарт зохиол “жонжүг молам”-д Дандар агримба нэг шолог ном нэмж зохиосон баримт байдаг билээ. XIII Далай ламын багш болсноор түүний нэр алдар монгол даяараа түгсэн байна. Улс орон хямарсан ээдрээтэй цаг үе, монголын тусгаар тогтнолд өвгөн эрдэмт ламын сэтгэл оюуны нөлөө зэрэг нь Чин ван Ханддоржтой дотно харилцаатай байснаас үзэхэд тодорхой юм. Дандар агримба нь шавь нарт ном зааж, хийд орныг удирдахын зэрэгцээ ном зохиол туурвисан их сэтгэгч байсан юм. Түвд хэлээр 3 боть ном зохиол туурвисны дотор учир шалтгааны ухааны “Даг-риг- домцэгийн дэлбэ”, билэг брамидын ухааны “Гэндэн нишийн домцэг” төв үзлийн гүн ухаан “Дэмбэрэл додвийн дэлбэ” авидарма, винайн ухаанаар “Дүйцэг” зэрэг гүн ухааны зохиолууд нь ихээхэн алдаршсан байдаг. Шашны бясалгал бүтээлийн зан үйл, тарнийн гүн ухааны холбогдолтой “Нар хажид бурхны бясалгал”, “Тарнийн ерөөл” зэрэг номуудыг зохиожээ. Түүний зохиолуудын дотроос эрдэмтэн мэргэд, судлагч шинжлэгч нарын ихэд сонирхдог нэг зохиол бол “Ганжуурын шүйдar” хэмээх ном юм. Энэ нь Бурхан багшийн зохиолын бүрэн цоморлиг Ганжуурын олон зүйл хэвлэлүүдийн алдаа мадгийг тунгаан ариутгасан ихээхэн ач холбогдолтой бүтээл юм. Тэрбээр “Магад гарахын магтаал шуналыг таслагч алтан хяргуур” гэдэг зохиолдоо :

Магад гарахын сануулгыг эс дурдваас

Мөнөөх орчлонгийн баялагт шунах

Муу сэтгэлийн нисваанис улам дэвэрч

Муухай гэм бүхэн арвижих болдог

Уйдах сэтгэлд эрхийг олсон мэргэдэд

Уршигт орчлонд оюуныг буцаасан тул

Улам цаашлан гэм нисваанис хорогдсоор

Удалгүй хамаг гэмүүд аяндаа барагддаг гэж
Бурхны шашны гүн ухааны доторхи орчлонгоос гарах сэтгэлийн тус эрдэм болоод түүнийг бясалгаагүйн гэм уналыг уран сайхнаар дүрсэлж хэлжээ. Дандар агримба нас сүүдэр 80 хүртлээ шашин амьтны тусыг агуу ихээр үйлдсээр Рашаантын хүрээний мэргэн шидэт лам Наваан гүдэмбийн дэргэд таалал төгссөн юм. Түүний шарилыг Рашаантын хүрээн дээр тусгай суварганд занданшуулж залсан байна. Эрдэмт агримбын тухай Оросын эрдэмтэн Тубянский, Буриадын эрдэмтэн судлагч Базар Барадин нар дурсан өгүүлсэн байдаг. Гандантэгчэнлин хийдийн шавь Боржгины гэвш Иштавхай лам, номч мэргэн гавж Гомбожав нар 1958, 1959 онд туурвисан Монгол лам нарын гарчиг зохиолын бүртгэлд Дандар агримбын тухай тусгайлан тэмдэглэсэн байдаг. Мөн 1959 онд болсон олон улсын монголч эрдэмтдийн анхдугаар их хурал дээр миний багш Боржгины Баруун чойрын Рабжамба Данза-Одсэр Дандар агримбын тухай дурдсан байна. Академич Ц. Дамдинсүрэн гуай Дандар агримбын зохиол “Ганжуурын шүйдэг”-ийн тухай эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж Германд хэвлүүлсэн байна. Мөн лам Бямбаа, Баянцагаан нар судалгааны өгүүлэл бичжээ. Энэ өнгөрөгч 1995 онд Дандар агримбын мэндэлсэний 160 жилийн ойг тохиолдуулан доктор Болдбаатар “Далай ламын монгол багш” гэдэг товхимол хэвлүүлж гаргасан байна. Энэ мэтчилэн цаашид энэ их эрдэмт ламын тухай лавшруулан судалж зохиол бүтээлээс нь орчуулж уншигч олонд толилуулах нөр их ажил судлагч эзнээ хүлээсээр байна.